Ёслолууд ба тунхгууд
Сэргээлтийн тунхаг


Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт

Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг

Энэхүү тунхгийг 2020 оны 4 сарын 5-нд Юта мужийн Солт Лэйк Сити хотноо болсон жил тутмын 190 дэх жил тутмын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон захиасынхаа нэгэн хэсэг болгон уншсан.

Бурхан дэлхийн бүх улс оронд байх Өөрийн хүүхдүүдэд хайртай гэдгийг бид чанд тунхаглаж байна. Бурхан Эцэг бидэнд Өөрийн Хайртай Хүү Есүс Христийн бурханлаг төрөлт, юутай ч зүйрлэшгүй амьдрал, хязгааргүй цагаатгагч золиосыг өгсөн билээ. Эцэгийн хүчээр Есүс дахин босож, үхлийг ялан дийлсэн. Тэр бол бидний Аврагч, Үлгэр жишээ, Гэтэлгэгч мөн.

Хоёр зуун жилийн өмнө, 1820 оны хаврын нэгэн сайхан өглөө залуу Иосеф Смит аль сүмд нэгдэхээ мэдэхийг эрэлхийлэн, АНУ-ын Нью-Йорк дахь гэрийнхээ ойролцоох ой руу залбирахаар явсан. Түүнд өөрийнх нь бодгалийн авралын талаар асуух зүйлс байсан ба Бурхан удирдамж заавар өгнө гэдэгт итгэн найдаж байв.

Иосеф Смитийн залбирлын хариуд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Түүнд үзэгдсэн бөгөөд Библид зөгнөн хэлсэнчлэн “бүхнийг сэргээх” (Үйлс 3:21) цаг үеийг эхлүүлснийг бид даруухнаар тунхаглаж байна. Энэ үзэгдлээр, анхны төлөөлөгчдийг нас барсны дараа Шинэ Гэрээний үеийн Христийн Сүм дэлхий дээр байхаа больсныг тэр мэдэж авчээ. Иосеф уг Сүмийг эргүүлэн авчрах зэмсэг байлаа.

Эцэг, Хүү хоёрын удирдлаган доор Иосефт зааж сурган, Есүс Христийн Сүмийг дахин барьж байгуулахаар тэнгэр элчүүд ирсэн гэдгийг бид баталж байна. Амилсан Иохан Баптисч нүглээс ангижрахын тулд усанд умбуулалтаар хийх баптисм хүртээх эрх мэдлийг сэргээсэн. Анхны арван хоёр төлөөлөгчийн гурав нь болох Петр, Иаков, Иохан нар төлөөлөгчийн эрх, санваарын эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээсэн. Өөр бусад хүн ирсэн ба тэдний дунд гэр бүлүүдийг үхлийн дараа ч үүрд мөнхөд үргэлжлэх мөнхийн харилцаанд холбох эрх мэдлийг сэргээсэн Елиа байжээ.

Бид мөн “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” хэмээх эртний цэдгийг орчуулах Бурханы бэлэг, хүч Иосеф Смитэд өгөгдсөн гэдгийг гэрчилж байна. Энэхүү ариун нандин цэдгийн хуудаснууд Есүс Христ Амилалтынхаа дараахан дэлхийн бөмбөрцгийн баруун талд байх хүмүүсийн дунд өөрийн биеэр тохинуулсан түүхийг өгүүлдэг. Уг цэдэг амьдралын зорилгын талаар заадаг ба уг зорилгын төвд орших Христийн сургаалыг тайлбарладаг. Библитэй зэрэгцэх судрын хувьд Мормоны Ном бүх хүн төрөлхтөн биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн охид, хөвгүүд бөгөөд бидний амьдралд зориулсан бурханлаг төлөвлөгөө Түүнд байдаг мөн Түүний Хүү, Есүс Христ эрт дээр үед ярьдаг байсанчлан өнөө үед ч ярьсаар байгааг гэрчилдэг.

1830 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Шинэ Гэрээний үеийн Христийн сэргээгдсэн Сүм мөн гэдгийг бид тунхаглаж байна. Есүс Христ энэ Сүмийн булангийн суурь чулуу бөгөөд Сүм Түүний төгс амьдрал, дуусашгүй Цагаатгал, бодит Амилалт дээр зангуугаа аргамждаг. Есүс Христ төлөөлөгчдийг дахин дуудаж, тэдэнд санваарын эрх мэдэл олгосон. Тэрээр бид бүхнийг Өөрт нь болон Өөрийнх нь Сүмд ирж, Ариун Сүнсийг мөн авралын ёслолуудыг хүлээн авч, үүрдийн баяр баясгалангаас хүртэхэд урьдаг.

Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Сэргээлтийг эхлүүлснээс хойш өдгөө хоёр зуун жил улиран оджээ. Дэлхий даяар сая сая хүн эдгээр бошиглогдсон үйл явдлын тухай мэдлэгийг хүлээн авсан.

Тасралгүй өгөгдсөөр буй илчлэлтээр дамжуулан амлагдсан Сэргээлт урагшилсаар байгааг бид баяртайяа тунхаглаж байна. Бурхан “бүх юмсыг Христ дотор нэгтгэх” (Ефес 1:10) тул дэлхий эргэлт буцалтгүй өөрчлөгдөх болно.

Бид Түүний төлөөлөгчдийн хувиар тэнгэр нээгдсэнийг бидний адил олж мэдэхэд хүн бүрийг хүндэтгэл, талархалтайяа урьж байна. Бурхан Өөрийн тааллыг хайртай охид, хөвгүүддээ мэдүүлж байгааг бид баталж байна. Сэргээлтийн захиасыг залбирч судалж, итгэлээр үйлддэг хүмүүс үүний бурханлаг байдлын талаар мөн бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн амлагдсан Хоёр дахь ирэлтэд дэлхийнхнийг бэлдэх зорилгынх нь тухай өөрийн гэсэн гэрчийг авахаар адислагдах болно гэдгийг бид гэрчилж байна.