2020
Та хайрлаж, Тэр авардаг
2020 оны 7-р сар


Та хайрлаж, Тэр авардаг

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Бид хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг өөрчлөгдөөсэй гэж залбираад, хүлээн зөвшөөрөхөд хэцүү боловч (сэтгэл уужруулам) үнэнийг ухаарсан юм.

Зураг
smiling family

Нөхөр бид хоёр хүүхдүүдээ сайн мэдээнд өсгөсөн. Бид өглөө бүр гэр бүлээрээ судар судалж, залбирч, долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийж, сүмдээ явж, оройн хоолоо хамт идэж, гэр бүлээрээ амардаг байлаа. Манай хүүхдүүд нас барагсдын төлөө баптисм хүртэхээр ариун сүмд тогтмол ордог байсан бас семинар дүүргэсэн бөгөөд хоёр нь номлолд үйлчилсэн.

Гэвч тэд насанд хүрээд, бидний тэдэнд зааснаас өөр зам мөр, үзэл бодлыг судалж сонирхож эхлэв. Хүүхдүүд маань нэг нэгээрээ Сүмд явахаа больсоор, таван хүүхдийн маань зөвхөн нэг нь Сүмд үлдсэн. Бид ч хүүхдүүдийнхээ төлөө их нулимс урсгаж, эцэг эхийн үүргээ сайн биелүүлсэн эсэхдээ эргэлзэж, юуг өөрөөр хийж болох байсан талаар боддог байв.

Бид Их Эзэнээс тэдний зүрх сэтгэлийг өөрчилж өгөхийг удаан гуйсны эцэст Их Эзэн залбиралд маань хариулсан. Гэхдээ хариулт нь бидний бодож байснаар биш байлаа.

Зүгээр л хүүхдүүдийн маань зүрх сэтгэлийг өөрчлөхийн оронд Тэр бидэнд бид ч бас өөрсдийн зүрх сэтгэлийг өөрчилж эхлэх хэрэгтэйг ойлгуулсан юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургах чухал үүрэгтэйг бас Есүс Христ бол тэдний Аврагч, Шүүгч гэдгийг Тэр бидэнд сануулав.

Би хүүхдүүдээ аврах зорилготойгоор их олон цагийг залбирч, судраа уншиж, ариун сүм рүү явж өнгөрүүлсэн бөгөөд хэрвээ би бүх зөв зүйлийг хийвэл Бурханы туслалцааг авна гэж бодсон. Гэхдээ миний үйлдлүүд Бурханыг тэдний сонгох эрхийг үл хэрэгсэн, хүчээр итгүүлэх ёстой мэт байсан аж.

Нөхөр бид хоёр тэднийг аврахыг маш их хүсэж байсан ба бидний аврах арга болох зэмлэх, үглэх, сонголтыг нь зөвшөөрөхгүй байх зэрэг нь эцсийн эцэст хэрүүл маргаанд хүргэсэн юм. Хүүхдүүдээ эргүүлэн авчрах гэж аргаа баран хийж буй зүйлс яг үнэндээ тэднийг холдуулж байгааг бид ойлгов. Тэд бидний шүүмжлэл, урам хугарлыг мэдрэх тусам биднээс бүр их зайлсхийдэг байсан.

Залбирал маань өөрчлөгдөж, зүрх сэтгэлийг маань өөрчлөхийг гуйдаг боллоо. Хүүхдүүдээ өөрчлөхийг хүссэн учир шалтгаан маань буруу газраас ирсэн болохыг би ойлгож, илүү их хайрлахын төлөө залбирдаг болсон. Би бас хүүхдүүдийнхээ ариун сүмийн гэрлэлт эсвэл ач зээ нарынхаа баптисмын зургийг сошиал медиа дээрээ тавьдаг найзуудынх шигээ төгс гэр бүлгүй байгаадаа ичиж, санаа зовох мэдрэмжээ ялан дийлэхийн төлөө залбирсан.

Эдгээгдэхийн тулд Аврагчид хандсанаар хүүхдүүдээ гэсэн миний зүрх сэтгэл зөөлөрсөн. Түүний адилаар хүүхдүүдээ хайрлана гэдэг нь зарим өөрчлөлтийг хийнэ гэсэн үг болохыг би ухаарсан юм. Түүний хувьд хайр бол арга биш, харин Түүний хийсэн бүх үйлдлийг жолоодогч хүч байсан. Тэрээр “энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг” хэмээн хэлсэн (2 Нифай 26:24).

Аврагчийн Өөрийн ажлыг хийх чадварт итгэж найдсанаар (2 Нифай 27:20-ийг үзнэ үү) би хүүхдүүдээ хайрлахад анхаарч, харин аврах ажлыг Их Эзэнд даатгах боломжтой болсон билээ. Энэ нь тэдэнд туслахыг оролдохоо болино гэсэн үг биш, харин тэднийг хайрладаг хайр маань тэдэнтэй харилцах харилцааг хөдөлгөгч хүч болж, миний харилцдаг байсан аргыг өөрчилсөн.

Би тэднийг өөрөөр хардаг болов. Би хүч чадал, авьяас билэгт нь төвлөрч, тэднийг ямар их хайр татам, өгөөмөр, ухаалаг, сайн хүмүүс болохыг ойлгож эхэлсэн.

Нөхөр бид хоёр бага ярьж, их сонсдог болсон. Бид тэдний амьдрал, сонирхлын талаар асуудаг болсон. Шүүж шүүмжлэхийн оронд сонирхож байгаагаа бид харуулдаг болсон. Шүүмжлэх, урам хугарах мэдрэмжээ хайрын илэрхийллээр солиход хүүхдүүд маань бидний чин сэтгэлийг мэдэрдэг болов.

Гэр орон маань хайрыг мөн хүлээн зөвшөөрлийг мэдэрдэг газар болсон. Тэд биднээс аливааг нуухаа больж, амьдралд нь юу болж байгааг шударгаар, нээлттэй хэлдэг болж, бид илүү дотноссон.

Бидэнд хийх зүйл их байгаа, гэхдээ одоо хүүхдүүд маань манай гэрт ирж, цагийг бидэнтэй хамт өнгөрөөхдөө баяртай байдаг болсон. Тэд бидний дэргэд байхдаа айж эмээх зүйлгүй байж, бидний хайраар дамжуулан Бурханы тэднийг гэсэн хайрыг мэдэрч чадна. Тэд хүүхэд байхдаа сурч мэдсэн зүйлдээ энэ амьдралынхаа хугацаанд эргэн ирэх эсэхийг би мэдэхгүй ч Аврагчийн мутарт байгаа гэдгийг би мэднэ.