2020
Тэд зовлон бэрхшээлээ умартсан
2020 оны 7-р сар


Тэд зовлон бэрхшээлээ умартсан

Тэр өдөр Кэндра, Брэнт, Тайсон нар Христтэй адил тохинуулах жинхэнэ үлгэр жишээг харуулсан юм.

Зураг
people at the door

ЗУРГИЙГ Трэнт Гудмундсэн

Бид бүхний амьдралд өөдлөх, уруудах явдал ээлжлэн байдаг. Гэхдээ манай гэр бүлийн хувьд 2013 он их хүнд жил байсан. Гэр орон, автомашиндаа их үнэ өртөг бүхий засвар хийх асуудал гэнэт бидэнд тохиолдов. Миний нөхөр Раин ажилгүй болсон ба отгон хүү маань эрүүл мэндийн асуудалтай төрсөн учраас нярайн эрчимт эмчилгээний тасагт хэдэн долоо хоногийг өнгөрүүлэх шаардлагатай болсон юм. Би бас төрсний дараах сэтгэл гутралаасаа болж шаналж байв. Эдгээр нөхцөл байдал болон бага насны дөрвөн хүүхэдтэй эцэг эхийн хувьд бид санхүү, сэтгэл санааны хувьд хэцүү байдалд орсон.

Раин шинэ ажилд орсон боловч урт цагаар ажиллаж, нэг удаадаа хэдэн долоо хоногоор хол явдаг байв. Таван настай хүү Вэсли маань аав нь байнга хол байсны улмаас сэтгэл санаа нь тавгүйтэж эхлэн, шөнө байнга хар даран зүүдэлж сэрдэг байлаа.

Төрөл төрөгсөд маань бидэнд чадлаараа тусалж байсан ч би ихэнхдээ ядарч туйлдан, ганцаардсан хэвээр байв. Тэнгэрлэг Эцэг манай гэр бүлийг мэддэг бас хайрладаг гэдгийг би мэдэж байсан ч надад бид үнэхээр хэцүүдэж байгаа мэт санагдсан юм.

Нэг өдөр Раиныг ажлаар хотын гадна ажиллахаар явсан хойгуур би хүүхдүүдээ сургуулиас нь аваад харьж явахдаа цөхөрч, тусламж гуйн залбирлаа. Тэр үдэш манай хөрш Кэндра хаалгыг маань тогшив. Тэр бидний нөхцөл байдлыг мэддэг байсан ба хэр байгааг маань лавлан асуулаа. Би түүнд гомдоллоно гэж огт бодоогүй бөгөөд түүнээс тусламж гуйхыг ч хүсээгүй. Яагаад гэвэл, түүний нөхөр Брэнт сүүлийн 4 жилийн туршид хорт хавдартайгаа тэмцэж байгаа юм.

Би зүгээр гэдгээ Кэндрад хэлтэл тэр дахиад чин сэтгэлээсээ асуув. Тэгэхэд нь би түүнд зовлон шаналлаа нулимс дуслуулан ярьсан. Вэслигийн сэтгэл санааны тавгүйтэл, хар дарсан зүүднүүдийн талаар түүнд хэлэхэд тэр надаас Вэслид Брэнтээр адислал өгүүлмээр байгаа эсэхийг лавлав.

Хэсэг хугацааны дараа Кэндра, Брэнт хоёр том хүү Тайсоны хамтаар сүм рүү явахдаа өмсдөг шигээ хувцаслан хүрч ирэв. Брэнт тамир тэнхээ муутай харагдаж байлаа. Тэр манайд ирэхийн тулд бараг хамаг хүч чадлаа шавхсан нь ойлгомжтой байв. Тэр Вэслид, Тайсон надад адислал өгсөн.

Тэр өдөр Кэндра, Брэнт, Тайсон нар Христтэй адил хэрхэн тохинуулахын жинхэнэ үлгэр жишээг харуулсан юм. Тэд өөрсдийн бэрхшээлийг умартан, бидэнд хайр, нинжин сэтгэлээ үзүүлсэн. Тэнгэрлэг Эцэг залбиралд минь ийм сэтгэл хөдөлгөм арга замаар хариулж адисалсан юм. Брэнт хоёр долоо хоногийн дараа өөд болсон.

Тэр өдөр манай гэрт Брэнт санваарыг зөв шударгаар ашиглан, Бурханы гэрч болж зогссон (Мозая 18:9-ийг үзнэ үү). Түүний манай гэр бүлд хийсэн тохинуулал дэлхий дээрх хамгийн сүүлчийн үйлсийнх нь нэг байсан нь миний хувьд ариун нандин зүйл билээ.