2020
Энэтхэгийн анхдагчдыг төсөөлөх нь
2020 оны 7-р сар


Энэтхэгийн анхдагчдыг төсөөлөх нь

Энэтхэгийн Сүмийн анхдагч гишүүдтэй уулзсан нь анхдагчдын талаарх төсөөллийг маань өөрчилсөн юм.

Зураг
Suvarna and Sarala Katuka

Ах, дүү Суварна, Сарала Катука нар 1984 онд Сүмд нэгдэж, хожим нь номлолд үйлчилсэн юм.

“Би анхдагчдын тухай бодох бүрдээ,” Хүүхдийн хэсгийн дуун дээр гардаг шиг “зоригт эмэгтэй, эрэгтэйчүүдийг төсөөлдөг.”1 Итгэлийн зам харгуйг гэрэлтүүлсэн хожмын үеийн гэгээнтэн анхдагчдын түүх надад үргэлж урам зориг төрүүлсээр ирсэн билээ. Залуухан эхийн хувьд, анхдагч эмэгтэйчүүдийн түүх хожмын үеийн адислалуудыг маань бодогдуулдаг. Би гар тэргэн дээр биш, эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн шүү дээ!

Анхдагч гэдэг үгийг тодорхойлохдоо “бусад хүний дагах замыг бэлдэж эсвэл нээхээр өмнө нь явдаг хүн”2 гэсэн байдаг нь Сионыг цуглуулахаар бүхээгт тэрэг болон гар тэрэгний замаар явж байгаа хожмын үеийн гэгээнтэн анхдагчдыг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь мөн орчин цагийн анхдагчид болон тэдний дэлхий даяар түгээсэн итгэлийн замыг хэлдэг юм.

Манай таван хүүхэд бүгд сургуульд явдаг болоход би шашны түүхээр бакалаврын дараах зэрэг авахаар сурч эхэлсэн. Би докторын ажлаараа Энэтхэг дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн талаар судалгаа хийхээр шийдсэн ба Энэтхэгт хийсэн судалгаа маань анхдагчдын талаарх төсөөллийг маань өөрчилсөн.

Сүмийн тулгуур баганууд

Үүнээс олон жилийн өмнө, би их сургуулийн залуухан оюутан байхдаа, 1986 онд Бригам Янгийн Их сургуулийн Young Ambassadors дууны хамтлагийнхантайгаа Өмнөд Азиар аялсан юм. Энэ нь амьдралыг минь өөрчилсөн бөгөөд бид Калькуттад (одоо Колката гэдэг) Тереза эхтэй хамт нэгэн өдрийг өнгөрүүлж байлаа. Энэтхэг болон Шри Ланка дахь орчин цагийн анхдагч хожмын үеийн гэгээнтнүүдтэй уулзах нь үүнтэй ижил баярламаар зүйл байв.

Эдгээр гишүүний нэг нь Раж Кумар байсан ба тэрээр 1982 онд БЯИС-ийн Young Ambassadors хамтлагийн тоглолтыг үзээд, Сүмд нэгдсэн байлаа. Биднийг түүнтэй уулзах үед тэр АНУ-ын Калифорни мужийн Фрэзно номлолоос дөнгөж эргэж ирээд байв. Тэр номлогчийн нэрийн тэмдгээ зүүсэн хэвээр байж, Дели хотдоо сонсохыг хүссэн хүн бүрд үргэлжлүүлэн заажээ. Раж тухайн үеийн Энэтхэгийн 600 орчим гишүүний нэг байсан боловч надад тэрээр олон зуун сая хүний дунд байгаа цор ганц хожмын үеийн гэгээнтэн мэт санагдсан.

Зураг
Taunalyn and Raj

1986 онд, би Раж Кумартай номлолоосоо ирснийх нь дараа танилцсан юм. Тэр номлогчийн нэрийн тэмдгээ зүүсэн хэвээр ба сонсохыг хүссэн хүн бүртэй сайн мэдээг хуваалцаж байв.

Би Раж Кумарын үлгэр жишээнээс урам зориг авч, номлолд үйлчлэхээр шийдэв. Раж мөн Энэтхэгийн хамгийн анхны уугуул номлогчдыг эх орондоо үйлчлэхэд итгэлийн зам харгуйг нь гэрэлтүүлж өгсөн юм. Суварна Катука болон бусад номлогч Чэннайд номлогчийн сургалтад суув. Тэдний номлолын ерөнхийлөгч Сингапурт байдаг бөгөөд тэдэнд Делид нэмэлт сургалт өгөхийг Ражид үүрэг болгожээ.

Раж Кумарын үлгэр жишээ болон сургалтын ачаар номлолын ажил нь хэрхэн өөрчлөгдсөнийг Суварна Катука дурсдаг. Тэд айдсаа агуу итгэл, зориг зүрхээр сольж чадсан. Суварна тайлбарлахдаа, “Тэр үед л миний жинхэнэ хөрвөлт эхэлсэн гэж би боддог. Ариун Сүнсийг мэдэрсэн яг тэр мөчид би энд, Энэтхэгт хаант улсыг байгуулахад туслахаар шийдсэн юм”3 гэжээ.

Суварна Ражамундрид Сүмд нэгдэв. Тэрээр таван ах, нэг охин дүүгийнхээ хамт 1984 онд баптисм хүртсэн ба баптисмынхаа өдөр пристээр томилогдож, салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр онцгойлон адислагдсан байна. Хэрэв түүнийг итгэлтэй хэвээр байвал “Энэтхэг дэх Сүмийн тулгуур багана” болох болно гэж түүнд өгсөн адислалд амлажээ.

Суварнагийн охин дүү Сарала мөн номлолд үйлчилсэн. Тэр явахаасаа өмнө, найз Сварупад сайн мэдээг танилцуулжээ. Суварна номлолоосоо эргэн ирээд, дүүгийнхээ номлолын ажлын ачаар адислагдаж, Сварупатай гэрлэсэн юм. Ражамундрид байсан тэр жижиг салбар одоо гадас болж, Ражамундрийн эргэж ирсэн олон номлогч Энэтхэг даяарх Сүмийн удирдагчид болсон.

Би 2014 онд БЯИС-д багшилж байхдаа Суварна ба Сварупа Катука хоёрын хүүхдүүдтэй уулзаж билээ. Жош Катука саяхан Энэтхэгийн Бангалорт номлолд үйлчлээд ирсэн бөгөөд түүний дүү Тимна мөн уг номлолд үйлчлэх дуудлагаа саяхан хүлээн авчээ. Би Тимна, Жош хоёроос Раж Камурыг мэдэх эсэхийг асуухад тэд “Мэднэ, тэр манай авга ах!” гэж хариулсан. Раж Кумар Саралатай гэрлэжээ.

Намайг Энэтхэгээр аялахад тусалсан өөр хэдэн анхдагчтай танилцуулсанд би Катукагийнханд талархдаг. Тэдний олон нь анхдагчийн зам мөрөө Катукагийн гэр бүлийн хайр, үлгэр жишээнээс үүдэлтэй гэж үздэг. Нэгэн цагт Суварна, Сварупа хоёрт Канад руу цагаачлах боломж байсан ч тэд яваагүй бөгөөд Их Эзэнд Бурханы хаант улсыг байгуулахад туслахаар Энэтхэгт үлджээ. Чин сэтгэлийн үйлчлэл үнэхээр тэднийг Сүмийн тулгуур баганууд болгосон.

Зураг
The Ponds with Michael Anthoney

Дэлвин Понд (голд) 1981 онд Майкл Антонид Сүмийг танилцуулжээ.

Бенгалуру болон Хидерабадын анхдагч гишүүд

20-р зууны сүүлийн хагаст Сүм анхдагч гишүүдээр дамжин Энэтхэгийн өөр өөр хотод байгуулагджээ.4 Их Эзэн хүмүүсийг сэргээгдсэн сайн мэдээ рүү хэрхэн удирдан чиглүүлдгийг дараах түүхүүд гэрчилнэ.

Бангалорын (одоогийн Бенгалуру) анхны гишүүн Майкл Антони 1970 онд Сүмийн нэг гишүүнтэй ер бусын байдлаар холбогджээ. Ютагийн бишоп Дэлвин Пондын нуруу өвдөж, бариач руу очив. Тэгээд бариачийн газарт Энэтхэгийн суралцагчдыг ивээн тэтгэдэг ашгийн бус байгууллагын тухай нийтлэлийг сэтгүүлээс уншсан байна. Энэ суралцагчдын нэгд тусалж дэмжих хэрэгтэй гэсэн хүчтэй өдөөлтийг тэр мэдэрчээ. Ингээд 10 жилийн турш үргэлжилсэн захидал харилцаа Пондсынхныг Майклтай холбож, түүнд сайн мэдээг хуваалцсанаар төгсөв. Майкл 1981 онд баптисм хүртэж, 1982 онд Солт Лэйк Ситид номлолд үйлчилсэн. Түүний ээж хүндээр өвдсөн тул тэр номлолоосоо эрт бууж, үлдсэн 3 сардаа Бангалорт үйлчлэн, өөрийн хэд хэдэн найзад бас бусад хүнд зааснаар, тэд тэндхийн анхны салбарын гишүүд болцгоосон юм.5 Одоо Бенгалуруд ариун сүм барихаар төлөвлөж байна.

Элси ба Эдвин Дармаражу хоёр Самоад Сүмд нэгдсэн бөгөөд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл тэднийг Хидерабад дахь гэртээ, гэр бүлийнхэндээ номлогчоор эргэн очиход дууджээ. 1978 онд Элси, Эдвин хоёрын гэр бүлийн 22 хүн баптисм хүртсэн нь 2012 онд Хидерабадад энэ улсын хамгийн анхны гадас зохион байгуулагдах эхлэлийг тавив.6

Хидерабад гадасны өнөөгийн гишүүд өөрсдийгөө хожмын өдрүүдийн анхдагчид гэж үздэг. Тэдний гадас Анхдагчдын өдрийг тэмдэглэн, эхэн үеийн болон өнөө үеийн анхдагчдын дурсгалд зориулсан аялал зохиож, бүжиглэж, явган аялж, бүр гар тэргэнд суух зэргээр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Зураг
members pulling a handcart

Аннапурна, Жон Мурала нар Хидерабадын анхдагч гишүүд бөгөөд гар тэрэгний аяллыг дүрслэн харуулахад тусалж байгаа нь энэ юм. Тэд Хонконг ариун сүмд лацдан холбуулжээ.

2014 онд Анхдагчдын өдрийг тэмдэглэхдээ, сүмийн байрны ард мөсөн хавтангууд байрлуулаад, гишүүд гутлаа тайлж, тэр мөсөн дээгүүр алхаж, эхэн үеийн анхдагчид мөстсөн гол мөрнийг хэрхэн туулсан тухай бодсон байна. Баярынхаа төгсгөлд, Хидерабад гадасны гишүүдийг эхэн үеийн анхдагчдын зорилгыг болон “тэд бүгдээрээ гэр бүлдээ анхдагчид” гэдгийг санаж явахыг урамшуулжээ.7

Тэд мөн тухайн үед номлолын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан Жон Сантош Мурала өөрийн нагац эгч Элси болон авга ах Эдвин Дармаражу хоёрын хэрхэн Хидерабадад эргэн ирж, гэр бүлдээ сайн мэдээг заасан талаар ярихыг сонсжээ. Жон бол 1978 онд баптисм хүртсэн 22 анхдагч гишүүний хамгийн бага нь байсан.

Намайг Хидерабадад 2014 онд очиход, Жон Mурала түүхээ өгүүлж, Сүмийн түүхийн материалыг хичээнгүйлэн цуглуулж байгаагаа хэлсэн. Мөн тэр намайг эхнэр Аннапурнатайгаа танилцуулсан ба эхнэр нь урьд нь огт сонсож байгаагүй хамгийн хүчирхэг анхдагчдын нэгний түүхийг надад ярьж өгсөн.

1991 онд Аннапурнаг 12 настай байхад, Хидерабадад түүний ах Муртид хоёр номлогч сайн мэдээг заажээ. Аннапурнагийн эцэг эх түүнийг номлогчдыг сонсохыг бас сүмд явахыг зөвшөөрөөгүй. Харин Мурти түүнд Мормоны Номыг болон Сүмээс байнга гаргадаг материалуудыг уншаарай хэмээн өгсөн байна. Долоон жилийн турш Аннапурна сайн мэдээнээс өөрөө судлан, үнэн гэсэн хүчтэй гэрчлэлтэй болжээ. Тэр баптисм хүртэж, номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэхийг хүссэн ч эцэг эх нь зөвшөөрөөгүй аж.

Аннапурна Жон Муралатай танилцах үедээ амьдралынхаа нэгэн хэцүү шийдвэрийг гаргажээ. Жон 1978 онд баптисм хүртсэнээсээ хойш хүчирхэг гэрчлэлтэй хэвээр байж, ханилан суух Сүмийн гишүүнийг хайж байв. Аннапурнаг сайн мэдээний гэрчлэлээ хуваалцсан товч уулзалтын дараа Жон ирээдүйн эхнэртэйгээ учирсандаа итгэлтэй байлаа. Аннапурна Жонтой гэрлэвэл баптисм хүртэж, хэзээ нэгэн өдөр ариун сүмд лацдан холбуулна гэдгээ мэдэж байсан. Харин эцэг эх нь түүнийг өөр хүнтэй гэрлүүлэхээр төлөвлөж байв.

Аннапурна гэрээсээ явж, Жонтой гэрлэх хэцүү шийдвэрийг гаргажээ. Зөвхөн ийм аргаар тэр Сүмд нэгдэж болохоо мэдэж байв. Эцэг эхээ орхин явахад түүний “зүрх үнэхээр шимширч” байсан гэж тэр хэлсэн юм. Одоо ч гэсэн тэр “Бүх хүний авралын төлөө, … өөрийн үр удам, эцэг эх, тэдний өвөг дээдсийн төлөө, тэдний ариун сүмийн ажлыг хийхийн тулд би тэр алхмыг хийх ёстой байсан”8 гэж хэлдэг.

Зураг
Artist rendering of the Bengaluru India Temple

Хидерабад гадасны гишүүд Анхдагчдын өдрийг дуулж, бүжиглэж, тэр байтугай гар тэргэнд сууж тэмдэглэн өнгөрүүлэв.

Түүний эцэг эх одоо тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнд Жон, Аннапурна хоёр баяртай байдаг. Энэтхэгийн олон гишүүн Сүмийн гишүүн болохын тулд эхэн үеийн анхдагчдын адил золиос гаргасан. Гэсэн ч эдгээр гэгээнтэн өөрсдийгөө анхдагчид, мөн хөшигний хоёр талд байгаа гэр бүлүүдийнхээ гагнагч холбоос гэдгээр төсөөлөн харж, итгэлтэйгээр урагшилсаар байна. Сайн мэдээний шинэ хил хязгаарт замыг гэрэлтүүлж буй гишүүдээс сонсож мэдсэн итгэл, золиос, эр зоригийн олон түүхийг би эрхэмлэн нандигнадаг. Анхдагчид гар тэргээ түрэн, мөсөөр бүрхэгдсэн гол мөрнийг гаталж байгаа тухай би бодсоор байгаа ч одоо Энэтхэгт болон дэлхий даяар байгаа орчин цагийн анхдагчдыг би төсөөлж чаддаг болсон.

Эцэст нь хэлэхэд, анхдагчдын явсан бүх замыг Аврагч Есүс Христийн жишээг дагагч хүмүүс гэрэлтүүлсээр байдаг юм. Шинэ Гэрээнд Христийг бидний авралын анхдагч гэж нэрлэдэг (Еврей 2:10, Шинэчилсэн стандарт хувилбар). Есүс Христ бидэнд тэнгэрлэг гэртээ эргэж очих замыг бэлдсэн. Жинхэнэ анхдагчид Христийг дагаж, биднийг Христ рүү чиглүүлж, энэ гайхамшигт ажлыг төдийгүй гайхамшгийг хожмын өдрүүдэд удирддаг билээ.

Эшлэлүүд

  1. “Whenever I Think about Pioneers,” Children’s Songbook, 222–223.

  2. Oxford English Dictionary (1971), “Pioneer.” Мөн Thomas S. Monson, “Led by Spiritual Pioneers,” Liahona, Aug. 2006, 3-ыг үзнэ үү.

  3. Суварна Катука, амаар ярьсан түүх, Тауналин Рутэрфордын хийсэн ярилцлагаас, Энэтхэгийн Дели, 2014 оны 5-р сар.

  4. Энэтхэгийн анхдагчдын олон түүхийг Gospel Library аппликэйшны Сүмийн түүх хэсэгт болон Global Histories дээрээс олж болно.

  5. “A History of the Church in India,” comp. Jerry C. Garlock (unpublished, 1995), 49–50-ийг үзнэ үү.

  6. “I Will Establish a Church by Your Hand,” history.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  7. “Hyderabad Stake Pioneer Day Activity,” lds.org.in/hyderabad-stake-pioneer-day-activity-г үзнэ үү.

  8. Аннапурна Гуру Мурала, амаар ярьсан түүх, Тауналин Рутэрфордын хийсэн ярилцлагаас, Энэтхэгийн Хидерабад, 2014 оны 5-р сарын 7. Мөн Rochelle Welty and Jan Pinborough, “God Had His Own Plans for Me,” Liahona, Apr. 2003, 30–32-ыг үзнэ үү.