2020
“Хэн миний хүүг дайрсан бэ?”
2020 оны 7-р сар


“Хэн миний хүүг дайрсан бэ?”

Би хүүг маань дайрсан хүн рүү орилж хашхирмаар байсан хэрнээ яг тэр жолоочтой нүүр тулан уулзахдаа огт өөр зүйл хийсэн юм.

Зураг
women hugging

ЗУРГИЙГ Эллэри Арнолд

Намайг охиноо найзынд нь хүргэж өгчихөөд явж байтал нөхөр Жонатан маань над руу ярив. Түүнийг 11 настай хүү Эйдэнтэйгээ хамт гарцаар гарч байтал Эйдэнг маань машин мөргөчихөж.

Уг машин Жонатаны урдуур зүүн эргэхдээ цаана нь дугуйтай явж байсан Эйдэнийг олж харалгүй, дугуйных нь урд талыг мөргөжээ. Хүү маань дугуйтайгаа хамт агаарт шидэгдэж, доош буухдаа машины хажуу хэсэгт толгойгоо цохин унаж, дугуй нь түүний дээр буусан аж. Азаар тэр хамгаалалтын малгайтай байсан байна. Жолоочоос гадна өөр хэд хэдэн хүн тусалж, Жонатан түргэн тусламж дууджээ.

Үүнийг сонсоод би галзуурахаа шахав. Би түргэний тэргийг ирээд явахаас өмнө амжиж очин, Эйдэнтэйгээ хамт байхаар осол болсон уулзвар луу хурдтай давхилаа.

Уг жолоочид уур минь хүрч, “Тэр юугаа бодож явдаг байна аа?” гэж бодохын сацуу “Тэр уусан байсан юм болов уу? Утсаараа ярьж байсан юм болов уу?” гэхчлэн дотроо асуусаар явав. Миний уур хүрч, маш их санаа зовниж байлаа. Эйдэн хэр хүнд гэмтсэнийг би мэдэхгүй байв.

Осол болсон газарт хүрч иртэл түргэний тэрэг аль хэдийн явсан байв. Тэнд цагдаагийн хоёр машин болон замын хажууд тавьсан машин л байлаа. Уг машины хажууд зовж шаналсан царайтай эмэгтэй зогсож байсан ба би

түүнээс “Хэн миний хүүг дайрсныг та хараагүй биз?” гэж асуув.

Тэр аяархнаар “Би дайрсан” гэв.

Би хүүг маань дайрсан, анхаарал болгоомжгүй хүн рүү орилж хашхирмаар байсан хэрнээ яг тэр жолоочтой нүүр тулан уулзахад сөрөг бодол маань үгүй болж, түүнийг тэвэрч, уйлсан юм. Тэр уучлалт гуйж, би ч түүнд бүх зүйл сайхан болно гэж хэллээ. Цагдааг ирэхээс өмнө, Эйдэн бас яг энэ үгсийг түүнд хэлснийг би хожим нь олж мэдсэн. Эцэст нь Эйдэн хэдэн шарх сорвитой үлдсэн юм.

Тэрхүү чухал мөчид, хайрт Тэнгэрлэг Эцэг маань надад үзэн ядах биш, уучлах тэнхээг өгч адисалсанд, бүр Түүнээс гуйгаагүй байхад минь адисалсанд би талархаж байна. Тэр биднийг мэддэг бөгөөд бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг гэдгийг би мэднэ.