2020
Сүмийн түүх: Сүнслэг нөлөө ба хүч чадлын эх булаг
2020 оны 7-р сар


Сүмийн түүх: Сүнслэг нөлөө ба хүч чадлын эх булаг

Урьд нь амьдарч байсан гэгээнтнүүдийн талаар илүү ихийг мэдэж авснаар бид Бурханы охины эсвэл хүүгийн хувьд хүлээдэг өөр өөрсдийн үүрэг хариуцлагыг гүйцэлдүүлэх хүчийг хүлээн авах болно.

Зураг
smiling woman

Баруун талд: эмэгтэйн гэрэл зургийг Getty Images-ээс авав. Баруун цаад талд: Аддисон Пратт болон түүний тэмдэглэл, Францын Полинез, 1844

Ахлагч Күк: Сүмийн түүх нь итгэлийн чухал эх сурвалж боловч зарим хүн үүнийг буруу ойлгож эсвэл үл тоомсорлодог. Зарим хүн эргэлзээ төрүүлэхийн тулд болж өнгөрсөн түүхийг зориуд буруу ташаа тайлбарладаг.

Сүмийн түүхийн найдвартай мэдээллээс суралцах нь бидний зүрх сэтгэлийг өмнөх болон өнөө үеийн гэгээнтнүүдтэй холбож өгнө. Итгэлээр урагшилж, Бурханд Түүний ажлыг өөрсдөөр нь хийлгэх боломж олгосон та бидэн шиг төгс бус хүмүүсийн жишээг бид эндээс олж болно. Сүмийн түүхийг судлах нь сайн мэдээний дагуу илүү бүрэн дүүрэн амьдрах гэсэн итгэл, хүслийг тань гүнзгийрүүлэх болно гэдгийг би амлаж байна.

Сэргээлтийн түүх бол золиос, зоримог шийдэмгий байдал, итгэлийн түүх юм. Бид бүгдээрээ Сэргээлтийн болон Сүмийн түүхийн хэсэг билээ. Бидний хүн нэг бүр энэ амьдралдаа сайн мэдээгээр дэлхийг дүүргэхэд туслах үүрэг хариуцлага хүлээдэг. Урьд нь амьдарч байсан гэгээнтнүүдийн талаар илүү ихийг мэдэж авснаар бид Бурханы охины эсвэл хүүгийн хувьд хүлээдэг өөр өөрсдийн үүрэг хариуцлагыг гүйцэлдүүлэх хүчийг хүлээн авах болно.

Намайг ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж буй 24 жил гаруйн турш Ах нар Сүмийн түүх, сургаалын аль алиных нь хувьд аль болох нээлттэй байхыг хүссээр ирсэн. Шинэ эх сурвалжуудыг, ялангуяа The Joseph Smith Papers, the Gospel Topics Essays, Church History Topics, одоо гарч буй Гэгээнтнүүд1 хэмээх олон боть цуврал номыг хичээл зүтгэл гарган хэвлэсэн нь хүмүүсийг үнэн агуулгатай зүйлсийг судалж, Есүс Христийн сайн мэдээг найдвартай газраас олж аван, ойлгоход туслах гайхалтай арга зам билээ.

Гэгээнтнүүд номд өгүүлсэн миний хамгийн дуртай түүхүүдийн нэг бол Өмнөд Номхон далай руу явсан Аддисон Праттын түүх юм. Тэр ойролцоогоор 60 баптисм хүртээсэн. Надад өөрийн эхнэр Маритай хамт Аддисон Праттын заасан Францын Полинезын Остралын арлуудад очих боломж тохиосон.

Надад тохиолдсон гайхалтай нэг туршлага бол нэгэн залуу бүсгүйн “Би долоо дахь үеийн Сүмийн гишүүн” гэж хэлэхийг сонссон явдал байв. Гэгээнтнүүдийг Юта руу явахын өмнөхөн Аддисон Пратт түүний өндөр өвөгт баптисм хүртээсэн байжээ.

Та нар энэ дэлхийд хаана байгаа мөн ямар удам угсаатай гэдгээс үл хамааран бүгд чухал төдийгүй Сүмийн түүхийн нэгээхэн хэсэг юм. Та нар бидэнд маш их хэрэгтэй. Та нар хүмүүсийн амьдралыг адислах болно.

Сүм яагаад түүхэндээ байдаг маргаантай зүйлсийн талаар илүү нээлттэй байдаггүй вэ?

Кэйт Холбрүк

Зураг
mother and daughter visiting grandmother

Зүүн талд: Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Намайг дөрвөн настай байхад ээж, эмээ хоёр маань Юта мужийн Солт Лэйк Сити дэх Бригам Янгийн хуучин байшин болох Бийхайв байшинд ажилладаг байв. Тэд надад Бригам Янг, түүний олон эхнэрийн талаар бүгдийг заасан. 10 орчим жилийн дараа, би Иосеф Смит олон эхнэртэй байсныг олж мэдсэн. Харин Иосефын Мормоны Номыг орчуулахдаа ашигласан үзмэрч чулуунуудын талаар насанд хүртлээ мэдээгүй байсан юм. Сүм надаас мэдээллийг нуугаагүй, харин намайг бага байхад тэр түүхэн мэдээллийг онцолдоггүй байсан.

Ням гаргийн цуглаан, семинарын ангиуд дээрээ би Сүмийн үндсэн ажлын тухайд л суралцсан байлаа. Би наманчилж сурсан. Би амьдралаа Есүс Христийн сайн мэдээтэй нийцүүлж сурсан. Би бас Тэнгэр дэх Эцэгтэйгээ хэрхэн харилцаа холбоо тогтоох талаар сурсан. Эдгээр нь миний амьдралдаа хамгийн ихээр нандигнадаг зүйл юм. Зарим хүний хувьд мэдэх ёстой ч мэдээгүй явсан зүйлийнхээ тухай олж мэдэх нь ямар хэцүү болохыг би мэднэ. Тиймээс Матт бид хоёр хийж буй ажлаа хийдэг. Бүрэн түүхийг хүмүүст танилцуулах шинэ Гэгээнтнүүд ном бидэнд бэлэн байгаа энэ үед хүмүүст ийм зүйл дахин тохиолдохгүй гэж найдаж байна.

Сүмийн түүхийн талаарх эх сурвалж найдвартай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Матт Грөү

Би сүүлийн есөн жил Сүмийн түүхийн бичээчээр ажилласан. Ерөнхий эрх мэдэлтнүүд манай түүхэнд хэрхэн ханддагийг би өөрийн нүдээр харсан. Тэдний харилцан яриа нь “Бид хэрхэн түүхийг нуух эсвэл өөрчлөх вэ?” биш, харин “Бид хэрхэн түүхийг хүртээмжтэй, нээлттэй, ойлгомжтой болгох вэ?” гэдэг тухай байдаг.

Мэдээллийн эрин үед бид хаанаас ч хариултыг олох боломжтой тул асуудал нь хариулт олоход биш, харин сайн, муу хариулт болон сайн, муу мэдээлэл хоёрыг хооронд нь ялган танихад оршиж байгаа юм. Манай Сүмийн түүхийн талаар олон хэлэлцүүлэг онлайнд тавигдсан байдаг. Тэдгээрийн ихэнх нь гэрэл гэгээ өгөхийн оронд хэрүүл маргаан өдөөдөг.

Хүмүүсийг зөвхөн шүүмжлэхийг эрэлхийлж байдаг мэдээллийн эх сурвалжаас болгоомжил. Оронд нь хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэлүүд дээр үндэслэсэн мэдээллийн эх сурвалжаас хайж, тэдэнд алагчлахгүй ханд. Өнгөрснөөсөө хайх, хэлсэн үг, болсон үйл явдлыг хүрээнээс нь гарган ярьж, ноцтой зүйл болгон дөвийлгөх маш амархан.

Түүхчийн хувьд би Британийн зохиолчийн өгсөн зөвлөгөөг дагахыг хичээдэг. Тэр “Өнгөрсөн цаг үе яг гадаад улс оронтой адилхан юм. Тэнд аливаа зүйлийг өөрөөр хийдэг” гэж хэлсэн (L. P. Hartley, The Go-Between [1953], prologue). Энэ нь бид өнгөрсөн цаг үед зочлохдоо “муу жуулчин” байх хэрэггүй гэсэн үг юм. Бид хүмүүсийг тэдний орчин нөхцөл, соёлын хүрээнд нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Бид тэдний алдаа гэж хардаг зүйлдээ хүлээцтэй хандах хэрэгтэй. Бид өөрсдийн мэдлэгийн цар хүрээний талаар даруу байх хэрэгтэй. Бид өнгөрсөнд энэрэнгүй хандах ёстой.

Иосеф Смит ба Мормоны Ном

Намайг өсвөр настай байхад, бид том ахыгаа номлолд үйлчлэх боломжгүй гэж бодож байв. Учир нь тухайн үед нэг тойргоос нэг удаадаа зөвхөн нэг залуу эрийг номлолд явахыг зөвшөөрдөг байв. Бусад нь бүгд цэрэг татлагад бэлэн байх ёстой байсан юм. Гэвч манай бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр өөр нэг хүнийг номлолд явуулж болохоо олж мэдэв. Тэгээд ахтай маань энэ талаар ярилцаж, ах маань гэртээ ирж, аав, ээж хоёрт хэлсэн.

Аав маань гайхалтай эр хүн байсан ч Сүмд идэвхгүй байсан. Тэр онцгой шалтгааны улмаас зөвшөөрсөнгүй. Тэр Сүмд болон номлолд шүүмжлэлтэй хандаагүй бөгөөд ах маань анагаахын сургуульд явахаар өөрийгөө бэлдэж байсан болохоор “Чи анагаахын сургуульд явахаар өөрийгөө бэлдэж байсан шүү дээ. Чи хичээлүүдийг нь авсан. Чи анагаахын сургуульд орох юм бол номлолд явснаас илүү олон сайн зүйл хийж чадна” гэж аав маань хэлсэн юм.

Тэр орой миний гайхалтай сайхан итгэлтэй ах надтай хамт зэрэгцэн суугаад, надтай яриа өрнүүлэв. Бид ярилцаад, аавдаа ямар хариулт өгөхийг дараах гурван асуулт тодорхойлох юм байна гэж үзсэн. Нэгдүгээрт, Есүс Христ дэлхийн Аврагч байсан уу? Хоёрдугаарт, Мормоны Ном Бурханы үг мөн үү? Гуравдугаарт, Иосеф Смит бошиглогч байсан уу? Энэ гурван асуултын хариулт миний үлдсэн амьдралынхаа туршид хийх бараг бүх шийдвэрт нөлөөлнө гэдгийг би ухааран ойлгосон юм.

Би Аврагчийг байнга хайрлаж, Мормоны Номыг уншдаг байсан ч эдгээрт өгөх хариултууд ямар их ач холбогдолтой болохыг ухааран ойлгосноор тэр оройдоо залбирч, эдгээр асуултын бүрэн төгс, нааштай хариултыг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан. Есүс Христ бол Аврагч, Мормоны Ном бол Бурханы үг мөн, Иосеф Смит бошиглогч байсан. Энэ бүх зүйл үнэн гэдгийг би гэрчилж байна.

Яагаад Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай түүхүүд хоорондоо бага зэрэг зөрүүтэй байдаг вэ?

Матт Грөү

Иосеф Смит Анхны үзэгдлийнхээ талаар дөрвөн өөр түүхийг бичсэн буюу бичээчид хэлж буулгуулсан байдаг. Гэхдээ энэ түүхүүд нэг үйл явдлын талаар өгүүлдэг ч хоорондоо ялгаатай. Үүнд бид гайхах хэрэггүй. Хүний санамж яг адилхан ажилладаггүй тул хэрэв түүхүүд хоорондоо бүх талаараа адилхан байсан бол түүхчийн хувьд харин ч би эргэлзэх байсан. Бид ийм загварыг өөр түүхэн үйл явдлаас эсвэл судруудаас харж болно (Үйлс 9:7; 22:9-ийг үзнэ үү).

Мөн ариун нандин үйл явдлыг хүний хэлээр илэрхийлэн буулгах ямар хэцүү болохыг санах хэрэгтэй. Иосеф хэлийг “хавчиг, жижигхэн шорон” хэмээн нэрлэсэн байдаг (History of the Church, 1:299). Өөрийнхөө хамгийн ариун нандин туршлагын тухай бод. Түүнийгээ үгээр илэрхийлэхэд амархан байна уу? Бидэнд хэд хэдэн түүх байгаад бид баярлах ёстой. Яагаад гэвэл, тэдгээр нь бидэнд шинэ ойлголт, шинэ хэтийн төлөвийг өгдөг юм. Анхны үзэгдлийн талаарх дөрвөн тэмдэглэлийг Gospel Topics Essays-ээс уншаарай. Ийнхүү унших нь тэр өдөр болсон зүйлд талархах талархлыг тань гүнзгийрүүлэх болно.

Урим ба Туммим Мормоны Номын орчуулгад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Кэйт Холбрүк

Зураг
Joseph Smith with the plates

Зүүн талд: Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Иосеф Смит Мормоны Номыг Бурханы хүч чадал, бэлгээр орчуулсан. Мормоны Номд дурдсан байдаг Урим ба Туммимыг ялтаснуудтай хамт булсан. Моронай Иосеф Смитэд алтан ялтаснуудыг өгөхдөө мөн Урим, Туммимыг хамт өгсөн. Харин Иосефын орчуулахдаа ашигласан үзмэрч чулуунуудыг ялтаснуудтай хамт булаагүй байв. Үүнийг Иосеф өөрөө олон жилийн өмнө олсон бөгөөд энэ нь түүнд сүнснээс илчлэлт хүлээн авахад тусалдаг байжээ. Тиймээс тэр хоёуланг нь ашигладаг байв.

Эмма Смит түүний бичээчдийн нэг байсан бөгөөд Иосеф орчуулгаа үргэлжлүүлэхээр суух болгондоо “За, би хаана байлаа? Хаана орхилоо?” гэж асуудаггүй байсныг сүүлд дурдсан. Тэр яг орхисон газраасаа эхэлдэг байжээ. Хэрэв та нар Мормоны Номыг орчуулснаас хойш гурван жил өнгөрсний дараах Иосеф Смитийн өдрийн тэмдэглэл дээрээ бичсэн зүйлийг харах юм бол тэнд дарж балласан үгс, дутуу орхисон бодол, утга нь олдохгүй өгүүлбэрүүдээр дүүрсэн байгааг харж болно. Хэлж бичүүлсэн Мормоны Номын хуудсыг харах юм бол тийм зүйл огтхон ч байхгүй, харин бүрэн цогц, уран сайхнаар илэрхийлсэн, баллаж сохлоогүй, бүтэн өгүүлбэрүүд байгааг олж харах болно.

Энэ бүгдийг тунгаахад үнэхээр сонирхолтой ч миний хувьд илүү сонирхолтой зүйл бол Мормоны Номын агуулга юм. Мормоны Номын Хаан Бенжамин шүүмжлэхийн оронд өгөөмөр байхыг, Алма баптисм хүртэх гэж юу болохыг, бусад гэгээнтний төлөө юу хийнэ хэмээн амладгийг надад заасан. Энэ номд гардаг Мормон, Моронай хоёр энэрэл ямар чухал болохыг мөн үүнийг олж авахын тулд юу хийх ёстой болохыг надад заасан. Энэ ном миний төлөвшил, ертөнцийг харах үзэлд нөлөөлсөн юм.

Олон эхнэр авах ёс

Олон эхнэр авах ёсны талаар би гурван зүйлийг онцлон хэлье. Нэгдүгээрт, олон эхнэр авах ёсыг дагахад олон зүйлээ золиослох хэрэгтэй байсан нь тодорхой. Хайр, нэгдмэл байдал байсан ч золиос бас байсан. Ийм ёсны дагуу гэрлэсэн эцэг эх хүүхдүүддээ золиос гаргах тухай заасан. Ийм гэрлэлтээс төрсөн олон хүүхэд Есүс Христийн сайн мэдээг дэлхий даяар түгээж, олон хүний амьдралыг адисалсан юм.

Хоёрдугаарт, Вилэт Кимбалл зэрэг зарим хүн юу болох гэж байгааг бүрэн ойлгоогүй байхдаа хүртэл энэ сургаал Бурханаас ирсэн гэдэг хувийн илчлэлтийг хүлээн авсан байсан.2

Гуравдугаарт, олон эхнэртэй байх ёсыг дагаж байсан тухайн үедээ энэхүү ёс зорилгоо биелүүлсэн гэж Сүмийн удирдах зөвлөлийнхөн үздэг. Бид тэдгээр гэгээнтэнд хүндэтгэлтэй хандах ёстой бөгөөд энэ ёсны зорилго биелэгдсэн.

Одоо хариулагдаагүй асуултууд байгаа. Гэхдээ бидэнд төгс төлөвлөгөөтэй, биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг байгаа. Түүний төлөвлөгөө аз жаргалын төлөвлөгөө бөгөөд бидний төлөө бүхнийг хийсэн Аврагч бидэнд мөн байгаа билээ. Бид Тэдэнд найдаж болно.

Сүмийн эхэн үед яагаад олон эхнэр авах ёсыг дагадаг байсан бэ?

Кэйт Холбрүк

Мормоны Номд олон эхнэр авах ёсны талаар хэлэхдээ, Их Эзэн Өөрийн хүмүүсийг нэг эхнэр эсвэл нэг нөхөртэй байгаасай хэмээн хүсдэг ч ховор тохиолдолд зөв шударга үр удмыг өсгөхийн тулд олон эхнэр авах ёсыг дагахыг зарлигладаг гэсэн байдаг (Иаков 2:30-ийг үзнэ үү). Иосеф Смитэд ийнхүү зарлигласан явдал тэр ховор тохиолдлуудын нэг байв. Иосеф олон жил эргэлзсэн ч Бурханы зарлигийг дуулгавартай дагахыг хүссэн тул эцэст нь олон эхнэртэй байх ёсыг хэрэгжүүлсэн юм. Тэр эхлээд 1830-аад оны дундуур олон эхнэртэй байх ёсыг дагах гэж оролдсон ч үнэн хэрэгтээ 1841 оноос эхлэн итгэлтэй хамтрагчдадаа олон эхнэртэй байх ёсыг аажим аажмаар, албан ёсоор танилцуулж эхэлжээ. Тэд цочирдож, Тэнгэр дэх Эцэгтээ хандан, энэ зарчмыг ойлгоход туслаач хэмээн залбиран гуйсан бөгөөд тухайн цаг үед энэ нь тэдэнд хэрэгтэй гэсэн хувийн сүнслэг гэрчлэлийг хүлээн авчээ.

Олон эхнэртэй байх ёсыг албан ёсоор 50 гаруй жил дагасны дараа, хүмүүс үүнийг дагах эсэхээ өөрсдөө сонгох боломжтой болсон байлаа. Одоо ч гэсэн эрдэмтэд насанд хүрсэн яг хэдэн хожмын үеийн гэгээнтэн олон эхнэртэй байх ёсыг дагаж байсан тоог гаргах гэж оролдсоор л байна. Ямар ч байсан хүмүүсийн ихэнх нь дагадаггүй байсныг бид мэднэ. Мөн тэдний ихэнх нь Сүмийн үнэнч, тууштай гишүүд байсныг бид мэднэ. 1890 онд ерөнхийлөгч Вилфорд Вудрафф (1807–1898) тунхаг бичиг гаргаснаар олон эхнэртэй байх ёсыг эцэслэсэн билээ. Уг тунхаг бичгийг сонсоод, зарим хүний сэтгэл амарсан. Олон эхнэртэй байх ёсыг дагах тэдэнд хэцүү байв. Мөн уг тунхаг бичгийг сонсоод, зарим хүн сэтгэлээр унасан. Тэд маш олон золиос гаргаж, энэ зарчмын талаар гэрчлэлтэй болсон байв.

Сүмийн зарим гишүүн бидний дагаж байсан олон эхнэр авах ёс үхлийн дараах амьдралд ямар ач холбогдолтой болохыг мэдэхийг хүсдэг. Өргөмжлөгдөн, алдар сууд хүрэхийн тулд олон эхнэртэй байх шаардлагагүй гэж Сүмийн удирдагчид заадаг. Би нэг эхнэр, нэг нөхөртэй байх нь хууль, харин олон эхнэр авах ёс нь онцгой тохиолдол байсанд хувь хүнийхээ хувьд баярладаг хэдий ч энэ зарчмыг хэрэгжүүлсэн сүнслэг өвөг дээдсийнхээ гэрчлэлийг болон шударга ариун дуулгавартай байдлыг үгүйсгэдэггүй юм. Тэд дуулгавартай байсан бөгөөд энэ нь зөв гэсэн гэрчлэлтэй байсан.

Ариун сүм ба гэрээнүүд

Зураг
Moses, Elias, and Elijah appearing in Kirtland Temple

Дээд талд: Көртланд ариун сүм, Ал Раундс; баруун талд: Мосе, Елиас, Елиа, Гари Эрнэст Смит

Огайогийн Көртландад болж өнгөрсөн гайхамшигт үйл явдлуудын нэг бол Көртландын ариун сүмийг барьж, онцгойлон адисалсан явдал байв. Иосефын илчлэлтээр хүлээн авсан онцгойлон адислах залбирал Сургаал ба Гэрээний 109-р хэсэгт байдаг. Тэрхүү залбиралдаа Иосеф Их Эзэнээс ариун сүмийг барихад зориулсан гэгээнтнүүдийн бүтээл болоод золиосыг хүлээж авахыг гуйсан.

Ариун сүмийг адисалснаас долоо хоногийн дараа Иосеф Смит, Оливер Каудери хоёр өөр нэгэн үзэгдэл үзжээ. Энэ нь Христийн амилсны баяр мөн Алгасал баярын үеэр тохиосон юм. Их Эзэн үзэгдлээр ирж, өргөөг хүлээн авчээ. Тэрээр гэгээнтнүүдэд “Өөрсдийн хүчин чадлаар энэ өргөөг миний нэрэнд барьсан” (Сургаал ба Гэрээ 110:6) тул баясах ёстой хэмээн хэлжээ. Тэр үзэгдлийн дараа, эрт цагийн гурван бошиглогч үзэгдсэн. Тухайлбал: Мосе дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг сэргээж, Елиас Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатган, Елиа лацдах хүчний түлхүүрүүдийг сэргээсэн (Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү).

Тэдгээр түлхүүрийг сэргээх нь Их Эзэний зорилгуудыг биелүүлэхэд нэн чухал байсан юм. Бидэнд Мормоны Ном төдийгүй бас уг түлхүүрүүд болон ариун сүмийн ёслолууд хэрэгтэй байлаа. Тэдгээр түлхүүр урьд өмнөхөөс илүү өнөө үед чухал болж байна.

Арван хоёр төлөөлөгчийн нэг нь бошиглогчоор дуудагдахад түүний зүрх сэтгэл ариун сүмийн ёслолууд руу огцом эргэдгийг би анзаарсан. Иллинойн Науву ариун сүмийг онцгойлон адислахад ерөнхийлөгч Гордон Б.Хинклитэй (1910–2008) хамт байх онцгой боломж надад тохиосон юм. Энэ ариун сүмийг барьсан явдал түүнд ямар гүн сэтгэгдэл төрүүлснийг мөн гэгээнтнүүдэд ариун сүмийг өгөх нь түүнд ямар чухал байсныг би санаж байна. Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) тэрхүү үйл хэргийг үргэлжлүүлсэн бөгөөд ерөнхийлөгч Хинклитэй адил сүнслэг өдөөлтийг тэнгэрээс хүлээн авсан. Эцэст нь бид тэрхүү сүнслэг удирдамжийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноос тод томруун харж болно. Бошиглогчийн хүрмээ өмсөхдөө тэрээр ариун сүмийн ёслолуудын үнэ цэнийн талаар өндөр мэдрэмжтэй байсан.

Сүмийн ерөнхийлөгч болоод өгсөн хамгийн эхний захиасынхаа нэгд нь тэрээр хүмүүсийг ариун сүмд орж, ёслолуудаа хүлээн авч, гэрээний зам дээрээ үлдэхэд урамшуулсан юм. Тэгж хэлснийхээ яг дараа нь, хэрэв та нар ямар нэгэн шалтгааны улмаас гэрээний замаасаа гарсан бол зам дээрээ эргэн гар гэж хэлсэн.3

Ариун сүмийн ажил хэрхэн эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдийг адисалсан бэ?

Матт Грөү

Иосеф Смитийг нас барах үед Науву ариун сүмийн хананууд тал дундаа хүртэл баригдсан байсан ба гэгээнтнүүд тун удалгүй хөөгдөн гарах нь ерөнхийлөгч Бригам Янгад (1801–1877) тодорхой болов. Тиймээс тэр Их Эзэнээс “Бид ариун сүмийг барьж дуусангуутаа орхин явах хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа тул энд үлдэж барьж дуусах хэрэгтэй юү, эсвэл бид одоо явах нь зүйтэй юү?” гэж асуужээ. “Үлд” гэсэн тодорхой хариулт ирсэн (Brigham Young diary, Jan. 24, 1845, Church Archives; Ronald K. Esplin, “Fire in His Bones,” Ensign, Mar. 1993, 46-г үзнэ үү). Хишиг хүртэх болон лацдан холбох ёслолууд маш чухал байсан тул гэгээнтнүүд үлдэх хэрэгтэй байсан.

Дараа жилийнх нь турш тэд ариун сүмийг барихад бүхнээ зориулав. Жилийн төгсгөлд, Наувугийн эргэн тойрон дахь гэр орныг нь шатааж байсан тул бас ариун сүм ч баригдаж дуусах тийшээ хандсан тул гэгээнтнүүд өрнөд рүү явахаар бэлтгэж эхлэв. 1845 оны 12-р сард ариун сүмийн зарим хэсэг баригдаж дууссан тул гэгээнтнүүд хэсэгчлэн онцгойлон адислан, зохистой хүмүүст хишиг хүртээж, эхнэр нөхрүүдийг хооронд нь лацдан холбох боломжтой болсон.

Дараагийн хэдэн сарын турш тэд өрнөд рүү явах агуу аялалдаа бүх хүнийг сүнслэг байдлын хувьд бэлтгэхийн тулд өдөр шөнөгүй ажиллажээ. Харин миний хувьд би яг тэр хүчээр өөрийн эхнэр, хүүхдүүд, эцэг эх, өмнөх болон хараахан төрж амжаагүй байгаа үеийнхэнтэйгээ холбогдсон нь гүн гүнзгий, ариун нандин зүйл юм. Сэргээлт л үүнийг боломжтой болгосон.

Таны гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн Сэргээлтийн үйл явдлаас хуваалцана уу?

Кэйт Холбрүк

Зураг
woman crossing frozen river with children

Зүүн талд: Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Эмма Смит Миссури дэх хавчлагаас зугтаахыг оролдсон түүхийг би санаж байна. Миссиссипи мөрөн хүмүүс эд хогшилтойгоо гар тэргээр дээгүүр нь явах хэмжээний бүрэн хөлдөөгүй, бас өргөн мөрөн байсан тул гатлахад аюултай байжээ. Зургаан настай хүүхэд Эммагийн хормойн нэг талаас, найман настай хүүхэд нөгөө талаас нь зуурч, тэр нэг гартаа хоёр настай хүүхэд, харин нөгөө гартаа нялх хүүхэд тэвэрсэн байлаа.

Иосефын бичээчдийн нэгнийх нь бэр эгч бүсэлхийгээр ороож товчилдог даавуун уутнууд оёсон ба Эмма тэр уутнуудад Иосефын олон сарын турш орчуулсан Библийн цор ганц хувийг хийн, хормойн доороо нуун авч явжээ. Тэгээд тэр баримт бичиг болон хүүхдүүдтэйгээ, хөлдсөн мөрний дээгүүр унахгүйг хичээн, алхам алхмаар урагшилсан.

Итгэлийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болоход зөвхөн урагшилж, алхам алхмаар явж гарсан энэ үйл явдал миний хувьд эр зориг, итгэлийн тод томруун жишээ юм.

Зураг
pioneer scenes

Зургийг Дан Бөрр; Квинсид болсон гайхамшиг, Жули Рожэрс; Иосеф Смит Либерти шоронд, Грэг К.Олсэн

“Зоригтой бай”

Та нарын ихэнх нь сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа. Зарим сорилт бэрхшээл сонгох эрх байгаа тул гардаг. Зарим асуудлыг дайсан байгаа тул өгдөг. Харин та нар мөн бидэнд хайртай Тэнгэр дэх Эцэг байдаг бөгөөд Аврагчийн маань хийсэн үйлдэл биднийг төсөөлөхийн аргагүй байдлаар адисална гэдгийг мэдэх хэрэгтэй.

1838–1839 оны өвөл Миссуригээс Науву руу 8000 гэгээнтэн зугтсан гэж зарим түүхч үздэг. Тэр үед өвөл байсан. Иосеф тэр үед хаана байсан бэ? Тэр Либерти шоронд байсан бөгөөд гэгээнтнүүдэд тохиолдож байгаа зүйлд маш их гашуудаж, түүнд хаягдаж орхигдсон мэт мэдрэмж төрж байв.

Ийм эргэлзээтэй нөхцөл байдалд тэрээр хамгийн сайхан судруудын нэг болох Сургаал ба Гэрээний 121, 122, 123-р хэсгүүдийг хүлээн авчээ. Эдгээр нь чухал хэсгүүд тул та нарыг уншина гэдэгт би найдаж байна. Гэгээнтнүүд номд энэ үйл явдлын тухай товч түүх байдаг.

“Иосеф гэм буруугүй гэгээнтнүүдийн өмнөөс гуйлаа. ‘Ай Их Эзэн минь, тэд эдгээр буруу зүйлүүдийг мөн хууль бус доромжлолуудыг хэчнээн удаан тэвчих юм бэ?’ хэмээн түүнийг гуйхад,

Их Эзэн түүнд ‘Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; Саад тотгор хийгээд зовлон зүдгүүр чинь хэсэг хугацаанд байх болно; Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно’ хэмээн хариулжээ.

Их Эзэн түүнийг мартаагүй гэдгээ хэлэв. ‘Хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь’ хэмээн Их Эзэн Иосефт хэлжээ.

Аврагч гэгээнтнүүд Өөрөөс нь илүү зовж шаналахгүй гэдгийг Иосефт сануулав. Тэрээр тэднийг хайрладаг бас зовлон зүдгүүрийг нь эцэслэж чадах байсан ч үүний оронд цагаатгагч золиослолынхоо нэгэн хэсгийн хувьд тэдэнтэй хамт зовж, зовлон шаналлыг нь үүрэлцэхийг хүссэн юм. Ийн зовох нь Түүнийг нигүүлслээр дүүргэж, сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ Өөрт нь хандсан бүх хүнд тусалж, цэвэршүүлэх хүчийг өгч байв. Тэр Иосефыг тэвчээртэй байхад урьж, түүнийг хэзээ ч орхихгүй хэмээн амлажээ.”

Ахлагч Хибэр Ч.Кимбалл (1801–1868) Миссуригийн дээд шүүх шударга хандаж Иосефыг суллана гэдэгт итгэлтэй байсан боловч шүүх суллахгүй байхаар шийдсэн юм. Хибэрийг Либерти шорон руу буцаж очиход гяндан руу оруулаагүй тул Иосефт муу мэдээг хашхиран хэлжээ.

Тэгэхэд Иосеф түүнд халуун дулаан, нөхөрсгөөр хандаж, “Зоригтой бай” гээд, “Бүх гэгээнтнүүдийг аль болох хурдан хол аваач” гэж зааварчилсан байна.4

Үүнээс та нарын авах сургамж бол саад бэрхшээлээсээ үл хамааран зоригтой байх явдал юм. Хэрэв таныг зарим зүйл уруу татаж байвал тэдгээрээс холд. Ариун Сүнсэнд найд. Либерти шоронд байсан Иосефын болон Миссуригээс Науву руу зугтсан гэгээнтнүүдийн үлгэр дуурайл хүч чадал болон Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн гайхалтай жишээ юм.

Төлөөлөгчийн хувьд, би Есүс Христийг гэрчилж байна. Би түүний тэнгэрлэг байдлыг баттай гэрчилж байна. Тэр бид бүхнийг адислах арга замаар Сүмийг удирдан залдаг. Тэр амьд гэдгийг би та нарт гэрчилж байна.

Онцгой цугларалтыг бүтнээр нь үзэхийг хүсвэл devotionals.ChurchofJesusChrist.org вэбсайт руу орно уу.

Эшлэл

  1. Эдгээр эх сурвалж history.ChurchofJesusChrist.org вэбсайт дээр байгаа.

  2. Orson F. Whitney, Life of Heber C. Kimball (1945), 327-г үзнэ үү.

  3. Рассэлл М.Нэлсон, “Хамтдаа үргэлжлүүлцгээе,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7-г үзнэ үү.

  4. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг: 1815–1846 (2018), 389–390; saints.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.