2020
Танд сайн мэдээний талаар асуух зүйл байна уу? Хариулт олох таван арга зам нь энд байна
2020 оны 7-р сар


Зөвхөн цахим хувилбараар:

Танд сайн мэдээний талаар асуух зүйл байна уу? Хариулт олох таван арга зам нь энд байна

Надад бас асуух зүйл бий. Мөн айх зүйл нэг ч байхгүй.

“Хэн нэгэнд ямар нэг асуулт байна уу?”

Хичээлийн төгсгөлд та үүнийг сонсоод, “Тийм ээ, надад үй түмэн асуулт байна” эсвэл “Тийм ээ, би бүр төөрөлдчихлөө” гэж бодсон ч чимээгүй өнгөрч байсан уу?

Би тэгж байсан. Заримдаа би одоо ч гэсэн асуухаас айдаг.

Би хангалттай ихийг мэдэхгүй байгаадаа, бусад хүн юу гэж бодох бол гэхээс, мөн илүү их асуултад хүргэж болох мэдээлэл рүү орохоос айдаг.

Гэсэн хэдий ч ялангуяа сайн мэдээний талаар асуухаас мөн илүү ихийг ойлгохыг хүсэхээс айж ичих хэрэггүй. Тэнгэрлэг Эцэг биднийг илүү их мэдлэг олж аваасай хэмээн хүсдэг! Ахлагч Дийтр Ф.Угдорф “Асуух нь сул дорой байдал биш. Энэ нь өсөлтийн анхдагч мөн”1 гэж хэлсэн.

Хүн бүрд илүү их сурах зүйл байдаг. Асуултууд нь таныг хариултуудаа зөв арга замаар олж авахыг эрэлхийлж байгаа үед мэдлэгийг болон агуу их итгэлийг олж авах хаалгыг нээдэг. Таны асуултуудад зарим гэрэл тусгаж болох дараах таван арга зам байна.

1. Эх сурвалжуудаа шалга

Судрууд болон Сүмийн материалууд зэрэг илүү ойлголт өгдөг, найдвартай олон сайн эх сурвалж байдаг. Түүний зэрэгцээ мөн дэлхийд маш их худал мэдээлэл байдаг ба далд нуугдаж буй найдваргүй эх сурвалжууд бас байдаг. Аз болоход та үнэнийг хууран мэхлэлтээс ялгаж чадна!

Бригам Янгийн Их Сургуулийн Сүмийн түүх, сургаалын дэд профессор Антони Свит эх сурвалжид итгэж болох эсэхийг тодорхойлоход баримтлан асуувал зохих таван асуултыг өгчээ. Тухайлбал:

  1. Энэ нь анхдагч эх сурвалж мөн үү? (Үйл явдалд оролцсон эсвэл ажигласан нэгний бичсэн эсвэл боловсруулсан зүйл.)

  2. Энэ нь сүүлийн үеийн баримт мөн үү? (Үйл явдал болох үеэр эсвэл ойролцоо цаг хугацаанд бичигдсэн зүйл.)

  3. Энэ нь голыг нь баримталсан үзэлтэй байна уу? (Зохиолч нь аль болох шударга, тэнцвэртэй, ялгаварлаагүй, аль нэг талыг баримтлаагүй байх.)

  4. Энэ нь бусад эх сурвалжтай ямар хамааралтай байна вэ? (Огноо, факт, тавьж буй асуудлын хувьд нэг л үйл явдлын талаар өгүүлж буй бусад эх сурвалжтай нийцсэн байна.)

  5. Тавьж буй асуудлууд нь баримтаар баталгаажсан байна уу? (Мэдэгдлүүд нь баттай баримт дээр үндэслэгдсэн бөгөөд түүнийг дэмжих өгөгдөхүүн мэдээлэлтэй байна.)2

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Итгэл, үнэмшлийн талаарх асуултын тухай жинхэнэ итгэл үнэмшилтэй хүмүүсээс асуух хэрэгтэй!”3 гэж заасан. Түүний хэлсэн үг болон дээрх асуултууд танд баттай мэдээлэл олоход итгэл төрүүлж чадна.

2. Бошиглогчдын үгсэд тулгуурла

Бошиглогч, төлөөлөгчид илчлэлтээр дамжуулан сургаалыг болон үнэнийг (түүнчлэн танд зориулсан хариултыг!) хүргэдэг. Би будилсан эсвэл санаа зовнисон үедээ тоймгүй олон удаа, ерөнхий чуулганы үгийг уншиж эсвэл сонсож, тайтгарал олж байсан.

Сүмийн удирдагчдын зарим захиасын бүх зүйлийг та ойлгохгүй байсан ч тэдний үгс Тэнгэрлэг Эцэгээс буюу хайрын болон үнэний эх сурвалжаас ирдэг гэдгийг санаарай. Хэрэв та ахлагч Улиссэс Соарэсын “Бошиглогчдыг өгч байгаа нь Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайрын тэмдэг юм”4 гэж хэлсэн үгийг санаж, итгэвэл ямар мэдлэг хайж байгаагаасаа үл хамааран өөрийнхөө амьдралд найдвар авчрах болно.

3. Судруудаас суралц … Үнэхээр суралц

Таны хувьд судраас суралцахад ямар байдаг вэ? Минийхээр бол дээрдэж болохоор! Би уншсан зүйлийнхээ талаар үнэхээр тунгаан бодохоор өөрт гарч буй өөрчлөлтийг мэдэрдэг. Би илүү их амар тайван мөн найдвар мэдэрдэг. Судруудад байгаа сүнслэг өдөөлтөд оюун ухаанаа нээхийн тулд дараах зөвлөмжийг оролдоод үзнэ үү. Үүнд:

  • Суралцахдаа залбирлаар эхэлж, залбирлаар дуусга. Ойлгоход туслуулах үүднээс Сүнсийг урих үед та илүү их ойлголт болон сүнслэг өдөөлтийг танин мэдэх болно.

  • Хүлээж авсан мэдрэмжээ бичээрэй. Эдгээр мэдрэмжийг хожим унших нь амьдралдаа холбоос үүсгэн, цаг хугацаа өнгөрсний дараа хариултыг танин мэдэхэд тустай байж болох юм.

  • Нам гүм байх цаг гарга. Уншиж, судалсныхаа дараа тайван сууж, дахин дахин төрөх бодол, мэдрэмжүүдэд анхаарлаа хандуул. Сүнс намуухан зөөлөн дуугаар ярьдаг гэдгийг сана.

4. Илчлэлт хүлээн авахад суралц

Амьдралын минь яг энэ цаг үед намайг удирдан чиглүүлэхэд болон итгэлээ хүчирхэгжүүлэхэд туслахын тулд надад Тэнгэрлэг Эцэг урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй байсан. Заримдаа Сүнсийг урихын тулд би бүх зүйлийг хийсэн ч тэнгэрээс хариулт авахгүй байх үедээ сэтгэл санаагаар унадаг байсан. Талархууштай нь гэвэл, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байсан Шэри Дью эгчээс би Тэнгэрлэг Эцэгтэй харилцаа холбооны шугам нээхийн тулд өөртөө дараах асуултуудыг тавих ёстой гэдгийг мэдсэн юм.

  • Та асуулт тавихдаа хариулт байгаа гэж төсөөлөн бодож асуудаг уу?

  • Та Их Эзэнд итгэхэд бэлэн байж, аль болох Түүний зөв гэж бодохыг хичээдэг үү?

Мөн дараа нь Тэнгэрлэг Эцэгээс асуу.

  • Түүнийг хэрхэн зөвхөн тантай л аминчлан ярьдаг талаар өөрт тань заахыг хүс.

  • Тэр таны талаар юу мэдэрдгийг Түүнээс асуу.

“Дараа нь Тэр таныг хэрхэн сургаж буйг хар. Үүнд танд анхааруулсан судрууд, эхнийхээ удаа анзаараагүй ерөнхий чуулганы захиасуудыг онцлон анхаарах гэх мэт зүйлс багтана. … Цаг хугацааны дараа Тэрээр танд хэлж өгнө, мөн Түүнийг тэгэх үед та Сүнсээр ялгах илчлэлтийн талаар илүү их зүйлд суралцах болно.”5

Эдгээр амин чухал хоёр асуулт нь илчлэлтийг таних, хүлээн авах миний чадварт том өөрчлөлт авчирсан юм.

5. Та гарцаагүй мэддэг зүйлээ баримтал

Заримдаа хариулт нь тэр даруй ирдэггүй. Одоогийн байдлаар таны хүлээн авсан хариулт ердөө Тэнгэрлэг Эцэгт итгэж, тэвчээртэй байх хариулт байж болно. Ахлагч Угдорф “итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз” гэж бидэнд зөвлөсөн байдгийг сана.6

Хэрэв та гутарч байгаа бол зүрхэндээ хадгалдаг үнэний талаар бодоорой. Би асуудалтай үедээ өөрийгөө Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин, Бурханд надад зориулсан төлөвлөгөө байдаг, мөн Есүс Христ бол миний Аврагч гэдгийг би баттай мэддэг байсан тэдгээр мөчийг дурсан санадаг.

Танд асуух зүйл байгаа үед ойлгож байгаа зүйлээсээ илүү ойлгохгүй байгаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь амар байдаг. Гэвч хэрвээ та зүрхээ зөөлрүүлэхийг болон мөнхийн хэтийн төлөвийг баримтлахыг мөн өөрийн хүслийг Тэнгэрлэг Эцэгийнхтэй адилтгахыг хүсвэл Тэрээр таныг үргэлж үнэнд чиглүүлж, нэмэлт мэдлэг ирэх хүртэл найдвар өгөх болно.. Мөн нэг өдөр та бүх асуултынхаа хариултыг авах болно (Сургаал ба Гэрээ 101:32–36-г үзнэ үү).

Тэмдэглэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “The Reflection in the Water” (Cүмийн боловсролын системийн галын дэргэдэх цугларалт, 2009 оны 11-р сарын 1), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  2. Anthony Sweat, Seekers Wanted: The Skills You Need for the Faith You Want (2019), 11–20-ийг үзнэ үү.

  3. Жэффри Р.Холланд, “Захиас, утга учир, олон түмэн,” Лиахона, эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 4.

  4. Улиссэс Соарэс, “Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг,” Лиахона, 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124.

  5. Шэри Л.Дью, Worth the Wrestle (2017), 8, 9, 41.

  6. Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26; мөн Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111-ийг үзнэ үү.