2020
Лилагийн сонголт
2020 оны 7-р сар


Лилагийн сонголт

Зохиогч нь Аргентины Корриентест амьдардаг.

“Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 73).

Лила зөвийг сонгохыг хүсэж байлаа.

Зураг
Lilas Choice

“Судрын цаг боллоо!” гэж Лила хэлэв.

Лила өөрийн эмэгтэй дүү Аника, эрэгтэй дүү Свэтан хоёрт ном уншиж өгөх дуртай байв. Удахгүй Лила баптисм хүртэнэ! Үүнд бэлтгэж, тэр өдөр бүр судраа уншихыг хүсдэг байв.

Лила судрын түүхийн номынхоо эхний хуудсыг гарган, Аника, Свэтан хоёрыг хажуудаа суулган, зураг үзэхэд нь туслав.

“Анхааралтай сонсоорой. Би дараа нь асууна шүү” гэж Лила хэлээд, эхний бүлгийг уншиж эхэллээ.

“Бид төрөхөөсөө өмнө тэнгэрт амьдарч байсан. Бидэнд бие махбод байгаагүй. Бид сүнснүүд байсан” гэж Лила уншив.

Лила, Аника, Свэтан гурав цагаан хувцастай хүмүүсийн зургийг харав.

“Эхний асуултдаа бэлэн үү?” гээд, Лила Аникагаас “Чи төрөхөөсөө өмнө хаана байсан бэ?” гэхэд

Аника алгаа ташин, “Тэнгэрт!” гэж хариулав.

“Тийм ээ” гэж Лила хэлээд, “Тэгвэл Свэтан хаанаас ирсэн бэ?” гэхэд

“Тэр ч бас тэнгэрээс ирсэн” гэж Аника хэллээ. Свэтаныг хөхрөөд, гараа ам руугаа хийхэд Лила, Аника хоёр инээлдэв. Свэтан бол Аргентины хамгийн хөөрхөн нэг настай хүүхэд!

“Манай гэрийнхэн бүгдээрээ тэнгэрээс ирсэн. Есүс ч бас. Бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрахад туслахаар Тэр ирсэн” гээд, Лила тэр хуудсанд байгаа Есүсийн зураг руу заав.

Уншиж дууссаныхаа дараа, Лила тэнгэрт Есүстэй хамт амьдрах ямар байдаг тухай бодсоор байлаа. Тэр Түүнтэй адил болж, үргэлж зөвийг сонгохыг хүссэн.

Маргааш нь сургууль дээр өглөөний хоолоо идэхээр дугаарлан зогсоход Лилагийн гэдэс дуугарав. Сэньора Руиз импанадасыг тавган дээр нь тавихад түүнд бараг л амтагдаж байлаа. Ямар гоё үнэртэж байна аа!

Тэгээд Сэньора Руиз Лилад сүү аягалж өгөхөд Лила яана аа гэж бодов. Сүү ердийнхөөсөө илүү бараан харагдаж байв. Заримдаа сургууль уух юманд кофе эсвэл цай нэмчихдэг юм.

“Өнөөдрийн сүүнд кофе эсвэл цай хийсэн үү?” гэж Лила асуув.

Сэньора Руиз гараараа дохин, “Жаахан кофе нэмсэн. Чамд бараг амтагдахгүй ээ” гэв.

Лила тэр мөчид бодлоо. Тэр хэрхэн Есүстэй адил болж, зөвийг сонгохыг хүсдэг байснаа санав. Кофе ууж болохгүй гэж бошиглогчид хэлснийг тэр мэдэж байлаа.

“Үгүй ээ, баярлалаа. Би өнөөдөр сүү уухгүй” гэж Лила хэлээд, Сэньора Руиз руу инээмсэглэв. Тэгээд хоолоо идэхээр суулаа.

Тэр үдэш Лила гал тогооны өрөөнд аавдаа аяга таваг угаахад нь тусалж байв. Тэр судрын түүхийг, бас сүүний талаар бодож байв.

“Папи?”

“За?” гэж Папи хэллээ.

“Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг бие махбодтой байгаасай гэж хүссэн юм бол?”

Папи тавгийг усаар зайлангаа бодоод, “Бид Түүнтэй адил болохын тулд Тэр бидэнд бие махбод өгсөн. Чиний бие махбод бол сүнсний чинь гэр орон юм. Бид бие махбодоо ариун сүм гээд байдгийн учир нь энэ” гэлээ.

Лила толгой дохив. Тэр энэ талаарх нэгэн дууг Хүүхдийн хэсэгт заримдаа дуулдаг байв. “Тэгээд л Тэнгэрлэг Эцэг биднийг өөрсдийнхөө биед анхаарал тавьж байхыг хүсдэг юм уу?”

“Яг тийм” гэж Папи хэлэв.

“Өнөөдөр сургууль дээр сүүнд кофе хийсэн байсан. Би уугаагүй л дээ. Би өөрийнхөө ариун сүмд анхаарал тавихыг хичээж байгаа” гэж Лила хэллээ.

“Би чамаар бахархдаг шүү” гэж Папи хэлээд, гараа арчаад, Лилаг тэвэрлээ.

Лила Папиг чанга тэврэв. Тэр Тэнгэрлэг Эцэгийн түүнд өгсөн биед анхаарал тавихдаа баяртай байлаа. ●