2020
Үргэлжлэн явагдаж буй Сэргээлт
2020 оны 4-р сар


Үргэлжлэн явагдаж буй Сэргээлт

Сэргээлт нь 200 жилийн тэртээ Ариун ойн цоорхойд эхлэн, өнөөдөр ч үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд бидэнд үүний нэг хэсэг болох боломж олдож байна.

Зураг
Joseph Smith kneeling

Зүрх сэтгэлийн минь хүсэл, Волтэр Рэйн

Өнөө үе бол дэлхий дээр амьдрах хамгийн гайхамшигтай, сайхан цаг үе юм. Бидэнд Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед өрнөж буй агуу үйл явдлуудад оролцох адислал тохиогоод байна.1 Бид эдгээр гайхамшигт үйл явдал өрнөхийг үзэхийн зэрэгцээ тэдгээрийн нэгэн хэсэг болох боломжтой.2

Бид заримдаа сайн мэдээний Сэргээлтийн талаар болоод өнгөрсөн зүйл мэт ярьдаг. 200 жилийн өмнө болсон Анхны үзэгдэл энэ үйл явцыг эхлүүлсэн боловч Сэргээлт үүгээр дуусгавар болоогүй. Иосеф Смит болон түүний хамтрагчид Мормоны Номыг орчуулж, санваарыг сэргээн, Сүмийг зохион байгуулж мөн номлогчдыг урагш илгээж, ариун сүмийг барин, Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулсан гэх мэт үйл явдлуудаар дамжуулан Их Эзэний ажил цааш үргэлжлэн явагдсан юм. Эдгээр Сэргээлтийн үйл явдал 1820 онд эхэлж, Иосеф Смитийн амьдралын туршид үргэлжилсэн.

Бурханы Иосеф Смитээр дамжуулан илчилсэн бүхэн гайхамшигтай байсан ч Сэргээлтийг Иосеф Смитийн амьд байх цаг хугацаанд хийж дуусгаагүй. Түүний дараа дараагийн бошиглогчдоор дамжуулан ариун сүмийн ажил тасралтгүй явагдаж, нэмэлт судрууд гарч ирэн, олон хэл дээр судрын орчуулга хийгдэж, сайн мэдээг дэлхий даяар тараан, Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, санваарын чуулгууд болон Сүмийн зохион байгуулалт, дэг журамд орсон өөрчлөлт гэх мэт олон зүйлийг бид хүлээн авсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “Бид сэргээлтийн үйл явцын гэрч юм. Хэрэв та Сүмийг бүрэн сэргээгдсэн гэж үзэж байвал дөнгөж эхлэлийг нь л харж байна. Өөр олон зүйл ирэх болно. … Дараа жилийг, тэрний дараа жилийг иртэл хүлээ. Амин дэмээ ууж, хангалттай амарч ав. Сүмийн ирээдүй гайхалтай сайхан байх болно.”3

Ерөнхийлөгч Нэлсон Сэргээлт үргэлжлэн явагдсаар байна хэмээн тунхагласны дагуу, ерөнхийлөгч болсноос нь хойш олон чухал өөрчлөлт Сүмд хийгдэхийг бид харсан. Үүнд санваарын чуулгын бүтцэд өөрчлөлт хийсэн, гэрийн болон айлчлагч багшлалтыг тохинууллаар орлуулсан, гэр төвтэй, Сүмээс дэмжигдсэн сайн мэдээнээс суралцах хөтөлбөр гаргасан зэрэг ажил орно.4 Үүнээс хойш өөр олон өөрчлөлт хийгдсэн бөгөөд цаашид ч хийгдэх болно.

Баруун Африкийн жишээ

Сэргээлт үргэлжлэн явагдаж байгаа тухай миний гэрчлэлд Африкийн Баруун бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд таван жил үйлчилсэн явдал нөлөөлсөн юм. Би бага залуугаасаа сайн мэдээний гэрчлэлтэй байсан. Харин Африкт амьдардаг байсан явдал маань Баруун Африкийн сайн мэдээг хамгийн анх хүлээн авсан зарим хүнтэй холбогдох боломжийг олгосон юм. Мөн Сүм энэ тивд хэрхэн асар хурдацтай тархаж, олон зуун тойрог, гадас байгуулагдаж, ариун сүм, цуглааны байрууд итгэлтэй гишүүдээр дүүрч, сайн эмэгтэй, эрэгтэй хүмүүс сэргээгдсэн сайн мэдээг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авч байгааг би харсан. Би Сүм “дэлхийг дүүргэх болно”5 хэмээсэн Иосеф Смитийн бошиглол биелэгдэхийг өөрийн нүдээр харсан.

Жэймс Эвудзи, Фрэдэрик Антви гэх хоёр итгэлтэй гишүүн надад Аккра Гана ариун сүмд нэг өдөр ирж тусалсан юм. Жэймс бол хожмын үеийн гэгээнтэн номлогчдыг Ганад ирэхээс хэдэн жилийн өмнө Мормоны Ном болон Сүмийн бусад материалыг сүмийн цуглаандаа ашигладаг байсан 1000 орчим хүний нэг байв. Тэд Ганад Сүм байгуулагдах өдрийн төлөө залбирдаг байлаа. Тэрээр манай материалд заасны дагуу сайн мэдээг заахаар Гана даяар явдаг байсан залуу эрэгтэйчүүдтэй нэгджээ. 1978 онд номлогчдыг ирэхэд, Ганад хожмын үеийн гэгээнтний хамгийн анхны баптисмын ёслолыг үйлдсэн өдөр тэр баптисм хүртжээ.

Зураг
Frederick Antwi

Фрэд Антви, Гана дахь Сүмийн анхдагч гишүүн

Фрэд гишүүн болоод удаагүй байхдаа, овгийн ахлагч байсан хамаатныхаа оршуулганд оролцсон байна. Тэнд очоод гэр бүлийнхэн нь түүнийг шинэ ахлагчаар томилох гэж байгааг мэджээ. Энэ байр суурь нь сайн мэдээнд итгэх итгэлд нь харшлах зүйлийг хийлгэхэд хүргэнэ гэдгийг тэр мэдэж байсан тул оршуулга дуусмагц тэндээс хурдхан гэгч гарч яван, өөрт нь нэр хүнд, эд баялаг авчрах байр сууриас татгалзсан юм.

Аккра ариун сүмийг онцгойлон адислах үед Жэймс, Фрэд хоёр ариун сүмийн ажилтан болохоор долоо хоног бүр нэг талдаа 4 цаг аялдаг байжээ. Тэдэнтэй хамт ёслол гүйцэтгэж байхад, түүхэн үйл явдлаар хүрээлэгдсэн байна даа гэсэн бодол надад төрж байсан юм. Африкийн Сүмийн түүхийг тэр хоёр төлөөлж байгааг ойлгосон явдал надад Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф эсвэл Сүмийн эхэн үеийн бусад гишүүн надтай хамт эдгээр ёслолыг гүйцэтгэж байгаа мэт санагдаж байв.

Миний Баруун Африкт үзэж, туулж, мэдэрсэн зүйл бол “Мөн зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно; мөн миний Төрсөн Ганцын тухай гэрчлэхээр дэлхийгээс үнэнийг би илгээх болно; … зөв шударга ёс хийгээд үнэн нь дэлхийг үер мэт арчих болгоно би; учир нь тэнд миний асар байх болно, мөн энэ нь Сион, Шинэ Иерусалим хэмээн нэрлэгдэх болно” (Мосе 7:62) хэмээн Их Эзэний Енохт хэлсэн зүйлсийн нэгээхэн хэсэг байв.

Би зөв шударга байдал ба үнэн Африк тив даяар хурдацтай тархаж, сонгогдсон хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс цугларахыг харсан. Сэргээлтийн тэрхүү чухал хэсэг миний нүдний өмнө өрнөхийг би харсан тул Сэргээлтийн талаарх гэрчлэл минь улам өсөн нэмэгдсэн билээ.

Би мөн үргэлжлэн явагдаж буй Сэргээлтийн талаар өөр нэг зүйлийг олж харсан бөгөөд тэр нь Африкийн гишүүдийн хүчтэй итгэл, сүнслэг эрч хүч байсан юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Көртланд [хожмын үеийн гэгээнтнүүдийн 1830-аад онд амьдарч байсан газар] нь зөвхөн Огайо мужид байдаггүй. Энэ нь бас Африкт байдаг” хэмээн хэлжээ. Олон хүн хувийн сүнслэг, хүчтэй туршлага дээрээ үндэслэн Африк дахь Сүмд элсэж байна. Тэдгээр шинэ гишүүн сүнслэг эрч хүч, сайн мэдээг улам гүнзгий суралцах хэрэгцээг авчирдаг. Тэдний хувьд Сэргээлт хувь хүнийх нь түвшинд үргэлжилсээр байгаа. Сүмийн тухай улам ихийг мэдэх тусам сайн мэдээний үнэнүүд тэдний нүдний өмнө нээгдсээр байх болно. Сайн мэдээний мэдлэгээ өргөжүүлэх юм бол бид бүгдээрээ үүнийг мэдрэх боломжтой.

Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд туслах гурван арга зам

Бурхан энэ ажилд амин чухал үүрэг гүйцэтгэх гайхалтай боломжийг бидэнд өгсөн. “[Сүмийн] биед гишүүн бүр хэрэгтэй” (Сургаал ба Гэрээ 84:110) хэмээн Их Эзэн хэлсэн. Сүмийн бүх гишүүн энэхүү үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцох боломжоор адислагдсан. Бид үүнийг хэрхэн хийх вэ?

Ариун гэрээнүүдийг байгуулж, сахих нь үүнд оролцох нэг арга зам юм. Хүмүүс ёслолуудтай, тэр дундаа ариун сүмийн ёслолтой холбоотой гэрээнүүдийг дагаж мөрдөхгүй л бол тэдгээр нь ямар ч утга учиргүй. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Бонни Паркин эгч “Гэрээ байгуулах нь эрмэлзэгч зүрх сэтгэл, гэрээгээ сахиж буй итгэлтэй зүрх сэтгэлийн илрэл юм”6 хэмээн заасан.

Би гэрээнүүд байгуулж мөн сахиснаар зөвхөн өөрсдийгөө мөнх амьдралд бэлтгээд зогсохгүй Их Эзэний “миний гэрээний хүмүүс” (Сургаал ба Гэрээ 42:36) хэмээн дууддаг хүмүүсийг бэлтгэж, хүчирхэгжүүлэн тусалж болно. Бид баптисм, гишүүний баталгаа, ариун ёслол болон Мелкизедек санваар ба ариун сүмийн ёслолуудаар дамжуулан Бурхантай гэрээ байгуулж, Түүний гэрээт хүмүүсийн нэг болдог.

Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд бидний оролцож болох хоёр дахь арга зам бол хүлээн авсан дуудлага болон үүрэгт ажлаа хийж гүйцэтгэх явдал юм. Энэ нь Сүмийн урагшилдаг арга зам билээ. Итгэлдээ үнэнч багш нар сайн мэдээг хүүхэд, өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд заадаг. Тохинуулагч ах, эгч нар Сүмийн гишүүдэд анхаарал халамж тавьдаг. Ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөл нь гадас, дүүрэг, тойрог, салбар, чуулга, туслах бүлэг, анги, бүлгүүдэд удирдамж заавар өгдөг. Өсвөр үеийн удирдагчид залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд анхаарал халамж тавьдаг. Бичиг хэргийн ажилтан, нарийн бичгүүд хожим нь тэнгэрт бичигдэх чухал мэдээллүүдийг бүртгэн тэмдэглэдэг бөгөөд өөр олон хүн мөнх амьдралд болон Аврагчийн Хоёр дахь ирэлтэд хүмүүсийг бэлтгэх чухал үүргийг гүйцэтгэдэг.

Зураг
members in Ghana

Ганын Аккра ариун сүмд орохоор жагссан өсвөр үеийнхэн

Сэргээлтэд оролцож болох гурав дахь арга зам бол Израилыг цуглуулахад туслах явдал юм. Сэргээлтийн эхэн үеэс эхлэн энэ нь уг ажлын чухал хэсэг байсаар ирсэн. Ерөнхийлөгч Нэлсоны зааснаар бидэнд хөшигний хоёр талд болж байгаа цугларалтад туслах боломж, үүрэг бий. Сүмийн ерөнхийлөгч болсны дараах анхны Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон хаалтын үг хэлэхдээ “Бид бүхний дэлхийнхэнд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм”7 хэмээн товч дурдсан байдаг.

Хөшигний энэ талд Израилыг цуглуулна гэдэг нь номлогчийн ажлыг хэлж байгаа юм. Бүрэн цагийн номлолд үйлчлэх боломжтой хэн ч энэ боломжийг анхааралдаа авах ёстой. Италид Сүм байгуулагдсаны дараахан тэнд номлолд үйлчлэх боломжтой байснаа би том адислал гэж үздэг. Манай салбарууд түрээсийн байранд цуглардаг байсан ба хэзээ нэгэн өдөр гадас, тойргууд байгуулагдана гэдэгт бид итгэдэг байв. Эрэлхэг зоригтой анхдагчид Сүмд нэгдэж, тэрхүү агуу нутагт Израилыг цуглуулах ажлын үндэс суурийг тавьж байгааг би харсан.

Тэдний нэг нь Агнэс Галдиоло байв. Түүнд номлогчийн хичээл зааж байхдаа бид бүгд Сүнсийг хүчтэй мэдэрч байсан. Гэвч Сүнсийг мэдэрсэн ч гэсэн гэр бүлийнхэн нь баптисм хүртэхийг нь эрс эсэргүүцнэ гэдгийг тэр мэдэж байв. Харин нэг өдөр тэр Сүнсээр дүүрч, баптисм хүртэхээр шийдэв. Гэхдээ баптисм хүртэхээр төлөвлөсөн өдрийнхөө өглөөгүүр тэр бодлоо өөрчилж билээ. Тэр баптисм хүртэх ёстой байсан түрээсийн байранд эртлэн ирж, гэрийнхнийхээ дарамт шахалтаас болж баптисм хүртэж чадахгүй болсноо бидэнд хэлсэн юм.

Тэр явахаасаа өмнө бидэнтэй хэдэн минут ярилцахыг зөвшөөрөв. Бид нэг ангид орж, хамт залбирч болох эсэхийг асуув. Дараа нь бид өвдөг сөгдөөд, түүнээс залбирал хэлэхийг хүслээ. Тэр залбирч дууссаныхаа дараа нүдэндээ нулимс цийлэгнүүлсээр босож, “Би баптисм хүртэнэ” гэв. Хэдэн минутын дараа тэр баптисм хүртсэн юм. Жилийн дараа тэр Сэбастиано Карузотой гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэд өсгөж өндийлгөсөн бөгөөд бүх хүүхэд нь номлолд үйлчилж, өнөөдрийг хүртэл Сүмдээ үйлчилж байгаа.

Зураг
Caruso family

Ахлагч Көртис, Көртис эгч хоёр Карузогийн гэр бүлийн зарим гишүүнтэй хамт

Агнэс, Сэбастиано хоёр бас номлолд үйлчилсэн ба Сэбастиано номлолын ерөнхийлөгч байв. Би анхны номлолоосоо хойш 25 жилийн дараа Италид хоёр дахь номлолд үйлчлэхдээ Карузогийнхон болон бусад анхдагчид Бурханы хаант улсыг тэнд өргөжүүлэн тэлэхийн тулд юу хийснийг харсан. Би номлогчидтой хамт Сүмийг байгуулахаар ажиллан, хэзээ нэгэн өдөр Италид ариун сүм баригдаасай гэж мөрөөддөг байлаа. Одоо Италийн Ромд ариун сүмтэй болсонд би ямар их баярлаж байна гээч.

Номлогчийн баяр баясгалантай эн тэнцэх хэдхэн баяр баясгалан байдаг. Израилыг цуглуулахад тусалж, үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд баяр баясгалантай оролцож болох энэ цаг үед төрсөн маань ямар агуу адислал вэ!

Мэдээж номлогчийн баяр баясгаланг зөвхөн бүрэн цагийн номлогчид л мэдэрдэг юм биш. Бидний хүн нэг бүр бүрэн цагийн номлогчидтой мөр зэрэгцэн ажилласнаар ах, эгч, дүү нараа хөрвүүлэн, идэвхжүүлэх ажилд туслах боломжтой. Бид бусдыг ирж, харахад урьж, заалгаж буй хүмүүстэйгээ найзалж нөхөрлөх замаар Израилыг цуглуулах боломжтой.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийх замаар бид хөшигний нөгөө талд Израилыг цуглуулахад тусалдаг. Энэ ажил нь олон жилийн турш бидний ариун үүрэг байсаар ирсэн. Иосеф Смитийг нас барахаас өмнө гэгээнтнүүд нас барагсдын өмнөөс баптисм хүртээдэг байсан ба хэдхэн хүнд хувийн хишиг хүртээж, лацдан холбосон байв. Науву ариун сүмийг барьж дуусгаснаар амьд хүмүүст хувийн хишиг хүртэх ёслол эрчимтэй хийгдэж эхэлсэн юм. Ютагийн ариун сүмүүдэд мөн өвөг дээдсийнхээ төлөө хувийн хишиг хүртэх, лацдан холбуулах ажил хийгдэж эхэлсэн.

Тэрхүү сэргээх үйл явцад гол үүрэг гүйцэтгэж байсан Элиза Р.Снөү Сэргээлтийн тэр хэсгийн ач холбогдлыг ойлгож байсан юм. Тэрээр хувийн хишгийн өрөөнд олон цагийг өнгөрөөж, тэндхийн ёслолуудад тусалдаг байв.8 1869 онд нэгэн Халамжийн нийгэмлэгийн ангид айлчлах үеэрээ тэрээр эгч нартаа “Бидний гүйцэтгэх ёстой, амьд болон нас барагсдын авралд туслах тэр агуу ажлын талаар би эргэцүүлэн бодлоо. Бид … Бурхдад болон Ариун хүмүүст тохирох хамтрагчид болохыг хүсэх ёстой”9 хэмээн заажээ.

Мэдээж, дэлхий даяар олон ариун сүм баригдаж байгаа мөн өөр олон ариун сүм баригдахаар болж байгаа нь ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх боломж бололцоог асар ихээр өсгөн нэмэгдүүлж байгаа юм.

Гар доорх хэрэгслүүдийн ачаар ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаа хийж, үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд байнга оролцох боломжийг бидэнд олгож байна. Би гэр бүлийн түүхийн ажлыг олон жил сонирхон, үүнд оролцож ирсэн ч онлайн хэрэгслүүд гэр бүлийн нэрсээ ариун сүмд амжилттай аваачих боломжийг маань ихээхэн нэмэгдүүлсэн. Эхнэр бид хоёр Гана дахь байрандаа ширээний ард суун, Ганын Аккра ариун сүмд авч очих европ гаралтай өвөг дээдсийнхээ нэрсийг хайж олох ажил хийдэг байсан ариун нандин дурсамж надад бий. Бид очсон аль ч газраа тэр баяр баясгалант боломжийг ашигладаг.

Бурхан бошиглогч Иосеф Смитээр дамжуулан “дэлхий эхэлсэн цагаас хойш бүх ариун бошиглогчдын амаар хэлэгдсэн бүх зүйлүүдийн дахин сэргэлтийг улируулан тохиолгохоор авчрах” (Сургаал ба Гэрээ 27:6) үйл явцыг эхлүүлсэн. Бурхан “эдүгээ илчилж буй” мөн “Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг илчилдэг” (Итгэлийн тунхаг 1:9) тул тэрхүү Сэргээлт одоо ч үргэлжилсээр байна. Би энэ үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцож байгаадаа чин сэтгэлээсээ талархдаг.

Эшлэлүүд

  1. Ефес 1:10; Сургаал ба Гэрээ 27:13-ыг үзнэ үү.

  2. Даниел 2:35–45; Сургаал ба Гэрээ 65-ыг үзнэ үү.

  3. Russell M. Nelson, in “Latter-day Saint Prophet, Wife and Apostle Share Insights of Global Ministry,” Newsroom, Oct. 30, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org.

  4. “Inspired Direction,” Liahona, May 2019, 121-ийг үзнэ үү.

  5. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 157.

  6. Bonnie D. Parkin, “With Holiness of Heart,” Liahona, Nov. 2002, 103.

  7. Рассэлл М.Нэлсон, “Үргэлжлүүлцгээе хамтдаа,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 147. Ерөнхийлөгч Нэлсон жилийн дараа Ерөнхий чуулган дээр “Бид Бурханд болон хөшигний хоёр талд буй Түүний хүүхдүүдэд үйлчлэхэд амьдралаа ахин дахин зориулах болтугай” хэмээн энэ бодлоо давтан хэлсэн (“Хаалтын үг,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 135).

  8. Хишгийн өргөөг Солт Лэйк ариун сүмийг баригдаж байх үеэр Ариун сүмийн талбайд барьсан байна. Хишгийн өргөөг 1855 онд ариун сүмийг онцгойлон адислах хүртэл буюу 1889 он хүртэл ариун сүмийн ёслол үйлдэхэд ашиглаж байжээ.

  9. Eliza R. Snow, address to Lehi Ward Relief Society, Oct. 27, 1869, Relief Society Minute Book, 1868–79, Church History Library, 26–27.