2020
Залуучууд хэрхэн үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд хувь нэмэр оруулж байна вэ?
2020 оны 4-р сар


Залуучуудад зориулав

Залуучууд үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ?

Залуучууд авралын ажилд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Зураг
young adults

Сүмийн удирдагчдаас үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцох эсвэл Израилыг цуглуулахад туслах урилгыг сонсох тоолондоо “Би юу хийж чадах вэ дээ? Би энгийн л нэг хүн,” “Би арай залуу байна,” “Би арай гэрлээгүй байна” эсвэл “Би хангалттай сайн мэдэхгүй. Би ямар л хувь нэмэр оруулж чадав гэж?” гэх мэт бодол танд төрж байсан уу?

Бидэнд өмнө нь иймэрхүү бодол төрж байсан. Гэхдээ дараах өгүүлбэрүүдийг уншаад, эргэлзэхээ болихыг хичээгээрэй.

  • Иосеф Смит Мормоны Номыг орчуулж эхлэхдээ ердөө 22 настай байсан.

  • Оливер, Жон Витмер хоёрыг Иосефын бичээчээр ажиллаж эхлэхэд (хоёулаа ганц бие байсан!), Оливер бас 22 настай, Жон Витмер 26 настай байсан.

  • 1835 онд анхны Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дуудагдах үед тэд 23-аас 35 насны хооронд байсан.

  • Сүмд нэгдэж, сайн мэдээг түгээж байсан эхэн үеийн гэгээнтнүүдийн ихэнх нь залуучууд байв.

Үнэндээ Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн эхэн үед Бурхан залуучуудаар дамжуулан ажиллаж байжээ. Та нар шиг хүмүүсээр.

Үүнийг бодоод үз дээ.

Хүн болгон хувь нэмэр оруулж чадахгүй гэж боддог байсан бол өнөөдөр Сүм дэлхий даяар түгэхгүй байх байсан. Та, тийм ээ, та бол өнөө үед Есүс Христийн Сүмийг үргэлжлүүлэн сэргээж, удирдахаар сонгогдсон үеийнхний төлөөлөл болсон хүн юм.

Таныг энд одоо ямар нэг учир шалтгаанаар илгээсэн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон манай үеийнхний талаар ярихдаа “Та нар ‘11 дэх цагт’ амьдарч байна.” Их Эзэн үүнийг дэлхийн өнцөг булан бүрээс сонгомол хүмүүсийг Өөрийн усан үзмийн талбайд цуглуулахаар үйлчлэгчдээ дуудах сүүлийн цаг хэмээн тунхагласан юм. (С ба Г 33:3–6-г үзнэ үү.) Мөн та нар ч гэсэн энэ цугларалтад оролцохоор илгээгдсэн”1 хэмээн заасан.

Дэлхий даяар өдөр бүр өдрийн турш 65000 бүрэн цагийн номлогч сайн мэдээг түгээж байгаа бөгөөд тэдний хүчийг тунгаан бод. Ариун сүмд гэрээ байгуулж, итгэлтэй байхаар гэрээлснээр сэргээгдсэн санваарын болон ариун сүмийн адислалуудын ач тусыг хүртэж, гэр бүлээ хүчирхэгжүүлэн, дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулж байгаа бүх залуучуудын тухай бод. Дэлхий даяар Сүмийн удирдагчаар үйлчилж буй залуучуудын тухай бодож үз. Тэдний эсрэг зогсох бүх бэрхшээлийг үл ажран, Есүс Христийг дагахаар урагш тэмүүлж байгаа хүмүүсийг бод. Сэргээлтийн эхэн үеэс эхлэн залуучууд үүний амин чухал хэсэг байсаар ирсэн. Харин үргэлжлэн явагдаж буй Сэргээлт нь Сүмийн олон залуу гишүүний амьдралын салшгүй хэсэг байсаар ирсэн.

Сэргээлт бидний хувьд ямар утга учиртай вэ?

Сэргээлтэд оролцож буй бидний оролцоо ихэвчлэн бидэнд зааж сургасан зүйлээс үндэслэлтэй байдаг. Энэтхэгийн Андра Прадешийн залуу хөрвөгч Вэннэла Вакапаллигийн хувьд “Сэргээлт нь илчлэлт эрэлхийлэх явдал юм. Иосеф Смит ой дотор илчлэлт эрэлхийлсэн. Тэр Их Эзэнтэй зөвлөлдөж, хариултаа хүлээж, тэвчээртэй байсан. Энэ бол миний дуртай хэсэг юм.” Вэннэла “Би Сэргээлтийн талаар олж сонсохоосоо өмнө илчлэлт эрэлхийлэх талаар тийм ч их зүйл мэддэггүй байсан. Түүний Бурханаас илчлэлт авахын тулд зарцуулсан цаг намайг гайхшируулдаг зүйлсийн нэг юм. Сэргээлтээс би энэ тухай мэдэж авсан.

АНУ-ын Ютад амьдардаг залуу хос Эмма, Иаков Робэртс хоёр Сэргээлт нь өөрсдөдөө болон дэлхийнхэнд зориулан авдаг “үргэлжлэн явагдаж буй илчлэлттэй” холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. “Бид ингэснээр Бурханы бошиглогч, Түүнийг төлөөлөх хүн дэлхий дээр байж, дэлхий өөрчлөгдөхийн хэрээр бидэнд ямар ч асуудал гарсан байсан биднийг бэлэн байлгаж, ямар ч асуудалтай нүүр тулах чадвартай байлгахын тулд бидний өмнөөс ажиллаж, залбирч, Бурхантай харилцдаг хүнтэй байна” гэдэгтэй тэд санал нийлдэг.

“Сэргээлтээр дамжин ирсэн энэ их мэдлэг амьдралыг минь хялбар, стресс багатай болгодог” гэж Иаков хэлсэн. Энэ бүхэн “Биднийг хайрладаг, харж ханддаг Бурхан бий” гэсэн итгэлээр ирдэг. Тэрээр биднийг аз жаргалтай байлгахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Түүний зорилго бол бидний аз жаргал гэдгийг мэдэх тул залуучууд бид Түүнд бүрэн итгэж, дагаж чадна. Бид мөнхийн гэдгээ мэднэ. Энэ нь яг одоо би юу хийж, ямар алдаа гаргаснаас үл хамааран үргэлж наманчилж, энэ цаг хугацааг өсөж хөгжиж, суралцахад ашиглах боломжтой гэсэн асар их итгэл, найдварыг надад өгдөг” хэмээн Эмма хэлсэн.

Ийм бат итгэл нь Барбадост амьдардаг Рамона Моррис хэмээх залуухан эмэгтэйд Сэргээлтийн талаар анх олж мэдэх үед нь бас тусалж байжээ. Олон зүйл олж мэдсэний дотроос тэр “Тэнгэрлэг Эцэг бидний төлөө байдаг” гэсэн гэрчлэлийг олж авчээ. Сэргээлт нь амьдралын талаар болон өөрсдөд нь зориулсан Бурханы төлөвлөгөөнд эргэлзэж буй хүмүүст амар амгаланг авчирдаг.

Сэргээлтийн талаарх ойлголт амьдралыг нь тодорхой болгосон хэдий ч “Сүмийн удирдах газраас хол байгаа нь сайн мэдээтэй холбогдохыг бэрхшээлтэй болгож байсан ч Сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэл маань хүчтэй байсан тул хэчнээн хол байсан ч би Сэргээлтийн нэгэн хэсэг байж, ганцаараа биш” байсан гэж тэр хэлсэн.

Тийм ээ, тэр ганцаараа биш. Дэлхий даяарх залуучууд ариун сүмийн үйлчлэл, гэр бүлийн түүх, номлолын ажлаар дамжуулан Сэргээлтэд оролцож байна. Иосеф Смитийн Анхны үзэгдэл, Сэргээлтийн талаар судалснаар олж авсан хувийн илчлэлтийн тухай ойлголтоороо бид бүгд Бурханы хүслийг мөн үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд ямар үүрэг гүйцэтгэж чадахаа үргэлжлүүлэн эрэлхийлэх боломжтой.

Зураг
world map

© Getty Images-ийн газрын зураг

Сүмийг удирдаж буй залуучууд

Бид залуу ч гэсэн одоо Сүмийн удирдагч байж чадна. Унгарын Диорд амьдардаг Жанка Торония нь гэр бүлийнхээ цорын ганц Сүмийн гишүүн байсан ч Сэргээлтийн бусад хэсэгт оролцож буй үе тэнгийн залуучууд нь түүнийг хүчирхэгжүүлжээ. “Миний олон найз номлолд явсан ба тэдний өсөлт хөгжлийг харах үнэхээр сайхан байсан. Тэднийг эргэж ирэхэд бүх туршлага нь тэднийг гайхалтай хөгжүүлсэн байдаг. Энэ нь бид бүгдэд гайхалтай туршлага болдог. Ганц бие залуу найзуудаа дуудлагат ажилдаа, заримдаа ЗБББТ (Залуучуудын бат бөх байдлын төлөө) чуулганд сайн дураараа зөвлөх хийх гэх мэт боломжийг ашиглан, үйлчилж байгааг харах нь үргэлж гайхалтай байдаг. Сэргээлт бол зөвхөн сайн мэдээг хүмүүст заах тухай биш, харин байгаа гишүүдээ хүчирхэгжүүлэх тухай гэж би боддог” гэж тэр хэлсэн юм.

Унгарын залуучууд өөрсдийгөө Сүмийн ирээдүйн удирдагч гэдгийг ойлгодог. “Бид хүмүүст хэрэгтэй бөгөөд заримдаа хэцүү ч гэлээ хариуцлагаа үүрэх хэрэгтэй” гэдгийг Жанка хүлээн зөвшөөрчээ. “Их Эзэн ажлаа яаравчлуулж байгаа бөгөөд бид тэр ажлынх нь нэгээхэн хэсэг юм. Заримдаа ‘Би үүнийг хэрхэн хийх вэ?’ гэж гайхан бодох үе бидэнд гардаг. Гэхдээ удирдагчид маань бидэнд ийм их итгэл найдвар хүлээлгэдгийг харах гайхалтай. Энэ нь Сүмд хайртай, хүчтэй гэрчлэлтэй хүмүүст урам зориг өгдөг. Учир нь бид нэг л өдөр хариуцлага хүлээнэ гэдгээ мэддэг. Бид өөрсдийн сүнслэг хөгжил дэвшлийн төлөө хариуцлага хүлээх ёстой.”

Баруун Австралийн Шон, Стэфани Жосэф нар тойргийнхоо өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх замаар Сэргээлтэд оролцдог. “Миний хувьд Сэргээлтэд оролцоно гэдэг нь хойч үедээ сайн мэдээ гэж юу болохыг мөн энэ нь тэдэнд болон бусдын амьдралд хэрхэн туслахыг ойлгоход нь туслах явдал юм” гэж Стэфани хэлсэн. “Бид ирээдүйд улс орондоо Сүмийг илүү бат бөх суурьтай болоход нь тусалж чадна.

Бид Мормоны Ном болон Иосеф Смитийн талаар гэрчлэлтэй болж, Бурханы хүүхдүүд гэдгээ ухааран ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслахыг хүсдэг. Тэд үүнийг Хүүхдийн хэсэгт дуулаад өнгөрдөг зүйл биш, харин үнэхээр үнэн гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна” хэмээн Шон тайлбарласан.

Энэтхэгт сайн мэдээний дагуу амьдарна гэдэг Вэннэлагийн хувьд үргэлж амар хялбар байгаагүй ч тэндхийн залуу гишүүдийн хүч чадал хүмүүсийг сүнсээр өдөөсөн мөн Сэргээлтийн үйл явцад тусалдаг гэдгийг тэр мэднэ. “Эндхийн бүх залуу хүн маш их итгэлтэй. Тэд гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийлж байдаг. Энэтхэгийн хувьд бид анхдагч юм. Бид янз бүрийн газраас ирдэг ба зарим нь бүр гэр бүлээ орхиж ирдэг. Энд амьдрал хэцүү байх үед байдаг ч бид сайн мэдээний дагуу амьдрах сонголт хийсэн. Судрууд надад маш их итгэл найдвар, хүч, эр зориг өгдөг.

Залуучууд бид хаана ч байсан сайн мэдээнд итгэлтэй, гуйвшгүй байснаар үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд хүчирхэг хувь нэмэр оруулсаар байх болно.

Сүмийн ирээдүй биднээс шалтгаална

Бид бол Сүмийн ирээдүй юм. Бид сүүлийн тулаанд орж байна. Тэнгэрлэг Эцэгт биднийг Өөрийнх нь ажилд буюу амьдралыг мөнхөд өөрчлөх ажилд нь тусална гэж найддаг. Тэр биднийг урагш тэмүүлж, дайсны бэлдсэн бүхний эсрэг тэмцэх хангалттай хүч чадалтайг мэднэ. Сатан бас цөхөрч байна. Их Эзэний ажил ялан дийлэх тул тэр тулаанд байлдаж, ялагдаж байгаагаа мэдэж байгаа.

Жанка: “Их Эзэн ажлаа яаравчлуулж байгаа бөгөөд хэн ч үүнийг зогсоож чадахгүй гэдгийг бид мэднэ. Юу ч болсон бай, энэ нь болохдоо л болно гэдгийг бид мэднэ. Гэвч бид үүний нэг хэсэг болж, урагш явуулахад туслах уу эсвэл хажуугаас нь харах уу гэдгээ шийдэх ёстой. Бидэнд үүний хэсэг нь байх сонголт байгаа бөгөөд зөвийг мөн Христийг дагахаа сонгох гэрчлэл бидэнд бий. Бид үүний нэгэн хэсэг байх ёстой” гэжээ.

Тиймээс бид хэний талд байхаа өөрсдөө л сонгоно.

Итгэдэг зүйлийнхээ төлөө зогсох зоригийг өөрсдөө л гаргана.

Амьдралдаа өөрсдөө л хувийн илчлэлт эрэлхийлнэ.

Өөрт тулгамдсан хүнд асуудлыг Аврагчид итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх боломж болгох эсэх нь бас л биднээс шалтгаална.

Түүнийг дагаж, бусдыг Түүнд авчрахын тулд чадах бүхнээ хийх эсэх нь биднээс л шалтгаална.

Мөн чадлынхаа хэрээр эцсээ хүртэл тэвчих эсэх нь биднээс шалтгаална.

Бид үнэхээр хожмын өдрүүдэд амьдарч байна. Ерөнхийлөгч Нэлсоны нэрлэснээр “дэлхийн түүхэн дэх хамгийн хүнд эрин үед”2 Сүмийг удирдана гэдэг нь үнэхээр эмээмээр зүйл мэт сонсогдож болно. Гэвч Тэнгэрлэг Эцэг биднийг тоо томшгүй уруу таталт, анхаарал сарниулах зүйл, эсэргүүцэлтэй нүүр тулах яг энэ тодорхой цаг үед дэлхийд илгээхээр хангалттай их итгэл хүлээлгэж, хадгалан үлдээсэн гэдгийг бод доо.

Хамгийн чухал эрин үед энд илгээснээр Тэнгэрлэг Эцэг биднийг бүтэлгүйтүүлэхээр ирүүлээгүй. Тэрээр бидний чадавх, хүч чадал, эр зоригийг, эцсийн эцэст өөрсдийн нас, гэрлэсэн эсэх зэргээс үл хамааран Сүмийн Сэргээлтийн ажилд хувь нэмэр оруулж чадна гэдгийг мэддэг. Бидний саад бэрхшээл хэчнээн хүнд эсвэл удирдаж, сайн мэдээг дэлхий даяар хуваалцах нь үнэхээр боломжгүй зүйл мэт санагдавч Түүнийг бидний талд байхад хэн бидний эсрэг тулалдаж зүрхлэх вэ дээ? Тэр бидэнд боломжгүй зүйлийг ч хийхэд туслах болно.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Жинхэнэ мянган жилийнхэн мэт байх нь,” Лиахона, 2016 оны 10-р сар, 48.

  2. Рассэлл М.Нэлсон, “Жинхэнэ мянган жилийнхэн мэт байх нь,” Лиахона, 46.