2020
Миний өгч чадах зүйл зөвхөн адислал байлаа
2020 оны 4-р сар


Миний өгч чадах зүйл зөвхөн адислал байлаа

Жонатан Мафра Сэна дэ Сантана

Санта Катарина, Бразил

Зураг
father giving daughter a blessing

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Охиноо нэг нас хүрэх үеэр би хуулийн сургуулиа төгссөн юм. Эхнэр бид хоёр миний төгсөлтийг охиныхоо төрсөн өдөртэй мөн ирэх шинэ боломжуудын хамт тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байсан ч санаснаар болсонгүй.

Дипломаа хамгаалсны дараа би удалгүй ажилгүй болж, ажил олдохгүй хэцүү байв. Удалгүй санхүүгийн асуудал үүсэж, энгийн төрсөн өдрийг ч тэмдэглэж чадахгүйд хүрсэн юм.

Эхнэртэйгээ олон удаа ярилцсаны эцэст бид нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөв. Эцэг хүний хувьд охиндоо энгийн бэлэг ч авч өгч чадахгүй байж, хайртай эхнэрийнхээ цухалдахыг харах нь надад амаргүй байв.

Юу болоод байгааг ч ухаарах сөхөө байсангүй. Би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, надаас юу хүсэж байгааг нь ойлгоход туслаач гэж гуйв. Гэнэт миний бодолд нэг дуу хоолой ярих шиг болж, “Чамд энэ дэлхий дээрх ямар ч материаллаг зүйлээс илүү үнэ цэнтэй зүйл бий. Чи санваартан шүү дээ” гэх үгсийг сонссон юм. Охиндоо санваарын адислалаас өөр ямар сайхан бэлэг өгч болох билээ дээ?

Санваар миний хувьд ямар утга учиртай болохыг бодох үед нүдэнд минь нулимс цийлэгнэж билээ. Санваар гэр бүлийг маань үүрд мөнхөд нэгтгэж чадах хүч гэдгийг бодох үед зүрх минь талархлаар дүүрэв.

Би энэ бодлоо эхнэртэйгээ хуваалцаад, охиндоо адислал өгөх нь миний өгч чадах ганцхан зүйл юм гэж хэлэв. Бид хоёулаа энэ нь түүнд аз жаргал, амар амгаланг авчирна гэж үзсэн бөгөөд энэ нь ч хангалттай байлаа.

Охины төрсөн өдрөөр найзууд, хамаатан садан болон хөршүүд маань торт болон энгийн чимэглэлүүд авчирч өгөв. Бид энэ онцгой өдрийг хайртай хүмүүстэйгээ хамт тэмдэглэх боломжтой байсандаа талархаж байлаа. Би тэр орой охиныхоо толгой дээр гараа тавин, санваарын адислал өгөв. Их Эзэний Сүнс надад хэлэх үгийг маань хэлж өгч би түүнийг адисалсан юм.

Одоо ч гэсэн надад өөрчлөлт, ажилгүйдэл, санхүүтэй холбоотой бэрхшээл тулгардаг. Уйтгарлаж гуниглан, бухимдах үед ч Аврагч Есүс Христээр дамжин бидэнд амар амгалан, тайтгарал ирдэг. Санваарын хүчийг хүртэх эрхтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх нь адислал юм гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Энэ бол охиныхоо төрсөн өдрөөр өгч чадах цорын ганц зүйл байсан ба энэ нь ч хангалттай байв.