2020
Зулмагийн Сүм
2020 оны 4-р сар


Зулмагийн Сүм

Бурхан Зулмаг илүү ихийг мэдээсэй гэж хүссэн байх.

“Эрэлхийл, тэгвэл та нар олох болно” (3 Нифай 14:7).

Зураг
A Church for Zulma

Зулма сүмийн сандлуудын нэг дээр суугаад, сургуулийн дүрэмт хувцасныхаа банзлыг гараараа тэнийлгэв. Зурагтай цонхоор олон өнгийн гэрэл цацарч, заалны урд талд загалмай харагдана. Зулма сүмийн сургуульд явдаг тул өдөрт хоёр удаа мөргөл үйлдэхээр бусад сурагчтай хамт явдаг байлаа. Зулмад сүм нь таалагддаг байв. Тэр Есүст хайртай байсан ба Түүний талаар мэдэж авах дуртай байлаа.

Тахилчийг ярьж эхлэхэд тэр томоотой сууж байсан ч өнөөдөр нэг л өөр санагдаж байлаа. Гэнэт түүний оюун бодол, зүрх сэтгэлд Өөр олон үнэн бий гэх цоо шинэ бодол төрөх нь тэр.

Зулма хөмсгөө өргөв. Олон үнэн гэнэ ээ? Энэ чинь юу гэсэн үг вэ?

Тэр бодол дахин төрөв. Өөр олон үнэн.

Зулма нүдээ аниад, төрсөн мэдрэмждээ анхаарлаа хандууллаа. Тэр сүм дээрээ олон сайн сайхан зүйл мэдэж авсан байв. Гэвч ямар нэг зүйл орхигдоод байгаа юм биш байгаа гэсэн бодол төрлөө. Бурхан түүнээс илүү ихийг мэдээсэй гэж хүссэн байх. Гэвч тэр үүнийг хаанаас олох вэ?

Дараа нь тэр бодлынхоо талаар Албэрто ахтайгаа ярилаа.

“Өөр олон үнэн байгаа гэж чи бодож байна уу?” гэж Албэрто асуув.

Зулма толгойгоо дохилоо. “Би бусад сүмийн талаар олж мэдмээр байна” гэж тэр хэлэв.

“Бололгүй яах вэ.” Би чамтай явъя!” гэж Албэрто хариуллаа.

Зулма, Албэрто хоёр хэдэн жилийн турш өөр өөр сүмд очиж үзэв. Албэрто нэг сүмийн цуглаанд очсоныхоо дараа “Тэр сүм сайн юм заадаг юм билээ” гэлээ.

Зулма санал нэгдсэн боловч ямар нэг юм дутуу санагдсан хэвээр байсан тул тэд эрлээ үргэлжлүүлэхээр болов.

Нэг өдөр Албэрто гэрийнхээ шатаар харайн орж ирээд, “Би хайгаад байсан сүмээ оллоо!” гэлээ. Түүнийг Зулма тэврэн авав.

Тэрээр нүдээ бүлтийлгэн, “Хаана? Яаж?” гэж асуув.

“Манай найз Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хэдэн номлогчтой танилцсан. Би тэднийг сонсоод, заасан бүх зүйлд нь итгэж байна!” гэлээ.

Зулма, Албэрто хоёр маш их баярлаж, байшингаа тойрон бүжиглэв. Гэвч Зулма удалгүй муу мэдээ дууллаа. Ээж нь түүнийг номлогчидтой уулзуулахыг зөвшөөрсөнгүй. “Чи ердөө 12-той. Арай бага байна” гэж ээж нь хэлэв.

Албэрто арай том байсан тул түүнд номлогчидтой уулзахыг зөвшөөрлөө. Хэдэн долоо хоногийн дараа тэр баптисм хүртсэн юм.

Зулма номлогчдоос хичээл авахыг звөшөөрөөч гэж ээжээсээ дахин дахин гуйсаар байв. Эцэст нь ээж нь зөвшөөрөв.

Номлогчдыг Зулмад заахад тэр зүрх сэтгэлдээ халуун дулаан мэдрэмжийг мэдэрчээ. Номлогчдын нэг нь испаниар сайн ярьж чадахгүй байсан ч тэр нь тийм чухал байсангүй. Зулмад төрсөн мэдрэмж нь л чухал байв. Тэр Иосеф Смит болон Мормоны Номын талаар мэдэж авч, хайж байсан үнэнээ олж авснаа ойлгосон юм.

Зулма баптисм хүртэхийг хүсэв. Гэвч ээж нь юу гэх бол? Ээжийгээ зөвшөөрөхөд нь Зулма ямар их баярласан гээч! Баптисмынхаа өдрөөр Зулма цав цагаан хувцас өмслөө. Бурхан өөрт нь хайртай гэдгийг мөн өөрийг нь хэн болохыг мэддэгийг тэр мэдэж байлаа. Тэрээр бас Өөрийн Сэргээгдсэн Сүмийг олоход нь тусалсныг мэдэж байв. ●

Зулма бяцхан охин байхдаа. Баруун гар талд түүний өөрийн нөхөр Далын ахлагч Волтэр Гонзалэзтай авахуулсан зураг

Зураг чимэглэлийг Скотт Вэйкфийлд