2020
Алонсогийн мөнхийн гэр бүл
2020 оны 4-р сар


Алонсогийн мөнхийн гэр бүл

“Ариун сүм бол гэр бүлтэйгээ үүрд холбуулах ариун газар” (Хүүхдийн дууны ном, 99).

“Би ээж аавтайгаа дахин хамт байж чадах уу?”

Зураг
Alonsos Forever Family

“Христийн амилсны баяр бол Есүсийн тухай бодож, Түүний Амилалтыг дурсан санах сайхан мөч юм” гэж Рожа эгч хэлэв. Тэр Есүсийн зургийг барьжээ. “Түүний ачаар нас барсан хүмүүс дахин амьдрах боломжтой.”

Хүүхдийн хэсгийн багшаа ингэж хэлэхэд Алонсо дээшээ харав. Би эцэг эхтэйгээ дахин уулзана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Алонсо гайхан бодов.

Ээж нь хэдэн жилийн өмнө нас барсан байв. Алонсо ээжийгээ сайн санадаггүй ч зургуудыг нь харах дуртай байлаа. Дараа нь аав нь ч бас нас барав.

Одоо Алонсо өөрийн эмээ Абуэлатай амьдардаг. Эмээ нь түүнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийнхээ тухай зааж байгаа. Тэр дараа жил нас нь хүрэхэд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах гэж байгаа.

Рожа эгч цагаан барилгын зураг барьсан байв. “Есүсийн өгсөн өөр нэгэн гайхалтай бэлэг бол ариун сүм. Энэ бол Чили дэх ариун сүмүүдийн нэг юм.”

Алонсо барилгын орой дээрх алтан хөшөөг харав. Маш үзэсгэлэнтэй байв! Тэр дотор нь юу болдог юм бол гэж бодлоо.

“Ариун сүм бол гэр бүлүүд үүрд мөнх лацдан холбуулдаг газар юм. Бид сүмд нэгдсэнийхээ дараа Сантьяго дахь энэ ариун сүмд эцэг эхтэйгээ лацдан холбуулсан. Бид лацдан холбуулсан тул энэ амьдралын дараа ч гэсэн би тэдэнтэй хамт байж чадна” гэж Рожа хэлэв.

Алонсо энэ тухай сонсоод их баярлав. “Эцэг эх маань нас барсан ч гэсэн би тэдэнтэй лацдан холбуулж чадна гэсэн үг үү?” гэж түүнийг асуухад

Рожа эгч толгой дохиод, “Тэгэлгүй яах вэ! Энэ бол ариун сүм чухал болохын нэг шалтгаан юм. Ариун сүм нь гэр бүлийн маань бүх гишүүнийг, нас барсан хүмүүсийг хүртэл адисалдаг” гэлээ.

Алонсо өдөржин ариун сүмийн талаар бодов. Тэр Абуэлагаас илүү ихийг зааж өгөхийг хүслээ. Тэр хүмүүсийн ариун сүм дотор өмсдөг цагаан хувцас, ханан дээрх үзэсгэлэнт уран зургуудын талаар ярив.

“Хамгийн гайхалтай нь тэнд чи эцэг эхтэйгээ лацдан холбогдоно. Бид тойргийнхоо хоёр хүнээс тэднийг төлөөлөн лацдан холбох ёслолд оролцохыг хүсэж болно” гэж Абуэла хэллээ.

“Бүгдээрээ маргааш явж болох уу?” гэж асуугаад Алонсо “Би аав ээжтэйгээ мөнхөд хамт баймаар байна!” гэв.

Абуэла инээмсэглэлээ. “Чамайг явмаар байгаад би баяртай байна. Гэхдээ хамгийн ойр байрладаг ариун сүм Консепшнд байдаг. Бидэнд автобусны тасалбар авах хангалттай мөнгө алга” гэж тэр хэллээ.

“Би аяллын мөнгө хуримтлуулахад тусалья” гэж Алонсо хэлэв.

Тэр цагаас хойш Алонсо гудамжнаас зоос олох эсвэл бага сага мөнгөтэй болох тоолондоо аравны нэгээ төлөөд, үлдсэнийг нь ариун сүмийн сандаа нэмэрлэдэг боллоо.

Хэдэн сар хадгалсны эцэст Алонсо, Абуэла хоёр ариун сүм рүү аялах хангалттай мөнгөтэй болсон байв. Тэд Силва ах, эгч хоёрыг хамт явахад урилаа. Аяллын өдөр болоход тэд урт автобусанд суугаад, Консепшн хот руу явсан юм. Нар жаргах үед Алонсо холоос алтлаг зүйл байхыг олж харав.

Тэрээр “Би тэнгэр элч Моронайг харж байна!” гээд, ариун сүмийн цэнхэр дугариг орой дээрх хөшөөг заалаа.

Тэр үдшийг тэд ариун сүмийн хажуугийн байранд өнгөрүүлэв. Маргааш өглөө нь Алонсо анх удаа ариун сүмд орж үзжээ. Тэр ариун сүмийн дотор Есүсийн том зураг байхыг олж харав. Абуэла тэр хоёр цагаан хувцас өмсөв. Түүнд нэг л аз жаргалтай, амар тайван байлаа.

Лацдан холбуулах цаг болоход Алонсо ханаараа олон тольтой гоё сайхан өрөөнд оров. Ариун сүмийн ажилчид Алонсо, Абуэла болон Силва ах, эгч хоёрт тахилын ширээ гэх онцгой ширээний ард хэрхэн зөв өвдөглөн суухыг харууллаа. Ширээг зөөлөн даавуугаар бүтээсэн байв.

Силва ах, эгч хоёр тэнд Алонсогийн аав, ээж хоёрыг, харин Абуэла Алонсог төрөхөөс өмнө эндсэн эгчийг нь төлөөлөн ирсэн байлаа.

Алонсо нүдээ аниад, гэр бүлээ хамт байгаагаар төсөөлөв.

Би тэднийг дахин харахыг тэсэн ядан хүлээж байна гэж тэр бодлоо. Гэр бүлүүд мөнхөд хамтдаа байх боломжтой байгаад би баярладаг.

Зураг чимэглэлийг Марк Жарман