2020
Бэрглинд Гуднасон—Исланд, Арнессисла
2020 оны 4-р сар


Итгэлийн хөрөг

Бэрглинд Гуднасон

Исланд, Арнессисла

Зураг
sisters hugging

Бэрглинд (зүүн гар талд) эгч Элиний (баруун гар талд) хамт. Бэрглиндийн сэтгэл гутрал хүнд шатандаа орох үед тэр өөрийгөө цааш амьдарч чадахгүй нь гэж бодож байв. Тэрээр гэр бүл, найз нөхдөдөө зовлонгоо уудлан хэлээд, Тэнгэрлэг Эцэгийн өгсөн арга хэрэгслүүдээр дамжуулан сүнслэг байдал болон сэтгэл санааны хувьд эдгэрсэн юм.

Минди СЭЛҮ, зурагчин

Би 13 наснаасаа хойш сэтгэл гутралтайгаа тэмцэж байна. Нэг хэсэг маш хүнд байсан тул би амиа хорлох гэж оролдож үзсэн. Тэр үед надад ямар ч итгэл найдвар үлдээгүй мэт санагдаж байсан юм. “Би хэзээ ч аз жаргалтай болохгүй. Би юу ч хийж чадахгүй” гэж бодогдож байлаа.

Ямар ч итгэл найдвар үлдээгүй тул Сүмээс холдвол асуудлаасаа салах байх гэж ч бодох үе байв. Исландад хийх ёсгүй зүйлээ хийх маш амархан. Эндхийн Сүм маш жижигхэн. Өсөх насандаа Сүмийн ангид би ах дүү нартайгаа л байсан. Би ганцаардаж, хэсэг хугацаанд сүмдээ явах дургүй байв.

Исландад ихэнх хүн шашнаас хол байдаг. Хүмүүс бүр багаасаа архи ууж эхэлдэг. Би ч бас уух болж, амьдралдаа тэр үед идэвхгүй байсан. Би үүгээрээ бахархдаггүй ч энэ нь надад туршлага суулгаж, үүнээсээ суралцсан юм. Би ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийг судалсан бөгөөд түүний “Өнгөрснөөсөө суралцах ёстой боловч үүн дээр амьдрах ёсгүй. … Бид сурах хэрэгтэй юмаа сур[сан бол] … , итгэл үргэлж ирээдүй өөд чиглэдгийг санадаг билээ1 гэсэн нь надад таалагдсан.

Нэг өдөр үнэхээр хүнд хэцүү байх үед би патриархын адислалаа уншсан юм. Уншиж байхдаа би ирээдүй үнэхээр намайг хүлээж байгааг мэдэрсэн. Бурханд надад зориулсан төлөвлөгөө бий бөгөөд Тэр үнэхээр намайг хайрладаг. Сүмдээ явж, ариун ёслолоос хүртэж, судраас уншиж мөн залбирах нь амьдралд минь маш их гэрэл гэгээ, аз жаргалыг авчирсан. “Энэ бүхэн надад маш их тус болсныг” би удалгүй ухаарч билээ. Энэ үед л сайн мэдээг амьдралдаа үргэлж байлгахыг хүсэж байгаагаа би ойлгосон юм. Энэ бүхний дараа би сайн мэдээ миний амьдралыг аварсныг мэдэхийн зэрэгцээ амьдралдаа сэтгэл хангалуун байх болсон.

Сэтгэл гутралынхаа талаар гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцсан маань надад маш их тусалсан. Энэ нь нэмэлт тусламж авах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Би эм уухыг эсвэл эмчилгээнд орохыг хүсэхгүй байв. “Надад Бурхан байгаа” гэж би өөртөө хэлж байсан. Гэвч Бурхан сүнслэг зүйлсээс гадна эм, эмчилгээ гээд ашиглах өөр олон арга хэрэгслийг бидэнд өгдөг.

Би өдөр бүр судраас илүү их уншиж, залбиран, Бурханд илүү их ойртох тусам олон адислал авч мөн бусдад туслах нь миний зорилго болох талаар олон илчлэлт хүлээн авсан юм. Бидний ихэнх нь сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудтай тулгардаг ч үүнийгээ нуух гэж хичээдэг юм шиг надад санагддаг. Сэтгэл гутрал, үүнтэй холбоотой асуудал маань энэ талаар ярьж, бусадтай холбогдох нь дээр гэдгийг надад заасан юм. Найз маань саяхан сэтгэл гутралд орсноо надтай хуваалцсан. Тэр талаар ярилцаад, бид үнэхээр бие биеэ сайн ойлгосон юм.

Бид хүмүүсийн асуудлыг үргэлж олж хараад байдаггүй ч би хааяа гадуур алхаж, бусад хүнийг хараад, Бурхан бидний хүн нэг бүрийг үнэхээр мэддэг болохыг ухааран ойлгодог. Тэр бидэнд хайртай бөгөөд бидэнд яг юу тохиолдож байгааг сайн мэддэг. Харин бид бие биедээ тусалж чадна.

Би сэтгэл гутралтайгаа тэмцэж байхдаа “Надад яагаад ийм сорилт өгч байгаа юм бол?” гэхийн оронд “Би энэ сорилтоос юу сурч болох вэ?” гэж асууж сурсан. Би Ефер 12:27-д дуртай. Энэ шүлэгт хэрэв бид Есүс Христэд итгэх юм бол сул дорой зүйлс хүчирхэгждэг талаар өгүүлдэг. Энэ нь үргэлж намайг тайтгаруулдаг.

Бид бүгдээрээ энэ дэлхийд ирэх сонголтыг хийсэн. Бид зовлон зүдгүүр туулна гэдгээ мэдэж байсан. Үнэндээ энэ нь л амьдралыг гайхалтай сайхан болгодог шүү дээ. Яагаад гэвэл, сайн сайхан зүйлс ирнэ гэдгийг бид мэддэг. Хэрэв бид хэцүү үе тулгарах болгонд Аврагчийг дагавал мөнх амьдралыг болон биднийг хүлээж буй бүх адислалаас хүртэж чадна гэдгээ бид мэднэ.

Би сэтгэл гутралаараа дамжуулан хэрхэн өөрчлөгдсөнөө маш сайн анзаарсан. Аврагчийн Цагаатгал бодит зүйл бөгөөд миний зүрх сэтгэл өөрчлөгдөж, би илүү хүчтэй болсон. Би өмнөхөөсөө өөр хүн болсон юм шиг санагддаг. Хүмүүс ч үүнийг олж хараад, надад “Чи өөрчлөгджээ” гэж хэлдэг. Сургуулийн маань нэг охин бүр “Би чамайг өөрчлөгдсөнийг бас гэрэл гэгээ чинь харж байна” гэсэн шүү. Тэр Сүмийн гишүүн биш, бас бид үнэндээ өмнө нь ярилцаж ч үзээгүй байтал тэгж хэлсэн нь сонирхолтой санагдсан.

Миний сэтгэл гутрал гүнзгийрэх үед хүмүүс “Удахгүй бүх зүйл сайхан болно” гэдэг байв. Би сүүлдээ үүнийг сонсохоос ч дургүй хүрдэг байсан ба бас хачин сонсогдож байсан ч энэ нь үнэн юм.

Гэвч та сайжрахыг өөрөө хүсэх ёстой. Юу ч хийлгүйгээр сайжирна гэж бодож болохгүйг би ойлгосон. Та аз жаргалтай байхыг хүсэж, боломж, ирээдүй танд байгаад итгэх хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэгээс гадна олон хүн таныг хайрладгийг санах нь чухал. Тэд бүгд танд туслахад бэлэн.

Би ийм аз жаргалтай болж чадна гэж төсөөлж ч байгаагүй. Зарим үед хэцүү байдаг ч Тэнгэрлэг Эцэгийн надад өгсөн арга хэрэгслээр дамжуулан би үүнийг давж чаддаг болсон. Одоо би сэтгэл гутралд орж байгаагаа мэдрэхдээ өөртөө намайг хайрладаг, надтай ярилцах хүмүүс бий мөн бүх зүйл сайн сайхан болно гэж хэлдэг болсон.

Зураг
Berglind sitting down

Бэрглинд сэтгэл гутралд автсанаар асуудал тулгарах үед бие биедээ хэрхэн тусалж болох талаар илүү сайн мэддэг болсон. “Бурхан бидний хүн нэг бүрийг мэддэг. Тэр бидэнд хайртай бөгөөд бидэнд яг юу тохиолдож байгааг сайн мэддэг. Харин бид бие биедээ тусалж чадна.”

Зураг
Berglind smiling

Берглинд асуудлынхаа улмаас өөрт нь гарсан өөрчлөлтийг олж харсан. Тэр “Аврагчийн Цагаатгал бол бодит. Зүрх сэтгэл минь өөрчлөгдөж, би илүү хүчтэй болсон. Надад өмнөхөөсөө өөр хүн болсон юм шиг санагддаг болсон.

Зураг
Berglind reading scriptures

Би өдөр бүр судраас илүү их унших болсноор олон адислал авсан ба бусдад туслах нь миний зорилго болох талаар олон илчлэлт хүлээн авсан. Би Ефер 12:27-д дуртай. Энэ шүлэгт, хэрэв бид Есүс Христэд итгэвэл сул дорой зүйлс хүчирхэгждэг талаар өгүүлдэг. Энэ нь үргэлж намайг тайтгаруулдаг юм” гэж хэлсэн юм.

Эшлэл

  1. Jeffrey R. Holland, “‘Remember Lot’s Wife’: Faith Is for the Future” (Brigham Young University devotional, Jan. 13, 2009), speeches.byu.edu.