2020
Сүмийн бүтэн нэрийг хэрэглэхэд эвгүй байсан ч энэ нь ач холбогдолтой юм
2020 оны 4-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Сүмийн бүтэн нэрийг хэрэглэхэд эвгүй байсан ч энэ нь ач холбогдолтой юм.

Бошиглогчийн зааврыг дагах нь амархан юм шиг санагдсан ч төсөөлж байснаас илүү их хичээл зүтгэл шаардсан.

Ерөнхийлөгч Нэлсоны 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн Сүмийн зөв нэрийг хэрэглэх тухай захиас надад маш тодорхой байсан. “Энэ нь Их Эзэний тушаал…

… Их Эзэний Сүмээс Их Эзэний нэрийг авч хаях нь Сатаны томоохон ялалт юм” (“Сүмийн зөв нэр,” Лиахонa, 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87, 88).

Намайг ажил дээр минь “Мормон” эсвэл “Мормон сүмийн гишүүн” гэж дууддаг байсан хэдэн үйлчлүүлэгчтэйгээ болон эргэн тойрны хүмүүстэйгээ хэрхэн харилцахаа дахин бодож үзэх хэрэгтэйг би ухаарсан юм.

Сүмийн бүтэн нэрийг хэрэглэхээр өөртөө амлан, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх гишүүнчлэлээ батлах дараагийн боломжийг би хүлээж байв. Тэрхүү боломж бизнесийн шугамаар дахин ирсэн юм. “Мормончууд та нар их сайхан сэтгэлтэй хүмүүс” хэмээн нэгэн үйлчлүүлэгч болж болох хүн надад хэллээ. “За, баярлалаа” гэж би хариулаад, “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд нь бид бүгдээрээ ах, эгч, дүү нар гэдэгт итгэдэг” гэлээ. Дараа нь “мормончуудын” сайхан сэтгэлийн талаар хүн бүр түүнтэй ярьснаар яриа цааш өрнөв.

Хэдийгээр миний зүгээс Сүмийн бүтэн нэрийг хэлэх үүргээ биелүүлсэн ч ямар нэг дундуур мэдрэмж төрөөд байв. Манай найзууд болон хамт ажиллагчид одоо хүртэл намайг Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүн, Христийн дагалдагч гэж биш, “Мормон Сүмийн” нэг хэсэг хэмээн харсаар байсан.

Үүнд асуудал үүсгэх шаардлага надад байсан гэж үү?

Үүнээс хойш миний итгэл үнэмшлийн тухай хэд хэдэн ярилцлагын үеэр, өөрийн Сүмийн урт нэрийг бүтнээр нь нэг яриан дээр хэд хэдэн удаа давтаж хэлэх гэсэн ч эвгүй санагдсанаасаа болж хэлэхээс зайлсхийж байгаагаа би мэдсэн. Ярьсан хүн бүр маань надад хачин царай гаргаад байх шиг санагдаж байв. Яриа ихэвчлэн “мормончууд” гэдэг дээр төвлөрч байлаа.

Би харилцан яриаг арай илүү энгийн болгохыг хичээж байв. Яваа яваандаа энэ нь миний төсөөлж байснаас ч хэцүү, ялангуяа гомдоохыг хүсээгүй хүмүүстэйгээ харьцахад хүнд болж байв. Би итгэлийнхээ дагуу амьдарч байгаагаасаа ичиж эсвэл бардамнахыг хүсээгүй ч эрс тэс байхыг бас хүсээгүй. Энэ хүмүүсийн ихэнх нь намайг урьд нь “Мормон” гэж дуудаж, би ч мөн хүлээн зөвшөөрөөд байсан юм. Мөн Сүмийн олон гишүүн одоо болтол өөрсдийгөө мөн бусад сүмийн гишүүд цуглаанууд дээрээ болон бусад зүйл дээр “мормончууд” хэмээн дуудаж байсныг би сонсож байсан.

Би Сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэж байх нь тийм чухал зүйл гэж үү хэмээн өөрөө өөрөөсөө асууж байгаагаа олж мэдэв. “Мормон” хэмээн олонд танигдсан энэхүү нэр нь олон хүнд эерэг байдлаар танигдсан бөгөөд “Мормон” байх нь надад ч мөн хэрэг болж байв. Гэвч ерөнхийлөгч Нэлсоны үгийг эргэн харвал, энэ нь үнэхээр чухал бөгөөд ярианд ямар нэгэн эвгүй сэтгэгдэл төрүүлсэн ч чухал мэт санагдсан. Тиймээс би өөрөө өөртөө амлалт өгсөн юм.

Христийг гэрчлэх боломж

Дараа нь өөр итгэл бүхий найзтайгаа уулзах үед Сүмийн бүтэн нэрийг хэлэх боломж надад гарч ирэв. Нэгэн хүн над дээр инээмсэглэн ирээд, намайг Мормон мөн эсэхийг асуулаа. “Тийм ээ, би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” гэж би хэлсэн. “Мормоны Сүмийнхэн ийм ийм зүйлд итгэдэг үү? хэмээн тэрээр хэд хэдэн зүйл асуув.” Би түүнд тухай бүрд нь, “сэргээгдсэн Христийн Сүмд бид ийм ийм зүйлд итгэдэг…” хэмээн хариулж байв.

Энэхүү яриа маань асуулт, хариулт гэсээр дөрөв таван удаа үргэлжлэв. Тэрээр намайг “Мормон” гэдэг нэрийг хүлээн авахаас татгалзаж байгааг ажиглан, “та Мормон биш юм уу?” хэмээн асуув.

Би түүнээс Мормон гэж хэн гэдгийг мэдэх эсэхийг асуухад тэр мэдэхгүй гэсэн учир Мормон бол эртний Америкийн бошиглогч, түүхч, цэргийн генерал мөн улс төрч байсныг тайлбарлаж өгч билээ. Би Бурханы ажилд болон бусдад үнэнчээр үйлчилсэн ийм хүнтэй холбоотой байгаадаа бахархаж, үүнийг нэр төрийн хэрэг хэмээн боддог.

“Гэвч Мормон миний нүглийн төлөө амиа золиослоогүй юм” хэмээн би үргэлжлүүлэв. “Мормон бидний төлөө цусаа урсгаагүй ба Гетсеманийн цэцэрлэгт зовоогүй мөн цовдлогдож үхээгүй. Мормон бол миний Бурхан биш. Харин Есүс Христ бол миний Аврагч мөн Бурхан юм. Тэр бол миний Гэтэлгэгч. Би түүний нэрээр өөрийгөө эцсийн өдөр танигдуулахыг хүсэж байна, мөн өнөөдөр ч түүний нэрээр танигдахыг хүсэж байна” гэж би хэллээ.

Энэхүү бяцхан гэрчлэлээ шинэ танилдаа хуваалцаж байх үед маань Сүнс надад энэхүү зүйлүүдийг үнэн гэдгийг баталж байгааг би мэдэрсэн. Хэдэн хором чимээгүй байсны эцэст тэр надаас “Та Христэд итгэгч юм уу?” хэмээн асуув.

“Тийм ээ, би Христэд итгэгч,” би “Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүн” гэв.

Бошиглогчийн хэлсэн үгийг дагах нь надад энгийн зүйл мэт санагдаж байсан ч биднээс бодож байснаас минь илүү хичээл зүтгэл шаарддагийг мэдсэн. Би одоо ч биднээс хийхийг хүссэн тэдгээр зүйлийг хийхдээ төгс биш. Харин одоо би ямар ч үед Сүмийн бүтэн нэрийг ашиглахыг эрмэлздэг болсон.

Би бусдад Аврагчийнхаа талаар болон Есүс Христийн Сүмийн гишүүн хэмээн гэрчлэлээ хуваалцах бүрдээ мэдэрдэг сүнсний мэдрэмждээ талархдаг. Харин одоо би ямар ч үед “Мормон” мөн эсэхийг минь асуух болгонд торох юмгүйгээр Түүнийг болон Түүний сэргээгдсэн Сүмийг гэрчлэх гайхалтай арга замтай болсон.