2020
Ерөнхий чуулганаар дамжуулан тохинуулах нь
2020 оны 4-р сар


Тохинууллын зарчмууд

Ерөнхий чуулганаар дамжуулан тохинуулах нь

Амралтын өдрүүдэд явагддаг Ерөнхий чуулган нь чуулган болохын өмнө, дараа эсвэл дундуур урмын үг, гэр бүлийн уламжлал, Их Эзэний үйлчлэгчдийн сургаал зэргээр дамжуулан тохинуулах олон арга замыг бидэнд өгдөг.

Зураг
scenes from general conference

Номлолд бэлтгэх ангийн багш нар болох Сьюзи, Том Мьюллэн хоёр хэн нэгнийг Ерөнхий чуулган үзэхэд уриарай хэмээн байнга ангийн гишүүдээ урьдаг.

“Хэн нэгнийг ямар нэг зүйл хийхэд урих нь номлолын ажлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд энэ нь тохинуулалд ч мөн хамаатай. Суралцагчид маань энэ нь өөрт нь төдийгүй урьсан хүнд нь ямар байсан талаар байнга хариу тайлагнадаг” гэж тэр хэлсэн.

Суралцагчдынхаа хүмүүст хэрхэн хүрч чадсанаа тайлагнасан хэдэн арга замыг дурдъя. Үүнд:

  • “Бид асуудал тулгараад байгаа нэг найздаа тохинуулдаг. Бид түүнийг Ерөнхий чуулганыг сонсож, хариултаа олж авахад урьсан. Биднийг чуулганы дараа түүн дээр очиход өөрт нь тус болох олон санааг олж мэдсэнээ тэр бидэнд хэлсэн.”

  • “Бид Ерөнхий чуулганы үеэр нийллэг хийж, хүн бүр хуваалцах амттан авчирсан. Маш хөгжилтэй байсан тул бид дахин хийхээр шийдсэн.”

  • “Би нэг найзаа Ерөнхий чуулганыг хамт үзэхэд урьсан юм. Энэ талаар ярилцаж байхдаа бид машинаараа очоод, чуулганыг цуглааны байранд үзэж болох эсэхийг мэдэхээр шийдсэн. Би очсон бөгөөд тэнд байх нь хамгийн сайхан туршлага болсон юм!”

Мьюллэныхан болон тэдний суралцагчид Ерөнхий чуулганаар дамжуулан тохинуулах олон арга зам байдгийг мэдэж авчээ. Энэ нь урмын үгс, гэр бүлийн уламжлал, утга учир бүхий ярилцлага, Их Эзэний үйлчлэгчдийн сургаалыг хуваалцах гайхалтай сайхан арга зам юм!

Бусдыг гэртээ урих

“Аврагч Өөрийн дагалдагчдад ‘Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун’ (Иохан 13:34) хэмээн зарлигласан. Тиймээс Тэр биднийг хэрхэн хайрласныг бид хардаг. … Хэрэв бид Түүнийг өөрийн үлгэр дуурайл болговол хүн бүхнийг оролцуулан тусламжийн гараа сунгахыг хичээх ёстой.” —Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс1

Хэдэн жилийн өмнө манай гайхалтай гэрийн багш Майк намайг гурван хүүхэдтэйгээ хамт жижиг зөөврийн компьютероор Ерөнхий чуулган үзэх гэж байгааг анзаарсан байв. Тэр биднийг гэрт нь очиж, түүнтэй болон эхнэр Жэкитэй нь хамт Ерөнхий чуулган үзэхийг шууд урьсан ба тэдэнтэй хамт үзэх дуртай байгаагаа хэлсэн юм. Хүүхдүүд маань Ерөнхий чуулганыг жинхэнэ зурагтаар үзсэндээ баяртай байсан. Мөн би дэмжлэг туслалцаа авсандаа маш их баярлаж билээ. Бас хамтдаа цагийг өнгөрүүлэх нь бүгдэд таалагдсан.

Дараа нь Ерөнхий чуулганыг хамт үзэх нь уламжлал болж билээ. Бид өөрийн гэсэн зурагттай болсон ч Ерөнхий чуулганыг Майк, Жэки хоёртой хамт үзэхээр дэр, тэмдэглэлийн дэвтэр, амттан зэргээ аваад, тэднийх рүү баяртай явдаг болсон юм. Бошиглогчдын үгсийг хамтдаа сонсох нь үүнийг улам онцгой болгодог байв. Бид яг нэг гэр бүл шиг болж, Майк, Жэки хоёр миний сайн найзуудын нэг, харин хүүхдүүдийн маань хуурай өвөө, эмээ болсон юм. Тэдний хайр болон нөхөрлөл манай гэр бүлд гайхалтай адислал болсон. Гэр орон болон зүрх сэтгэлээ бидэнд нээж өгсөнд нь би маш их талархдаг.

Сьюзан Эрд, АНУ, Калифорни

Анхаарч үзэх зарчмууд

“Анзаарсан”

Аврагч дуртайяа цаг гарган, бусдын хэрэгцээг олж харж, эдгээр хэрэгцээг нь хангахын тулд үйлддэг байсан (Матай 9:35–36; Иохан 6:5; 19:26–27-г үзнэ үү). Бид үүнтэй адилаар үйлдэж чадна.

“Шууд урьсан”

Тохинуулдаг хүмүүсийнхээ хэрэгцээг олж харсны дараа хийх алхам бол үйлдэх явдал юм.“Бошиглогчдын үгсийг сонсох”

Бид хамтдаа сурч, өсөж хөгжин, бидний бодгальд хамгийн чухал гэсэн сүнслэг зүйлсийн талаар ярихын тулд “хамтдаа ойр ойрхон уулзах” (Моронай 6:5) ёстой.

“Ирээд, бошиглогчийн дуу хоолойг, Бурханы үгийг сонс”2 гэдэг нь тохинуулж буй хүмүүстээ өгч чадах хамгийн чухал урилга байж болох юм.

“Хайр ба нөхөрлөл”

Бид бусдад үнэхээр тусалж, нөлөөлөхийн тулд энэрэл ба “чин сэтгэлийн хайраар” (Сургаал ба Гэрээ 121:41-ийг үзнэ үү) харилцаа холбоо үүсгэх ёстой.

Зураг
looking at a tablet

Интернэтээр хуваалцах

“Олон нийтийн мэдээллийн сувгууд нь олон хүнд болон гэр бүлүүдэд эергээр аминчлан нөлөөлж болох дэлхий даяар тархсан зэмсэг юм. Бид Христийн шавь нарын хувьд Бурхан Мөнхийн Эцэг, Түүний хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөө, Түүний Хүү Есүс Христийг дэлхийн Аврагч гэдгийг гэрчилж; хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийн бодит байдлыг тунхаглаж; Их Эзэний ажлыг гүйцэтгэхэд эдгээр сүнслэгээр өдөөгдсөн тусламжийн зүйлсийг зөв зохистой, илүү үр дүнтэй ашиглах цаг болсон гэж би итгэдэг.” —Ахлагч Давид А.Бэднар3

Интернэт бидэнд сайн мэдээг дэлхий даяар хуваалцах боломжийг олгодог. Надад энэ нь таалагддаг! Би Ерөнхий чуулгантай холбоотой хэд хэдэн үйл ажиллагааны талаар хуваалцахаас гадна ихэнхдээ Ерөнхий чуулган дээр хэлсэн үгнүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд бусдад туслахыг хичээдэг. Бусдын тавьсан асуултуудыг харах нь аливаа зүйлийг өөр өнцгөөс харахад бидэнд тусалдаг бөгөөд өөрсдийн гэсэн гайхалтай ярилцлага өрнүүлэх асуулт олох эхлэлийг тавьж болох юм.

Хэрэв та тохинуулдаг гэр бүлтэйгээ асуулт ашиглан, Ерөнхий чуулганы үгээс ярилцах юм бол энэ нь танд тэдний хүчтэй тал болон хэрэгцээ шаардлагыг олж харахад тусална гэдгийг би олж мэдсэн. “Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы сэдэв юу байсан гэж та бодож байна вэ?” гэж би асуух дуртай.

Хариулт нь ихэвчлэн тэдний амьдралд юу болж байгааг мөн тэдэнд юу чухал болохыг ойлгоход тань тусална. Эдгээрийг илүү сайн ойлгох нь танд илүү сайн тохинуулагч ах, эгч болох боломжийг олгоно.

Камилл Гиллхам, АНУ, Колорадо

Анхаарч үзэх зарчмууд

“Сайн мэдээг хуваалцах”

Бид “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) болно хэмээн гэрээ байгуулсан.

“Ярилцлага өрнүүлэх”

Ерөнхий чуулганы захиасууд нь гайхалтай, уялдаа холбоотой, сүнсээр удирдагдсан ярилцлагыг өдөөж болно. Харин ийм ярилцлагууд нь та нарын харилцааг бэхжүүлж, гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэхэд тусалж, баяр баясгаланг авчирдаг! (Сургаал ба Гэрээ 50:22-ыг үзнэ үү).

“Асуултууд ашиглах”

“Сайн асуултууд нь бусдын сонирхол, асуудал, асуултыг ойлгоход танд тусалдаг. Тэдгээр нь зааж буй зүйлийг тань өргөжүүлж, Сүнсийг урьж мѳн сурахад нь хүмүүст тусалдаг.”4

Эшлэлүүд

  1. Dallin H. Oaks, “Love and the Law” (video), mormonandgay.ChurchofJesusChrist.org.

  2. “Come, Listen to a Prophet’s Voice,” Hymns, д. 21.

  3. David A. Bednar, “Flood the Earth through Social Media,” Liahona, Aug. 2015, 50.

  4. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж (2004), 185.