2016
Хэрхэн урагш тэмүүлэх вэ
нэгдүгээр 2016


Сүмийн удирдагчдаас ирсэн хариултууд

Хэрхэн урагш тэмүүлэх вэ

2013 оны 12-р сарын 6-нд Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгээс авав.

Зураг
Christ carrying a young boy on His back.

Чанга барь, Лиз Лэмон Свиндл

Урагш тэмүүлэх гэдэг нь зүгээр нэг урагш явахаас илүү гүн утга агуулгатай. Тэмүүл гэдэг нь ямар нэгэн зүйл таныг хөгжиж дэвшихэд саад болж, та түүнийг давж гарахыг хэлж байгаа юм. Та энэ амьдралд урагш тэмүүлэхийн тулд уруу таталтыг замаасаа зайлуулан, саад бэрхшээлүүдийг даван гарч, эргэлзээ, айдсаа хөл доороо дэвслэн, итгэл, найдвар, хайр зэрэг бурханлаг зан чанаруудыг хүлээн авах ёстой.

Та хэрхэн урагш тэмүүлэх вэ? Нифай “Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой” гэж хариулсан байдаг (2 Нифай 31:20).

Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх гэдэг нь Түүнд итгэлтэй байхыг хэлнэ. Энэ нь Түүнийг өөрийн бодол санаа, үйлдлийн төвд байлгахыг хэлнэ. Хэрэв Тэр таны дагаж байгаа хүн бол урагш тэмүүлэх нь таны хамгийн сонирхолтой адал явдал байх болно.

Урагш тэмүүлэх гэдэг нь дэлхийн “уруу таталт ба санаа зовнилыг” замаасаа зайлуулан, хичээнгүйлэн зарлигуудыг дагах гэсэн үг юм. “Хэрэв та нар намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” (Иохан 14:15) хэмээн Есүс хэлсэн байдаг.

Үүнээс гадна Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх юм бол найдварын төгс гэрэл, Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайр ирнэ гэж Нифай хэлсэн байдаг билээ. Найдвар нь бидний өмнө тод гэрэлтэж байдаг. Бид хүнд хэцүү үед ч гэсэн амар амгаланг олдог билээ. Шавь байх нь бидэнд энэ дэлхий дээрх жинхэнэ зорилгуудыг олж харах боломжийг олгодог. Тэдгээр зорилго нь гэр бүлдээ, мөн хайрладаг болон эргэн тойрныхоо хүмүүст туслах тал дээр төвлөрсөн байдаг. Тэдгээр нь Бурханы хаант улсыг байгуулах явдлыг багтаадаг бөгөөд бид үүнд гар бие оролцсоноор болох ёстой тэр хүн нь болж чаддаг.

Нифай бидэнд Христийн үгнээс зооглон урагш тэмүүл гэж хэлсэн билээ. Тэр бидэнд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар тэнгэр элчүүдийн хэлээр ярьж (мөн ойлгож) чадна гэж хэлсэн (2 Нифай 32:2–5-ыг үзнэ үү). Би энэ дуу хоолойг мэднэ. Энэ нь бидний үргэлж сонсоход бэлэн байх ёстой дуу хоолой юм.

Та зөв шударгаар урагш тэмүүлэх үед Есүс Христ “та нарыг удирдах” (С ба Г 78:18) бөгөөд та Түүний бодит байдал хийгээд таныг хайрлах хайрын талаар илүү баттай мэдэх болно. Та итгэлээр урагш тэмүүлэх үед Ариун Сүнс хийх ёстой бүх зүйлийг тань хэлж өгөн, үзүүлэх болно (2 Нифай 32:5-ыг үзнэ үү).