2016
Шөнийн буухиа галт тэрэгний тухай сургаалт зүйрлэл
нэгдүгээр 2016


Биднийг дахин уулзтал

Шөнийн буухиа галт тэрэгний тухай сургаалт зүйрлэл

“Three Parables—The Unwise Bee, the Owl Express, and Two Lamps,” үгээс, Лиахона, 2003 оны 2-р сар, 36–41.

Би халтартсан царайтай, тосонд будагдсан инженерийн хэлсэн үгийг сайтар тунгаан бодов.

Зураг
A train with a shining headlight moving through a snowy night.

Гэрэл зургийг lukas_zb/iStock/Thinkstock

Би коллежид байхдаа геологийн ангийнхны зайлшгүй авах ёстой дадлагын ажилд хамрагдсан оюутнуудын нэг байлаа. …

Бидэнд өгсөн нэгэн даалгавар ажлын талбай дээр биднийг олон өдөр саатахад хүргэсэн юм. … Судалгааны хугацаа дуусах дөхөж байсан яг тэр үед бид хүчтэй салхинд, дараа нь цасанд өртөв. Гэнэтийн бөгөөд цагаа олоогүй ч энэ нь биднийг толгодын орой дээр цасанд боогдохгүйн тулд илүү хурдан ажиллахад хүргэж билээ. Бид тэр шөнөдөө галт тэргэнд амжиж суун, гэртээ эргэн очихоор төлөвлөж байсан галт тэрэгний буудлаас нэлээн хэдэн километр зайтай уулын урт бөгөөд огцом уруудах амаар явж байх үед салхины хүч улам ширүүсэж эхлэв. Бид тэр шөнө нэлээн их ядарч байж галт тэрэгний буудал дээр ирэхэд салхи шуурсан хэвээр л байлаа. …

Бидний хүсэн хүлээж, итгэл найдвараа тавьж байсан тэр галт тэрэг нь том хотуудыг хооронд нь холбодог шөнийн буухиа галт тэрэг байв. …

Шөнө дунд нэлээн өнгөрсний дараа бөөн цас, салхи эргэлдүүлсээр галт тэрэг хүрч ирэх нь тэр. Хамт явсан оюутнууд маань галт тэргэнд хурдан гэгч сууж байхад би тэдний араас яаралгүйхэн алхалж явав. Яагаад гэвэл, туслах нь усаа дүүргэж байх хооронд мотороо шалган, зарим хэсгийг тосолж, заримыг нь чангалж, ерөнхийдөө галт тэргэндээ үзлэг хийн, уухилж аахилан завгүй гүйж яваа инженер миний анхаарлыг татсан байлаа. Хэдийгээр тэр хүн завгүй байсан ч би түүнтэй хэдэн үг солихоор дөхөж очив. Би түүнээс сүйрэл тээгч хүчин хаа сайгүй, хараа хяналтгүй тавигдсан, мөн салхи улин, бүх талаас аюул заналхийлсэн ийм хачин, ер бусын, ширүүхэн шөнө ямар санагдаж байгааг нь асуулаа. …

Түүний өгсөн хариулт надад хэзээ ч мартагдахааргүй том сургамж болсон юм. Тэрээр тасалдсан, хоорондоо авцалдаагүй өгүүлбэрээр хэлсэн ч гэсэн үнэндээ яг ийм зүйлийг надад хэлсэн юм: “Моторын урд талын гэрлийг хар даа. Энэ гэрлийг 90 гаруй метрийн тусгалтай гэдэг байхаа? Тэгэхлээр би тийм гэрэлтүүлэгтэйгээр 90 метр замыг л туулж гарахыг хичээнэ дээ. Тэр хэмжээний газар л надад харагдаж, тэр зайд л би замын далан нээлттэй, аюул байхгүй гэдгийг мэдэх боломжтой. … Моторын гэрэл үргэлж өмнө маань байна шүү дээ!”

Тэр галт тэрэгнийхээ суудал руу авирч гарах үед би зорчигчдын эхний галт тэрэг рүү хурдхан гэгч орж, гаднах шөнийн догшин салхи шуурч байх үед зөөлөн суудалдаа шигдэн орж, дулаахан, тухтай байгаадаа баярлаж суунгаа халтартсан царайтай, тосонд будагдсан инженерийн хэлсэн үгийг сайтар тунгаан бодов. Түүний хэлсэн үг агуу зүйлийг бүтээгч, эр зориг, шийдэмгий байдлыг өгөгч тэрхүү итгэлээр дүүрэн байлаа. …

Хэдэн жилийн дараа, ирээдүйд биднийг юу хүлээж байгааг, тэр ч бүү хэл хэдэн хоног, цагийн дараа юу болохыг бид мэдэхгүй байж болно. Гэхдээ хэдхэн бээр, магадгүй хэдхэн алхмын зайд зам маань чөлөөтэй, үүрэг маань тодорхой, чиг шугам маань гэрэлтүүлэгтэй байдаг. Бурханы сүнсээр гэрэлтүүлэгдсэн тэр богинохон зайд дараагийн алхмаа зоригтой хий!