2016
Бидний хүсээгүй нэгэн гайхамшиг
нэгдүгээр 2016


Эргэцүүлэл

Бидний хүсээгүй нэгэн гайхамшиг

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зарим үед биднийг хүсэж буй гайхамшгийнхаа төлөө өвдгөө хөндүүр болтол сөгдөн, залбирсны хариуд Бурхан бидэнд хэрэгтэй тэр нэгэн гайхамшгийг өгдөг.

Зураг
Close-up of the hands of a couple kneeling by a bed praying together.

Би хэдхэн сарын дараа коллежоо төгсөөд, анхны хүүхдээ төрүүлэхийг хүсэж байв. Нөхөр маань миний л адил, хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байлаа.

Жил дөрвөн сар, хэдэн арван бүтэлгүй жирэмсний тест, өндгөн эсийн таван сөрөг тест болон эм тариа хэрэглэн хоёр сар хэвтэж, зовж, хэдэн арван литр нулимс урсгасны дараа ч гэсэн бид хүүхэдгүй, байгалийн жамаар хүүхэдтэй болох найдвар тун бага үлдсэн байв. Сувилагчийг бидэн рүү утасдаж, үр шилжүүлэн суулгах мэргэжилтэнтэй уулзахыг санал болгоход бид татгалзсан юм. Энэ бүхнийг цааш үргэлжлүүлэх чадалгүй болсон учраас бидэнд амралт хэрэгтэй байлаа. Сувилагч утсаа тавихынхаа өмнө “Гайхамшиг тохиолдвол бидэн руу утасдаж мэдэгдээрэй” гэж хэлэв.

Гайхамшиг гэдэг нь мэдээж, гайхамшигтай зүйлийг л хэлнэ. Гайхамшгууд том ч, бага ч байдаг. Тэд санамсаргүй байдлаар төдийгүй үнэхээр их хэрэгтэй байгаа үед ч ирдэг. Зарим үед биднийг хүсэж буй гайхамшгийнхаа төлөө өвдгөө хөндүүр болтол сөгдөн, залбирсны хариуд Бурхан бидэнд хэрэгтэй тэр нэгэн гайхамшгийг өгдөг.

Бид хүүхэдтэй болохын төлөө удаан хугацааны турш залбирсан боловч залбирлыг маань тэнгэр сонсохгүй байгаа юм шиг санагддаг байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бид буруу зүйлийн төлөө залбирч байгаагаа олж мэдсэн юм. Бурхан бидэнд ямар адислал, хэзээ хэрэгтэй байгаа гэдгийг мэддэг. Тэрээр дүр зургийг томоор нь хардаг. Харин бид яг өмнөхөө л хардаг билээ. Тиймээс бид хандлагаа өөрчилсөн юм. Бид хүсэж буй зүйлийнхээ төлөө залбирахаа больж, “баярлалаа” гэж хэлэх болов.

Тэнгэрлэг Эцэг минь Та бидэнд нэг нэгнийг маань өгсөнд баярлалаа.

Халамжтай гэр бүл, найз нөхөдтэй байгаадаа баярлалаа.

Өөрийн гэсэн хүүхэдтэй болтлоо асарч, хайрлан халамжилж болох хүүхдүүд биднийг хүрээлж байгаад баярлалаа.

Бидний бие махбодын эрхтнүүд хэвийн ажиллагаатай эсэхийг олж тогтоосон эмч нартаа болон шинжлэх ухаанд баярлалаа.

Түүнчлэн (одоо хэлэхэд хамгийн хэцүү зүйл болох) энэ шалгуурыг өгсөн Тандаа баярлалаа.

Сэтгэл зүрхийг маань эмзэглүүлж байсан яг тэр зүйлдээ талархах нь хэцүү байсан ч Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай гэдгийг бид мэдсэн юм. Тэгэхлээр энэ сорилтын үед ч гэсэн адислалууд өгөгдсөөр байсан билээ. Хэрэв бид сорилтондоо бууж өгсөн бол хэзээ ч адислалаа олж харахгүй байх байсан. Үүний оронд бид талархалтай байхыг сонгож, талархаж чадсанаараа адислалууд маань илүү тодорхой болж эхэлсэн юм.

Бид бие биендээ илүү их найдан, бодол санаагаа улам бүр хуваалцаж, нэг нэгнээ бүр их хайрлах болсон билээ.

Бид Их Эзэнд илүү их найдаж, илүү их залбирдаг болов.

Бид Аврагчид улам бүр ойртон, Түүний оролцоог илүүтэй мэдэрч, Түүнийг илүү их хайрлах болсон юм.

Бидний төлөө залбирч байгаа гэр бүл, найз нөхдийнхөө хайр энэрлийг бид мэдрэх болсон.

Тэгээд биднийг эдгээр бүх адислалаа хүлээн зөвшөөрсний дараа хүмүүний мэдэрч болох хамгаас цэвэр ариун, сайхан амар амгалан бидэн дээр ирсэн билээ.

Бидний тэр даруй хүүхэдтэй болоогүй нь Бурхан бидний төлөө санаа тавьдаггүй гэсэн үг биш юм. Бид зөвхөн Түүний цаг хугацаанд итгэн, тэрхүү итгэлийг хадгалж авч үлдэхийн тулд Түүний амар амгаланг мэдрэх хэрэгтэй байв. Шархалсан сэтгэл зүрхээ эдгээн, урагш тэмүүлэх итгэл найдвар олж авахын тулд бидэнд Түүний амар амгалан хэрэгтэй байсан юм.

Амар амгалан нь бидний гуйж байсан зүйл биш ч гэлээ, бидэнд хэрэгтэй, юунаас ч илүү хэрэгтэй байсан тэрхүү гайхамшиг байлаа.