2016
Би Бурханы үгийг таньж мэдсэн
нэгдүгээр 2016


Би Бурханы үгийг таньж мэдсэн

Хозэ Эванилдо Матиас Фэрнандэс, Бразил улс, Сан Пауло хот

Зураг
Illustration of a man standing at a counter and reading a copy of the Book of Mormon..

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Хэдэн жилийн өмнө би Бразилийн Сан Пауло хотын онгоцны буудал дээр байхдаа номын дэлгүүрийн үзүүлэн дээр “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” нэртэй ном байхыг олж харсан юм. Ялзарч, хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй энэ дэлхий дээр Есүс Христийн бас нэгэн гэрээг хүлээн авах нь юу л бол гэж би эргэлзэн, амралтынхаа өдрүүдийг тэр номын талаар бодсоор өнгөрүүлэв.

Эцэст нь сониуч зандаа хөтлөгдөн, худалдаж авахаар номын дэлгүүр рүү эргэж очив. Харин дэлгүүрт ирсний дараа нөгөө ном маань олдсонгүй. Би дэлгүүрийн ажилтанд номыг дүрслэн хэлэхэд тийм номыг огт харж байгаагүй гэж хэлэв. Тэр байтугай үзүүлэн дээр тавьсан бүх номыг бүртгэлд оруулдаг ч номын талаар ямар ч тэмдэглэл гарч ирэхгүй байна гэж хэлсэн юм.

Нэлээн удаан хугацаа өнгөрсний дараа би эмийн санд байхдаа тавиур дээр нэг нээлттэй ном байхыг олж харав. Би уг номыг уншсанаар Бурханы хүчинд эргэлзэж, хэлгүй болсон Корихор гэгч нэртэй хүний тухай олж мэдсэн юм. Би уншсан үгсээ эргэцүүлэн бодсоноор тэдгээр нь Бурханаас өгөгдсөн болохыг ойлгов.

Яг энэ үед би тэнгэрлэг удирдамж эрэлхийлж байсан. Нэгэн өдөр би өвдөг сөгдөн, намайг Түүн рүү хөтлөх үнэн замыг зааж өгөхийг Бурханаас чин сэтгэлээсээ гуйн залбирч билээ. Хэд хоногийн дараа хүү маань өвдөж, би ч эмийн сан руу буцаж очлоо. Намайг гарах гэж байтал нэрийн тэмдэг зүүсэн гурван америк залуу орж ирэв. Чээжин дотор минь халуу дүүгэн, тэдэнтэй ярь гэсэн мэдрэмж надад төрлөө.

Тэд Бразилд Есүс Христийн сайн мэдээг номлохоор ирсэн гэдгээ надад хэлэв. Би тэднээс надад зааж болох уу гэж асууж, уулзахаар цаг товлов.

Би бошиглогч Иосеф Смитийн талаар анх сонсохдоо залбирлын маань хариу ирсэн болохыг мэдэж авсан юм. Дараа нь номлогчид надад нэгэн ном өгөв. Намайг алмайрахад хүргэсэн зүйл нь юу вэ гэвэл, тэр ном дэлгүүрийн үзүүлэн дээр байсантай яг адил Мормоны Ном байсан юм. Надад дахин халуун дулаан мэдрэмж төрж, би баярласандаа үг ч хэлж чадахгүй байлаа.

Номлогчид надад номын үүсэл гарлын талаар тайлбарлаад, үнэн эсэхийг Бурханд залбиран асуухыг хүссэн юм. Бурхан надад хоёр ч удаа энэ номын бурханлаг байдлыг харуулсан учраас энэ талаар би аль хэдийн ямар ч эргэлзээгүй мэдэж байв. Тэгсэн ч гэсэн би маш хянамгай судалсан. Би 3 Нифай 17-р бүлгийг уншиж байхдаа, энэ номонд Есүс Христийн үгс агуулагдаж байгаа тул бурханлаг түүх агуулагдсан болохыг мэдэж авсан.

Миний гэрчлэлийн үндэс суурь бол Мормоны Номонд Бурханы үг агуулагддаг гэсэн мэдлэг юм. Энэ ном намайг өөрчилсөн бөгөөд өөрчилсөөр байна.