Номлолын дуудлагууд
3-р бүлэг: 4-р хичээл—Есүс Христийн насан туршийн шавь болох


“3-р бүлэг: 4-р хичээл—Есүс Христийн насан туршийн шавь болох,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“3-р бүлэг: 4-р хичээл,” Миний сайн мэдээг номло

3-р бүлэг: 4-р хичээл

Есүс Христийн насан туршийн шавь болох

Зураг
Төөрсөн хурга, Дэл Парсон

Энэ хичээлийг заах нь

Баптисм бол итгэл найдвар өгдөг баярт ёслол юм. Бид баптисм хүртэхдээ Бурханыг дагаж, мөнх амьдралд хүргэх замд орох хүслээ харуулдаг. Бид мөн Есүс Христийн насан туршийн шавь болох амлалтдаа үнэнч байгаагаа харуулдаг.

Энэ хичээлийг бидний баптисм хүртэхдээ байгуулдаг гэрээний дагуу заахаар төлөвлөв. Хичээлд дараах үндсэн хэсгүүд багтсан бөгөөд тус бүр дэд хэсгүүдтэй. Үүнд:

Таны заах зарчим, зарлигууд нь баптисм хүртэх үед байгуулах гэрээний нэгэн хэсэг гэдгийг ойлгоход нь хүмүүст тусал. Энэ хичээлийн хэсэг бүр хэрхэн “Христэд ирж… мөн түүний авралаас хүртэхэд” тэдэнд туслахыг харуул (Омнай 1:26; мөн 1 Нифай 15:14-ийг үзнэ үү).

Та энэ хичээлийг хэд хэдэн удаа очиж заах хэрэгтэй. Ихэнх хичээл 30 минутаас хэтрэх ёсгүй. Ихэвчлэн олон удаа очиж, материалаа бага багаар заах нь дээр байдаг.

Юу заах, хэзээ заах, хэр их цаг зарцуулахаа төлөвлө. Зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг авч үзэн, Сүнсний удирдамжийг эрэлхийл. Та баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хүмүүсийг бэлдэхэд юу илүү тустайг харгалзан үзэж, заахдаа уян хатан байж болно.

Энэ хичээлийн зарим хэсэгт тусгай урилга багтсан. Урилгуудыг хэрхэн, хэзээ өгөхийг шийдэхдээ сүнслэг удирдамж ав. Хүн бүрийн ойлголтын түвшнийг анхааралдаа ав. Сайн мэдээг алхам алхмаар дагаж амьдрахад нь түүнд тусал.

Зураг
Ариун ёслолоос хүртэж буй эмэгтэй

Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй байх бидний гэрээ

Бид баптисм хүртэхдээ Есүс Христийг “бүх зүрх сэтгэлээрээ” дагах гэрээ байгуулдаг. Бид мөн “Христийн нэрийг өөрсдийн дээр авахад бэлэн байгаагаа гэрчлэн” гэрээ байгуулдаг (2 Нифай 31:13; мөн Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү).

Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь бид Түүнийг санаж, насан туршдаа Түүний шавийн хувиар амьдрахыг хичээдэг гэсэн үг юм. Бид Түүний гэрлийг өөрсдөөрөө дамжуулан бусдыг гэрэлтүүлдэг. Бид өөрсдийгөө Түүнийх гэж үзэж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавьдаг.

Дараах хэсгүүдэд бидний Есүс Христийг санаж, дагадаг хоёр арга замыг дүрслэв.

Ойр ойрхон залбир

Залбирал нь Тэнгэрлэг Эцэгтэй зүрх сэтгэлийнхээ угаас өрнүүлдэг энгийн яриа байж болно. Залбирахдаа бид Түүнтэй илэн далангүй, нууж хаалгүй ярьдаг. Бид Түүнийг хайрлаж, адислалдаа талархаж байгаагаа илэрхийлдэг. Мөн бид тусламж, хамгаалалт, зааварчилгаа хүсэн залбирдаг. Залбирлаа дуусгахдаа бид түр азнаж, сонсох цаг гаргах хэрэгтэй.

Есүс “Тиймийн тул та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой” хэмээн заасан (3 Нифай 18:19, тодотгол нэмэгдсэн; мөн Мосе 5:8-ыг үзнэ үү). Бид Есүс Христийн нэрээр залбирахдаа, Түүнийг болон Тэнгэрлэг Эцэгийг хоёуланг санадаг.

Есүс залбирахдаа дагах үлгэр жишээг үзүүлсэн. Бид Аврагчийн залбирлыг судалснаар залбирлын талаар олон зүйл мэдэж авах боломжтой (Матай 6:9–13; Иохан 17-г үзнэ үү).

Бидний залбирал дараах хэсгүүдээс бүрдэж болно. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэгт хандсанаар залбирлаа эхэлнэ.

  • Хүлээн авсан адислалдаа талархах зэргээр чин сэтгэлээ илэрхийлнэ.

  • Асууж, удирдамж эрэлхийлж, адислал гуйна.

  • “Есүс Христийн нэрээр, амен” гэж залбирлаа дуусгана.

Сударт өглөө, оройдоо залбирахыг зөвлөдөг. Гэхдээ бид ямар ч үед, ямар ч орчинд залбирч болно. Хувийн болон гэр бүлийн залбирлын хувьд бид өвдөг сөгдөн залбирах нь утга учиртай байж болох юм. Бид зүрх сэтгэлдээ үргэлж залбирч байвал зохино. (Aлма 34:27; 37:36–37; 3 Нифай 17:13; 19:16-г үзнэ үү.)

Бид дотроо сайтар бодож, чин сэтгэлээсээ залбирах ёстой. Залбирахдаа нэг ижил зүйлийг, яг адил арга замаар хэлэхээс зайлсхийвэл зохино.

Бид итгэлтэйгээр, чин сэтгэлээсээ, хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэх чин хүсэлтэй залбирдаг. Ийн залбирвал Бурхан биднийг удирдан залж, зөв шийдвэр гаргахад тусална. Бид мөн Түүнд илүү ойр байгаагаа мэдрэх болно. Тэр бидэнд ойлголт, үнэнийг өгнө. Тэр биднийг тайтгарал, амар амгалан, хүч чадлаар адислах болно.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Судраас судлах

“Христийн үгэн дээр найрла; … Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3; 31:20).

Судраас судлах нь Есүс Христийг санаж, дагах нэн чухал арга зам юм. Судраас бид Түүний амьдрал, тохинуулал, сургаалын талаар суралцдаг. Бид мөн Түүний өгсөн амлалтуудын талаар мэдэж авдаг. Бид судруудыг уншиж байхдаа Түүний хайрыг мэдэрдэг. Бидний бодгаль тэлж, Түүнд итгэх итгэл маань нэмэгдэж, оюун ухаан маань гэгээрдэг. Түүний бурханлаг үйл хэргийн талаарх бидний гэрчлэл улам бүр хүчирхэгждэг.

Бид Есүсийн үгийг амьдралдаа хэрэгжүүлснээр Түүнийг санаж, дагадаг. Бид судруудаас, ялангуяа Мормоны Номоос өдөр бүр судлах ёстой.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн судрууд бол Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд юм. Тэдгээрийг мөн “жишиг бүтээлүүд” гэж нэрлэдэг.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Есүс Христ цугларсан олонд заав

Бурханы зарлигуудыг дагах бидний гэрээ

Анхаарах: Энэ хичээл дэх зарлигуудыг олон арга замаар зааж болно. Жишээлбэл: Та хэд хэдэн удаа очиж зааж болох юм. Эсвэл та заримыг нь эхний гурван хичээлийн хэсэг болгон зааж болно. Зарлигуудыг заахдаа тэдгээрийг баптисмын гэрээ болон авралын төлөвлөгөөтэй холбохоо бүү март.

Бид баптисм хүртэхдээ “түүний зарлигуудыг дагана” хэмээн Бурхантай гэрээ байгуулдаг (Мозая 18:10; Алма 7:15).

Бурхан биднийг хайрладаг учраас зарлигуудыг өгсөн. Тэр бидэнд одоо төдийгүй үүрд мөнхөд хамгийн сайн сайхныг хүсдэг. Бидний Тэнгэрлэг Эцэгийн хувиар Тэрээр сүнслэг байдал болон бие махбодын хувьд сайн байхын тулд бидэнд юу хэрэгтэйг мэддэг. Тэр бас бидэнд юу хамгийн их аз жаргал авчрахыг мэддэг. Зарлиг бүр нь бидний гаргах шийдвэрийг удирдан чиглүүлж, биднийг хамгаалж, өсөж дэвжихэд маань тусалдаг бурханлаг бэлэг.

Бидний дэлхий дээр ирсэн нэг шалтгаан бол сонгох эрхээ ухаалгаар ашиглах замаар суралцаж, өсөх хөгжих явдал юм (Абрахам 3:25-ыг үзнэ үү). Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж, алдаа гаргасан үедээ наманчлахыг сонгох нь бидэнд энэхүү хүнд хэцүү мөнх бус амьдралын аян замыг туулахад тусалдаг.

Бурханы зарлигууд нь хүч чадал, адислалын эх сурвалж юм (Сургаал ба Гэрээ 82:8–9-ийг үзнэ үү). Зарлигуудыг дагаснаар бид тэдгээр нь бидний эрх чөлөөг хязгаарладаг дарамттай дүрэм журам биш гэдгийг мэдэж авдаг. Жинхэнэ эрх чөлөө зарлигуудыг дуулгавартай дагаснаар ирдэг. Дуулгавартай байдал бол Ариун Сүнсээр дамжуулан бидэнд гэрэл гэгээ, мэдлэг авчирдаг хүч чадлын эх үүсвэр юм. Энэ нь бидэнд илүү их аз жаргалыг авчирч, Бурханы хүүхдүүдийн хувьд бурханлаг чадавхдаа хүрэхэд тусалдаг.

Бид Бурханы зарлигуудыг сахивал Тэрээр биднийг адисална хэмээн амладаг. Зарим адислал нь тодорхой зарлигуудтай холбоотой. Түүний эцсийн адислалууд бол энэ амьдралд амар амгаланг, ирэх дэлхийд мөнх амьдралыг өгөх явдал юм. (Мозая 2:41; Алма 7:16; Сургаал ба Гэрээ 14:7; 59:23; 93:28; 130:20–21-ийг үзнэ үү.)

Бурханы адислалууд нь сүнслэг болон материаллаг гэж байдаг. Заримдаа бид тэдгээрийг Түүний таалал, цаг хугацаанд ирнэ гэдэгт итгэж, тэвчээртэй хүлээх хэрэгтэй (Мозая 7:33; Сургаал ба Гэрээ 88:68-ыг үзнэ үү). Зарим адислалыг ялган танихын тулд бид сүнслэг байдлын хувьд соргог, анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа эдгээр нь энгийн бөгөөд байдаг л зүйл мэт харагддаг адислал байх нь олонтоо.

Зарим нь зөвхөн эргэж харахад л адислал байж гэдэг нь харагддаг. Зарим нь энэ амьдралд ирэхгүй ч байж магад. Бурханы адислалуудын цаг хугацаа, мөн чанараас үл хамааран тэдгээр нь Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахыг хичээх үед ирнэ гэдэгт бид итгэлтэй байж болно (Сургаал ба Гэрээ 82:10-ыг үзнэ үү).

Бурхан Өөрийн бүх хүүхдийг төгс хайрладаг. Тэр бидний сул дорой байдалд тэвчээртэй хандаж, наманчлах үед өршөөдөг.

Хоёр агуу зарлиг

Есүсээс “Аль тушаал нь агуу вэ?” гэж асуухад, Тэрээр: “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.

Удаах нь Чи хөршөө өөрийн адил хайрла гэсэнтэй адил юм” (Матай 22:36–39). “Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй” (Марк 12:31) хэмээн хариулсан байдаг.

Бурханы сүнсэн хүүхдүүдийн хувьд бидний хайрлах чадавх агуу. Энэ бол бидний сүнслэг өвийн нэг хэсэг. Эхлээд Бурханыг хайрла, дараа нь хөршөө хайрла гэсэн хоёр агуу зарлигийн дагуу амьдрах нь Есүс Христийн шавь нарыг тодорхойлох шинж юм.

Бурханы хайр

Бурханыг хайрладгаа харуулах олон арга зам бий. Бид Түүний зарлигуудыг дагаж чадна (Иохан 14:15, 21-ийг үзнэ үү). Бид өөрсдийн хүслийг Түүний таалалд нийцүүлснээр Түүнийг амьдралдаа нэгд тавьж чадна. Бид хүсэл, бодол, зүрх сэтгэлээ Түүнд төвлөрүүлж чадна (Алма 37:6-г үзнэ үү). Бид мөн Түүний бидэнд өгсөн адислалд талархан амьдарч, тэдгээр адислалыг харамгүйгээр хуваалцаж чадна (Мозая 2:21–24; 4:16–21-ийг үзнэ үү). Залбирч, бусдад үйлчлэх замаар бид Түүнийг хайрлах хайраа илэрхийлж, улам гүнзгийрүүлж чадна.

Бусад зарлигийн адил Бурханыг хайрлах зарлиг нь бидний тусын тулд юм. Бидний хайрладаг зүйл бидний эрэлхийлдэг зүйлийг тодорхойлдог. Бидний эрэлхийлдэг зүйл бидний бодож, үйлддэг юмсыг тодорхойлдог. Бид юу бодож, юу үйлдэнэ, тэр нь бидний хэн бэ гэдгийг мөн хэн болж болохыг тодорхойлдог.

Бусдыг хайрлах

Бусдыг хайрлах нь Бурханыг гэх бидний хайрын үргэлжлэл юм. Аврагч бидэнд бусдыг хайрлах олон арга замыг заасан (Жишээлбэл: Лук 10:25–37 болон Матай 25:31–46-г үзнэ үү). Бид тэдэнд гараа сунган, зүрх сэтгэлдээ болон амьдралдаа тэднийг хүлээн авдаг. Бид өчүүхэн багаар ч гэсэн өөрсдийгөө тэдэнд өгч үйлчлэх замаар хайрладаг. Бид Бурханы бидэнд өгсөн бэлгүүдийг бусдыг адислахын тулд ашиглах замаар хайрладаг.

Бусдыг хайрлах гэдэгт тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, үнэнч шударга байх багтдаг. Үүнд өгөөмрөөр уучлах орно. Энэ нь бүх хүнтэй хүндэтгэлтэй харьцах гэсэн үг юм.

Бид хэн нэгнийг хайрлах үед бид ч тэр хүн ч адислагддаг. Бидний зүрх сэтгэл тэнийж, амьдрал маань илүү утга учиртай болж, бидний баяр баясгалан өсөн нэмэгддэг.

Адислал

Бурханыг хайрла, хөршөө хайрла гэсэн хоёр агуу зарлиг бол Бурханы бүх зарлигийн үндэс суурь юм (Матай 22:40-ийг үзнэ үү). Бид эхлээд Бурханыг хайрлаж, дараа нь бусдыг хайрлавал бидний амьдрал дахь бүх зүйл өөр өөрийн зохих байрандаа орох болно. Энэхүү хайр нь бидний харах өнцөг, цагийн хэрэглээ, эрэлхийлж буй сонирхол, нэн тэргүүнд тавьж буй зүйлд нөлөөлдөг.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Бошиглогчийг дага

Бурхан бошиглогчдыг дэлхий дээрх Өөрийн төлөөлөгчөөр дууддаг. Тэрээр бошиглогчдоороо дамжуулан үнэнийг илчилж; удирдамж, сэрэмжлүүлэг өгдөг.

Бурхан Иосеф Смитийг хожмын өдрүүд дэх анхны бошиглогч болгон дуудсан (1-р хичээлийг үзнэ үү). Иосеф Смитийн залгамжлагчид ч мөн адил, тэр дундаа өнөөгийн Сүмийг удирдаж буй бошиглогч Бурханы Сүмийг удирдан, чиглүүлэхээр дуудагдсан. Бид амьд бошиглогчийн бурханлаг дуудлагад итгэж, түүний сургаалыг дагах ёстой.

Амьд бошиглогч, төлөөлөгчдийн сургаал нь үнэт зүйлс өөрчлөгдөж буй энэ дэлхий дээрх мөнхийн үнэний зангуу болдог. Бурханы бошиглогчдыг дагаснаар дэлхийн төөрөгдөл, зөрчилдөөн биднийг дарж дийлэхгүй. Бид энэ амьдралаас илүү их аз жаргалыг олж, мөнхийн аян замынхаа энэ хэсэгт удирдамж заавар хүлээн авах болно.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Арван зарлигийг сахь

Бурхан Өөрийн хүмүүсийг удирдан чиглүүлэхийн тулд Мосе хэмээх эртний бошиглогчид Арван зарлигийг илчилжээ. Эдгээр зарлиг нь бидний цаг үед ч мөн адил хамаатай. Тэдгээр нь бидэнд Бурханыг шүтэн биширч, хүндэтгэхийг заадаг. Тэдгээр нь мөн бие биедээ хэрхэн хандахыг бидэнд заадаг.

  • “Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй” (Гэтлэл 20:3). Өөр “бурхад” гэдэгт эд хөрөнгө, эрх мэдэл, нэр алдар багтаж болно.

  • “Өөртөө зориулан … ямар нэг дүрсийг бүү хий” (Гэтлэл 20:4).

  • “Чи Бурхан Эзэнийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд” (Гэтлэл 20:7).

  • “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэтлэл 20:8).

  • “Эцэг эхээ хүндэл” (Гэтлэл 20:12).

  • “Чи хүн бүү ал” (Гэтлэл 20:13).

  • “Чи бүү завхайр” (Гэтлэл 20:14).

  • “Чи бүү хулгайл” (Гэтлэл 20:15).

  • “Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил” (Гэтлэл 20:16).

  • “Чи бүү шунахайр” (Гэтлэл 20:17).

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

  •  

  • Сайн мэдээний сэдвүүд: “Арван зарлиг

Зураг
Эмэгтэй хүнийг үүрч яваа эрэгтэй

Ариун явдлын хуулиар амьдар

Ариун явдлын хууль бол бидний аврал, өргөмжлөлийн төлөө өгсөн Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсэг юм. Эхнэр, нөхрийн хоорондох бэлгийн харьцаа нь хүүхэд бүтээхийн тулд мөн гэрлэлтийн харилцаан дахь хайрын илрэл болгон Бурханаас томилогджээ. Энэхүү янаг дотно харилцаа болон хүмүүнийг бүтээх хүч гайхалтай сайхан, нандин байх учиртай.

Бурханы ариун явдлын хуулиар нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондох хууль ёсны гэрлэлтийн холбооноос гадуур аливаа бэлгийн харьцаанд орохыг хориглодог. Энэ хууль нь гэрлэснийхээ дараа ханьдаа бүхий л талаар үнэнч байж, итгэл найдварыг нь алдахгүй гэсэн үг юм.

Ариун явдлын хуулийг сахихад туслахын тулд бошиглогчид бидэнд бодол санаа, үг хэлээ цэвэр байлгахыг сануулсан. Бид порнографын аливаа хэлбэрээс зайлсхийх ёстой. Ариун явдлын хуулийн дагуу бид биеэ авч явах байдал болон гадаад төрхөө даруухан байлгах ёстой.

Баптисм хүртэх гэж байгаа хүмүүс ариун явдлын хуулийн дагуу амьдрах ёстой.

Наманчлал ба өршөөл уучлал

Бурханы мэлмийн өмнө ариун явдлын хуулийг зөрчих нь маш ноцтой хэрэг юм (Египетээс гарсан нь 20:14; Ефес 5:3-ыг үзнэ үү). Энэ нь амь амьдралыг бүтээх зорилгоор Түүний өгсөн ариун хүчийг буруугаар ашиглаж буй хэрэг юм. Гэхдээ бид энэ хуулийг зөрчсөн ч Тэр биднийг хайрлахаа болихгүй. Тэр биднийг наманчилж, Есүс Христийн цагаатгагч золиослолоор дамжуулан цэвэршихэд урьдаг. Нүглийн цөхрөлийг Бурханы өршөөлийн амар амгалангаар сольж болно (Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг үзнэ үү).

Адислал

Бурхан биднийг болон дэлхий рүү илгээдэг сүнсний хүүхдүүдээ адислахын тулд ариун явдлын хуулийг өгсөн. Энэхүү хуулийг дагаж мөрдөх нь хувь хүнд амар амгаланг мэдрэхэд, гэр бүлийн харилцаанд хайр, итгэлцэл, эв нэгдлийг бий болгоход зайлшгүй шаардлагатай.

Бид ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орохоос үүдэлтэй сүнслэг хор хөнөөлөөс хамгаалагдах болно. Бид мөн ийм харилцааг ихэвчлэн дагалддаг сэтгэл санааны болон бие махбодын асуудлаас зайлсхийнэ. Бурханы өмнө бидний итгэлтэй байдал өсөн нэмэгдэнэ (Сургаал ба Гэрээ 121:45-ыг үзнэ үү). Бид Ариун Сүнсний нөлөөнд илүү нээлттэй байна. Бид бидний гэр бүлийг үүрд мөнхөд нэгтгэдэг ариун гэрээнүүдийг ариун сүмд байгуулахад илүү сайн бэлтгэгдсэн байх болно.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Аравны нэгийн хуулийг сахь

Сүмийн гишүүнчлэлийн давуу эрх бол аравны нэгийн өргөлөө өгөх боломж юм. Бид аравны нэгээ өгснөөр Бурханы ажлыг урагшлуулж, хүүхдүүдийг нь адислахад тусалдаг.

Аравны нэгийн хууль нь Хуучин Гэрээний цаг үеэс гаралтай. Жишээлбэл: Хуучин Гэрээний бошиглогч Абрахам өөрийнхөө эзэмшдэг байсан бүхнээс аравны нэгээ төлдөг байжээ (Алма 13:15; Эхлэл 14:18–20-ийг үзнэ үү).

Аравны нэг гэдэг нь “арван хувь” гэсэн утгатай. Аравны нэг бол орлогынхоо арван хувийг Бурханы Сүмд өргөл болгон өгөх явдал юм (Сургаал ба Гэрээ 119:3–4-ийг үзнэ үү; ашиг гэдгийг орлого гэж ойлгож болно). Бидэнд байгаа бүх зүйл бол Бурханы бэлэг юм. Аравны нэгээ өгснөөр бид Түүний бидэнд өгсөн зүйлийн тодорхой хэсгийг буцааж өгөх замаар Түүнд талархлаа илэрхийлдэг.

Аравны нэгээ өгөх нь бидний итгэлийн илэрхийлэл юм. Энэ нь мөн Бурханыг хүндлэх арга зам. Есүс бидэнд “эхлээд Бурханы хаант улсыг эрэлхийлэх ёстой” (Матай 6:33) хэмээн заасан бөгөөд аравны нэгийн өргөл бол үүнийг хийх нэг арга зам юм.

Зураг
Бэлэвсэн эмэгтэйн зоос, Сандра Раст

Аравны нэгийн санг ашиглах

Аравны нэгийн сан нь ариун нандин юм. Бид аравны нэгээ бишопын зөвлөлийн гишүүнд өгдөг бөгөөд олон бүсэд онлайнаар төлөх боломжтой. Бишопын зөвлөлийн гишүүд аравны нэгийг хүлээн авч, Сүмийн удирдах төв рүү шилжүүлдэг.

Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Тэргүүлэгч бишопын зөвлөлөөс бүрдсэн зөвлөл нь аравны нэгийн санг Бурханы ажилд хэрхэн ашиглахыг шийддэг (Сургаал ба Гэрээ 120:1-ийг үзнэ үү). Уг сан дараах зүйлст ашиглагддаг. Үүнд:

  • Ариун сүм болон цуглааны байр барих, засвар үйлчилгээ хийх;

  • Судруудыг орчуулах, хэвлэх;

  • Орон нутгийн Сүмийн цуглаануудын үйл ажиллагааг дэмжих;

  • Дэлхий даяарх номлогчийн ажлыг дэмжих;

  • Гэр бүлийн түүхийн ажлыг дэмжих;

  • Сургуулиуд болон боловсролыг санхүүжүүлэх.

Аравны нэгийг орон нутгийн Сүмийн удирдагчдад цалин хөлс өгөхөд ашигладаггүй. Тэд ямар ч төлбөргүйгээр сайн дураараа үйлчилдэг.

Адислал

Биднийг аравны нэгээ өгөх үед Бурхан бидний өгч байгаатай харьцуулшгүй их адислалыг амладаг. Тэр “үүнийг хүлээн авах хангалттай зай байхгүй болтол … тэнгэрийн цонхыг нээж, … ивээлийг хальтал асгах болно” (Малахи 3:10; 7–12-р шүлгийг үзнэ үү). Эдгээр адислал нь сүнслэг, материаллаг гээд аль аль нь байж болно.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Мэргэн ухааны үгийг дуулгавартай дага

Их Эзэний өгсөн эрүүл мэндийн хууль

Бидний бие махбод Бурханы өгсөн ариун нандин бэлэг юм. Түүнтэй илүү адилхан болохын тулд бидний хүн нэг бүр бие махбодтой байх хэрэгтэй. Бидний бие махбод маш чухал тул сударт үүнийг ариун сүмтэй зүйрлэдэг (1 Коринт 6:19–20-ийг үзнэ үү).

Их Эзэн биднийг бие махбоддоо хүндэтгэлтэй хандаасай хэмээн хүсдэг. Ийн үйлдэхэд бидэнд туслахын тулд Тэрээр “Мэргэн ухааны үг” хэмээх эрүүл мэндийн хуулийг илчилжээ. Энэхүү илчлэлт нь эрүүл хоол хүнс идэж, бие махбодод хор хөнөөл учруулах бодис, тухайлбал архи, тамхи, халуун ундаа (цай, кофе гэх мэт) хэрэглэхгүй байхыг заадаг.

Мэргэн ухааны үгийн хүрээнд орчин үеийн бошиглогчид хортой, хууль бус бөгөөд донтуулдаг бусад бодисыг хэрэглэхгүй байхад сэрэмжлүүлсэн. Бошиглогчид мөн жороор олгодог эмийг урвуулан ашиглахгүй байхад сэрэмжлүүлсэн. (Номлолын тань ерөнхийлөгч танай газарзүйн бүс нутагт өөр бусад бодисыг ашиглаж болох эсэх талаарх асуултад хариулна.)

Адислал

Их Эзэн бидний бие махбод, сүнслэг байдлын сайн сайхны төлөө Мэргэн ухааны үгийг өгсөн. Биднийг энэ зарлигийг сахивал агуу адислалуудыг өгнө гэж Тэрээр амласан. Тэдгээр адислалд эрүүл мэнд, мэргэн ухаан, мэдлэгийн эрдэнэс, хамгаалалт багтдаг (Сургаал ба Гэрээ 89:18–21-ийг үзнэ үү).

Мэргэн ухааны үгийг дагах нь Ариун Сүнсний өдөөлтийг илүү сайн хүлээж авахад бидэнд тусална. Хэдийгээр бид бүгдээрээ эрүүл мэндийн асуудалтай тулгардаг ч энэ хуулийг дагаж мөрдөх нь бие махбод, оюун ухаан, сүнслэг байдлын хувьд эрүүл байхад туслах болно.

Баптисм хүртэх гэж байгаа хүмүүс Мэргэн ухааны үгийг дагах ёстой.

Донтолттой тэмцэж буй хүмүүст туслах удирдамж зааврыг 10-р бүлгээс үзнэ үү.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

  • Судруудын удирдамж: “Мэргэн ухааны үг

  • Сайн мэдээний сэдвүүд: “Эрүүл мэнд,” “Мэргэн ухааны үг

  • Амьдралд зориулсан тусламж: “Донтолт

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь

Амрах, шүтэн бишрэх өдөр

Хүндэтгэлийн өдөр бол долоо хоног бүр өдөр тутмын ажлаасаа амарч, Өөрийг нь шүтэн бишрэхэд зориулан Бурханы бидэнд гаргаж өгсөн ариун өдөр юм. “Амралтын өдрийг санаж, ариун байлгах” гэдэг нь Мосед өгсөн Арван зарлигийн нэг нь байсан (Гэтлэл 20:8; мөн 9–11-р шүлгийг үзнэ үү).

Орчин үеийн бошиглолд Их Эзэн Хүндэтгэлийн өдөр бол “хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр” (Сургаал ба Гэрээ 59:10) гэдгийг бататгасан. Тэр мөн Амралтын өдөр нь баяр баясгалан, залбирал, талархлын өдөр байх ёстой хэмээсэн (14–15-р шүлгийг үзнэ үү).

Амралтын өдрийн шүтлэг бишрэлийн хүрээнд бид долоо хоног бүр ариун ёслолын цуглаанд оролцдог. Энэ цуглаанаар бид Бурханыг шүтэн биширч, Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг дурсан санадаг. Ариун ёслолоос хүртэхдээ бид Бурхантай байгуулсан гэрээгээ шинэчилж, нүглээ наманчлахад бэлэн гэдгээ харуулдаг. Ариун ёслол бол бидний Хүндэтгэлийн өдөр мөрдөж дагадаг зан үйлүүдийн маань төв юм.

Сүм дээр бид бас Есүс Христийн сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж авдаг хичээлүүдэд оролцдог. Хамтдаа судраас судлахад бидний итгэл өсдөг. Бие биедээ үйлчилж, хүчирхэгжүүлэхэд бидний хайр өсөн нэмэгддэг.

Хүндэтгэлийн өдрөөр хөдөлмөрөөсөө амрахаас гадна худалдаа хийх болон энгийн өдөр мэт санагдуулах бусад үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Бид дэлхийн үйлүүдээ хойш тавьж; бодол санаа, үйлдлээ сүнслэг асуудалд төвлөрүүлдэг.

Сайныг үйлдэх өдөр

Хүндэтгэлийн өдөр сайныг үйлдэх нь бид энэ өдрийг ариун байлгахын тулд юу хийхээс татгалздагтай адил эн тэнцүү чухал юм. Бид сайн мэдээнээс суралцаж, итгэлээ бэхжүүлж, харилцаа холбоогоо бататгаж, үйлчлэл үзүүлж; гэр бүл, найз нөхөдтэйгөө урам зориг өгөх өөр бусад үйл ажиллагаанд оролцдог.

Зураг
Судар уншиж буй хос

Адислал

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт үнэнч гэдгээ илэрхийлж буй арга зам юм. Бид Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаагаа уг өдөрт зориулсан Бурханы зорилготой нийцүүлснээр баяр баясгалан, амар амгаланг мэдрэх болно. Бид сүнслэг байдлын хувьд тэжээгдэж, бие махбодын хувьд сэргэнэ. Бид мөн Бурхантай илүү ойртож байгаагаа мэдэрч, Аврагчтайгаа харилцах харилцаагаа гүнзгийрүүлнэ. Бид өөрсдийгөө илүү ихээр “дэлхийгээс толбогүй” (Сургаал ба Гэрээ 59:9) байлгах болно. Хүндэтгэлийн өдөр бол “баясгалант” өдөр юм (Исаиа 58:13; мөн 14-р шүлгийг үзнэ үү).

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Хуулийг дуулгавартай дагаж, дээдэл

Хожмын үеийн гэгээнтнүүд хуулийг дуулгавартай дагаж, сайн иргэн байх ёстой гэдэгт итгэдэг (Сургаал ба Гэрээ 134; Итгэлийн тунхаг 1:12-ыг үзнэ үү). Сүмийн гишүүдийг нийгэм, улс үндэстнийхээ байдлыг сайжруулахын тулд үйлчлэхэд урамшуулдаг. Тэднийг нийгэм, засгийн газарт ёс суртахууны зөвт үнэт зүйлсийн дуу хоолой болон нөлөөлөхөд урамшуулдаг.

Сүмийн гишүүдийг засгийн газар, улс төрийн үйл ажиллагаанд хуулийн дагуу оролцоход уриалдаг. Төрийн алба хашиж буй гишүүд Сүмийн төлөөлөгчийн хувиар бус, харин улс орондоо санаа зовж буй иргэдийн хувиар ажилладаг.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь, Ж.Көрк Ричардс

Бурханд болон бусдад үйлчлэх бидний гэрээ

Үйлчлэл

Бид баптисм хүртэхдээ Бурханд болон бусдад үйлчлэх гэрээ байгуулдаг. Бусдад үйлчлэх нь Бурханд үйлчлэх бидний үндсэн арга замуудын нэг юм (Мозая 2:17-г үзнэ үү). Бошиглогч Алма баптисм хүртэх хүсэлтэй хүмүүс “бие биеийнхээ ачааг үүрэхэд бэлэн байх, … гашуудаж буй хүмүүстэй хамт гашуудах … , мөн тайтгарал хэрэгтэй байгаа хүмүүсийг тайвшруулах” (Мозая 18:8–9) ёстой гэж заасан.

Баптисмын дараахан шинэ гишүүд ихэвчлэн Сүмд үйлчлэх дуудлага хүлээн авдаг. Эдгээр дуудлага нь сайн дурын бөгөөд үүнийхээ төлөө цалин хөлс авдаггүй. Бид дуудлага хүлээн авч, хичээнгүйлэн үйлчилснээр итгэлээр өсөж, авьяас чадвараа хөгжүүлж, бусдыг адисалдаг.

Сүм дэх бидний үйлчлэлийн өөр нэгэн хэсэг бол “тохинуулагч ах” эсвэл “тохинуулагч эгч” байх явдал юм. Энэ үүрэг хариуцлагынхаа хүрээнд бид өөрт хуваарилсан хувь хүн, гэр бүлүүдэд үйлчилдэг.

Есүс Христийн шавийн хувьд бид өдөр бүр үйлчлэх боломжийг эрэлхийлдэг. Түүнтэй адил бид “сайныг үйлд[эхээр]” (Үйлс 10:38) явдаг. Бид хөршүүддээ болон орон нутгийнхаа бусад хүнд үйлчилдэг. Бид JustServe байгаа газруудад үүгээр дамжуулан үйлчлэлд оролцох боломжтой. Бид Сүмийн хүмүүнлэгийн ажлыг дэмжиж, гамшгийн үед хариу арга хэмжээ авахад оролцож чадна.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Хүмүүс ярилцаж байгаа нь

Сайн мэдээг хуваалцах

Баптисмын гэрээнийхээ нэгэн хэсэг болгон бид “Бурханы гэрчлэгч болж … зогсо[хоо]” (Мозая 18:9) амладаг. Бидний гэрч болон зогсох нэг арга зам бол Есүс Христийн сайн мэдээг хуваалцах явдал юм. Бусдад сайн мэдээг хүлээн авахад туслах нь бидний үзүүлж чадах хамгийн баяр баясгалантай үйлчлэлүүдийн нэг байдаг (Сургаал ба Гэрээ 18:15–16-г үзнэ үү). Энэ бол бидний хайрын хүчирхэг илэрхийлэл юм.

Бид сайн мэдээний дагуу амьдрахын адислалуудыг мэдэрснээр уг адислалуудаа хуваалцахыг хүсдэг. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд, танилууд маань ихэвчлэн биднийг итгэлтэйгээр үлгэрлэн үзүүлэх үед мөн сайн мэдээ бидний амьдралыг хэрхэн адисалж байгааг олж харснаар сонирхож эхэлдэг. Бид сайн мэдээг энгийн бөгөөд ердийн арга замаар хуваалцаж чадна (Ерөнхий гарын авлагын 23-р бүлгийг үзнэ үү).

Бид бусдыг бидэнтэй хамт үйлчлэл, олон нийтийн ажил, амралт зугаалга, Сүмийн үйл ажиллагаанд оролцоход урьдаг. Бид тэднийг Сүмийн цуглаан эсвэл баптисмын үйл ажиллагаанд урьж болно. Бид мөн тэднийг Есүс Христийн сайн мэдээг тайлбарласан онлайн видео үзэх, Мормоны Номыг унших эсвэл ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт очиход урьж болно. Бидэнд бусдад өгч болох олон зуун урилга байдаг. Урих гэдэг нь ихэвчлэн өөрсдийнхөө аль хэдийн хийж байгаа зүйлд гэр бүл, найз нөхөд, хөршүүдээ урьж оролцуулах гэсэн утгатай.

Хэрэв гуйвал, сайн мэдээг хуваалцах болон энэ нь бидний амьдралыг хэрхэн адисалдаг тухай бусдад хэлэх боломжийг таньж мэдэхэд Бурхан бидэнд тусална.

Хайрлах, хуваалцах, урих зарчмуудыг хэрэгжүүлэх талаарх нэмэлт мэдээллийг 9-р бүлэг дэх “Гишүүдтэй нэгдмэл бай” хэсгээс үзнэ үү.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Мацаг барих ба мацгийн өргөл

Бурхан бидэнд сүнслэг хүч чадлыг хөгжүүлэх, тусламж хэрэгтэй хүмүүст туслах арга зам болгон мацаг барих хуулийг өгсөн.

Мацаг барих гэдэг нь тодорхой хугацаанд хоол, ундгүй явахыг хэлдэг. Ихэвчлэн Сүм сар бүрийн эхний ням гаргийг мацаг барих өдөр болгон сахидаг. Бие бялдрын хувьд боломжтой бол мацгийн өдөр ихэвчлэн 24 цагийн турш хоол хүнс, ундгүй явдаг. Мацгийн ням гаргийн өөр чухал хэсгүүд бол залбирал, гэрчлэл юм. Биднийг мөн хэрэгтэй гэж үзвэл, өөр цаг үед мацаг барихыг урамшуулдаг.

Сүнслэг хүчийг хөгжүүлэх

Мацаг барих нь биднийг даруусаж, Бурханд ойртож, сүнслэг байдлын хувьд шинэчлэгдсэнээ мэдрэхэд тусалдаг. Есүс Христ тохинууллаа эхлэхээсээ өмнө мацаг барьдаг байсан (Матай 4:1–2-ыг үзнэ үү). Судруудад сүнслэг хүч чадлаа нэмэгдүүлж, өөрсдөдөө болон бусдад онцгой адислал авахыг эрэлхийлэхээр бошиглогчид болон бусад хүн мацаг барьж байсан тухай олон түүх цэдэглэгдсэн байдаг.

Мацаг, залбирал хоёр хамт байдаг. Бид итгэлтэйгээр мацаг барьж, залбирснаар хувийн илчлэлт хүлээн авч сурдаг. Мөн үнэнийг таньж мэдэх, Бурханы тааллыг ойлгох бидний чадвар сайжирдаг.

Тусламж хэрэгтэй хүмүүст туслах

Бид мацаг барихдаа тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд Сүмд мөнгөн хэлбэрээр өргөл өргөдөг. Үүнийг мацгийн өргөл гэж нэрлэдэг. Биднийг хамгийн багадаа, идээгүй хоолныхоо үнэтэй тэнцэх өргөлийг өгөхөд урьдаг. Биднийг өгөөмөр байж, боломжтой бол хоолныхоо үнээс илүүг өгөхөд урамшуулдаг. Мацгийн өргөл өгөх нь бусдад үйлчлэх бас нэгэн арга зам юм.

Мацгийн өргөлийг тухайн орон нутагт болон дэлхийн өнцөг булан бүрд байх тусламж хэрэгтэй хүмүүсийг хоол хүнс, бусад хэрэгцээт зүйлсээр хангахад ашигладаг. Мацгийн өргөлд хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар мэдээлэл авахыг хүсвэл, энэ хичээлийн “Аравны нэг болон бусад өргөл өргөх” хэсгээс үзнэ үү.

Судраас судлах

Мацаг барих

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Ариун сүмийн гадна буй гэр бүл

Эцсээ хүртэл тэвчих бидний гэрээ

Бид баптисм хүртэхдээ Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, “эцсээ хүртэл тэвчих” гэрээг Бурхантай байгуулдаг (2 Нифай 31:20; мөн Мозая 18:13-ыг үзнэ үү). Бид Есүс Христийн насан туршийн шавь байхыг хичээдэг.

Мормоны Номын бошиглогч Нифай баптисмыг сайн мэдээний замд орох үүд хаалга гэж дүрсэлсэн (2 Нифай 31:17-г үзнэ үү). Баптисм хүртсэнийхээ дараа бид “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл[дэг]” (2 Нифай 31:20).

Бид шавь болох замдаа “урагш тэмүүлснээр” ариун сүмд ороход бэлддэг. Тэнд бид ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа Бурхантай гэрээ байгуулдаг. Ариун сүмд бид санваарын хүчээр хишиг хүртэж, үүрд мөнхөд гэр бүлээрээ лацдан холбогдох болно. Ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахивал Бурханы бидэнд өгөх сүнслэг давуу эрх, адислал бүрийг хүлээн авах үүд нээгдэнэ.

Бид сайн мэдээний замаар үнэнч явбал эцэст нь Бурханы хамгийн агуу бэлгийг буюу мөнх амийг хүлээн авах болно (2 Нифай 31:20; Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү).

Дараах хэсгүүдэд мөнх бус амьдралынхаа төгсгөл хүртэл тэвчиж, баяр баясгаланг олж авахад маань бидэнд туслах зорилгоор Бурханы өгсөн зүйлсийн зарим талыг тайлбарласан болно.

Санваар ба Сүмийн байгууллагууд

Санваар бол Бурханы эрх мэдэл, хүч юм. Тэнгэрлэг Эцэг санваараар дамжуулан “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг” Өөрийн хүүхдүүдэд тохиолгон авчрах ажлаа гүйцэлдүүлдэг (Мосе 1:39) . Бурхан дэлхий дээрх Өөрийн охид, хөвгүүдэд энэ ажлыг гүйцэтгэх эрх мэдэл, хүчийг өгдөг.

Санваар нь бид бүгдийг адисалдаг. Баптисм, ариун ёслол зэрэг ёслолуудыг санваарын алба хашдаг хүмүүсээр дамжуулан хүлээн авдаг. Мөн бид эдгээх, тайтгаруулах, зөвлөгөө өгөх адислалуудыг хүлээн авдаг.

Санваар, Сүмийн удирдлага, дуудлага

Есүс Христ Сүмийг бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг. Эдгээр удирдагч Бурханаар дуудагдаж, томилогддог бөгөөд Аврагчийн нэрээр үйлдэх санваарын эрх мэдэл өгөгдсөн байдаг.

Эрт дээр үед Христ төлөөлөгчдөдөө мөнхүү санваарын эрх мэдлийг өгсөн бөгөөд энэ нь Түүнийг тэнгэр өөд одсоны дараа Сүмийг удирдах боломжийг тэдэнд олгосон юм. Эцэст нь хүмүүс сайн мэдээг үгүйсгэж, төлөөлөгчид нас барснаар тухайн эрх мэдэл алдагджээ.

Тэнгэрлэг элч нар 1829 онд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан санваарыг сэргээсэн бөгөөд Их Эзэн төлөөлөгчид, бошиглогчдын хамт Сүмээ дахин байгуулсан билээ. (1-р хичээлийг үзнэ үү.)

Орон нутгийн түвшинд бишоп, гадасны ерөнхийлөгчид Сүмийн чуулгануудыг удирдах санваарын эрх мэдэлтэй.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Сүмд үйлчлэхээр дуудаж, онцгойлон адислах үед тэдэнд дуудлагынхаа хүрээнд үйлдэх эрх мэдэл Бурханаас өгөгддөг. Энэхүү эрх мэдлийг номлогчид, удирдагчид, багш нар болон бусад хүнд дуудлагаасаа чөлөөлөгдөх хүртэл нь олгодог. Үүнийг санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийн удирдлаган доор итгэмжлэн өгдөг.

Санваарын эрх мэдлийг зөвхөн зөв шударга байснаар ашиглах боломжтой (Сургаал ба Гэрээ 121:34–46-г үзнэ үү). Энэхүү эрх мэдэл нь Аврагчийг төлөөлж, Түүний нэрээр үйлдэх ариун итгэл юм. Энэ нь үргэлж бусдыг адисалж, үйлчлэх зорилготой байсаар ирсэн.

Зураг
Ням гаргийн ангид залуу эрэгтэйчүүд

Аароны болон Мелкизедек санваар

Сүмд санваарыг Аароны санваар, Мелкизедек санваар гэж хуваадаг. Аароны болон Мелкизедек санваарыг зөвхөн Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд санваарын түлхүүрийг эзэмшдэг хүмүүсийн удирдлаган доор олгодог. Зохих санваар хүртээсний дараа тухайн хүнийг дикон юм уу ахлагч гэх мэт тохирох санваарын албанд нь томилно. Түүнийг шаардлагатай эрх мэдэлтэй хүн томилох ёстой.

Насанд хүрсэн эрэгтэй эсвэл залуу эрэгтэй санваар хүлээн авахдаа ариун нандин үүргээ биелүүлж, бусдад үйлчилж, Сүмийг бэхжүүлэхэд туслах гэрээг Бурхантай байгуулдаг.

Залуу эрэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн Аароны санваар хүлээн авч, диконоор томилогдож болно. Тэд 14 нас хүрэх жилдээ багш, 16 нас хүрэх жилдээ пристэд томилогдох боломжтой. Насанд хүрсэн эрэгтэй хөрвөгчид баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныхаа дараа удалгүй Аароны санваар хүлээн авч болно. Аароны санваар атгагчид ариун ёслол, баптисм зэрэг ёслолуудыг гүйцэтгэдэг.

Хэсэг хугацаанд Аароны санваарын пристээр үйлчилснийхээ дараа дор хаяж 18 настай зохистой эрэгтэй Мелкизедек санваарыг хүлээн авч, ахлагчаар томилогдож болно. Мелкизедек санваарыг хүлээн авсан эрчүүд гэр бүлийн гишүүддээ болон бусдад эдгээх, тайтгаруулах адислал өгөх зэргээр санваарын ёслолуудыг гүйцэтгэх боломжтой.

Шинэ гишүүн санваар хүлээн авах талаарх мэдээллийг Ерөнхий гарын авлагын 38.2.9.1-ээс үзнэ үү.

Чуулга ба Сүмийн байгууллагууд

Санваарын чуулгууд. Чуулга бол санваартнуудын зохион байгуулалттай бүлэг юм. Тойрог бүр насанд хүрсэн эрэгтэйчүүдэд зориулсан ахлагчийн чуулгатай. Дикон, багш, пристийн чуулга нь залуу эрэгтэйчүүдэд зориулагдсан.

Халамжийн нийгэмлэг. Халамжийн нийгэмлэгт 18 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд багтдаг. Халамжийн нийгэмлэгийн гишүүд гэр бүл, хувь хүн, олон нийтийг хүчирхэгжүүлдэг.

Залуу эмэгтэйчүүд. Залуу эмэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт нэгддэг.

Зураг
Ангид зааж буй эмэгтэй

Хүүхдийн хэсэг. 3–11 насны бүх хүүхэд Хүүхдийн хэсгийн нэгэн хэсэг юм.

Ням гаргийн анги. Насанд хүрэгчид болон өсвөр үеийнхэн бүгд Ням гаргийн ангид суух бөгөөд тэнд тэд хамтдаа судраас судлахаар цугладаг.

Санваарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий гарын авлагын 3-р бүлгээс үзнэ үү.

Санваарын чуулга болон Сүмийн байгууллагуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий гарын авлагын 8–13-р бүлгээс үзнэ үү.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Гэрлэлт ба гэр бүл

Гэрлэлт

Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлтийг Бурхан томилсон. Энэ нь хүүхдүүдийнхээ мөнхийн хөгжил дэвшилд зориулсан Түүний төлөвлөгөөний төвд байдаг.

Эхнэр, нөхөр хоёр гэрлэж нэгдэх нь дэлхийн хамгийн эрхэм харилцаа байх ёстой. Тэд бие биедээ болон гэрлэлтийнхээ гэрээнд үнэнч байх ариун үүрэг хариуцлага хүлээдэг.

Эхнэр, нөхөр хоёр Бурханы мэлмийд адил тэгш эрхтэй. Нэг нь нөгөөхөө давамгайлах ёсгүй. Тэд шийдвэр гаргахдаа хоёр талаас бүрэн оролцож, нэгдмэл байж, хайраар хандах ёстой.

Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлаж, хамтран ажилласнаар гэрлэлт нь хамгийн агуу аз жаргалын эх үүсвэр болдог. Тэд бие биедээ болон үр хүүхдүүддээ мөнх амьдрал руу өсөж дэвжихэд тусалж чадна.

Гэр бүл

Гэрлэлттэй адилаар гэр бүлийг Бурханаас томилдог бөгөөд энэ нь Түүний бидний мөнхийн аз жаргалд зориулсан төлөвлөгөөний төвд байдаг. Бид Есүс Христийн сургаалын дагуу амьдрах үед гэр бүл маань хамгийн их аз жаргалтай байдаг. Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ Есүс Христийн сайн мэдээг зааж, түүний дагуу амьдрахыг үлгэр жишээгээрээ үзүүлдэг. Гэр бүл нь бидэнд бие биеэ хайрлаж, үйлчлэх боломжийг олгодог.

Эцэг эхчүүд гэр бүлээ нэн тэргүүнд тавих ёстой. Эцэг эхийн хувьд төрүүлсэн эсвэл үрчлэн авсан үр хүүхдүүдээ асран өсгөх нь ариун нандин онцгой боломж, үүрэг юм.

Бүх гэр бүлд зовлон бэрхшээл тулгардаг. Бурханаас тусламж дэмжлэг эрэлхийлж, Түүний зарлигуудыг сахиснаар гэр бүлд тулгарсан зовлон бэрхшээлүүд бидэнд суралцаж, өсөж хөгжихөд тусалдаг. Заримдаа эдгээр бэрхшээл нь бидэнд наманчилж, уучилж сурахад тусалдаг.

Зураг
Гэр бүлдээ зааж буй эцэг хүн

Сүмийн удирдагчид гэр бүлийн үдшээ долоо хоног бүр хийхэд гишүүдийг урамшуулсан. Эцэг эхчүүд энэ цагийг хүүхдүүддээ сайн мэдээг заах, гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэх, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд ашигладаг. Сүмийн удирдагчид мөн гэр бүлийн тухай чухал үнэнийг заадаг нэгэн тунхаг гаргасан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).

Гэр бүлээ бэхжүүлэх өөр арга замуудад гэр бүлийн залбирал, судраас судлах, сүмд хамтдаа шүтэн бишрэх зэрэг орно. Мөн бид гэр бүлийн түүхээ судалж, гэр бүлийнхнийхээ талаар ам дамжсан яриа цуглуулж, бусдад үйлчлэх боломжтой.

Гэр бүл зохиох эсвэл гэр бүлийн хайраар дүүрэн харилцаа үүсгэх боломжгүй олон хүн бий. Олон хүн гэр бүл салах болон гэр бүлийн өөр бусад хүнд хэцүү нөхцөл байдлыг туулж байсан. Гэхдээ сайн мэдээ нь гэр бүлийн маань нөхцөл байдал ямар байхаас үл хамааран биднийг хувь хүний минь хувьд адисалдаг. Мөн биднийг итгэлтэй байх үед Бурхан бидэнд энэ амьдралд байна уу, ирэх амьдралд байна уу хайраар дүүрэн гэр бүлийн адислалуудаас хүртэх арга замыг өгөх болно.

Судраас судлах

Гэрлэлт

Гэр бүл

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Нас барсан өвөг дээдэст зориулсан ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай бөгөөд тэднийг аврагдаж, өргөмжлөгдөөсэй хэмээн хүсдэг. Гэсэн ч олон тэрбум хүн Есүс Христийн сайн мэдээг сонсолгүй эсвэл сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан. Эдгээр ёслолд баптисм, гишүүний баталгаа, ариун сүмийн хишиг, мөнхийн гэрлэлт мөн эрчүүдийн хувьд санваарын томилгоо багтдаг.

Их Эзэн Өөрийн нигүүлсэл, өршөөл энэрлээр дамжуулан тэдэнд сайн мэдээг болон түүний ёслолуудыг хүлээн авах өөр арга замыг өгсөн юм. Сүнсний дэлхийд сайн мэдээг хүлээн авалгүй нас барсан хүмүүст номлодог (Сургаал ба Гэрээ 138-ыг үзнэ үү). Ариун сүмд бид нас барсан өвөг дээдсийнхээ болон бусдын өмнөөс ёслолуудыг гүйцэтгэж болно. Харин дараа нь Сүнсний ертөнцөд байгаа нас барсан тэр хүмүүс сайн мэдээг болон тэдний өмнөөс гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн зөвшөөрч аль эсвэл татгалзаж болно.

Зураг
Судраас судалж буй гэр бүл

Бид эдгээр ёслолыг гүйцэтгэхээсээ өмнө тэдгээрийг хүлээн аваагүй өвөг дээдсээ олж тогтоох хэрэгтэй. Ёслол хүлээн авах боломж олгохын тулд гэр бүлийн гишүүдээ олж тогтоох нь гэр бүлийн түүхийн ажлын маань гол зорилго юм. Бид тэдний талаарх мэдээллийг олж мэдвэл, уг мэдээллээ FamilySearch.org дээрх Сүмийн мэдээллийн санд нэмдэг. Дараа нь бид (эсвэл бусад хүн) ариун сүмд тэдний төлөө ёслолуудыг гүйцэтгэх боломжтой.

Өвөг дээдсээ олж тогтоон, тэдэнд зориулан ёслолуудыг гүйцэтгэснээр бидний гэр бүл үүрд мөнхөд нэгдэж чадна.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Ариун сүм, хишиг хүртэх, мөнхийн гэрлэлт, мөнхийн гэр бүл

Ариун сүм

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Энэ бол Түүний ариун ёслолуудыг хүлээн авахаар Бурхантай гэрээ байгуулдаг ариун газар юм. Тэдгээр гэрээг сахиснаар бид амьдралдаа бурханлаг байдлын хүчийг харах болно (Сургаал ба Гэрээ 84:19–22; 109:22–23-ыг үзнэ үү).

Хишиг

Ариун сүмд хүлээн авдаг нэг ёслол бол хишиг юм. Хишиг гэдэг нь “бэлэг” гэсэн утгатай. Энэ нь Бурханаас ирдэг мэдлэг, хүч чадал юм. Хишиг хүртэх үед бид Бурхан болон Түүний Хүү Есүс Христтэй биднийг холбодог гэрээнүүдийг Түүнтэй байгуулдаг (1-р бүлгийг үзнэ үү).

Насанд хүрэгчид Сүмийн гишүүн болоод дор хаяж нэг жил болсны дараа ариун сүмийн хишиг хүртэх эрхтэй болдог. Хишиг хүртэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий гарын авлагын 27.2-оос үзнэ үү.

Мөнхийн гэрлэлт ба мөнхийн гэр бүл

Бурханы аз жаргалын төлөвлөгөө нь гэр бүлийн харилцаа холбоогоо насан эцэслэсний дараа ч үргэлжлүүлэх боломжийг олгодог. Ариун сүмд бид үүрд мөн мөнхөд гэрлэж болно. Энэ нь гэр бүлүүдэд үүрд хамт байх боломжийг олгодог.

Гэрлэсэн хос ариун сүмийн хишгээ хүлээн авсныхаа дараа лацдан холбуулж эсвэл мөнхөд гэрлэж болно. Тэдний хүүхдүүд тэдэнтэй лацдан холбогдох боломжтой.

Ариун сүмд лацдан холбогдсон эхнэр, нөхөр хоёр мөнхийн гэрлэлтийн адислалуудаас хүртэхийн тулд байгуулсан гэрээнүүдээ сахих ёстой.

Зураг
Гудамжинд алхаж буй хос

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах