Номлолын дуудлагууд
11-р бүлэг: Үүрэг амлалт өгч, өгсөн амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст тусал


“11-р бүлэг: Үүрэг амлалт өгч, өгсөн амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст тусал,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“11-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Зураг
Би хүсэхгүй байна, Ким Ёнг Сунг

11-р бүлэг

Үүрэг амлалт өгч, өгсөн амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст тусал

Үүнийг эргэцүүлэн бод

  • Үүрэг амлалтаа биелүүлэх нь хөрвөлттэй хэрхэн холбоотой вэ?

  • Үүрэг амлалтаа биелүүлэх нь гэрээгээ сахихтай хэрхэн холбоотой вэ?

  • Би хүмүүст сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь туслах урилгыг хэрхэн өгөх вэ?

  • Яагаад гэрчлэлээ чин сэтгэлээсээ хуваалцах нь чухал вэ?

  • Би ямар адислалуудыг амлаж болох вэ?

  • Би хэрхэн хүмүүст амлалтаа биелүүлэхэд нь тусалж чадах вэ?

Наманчлал, үүрэг амлалт, хөрвөлт

Та номлогчийн болон Есүс Христийн шавийн хувьд бодгалиудыг аврахыг хүсдэг (Мозая 28:3-ыг үзнэ үү). Аврагч баптисмаас авхуулаад санваарын чухал ёслолуудыг хүлээн авахдаа байгуулсан гэрээнүүдээ сахидаг хүмүүсийг “аврах чадалтай” (2 Нифай 31:19-ийг үзнэ үү). Урилга өгч, амлалтаа биелүүлэхэд нь тусалснаар тэднийг баптисмд бэлтгэнэ.

Хүмүүс наманчилснаар аврагддаг (Хиламан 5:11-ийг үзнэ үү). Наманчлал бол Есүс Христ рүү бүрэн дүүрэн, чин сэтгэлээсээ хандах явдал юм. Үүрэг амлалт бол наманчлалын амин чухал хэсэг. Хичээлийнхээ нэг хэсэг болгон, хүмүүсийг үүрэг амлалт өгөхөд урьснаар та тэднийг наманчлахад урьж байгаа хэрэг.

Үүрэг амлалт гэдэг нь хийх нэг үйлдлээ сонгоод, түүнийгээ дагаж биелүүлэхийг хэлнэ. Сайн мэдээний үнэний дагуу тууштай үйлдэх нь хөрвөлтөд хөтөлдөг.

Хөрвөлт бол Бурханы тааллыг хүлээн авч, дагахын тулд тухайн хүн итгэл үнэмшил, зүрх сэтгэл, амьдралаа өөрчлөх явдал юм. Энэ бол Христийн шавь болохоо ухамсарлан гаргасан шийдвэр юм. Хүмүүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, нүглээ наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэнээр хөрвөгддөг. Их Эзэн болон Түүний бошиглогчид энэ өөрчлөлтийг сүнслэг байдлаар дахин төрөх гэж нэрлэдэг (Иохан 3:3–5; Мозая 27:25–26-г үзнэ үү).

Аврагчийн Цагаатгал хөрвөгдөх боломжийг олгодог бөгөөд Ариун Сүнс зүрх сэтгэлийн энэхүү хүчирхэг өөрчлөлтийг авчирдаг (Мозая 5:2; Алма 5:12–14-ийг үзнэ үү).

Хөрвөлт бол үйл явдал биш, харин үйл явц юм. Есүс Христэд хөрвөгдөхөд хүмүүст туслах нь таны номлолын зорилгын төвд байдаг. Сүнсээр удирдуулснаар та хүмүүсийг сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд туслах үүрэг амлалт өгөхөд урьдаг. Дараа нь та хүмүүсийг өгсөн амлалтаа биелүүлэхэд нь дэмжиж тусалдаг. Та тэдэнд мөнхөд өөрчлөгдөхийн төлөө итгэлээр үйлдэхэд нь тусалдаг (Мозая 6:3-ыг үзнэ үү).

Баптисм хүртэхээсээ өмнө үүрэг амлалтаа биелүүлдэг хүмүүс дараа нь ариун нандин гэрээ байгуулж, гэрээгээ сахих магадлал өндөр байдаг. Та хүмүүст үүрэг амлалтаа биелүүлэхийг заахдаа гэрээгээ сахихыг зааж байгаа хэрэг. Гэрээ байгуулж, гэрээгээ сахих нь Есүс Христийн сайн мэдээ, Бурханы үр хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг юм.

Энэ бүлэгт урилга өгөх, адислалуудыг амлах, гэрчлэлээ хуваалцах, Аврагчид ирж, аврагдахын тулд үүрэг амлалтаа биелүүлэхэд нь туслах удирдамж багтсан.

Зураг
Нэгэн эмэгтэйд зааж буй номлогчид

Урилга өгөх

Есүс Христийн төлөөлөгчийн хувьд та хүмүүсийг Түүнийг дагаж, Түүний сайн мэдээний баяр баясгаланг хүлээн авахад урьдаг. Та тэдэнд Христэд итгэх итгэлийг нь хөгжүүлэх тодорхой зүйлсийг хийх урилга өгдөг. Дараа нь та үүрэг амлалтаа биелүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлдэг.

Урилга, амлалт амин чухал байдгийн шалтгаан:

  • Тэдгээр нь хүмүүст сурсан зарчмуудынхаа дагуу амьдрахад тусалдаг бөгөөд ингэснээр тэд Сүнсний батлах гэрчийг мэдэрдэг.

  • Амлалтаа биелүүлэх нь хүмүүсийн наманчлалаа харуулдаг нэг арга зам юм (Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү).

  • Наманчлал нь хүмүүст Бурханы өршөөл уучлалын амар амгалан, баяр баясгаланг мэдрэхэд тусалдаг. Тэдгээр нь мөн сорилт бэрхшээл тулгарахад Бурханаас хүлээн авах тусламжийг нэмэгдүүлнэ.

  • Үүрэг амлалтаа биелүүлэх нь ариун нандин гэрээ байгуулж, сахихад хүмүүсийг бэлддэг.

  • Та хүмүүст амлалтаа биелүүлэхэд нь тусалснаар тэднийг хайрладаг мөн Бурханы амлалтад итгэдэг гэдгээ харуулж чадна.

Сүнсээр хөтлөгдөн урь

Ямар урилгыг, хэзээ өгөх талаар Сүнсний удирдамж эрэлхийл. Зөв ойлгосон ямар хичээл эсвэл сургаал таны урилгыг хүлээж авахад тэдэнд туслах тухай бодож үз. Зөв цагт өгсөн зөв урилга нь итгэлийг бэхжүүлэхээр үйлдэхэд хүмүүсийг өдөөдөг. Эдгээр үйлдэл нь зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтөд хүргэж болох юм (Мозая 5:2; Алма 5:12–14-ийг үзнэ үү).

Та судрын бүлгийг унших эсвэл ариун ёслолын цуглаанд ирэх гэх мэт жижиг зүйл хийх урилга өгч болно. Эсвэл тэдгээр нь баптисм хүртэх гэх мэт чухал урилга байж болно. Урилга нь тухайн хүний хувьд сүнслэг аян замынхаа хаана явж байгаатай нь нийцсэн байх ёстой.

Сүнсээр удирдуулан өгсөн урилга нь бие бие дээрээ тулгуурлан тухайн хүнийг сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд тусалдаг (2 Нифай 28:30; Сургаал ба Гэрээ 93:12–13-ыг үзнэ үү). Өөрөөсөө “Энэ хүн ямар үүрэг амлалтаа биелүүлж байна вэ? Тэр ахиц гаргахын тулд үүний дараа юу хийх ёстой вэ?” гэж асуу.

Ярилцаж байгаа эсвэл хичээл заалгаж байгаа хүмүүсээ сонс. Та сонсож, мэдэрсэн зүйл дээрээ үндэслэн хүн бүрд ариун нандин гэрээ байгуулахад нь туслах ямар урилгыг өгөх талаар Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Урилга өгөх зарчим

Урилга өгөх нь Христэд итгэх итгэлийг шаарддаг. Таны урилгыг хүлээн авч, биелүүлэх үед Тэр хүмүүсийг адисална гэдэгт итгэ.

Та хүмүүсийг сайн мэдээний үнэний дагуу үйлдэхэд урьж, өөрчлөлт нь хэрхэн тэднийг адислахыг олж харахад нь тусалбал тэд өөрчлөгдөх магадлалтай. Тэд Сүнсийг мэдэрч, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын баяр баясгаланг мэдрэх хүртлээ өөрчлөгдөнө.

Хүмүүстэй биечлэн уулзаж эсвэл онлайнаар харилцах бүрдээ ямар урилга өгвөл тэдэнд Христэд итгэх итгэлээ бэхжүүлж, Сүнсийг мэдрэхэд тусалж болох талаар бодож үз. Заримдаа энэ нь тантай дахин уулзах эсвэл Сүмийн үйл ажиллагаанд ирэх зэрэг энгийн урилга байж болох юм.

Хичээл заахаар бэлдэж байхдаа та хүн бүрийн хэрэгцээ шаардлага, гаргаж буй ахицыг бодож үзээрэй. Таны хичээлийн төлөвлөгөөнд тухайн хүнд ахиц гаргахад нь туслах нэг буюу хэд хэдэн урилга орсон байхад анхаар.

Нэг удаад хэт олон урилга өгөхөөс болгоомжил. Урилга бүрийн дагуу үйлдэж, өсөж хөгжин, суралцахад тухайн хүнд цаг хугацаа хэрэгтэй.

Хүмүүсийг үүрэг амлалт өгөхөд урихдаа зоригтой бай. Хэт захирангуй байж болохгүй (Алма 38:12-ыг үзнэ үү). Хүмүүсийн сонгох эрхийг хүндэтгэ.

Судраас судлах

Яагаад үүрэг амлалт тийм чухал байдаг вэ?

Эелдэг, ойлгомжтой үгээр урилгаа өг

Урилгыг ихэнхдээ тийм эсвэл үгүй гэж хариулах “тэгэх үү” гэсэн асуултаар өгдөг. Урилгаа эелдэг, тодорхой, ойлгомжтой байлга. Тэдгээр нь хүмүүсийг Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх үүрэг амлалт өгөхөд урих юм уу хөтлөх ёстой.

Хэдийгээр таны урилга хүн бүрд тохирсон өвөрмөц өөр өөр байх боловч дараах жишээнүүдийг бодолцож үзнэ үү. Үүнд:

  • Сүмд явах нь танд Бурханыг шүтэн биширч, Түүний Сүнсийг мэдрэхэд туслах цаг хугацаа, орон зайг өгдөг. Энэ нь мөн таныг Аврагчтай илүү ойртохоор өөрчлөгдөх үед өргөн дэмжих хамт олны нэгэн хэсэг болоход тусална. Та энэ ням гарагт ариун ёслолын цуглаанд бидэнтэй хамт очих уу?

  • Сая бид судраас судлахын ач холбогдлын талаар ярилцсан тул та [судрын тодорхой хэсгийг] унших уу? Та төрсөн аливаа сэтгэгдэл, гарч ирсэн асуултаа бичих үү? Бид дараа уулзахдаа таны бодол санааг авч үзэн ярилцаж болно.

  • Бид Аврагчийн амьдрал, Түүний зарлигуудын талаар ярилцлаа. Та Түүний Сүмд баптисм хүртэж, Түүнд амлалт өгөх замаар Түүний үлгэр жишээг дагах уу? (3-р бүлэг дэх “Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга” хэсгийг үзнэ үү.)

  • Та амьдралдаа Бурхантай илүү сайн холбогдох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Та дараагийн хэдэн өдрийн турш залбирлын адислалуудыг мэдрэхийн тулд итгэлтэйгээр залбирах уу?

  • Танд хэрэг болно гэж бодож байгаа видео бидэнд байгаа. Бид танд видеог үзүүлж эсвэл холбоосыг нь явуулж болох уу? Та тэр видеог үзэх үү? Маргааш тантай холбогдож бодол санааг тань асууж болох уу?

Та урилгыг эелдэг, тодорхой, ойлгомжтой байдлаар өгөх талаар бодож байхдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Хичээлийн үүрэг амлалт бүрд өгөх энгийн, шулуун, ойлгомжтой урилгыг судлах тэмдэглэлдээ бич. Хэрэв та энэ үйл ажиллагааг өмнө нь хийж байсан бол дахин давтаад, шинэ урилгаа өмнөх урилгуудтайгаа харьцуул.

Бичсэн урилгуудаа хамтрагчтайгаа хамт дахин авч үз. Тэгээд дараах асуултуудыг ярилц.

  • Бид энэ урилгатай холбоотой Их Эзэний амласан адислалуудыг ойлгоход нь хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

  • Яагаад энэ урилга хувь хүний минь хувьд надад чухал вэ?

  • Би урилгаа өгөхдөө хэрхэн хүмүүст Бурханы хайрыг мэдрэхэд нь тусалж чадах вэ?

  • Би хэрхэн миний өгсөн урилгын дагуу үйлдэхэд нь бусдад илүү сайн тусалж чадах вэ?

Зааж байгаа хүнийхээ тухай бод. Тэр хүндээ дээрх урилгуудыг өгч байна гэж бодон дадлага хий. Шаардлагатай бол урилгаа өөрчил.

Хүмүүст адислалуудыг амлах

Түүний зарлигуудыг сахивал биднийг адислахаа Бурхан амласан (Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг үзнэ үү). Зарлигуудыг сахиж, үнэнч хэвээр үлддэг хүмүүс “бүх зүйлд адислагдсан” бөгөөд “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд орших” болно (Мозая 2:41).

Хүмүүсийг амлалт өгөхөд урихдаа үүрэг амлалтаа биелүүлснээр адислагдана гэдгийг амла. Та судар, хожмын үеийн бошиглогчдын сургаал болон 3-р бүлэг дэх хичээлүүдийг судалснаар эдгээр адислалын ихэнхийг тодорхойлох боломжтой. Өөрийн тань амьдралд байгаа адислалуудын талаар бас бод. Урилга өгөхдөө хүн бүрд ямар адислал амлахаа залбирч шийд.

Хүнийг зарлигийн дагуу амьдрахад урихдаа дараахыг заа.

  • Зарлигуудыг дуулгавартай дагах нь Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг хайрлах хайрыг маань харуулдаг (Иохан 14:15-ыг үзнэ үү).

  • Зарлигуудыг дуулгавартай дагах нь Бурханд бидний итгэж найддаг гэдгийг харуулдаг (Сургаалт үгс 3:5–6-г үзнэ үү).

  • Бурханы адислалууд нь сүнслэг болон материаллаг байдаг (Мозая 2:41-ийг үзнэ үү).

  • Бурханы хамгийн агуу адислал бол мөнх амьдрал юм (Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү)

  • Бид чин сэтгэлээсээ залбирч, итгэлээр үйлдэх юм бол Бурхан бидэнд хийхийг зарлигласан зүйлээ биелүүлэхэд тусална (1 Нифай 3:7-г үзнэ үү).

  • Бурхан биднийг Өөрийн арга зам, цаг хугацааны дагуу адислах амлалтаа биелүүлдэг (Сургаал ба Гэрээ 88:68-ыг үзнэ үү).

Хүмүүс зарлигуудыг сахихдаа ихэвчлэн саадтай тулгардаг. Зааж байгаа хүмүүстээ дэмжлэг тусламж үзүүлж, Бурханы тааллыг биелүүлэхийг хичээх үед Тэрээр тэднийг адислах болно гэдгийг батал. Саад бэрхшээл бол хэцүү байсан ч Христийг дагахыг сонгосноор өсөж хөгжих боломж гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал (2 Нифай 2:11, 13–16-г үзнэ үү).

Ахлагч Жэффри Р.Холландын зааснаар “Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ” (“An High Priest of Good Things to Come,” Ensign, 1999 оны 11-р сар, 38).

Судраас судлах

Дараах судруудад Их Эзэний биднийг адислах хүслийн талаар юу зааж байна вэ?

Хувиараа судлах

Сургаал ба Гэрээ 82:10, 130:20–21. Дараа нь, дараах судруудыг судал. Судлах тэмдэглэлдээ хоёр багана гарга. Нэг талд нь хэсэг бүрээс олсон зарлигаа бич. Нөгөө талд нь уг зарлигийг сахиснаар өгөгдсөн амлалтыг бич.

Гэрчлэлээ хуваалцах

Урилга өгч, адислал амлах бүрдээ гэрчлэлээ хуваалц. Зааж буй зарчмынхаа дагуу амьдарснаар хэрхэн адислагдсанаа хэл. Энэ зарчмын дагуу амьдрах нь түүний амьдралыг адислах болно гэдгийг гэрчил.

Таны чин сэтгэлийн гэрчлэл үнэнийг Ариун Сүнс баталж байгааг мэдрэх орчныг бүрдүүлж тусалдаг. Энэ нь тэднийг таны урилгыг хүлээн авахад урамшуулдаг.

Нэмэлт мэдээллийг 10-р бүлэг дэх Гэрчлэлээ хуваалцах хэсгээс авна уу.

Зураг
Бүлгээрээ залбирч байгаа нь

Өгсөн амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст туслах

Хүмүүс ямар нэгэн зүйл хийх таны урилгыг хүлээж авбал амлалтаа биелүүлэхэд нь туслахын тулд явцыг нь шалга. Та хүмүүст Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тусалж байгаа. Та тэдэнд итгэлээ бэхжүүлж, бүрэн хөрвөгдөхүйц ахиц дэвшил гаргахад нь туслах үүрэгтэй. Хүмүүсийг зүгээр л өөрчлөгдөхөд урилгүй, өөрчлөгдөхөд нь тусал.

Хүмүүс амлалтаа сахиж, итгэлээ хөгжүүлэн наманчилснаар Сүнсний гэрчийг хүлээн авах болно. Тэрхүү гэрч нь ихэвчлэн “[тэдний] итгэлийн сорилтын дарааг хүртэл” (Ифер 12:6) ирдэггүй. Саад тулгарахад гайхах хэрэггүй. Тэдэнд сорилтоо даван туулж, Сүнсний гэрчийг хүлээн авахад нь хэрхэн туслахаа төлөвлө. Сүмийн бусад гишүүн ч дэмжлэг тусламж үзүүлж болно.

Таныг тэдэнтэй хамт байхад хүмүүс Сүнсний нөлөөг ихэвчлэн мэдэрдэг. Ганцаараа байхдаа ч энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд залбирах, судруудыг унших, таны өгсөн урилгыг дагах нь чухал гэдгийг онцлон хэл.

Үүрэг амлалтаа сахих нь хүмүүсийг насан туршийн хөрвөлтийн зам дээрх ёслол, гэрээнүүдэд бэлтгэдэг. Таны хичээл зүтгэл тэдэнд Есүс Христийг дагах хүслээ “өөрсдийн ажлуудаар үнэнхүү тунхагла[хад]” тусалж чадна (Сургаал ба Гэрээ 20:37).

Зураг
Тэврэлдэж буй эмэгтэйчүүд

Өдөр бүр хэдхэн минутад холбоо барих төлөвлөгөө

Хүмүүст үүрэг амлалтаа биелүүлэхэд нь туслах нь таныг анх очиж, тэдэнд заахаас эхэлдэг. Тэднээс өгсөн амлалтаа утас, хуанли эсвэл таны тэдэнд үлдээсэн ямар нэгэн зүйл дээр бичиж тэмдэглэхийг хүс.

Та эсвэл хичээлд оролцож байгаа гишүүн дараагийн хичээл хүртэл өдөр бүр хэдхэн минут холбоо барьж болох эсэхийг асуу. Ийн холбоо барих нь тэдэнд дэмжлэг тусламж үзүүлэх зорилготой бөгөөд үүнийг хийх зарим арга замыг тайлбарла. Ийн холбоо барих нь Сургаал ба Гэрээ 84:106 дээрх зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нэг арга зам юм.

Богино хугацаанд гэрт нь очих, утсаар ярих, зурвасаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мессеж бичих гэх мэт аль нь хамгийн үр дүнтэй холбоо барих арга зам болохыг тодорхойл. Технологи нь нэмж сануулах, дэмжлэг тусламж үзүүлэх олон сонголтыг өгдөг.

Өдөр бүр холбоо барихдаа хүмүүсийг урамшуулан дэмжиж, тусал

Урилга бүрийнхээ дараа, дараагийн өдөр нь явцыг хэрхэн шалгахаа Preach My Gospel аппликэйшнд бичиж тэмдэглэ. Дараагийн өдрөө төлөвлөж, хүмүүст үүрэг амлалтаа биелүүлэхэд нь хэрхэн туслах талаар ярилцахдаа Сүнсний удирдамж эрэлхийл.

Хүмүүстэй өдөр бүр холбоо барихдаа эерэг байж, урам зориг өг. Тэдний төлөө залбир. Тэдэнд үүрэг амлалтаа биелүүлэхэд нь туслахдаа хайрлаж, ойлгож байгаагаа харуул. Асуултад нь хариулж, зовлон бэрхшээлээ даван гарахад нь тэдэнд тусал. Цаг байвал Мормоны Номыг хамтдаа унш. Сүмийн зохих хэвлэл мэдээллийн хэрэгслийг, тэр дундаа урам зориг өгөх Сүмээс бэлтгэн гаргасан дуу хөгжмийг хуваалц. Тэдний цаг зав, хүслийг хүндэтгээрэй.

Тэднийг Сүмийн бусад гишүүнтэй танилцуул. Тохиромжтой бол үүрэг амлалтаа биелүүлэхэд нь туслахыг гишүүдээс хүс (10-р бүлгийг үзнэ үү).

Үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд ажиллаж байгаа хүмүүсийг магт. Их Эзэн тэдний хичээл зүтгэлийг хэрхэн таалж байгааг олж харахад нь тэдэнд тусал. Тэр хүмүүс амьдралаа өөрчилж байгаа бөгөөд энэ нь нөр их хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Тэдэнд хүлээн авч буй адислалуудаа олж харахад нь тусал. Тэд амжилтад хүрч чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийл.

Мөн хүмүүс үүрэг амлалтаа биелүүлээгүй байсан ч хайраа харуул. Өдөр бүр холбоо барихдаа тэдэнд дэмжлэг тусламж санал болго. Жишээлбэл: Хэрэв хэн нэгэн Мормоны Номын нэг бүлгийг унших урилгыг авсан ч хараахан уншаагүй байвал хамтдаа уншихыг санал болго. Амлалтаа биелүүлэх нь түүний амьдралыг хэрхэн адисалж болохыг олж харахад түүнд тусал.

Хүмүүс нэг биш олон оролдлогын дараа үүрэг амлалтаа биелүүлж болох бөгөөд та тэдэнд туслахаар хэд хэдэн удаа очих шаардлага гарч магад. Тэдэнтэй үүрэг амлалтаа биелүүлэхэд тулгарч буй сорилтуудаа хэрхэн даван туулж болох талаар ярилц. Зэмлэж, шүүмжлэх биш харин тэвчээртэй байж, дэмжин тусал.

Ариун Сүнсний нөлөөн доор өдөр бүр холбоо барь

Хүмүүстэй холбогдож, явцыг шалгахдаа үүрэг амлалтаа биелүүлж байгаа туршлагаасаа хуваалцахыг хүс. Юу сурч, юу мэдэрснийг нь асуу. Энэ нь тэдэнд амьдралд нь үзүүлсэн Сүнсний нөлөөг олж харан, дараагийн алхмаа тодорхойлоход тусална.

Өдөр бүр хүмүүстэй холбоо барих таны зорилгын нэгэн чухал хэсэг бол Ариун Сүнсний нөлөөг тэдний амьдралд урин авчрах явдал юм. Таныг байхгүй байхад Сүнсийг хэрхэн мэдрэхийг ялган танихад нь тэдэнд тусал. Та өдөр бүр холбоо барьж, тэдний хичээлийн үеэр мэдэрсэн сүнслэг мэдрэмжийг бататгах ёстой. Тэд Ариун Сүнсний хүч, нөлөөг мэдэрснээр хөрвөгдөх болно.

Хайраа үзүүл

Хөрвөгдөх үйл явц нь Христийнхтэй адил хайранд төвлөрдөг (4 Нифай 1:15-ыг үзнэ үү). Энэрлийн бэлгийг эрэлхийл. Чин сэтгэлээсээ хайраа харуулах нь хүмүүст Сүнсийг амьдралдаа мэдрэхэд тусалдаг. Таны хайрын илэрхийлэл тэдэнд урилгыг хүлээн авч, хөрвөлтөд хүргэх амлалтаа биелүүлэхэд мөн тусалж болох юм.

Та бусдыг хайрлаж, тэдэнд заахын хэрээр Аврагч руу хөтлөх таны өөрийн хөрвөлт илүү гүнзгийрэх болно.

Өөр хүний хөрвөлтөд туслах нь ариун нандин ажил юм. Та өөрийгөө энэ ажилд болон бусдад үйлчлэхэд зориулснаар үүрдийн баяр баясгаланг олж авах болно (Матай 10:39; Мозая 2:17; Алма 27:17–18; Сургаал ба Гэрээ 18:10–16-г үзнэ үү).

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Зааж байгаа хүн бүртэйгээ өдөр бүр холбоо барих төлөвлөгөөгөө Preach My Gospel аппликэйшн дээр бичиж тэмдэглэ. Хүн бүрийг шалгахын тулд юу хийхээ хэдэн өдрийн өмнөөс төлөвлө.

Хүн бүрд хичээл зааж байхдаа өгөх нэг урилгыг сонго. Дараа нь хэн нэгэнд уг үүрэг амлалтыг хүлээн авахад эсвэл дагахад гарч болзошгүй өөр өөр асуудлыг тодорхойл. Асуудлуудаа шийдвэрлэхэд нь хүмүүст туслах хамгийн сайн арга замын талаар ярилцаж, дадлага хий.

Их Эзэн хүмүүсийг ирж, үлдээсэй хэмээн хүсдэг

Хүмүүсийг амьдралынхаа туршид сайн мэдээний дагуу амьдарч, Сүмд идэвхтэй байх амлалт өгч, уг амлалтаа биелүүлэхэд нь номлогчийн ажил хамгийн их нөлөөлдөг. Хүмүүсийн хувьд зүгээр л Сүмд ирэх нь хангалтгүй. Их Эзэн тэднийг ирж үлдэхийг хүсдэг (Иохан 15:16-г үзнэ үү). Бүх хичээл, урилгаа энэ зорилгод чиглүүл. Гишүүд Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд зориулсан бүх адислалыг хүлээн авахын тулд зарлигуудыг болон Сүмд идэвхтэй байх үедээ байгуулсан гэрээнүүдээ сахин, сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдрах ёстой.

Нифай: “Та нарыг энэ давчуу бөгөөд нарийн замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; … Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой … мөн [та нар] эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн тийн хэлсэнчлэн: Та нарт мөнхийн амьдрал байх болно” хэмээн заасан (2 Нифай 31:19–20).

Хүмүүсийг “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай” болох шаардлагыг хангахад туслахын тулд бүхий л чадлаараа зүтгэ (Сургаал ба Гэрээ 14:7).


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • 4-р хичээлээс зарлигуудыг тодорхойл. Тухайн зарлигтай холбоотой амлагдсан адислалуудыг дүрсэлсэн судрын эшлэл, хожмын үеийн бошиглогчдын хэлсэн үгийг олж, тэмдэглэ. Энэ зарлигийг дуулгавартай дагаснаар хүлээн авсан адислалуудаа бодож, тэдгээрийг тэмдэглэлдээ бич.

  • Та гэр бүлийнхэнтэйгээ эсвэл бусад хүнтэй харилцахдаа аль нэгэн зарлигийг дуулгавартай дагаснаар хэрхэн адислагдсаныг нь тэднээс асуу (Жишээлбэл: Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, аравны нэгийн хуулийг дагах эсвэл зааж байгаа хүний тань хувьд сахихад хэцүү байгаа зарлиг).

  • Дараах асуултуудад хариул. Энэ нь урилга өгөхдөө гаргаж байгаа алдаагаа тодорхойлоход танд тусална. Сайжруулах төлөвлөгөө гарга.

    • Хүмүүс намайг тэдэнд хайртай гэдгийг мэддэг үү?

    • Бидний урилгын дагуу үйлдсэнээр тэд адислагдана гэдэгт би итгэдэг үү?

    • Амлалтаа биелүүлэхэд нь туслахын тулд би хүмүүстэй өдөр бүр холбоо барихад хангалттай цаг зарцуулж, анхаарал тавьдаг уу?

    • Бидний хичээлийн төлөвлөгөөнд тодорхой үйлдэл хийх урилга багтсан уу?

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Номлогчийн хичээлүүдийн нэг дээр байгаа урилгуудыг дахин авч үз. Урилга бүр дээр дараах асуултуудад хариул.

    • Энэ үүрэг амлалтыг биелүүлсэн хүмүүст Их Эзэн ямар адислалуудыг өгөхөөр амласан бэ?

    • Энэ зарчмыг дуулгавартай дагах нь хүмүүсийн итгэл, гэрчлэл өсөн нэмэгдэхэд хэрхэн туслах вэ?

    • Энэ үүрэг амлалт нь хүмүүсийг наманчилж, Сүнсэнд илүү мэдрэмтгий байхад хэрхэн туслах вэ?

  • Төлөвлөх хэрэгслээсээ сүүлийн хоёр өдөр холбоо барьсан хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг гарга. Зааж байгаа хүмүүс болон гишүүдийг оролцуул.

    • Хүн бүрд өөрийн тань өгсөн урилгыг мөн тэдний өгсөн амлалтыг тус тус бич.

    • Өөр ямар ямар урилга өгч болохоо бодож үз.

    • Яагаад энэ хүмүүсийн заримаас нь үүрэг амлалт авч чадсан, заримаас нь авч чадаагүйгээ ярилц.

    • Та эдгээр урилгын явцыг шалгахын тулд юу хийх вэ?

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Зааж байгаа хүмүүстэйгээ өдөр бүр холбоо барих үр дүнтэй, бүтээлч санаануудыг ярилц. Номлогчид гишүүдтэй хэрхэн үр дүнтэй ажиллаж ирсэн бэ? Ямар ямар хэвлэмэл эсвэл дижитал мэдээлэл дэх материалууд тустай байдаг вэ? Хүмүүс гэртээ байхгүй эсвэл тантай уулзах завгүй бол та юу хийж болох вэ?

  • 4, 5-р хичээл дахь зарлигуудыг номлогчид үр дүнтэй заасан арга замуудыг ярилц.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Боломжтой бол номлогчдыг даган хичээлд суу. Хүмүүст үүрэг амлалт өгч, үүнийгээ биелүүлэхэд нь туслахад төвлөрч ажиллахад тэдэнд тусал.

  • Тойргийн санваарын болон байгууллагын удирдагчид, гишүүдийг номлогчдын зааж байгаа хүмүүстэй өдөр бүр холбоо барихад урамшуулан дэмж.