Номлолын дуудлагууд
13-р бүлэг: Сүмийг хөгжүүлэхийн тулд удирдагчид болон гишүүдтэй нэгд


“13-р бүлэг: Сүмийг хөгжүүлэхийн тулд удирдагчид болон гишүүдтэй нэгд,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“13-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Зураг
Түүнийг сонс, Саймон Дюүи

13-р бүлэг

Сүмийг хөгжүүлэхийн тулд удирдагчид болон гишүүдтэй нэгд

Үүнийг эргэцүүлэн бод

  • Би Сүмийг байгуулахын тулд тойргийн удирдагч, гишүүдтэй хэрхэн ажиллаж болох вэ?

  • Номлогчийн ажилд гадас, тойргийн удирдагчид ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?

  • Тойргийн удирдагчтай хамт хуралддаг долоо хоногийн зохицуулах хурлаар юу хийх ёстой вэ?

  • Би сайн мэдээг хуваалцах, шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэхэд нь тойргийн удирдагчдад хэрхэн тусламж дэмжлэг үзүүлж болох вэ?

Номлогчид заах хүмүүсийг олж, тэднийг Аврагч руу хөтлөхийн тулд орон нутгийн удирдагч, гишүүдтэй хамтран ажилладаг. Та нар Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайраараа нэгддэг. Орон нутгийн удирдагч, гишүүдтэй хэр нэгдэж ажиллаж чадсанаар тань Тэр таны хүчин чармайлтыг өсгөн нэмэгдүүлнэ. Тэдэнтэй хамтран ажиллахыг өөрийн зорилго, төлөвлөгөөний чухал хэсэг болго.

Та орон нутгийн удирдагч, гишүүдтэй танилцаж, тэднийг хайрласнаар тэдний дуудлага болон номлогчийн ажилд дэмжлэг тусламж үзүүлж болох арга замуудыг олж харах болно. Өөрийн бэлэг, авьяас чадварыг урам зориг өгч, хүчирхэгжүүлэх замаар тэдэнд зориул.

Энэ бүлэгт та сайн мэдээг хуваалцах, шинэ болон эргэн ирж буй гишүүдийг бэхжүүлэхэд гишүүдтэй хэрхэн хамтран ажиллаж болохыг тайлбарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий гарын авлагын 23-р бүлгээс үзнэ үү.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Алма 18–19 дэх хаан Лемонай, түүний эхнэр болон түүний хүмүүсийн хөрвөлтийн түүхийг унш.

  • Энэ хөрвөлтөд Абиш ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Аммоны хийж чадаагүй ямар зүйлийг тэр хийж чадсан бэ?

  • Та түүний үлгэр жишээнээс гишүүд, номлогчид хамтран ажиллах талаар юу сурч мэдсэн бэ?

Номлогчийн ажилд тусалж буй гишүүдийн дараах жишээг бодож үз. Үүнд:

Та удирдагч, гишүүдийг тэдний үлгэр жишээг дагахад хэрхэн урамшуулж болох вэ?

Орон нутгийн удирдагч, гишүүдтэй харилцаагаа бэхжүүлэх

Орон нутгийн Сүмийн удирдагч, гишүүд бол Бурханы ажилд оролцдог та нарын хамтрагчид юм. Сэргээгдсэн сайн мэдээг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд хүргэхийн тулд хамтран ажиллахад та нарт туслах харилцааг бий болго. Эдгээр харилцаа нь таныг насан туршид адислах болно.

Орон нутгийн удирдагч, гишүүдтэй итгэлцэл хүлээсэн, жинхэнэ найз нөхдийн харилцаатай бол. Тэднийд зочлон очиж; гэр бүл, гарал үүсэл, сонирхол, Сүмийн туршлагынх нь талаар мэдэж ав. Тэдний амьдралыг чин сэтгэлээсээ сонирх.

Тэднийхээр зочлохдоо зорилготой очиж бай. Та заах хүн хайж олох, заах ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулж байгаагаа харуул. Тэдний цаг зав, төлөвлөсөн ажлын хуваарийг хүндэтгэ.

Та тэдний гэрт уулзаж эсвэл сайн мэдээг заахдаа итгэлийг нь бэхжүүлэхэд туслахыг эрэлхийл. Сүнсийг өөртэйгөө хамт байлгахын тулд залбиран байж эрэлхийл. Бүсийнхээ номлогчийн ажилтай холбоотой туршлагаасаа хуваалц.

Зураг
Бүлгийн хурал

Орон нутгийн удирдагчдын үүрэгт ажилд тусламж дэмжлэг үзүүлэх

Зарим удирдах дуудлагад номлогчийн ажилтай холбоотой үүрэг хариуцлага ордог. Эдгээр үүрэг хариуцлагыг ойлгох нь эдгээр удирдагчид дэмжлэг үзүүлэхэд тусална. Дараах тайлбаруудыг Ерөнхий гарын авлагын 23-р бүлгээс авав.

Гадасны ерөнхийлөгч: Гадсан дахь сайн мэдээг хуваалцах, шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх санваарын түлхүүрүүдийг атгадаг. Тэр зөвлөхүүдийн хамт эдгээр хүчин чармайлтад ерөнхий удирдамж өгнө.

Бишопын зөвлөл: Сайн мэдээг хуваалцах, шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн ажлыг удирдахдаа ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ажлаа уялдуулан холбодог.

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл: Сайн мэдээг хуваалцах, шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн өдөр тутмын ажлыг удирдана. Тэд бишопын удирдлаган доор эдгээр ажлыг удирдахаар тойргийн зөвлөлтэй хамтран ажиллана. (Ерөнхий гарын авлагын 8.2.3 болон 9.2.3-ыг үзнэ үү.)

Тойргийн номлолын удирдагч (дуудагдсан бол): Тойргийн гишүүд болон удирдагчид, тойргийн болон бүрэн цагийн номлогчдын ажлыг уялдуулан холбоно. Хэрвээ тойргийн номлолын удирдагчийг дуудаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхий гарын авлагын 23.5.3-ыг үзнэ үү.

“Би орон нутгийн удирдагчдын хувьд адислал болж чадаж байна уу?” гэж өөрөөсөө тогтмол асууж бай. “Би хэрхэн туслах вэ?” гэсэн хандлагыг өөртөө төлөвшүүл.

Хамтрагчтайгаа судлах

Тойргийн удирдагчтай товчхон уулзах цаг товло. Та түүнийг хэрхэн илүү сайн дэмжиж болох талаар асуу. Сайжруулах төлөвлөгөө гарга.

Зураг
Зөвлөлийн хурал

Долоо хоног тутмын зохицуулах хурал

Орон нутгийн, тэр дундаа өсвөр үеийнхний удирдагчидтай уялдаа холбоотой ажиллах нь номлогчийн ажилдаа нэгдмэл байхад амин чухал. Хэрэв тойргийн номлолын удирдагчийг дуудсан бол тэр энэ хурлыг хөтлөн явуулна. Үгүй бол энэ үүргийг гүйцэтгэж байгаа ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хурлыг удирдана.

Энэхүү товч, албан бус хурлаар орон нутгийн удирдагчид сайн мэдээг хуваалцах, шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх ажлаа уялдуулан холбоно (Ерөнхий гарын авлагын 23.5.7-г үзнэ үү). Хурлыг биечлэн эсвэл онлайнаар явуулж болно. Уялдуулан холбох ажлыг мөн долоо хоногийн дундуур утсаар ярих, мессеж бичих, э-мэйл илгээх гэх мэт арга замаар хийж болно.

Зураг
Ахлагч Квинтин Л.Күк

“Номлогчийн төлөвлөгөө, зорилго тойрог, салбарын төлөвлөгөө, зорилготой нэгдмэл байх нь Израилыг цуглуулах ажлыг гүйцэлдүүлэхэд маш тустай” (Quentin L. Cook, “Purpose and Planning,” mission leadership seminar, June 25, 2019).

Долоо хоног тутмын зохицуулах хуралд бэлд

Долоо хоног тутмын зохицуулах хуралд оролцохоор бэлдэж ирэх замаар тойргийн удирдагчдыг дэмж. Хурлын өмнө цаг гарган, уг хуралд хэрхэн үр дүнтэй оролцох талаар хамтрагчтайгаа судлах цагаараа ярилц.

Удирдагчдад ажиллаж байгаа хүмүүсийнхээ талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломж олгохын тулд Preach My Gospel аппликэйшн дээр бүртгэлээ шинэчил. Өмнөх хурлаар авсан үүрэг даалгавраа тайлагнахад бэлд.

Долоо хоног тутмын зохицуулах хуралд оролц

Долоо хоног тутмын зохицуулах хурал нь хувь хүмүүсийн хэрэгцээнд анхаарлаа хандуулах зорилготой. Хурлын үеэр тойргийн гишүүдэд, үүний дотор өсвөр үеийнхэнд хувь хүнийх нь хувьд хэрэгцээ шаардлагыг нь хангахад хэрхэн туслах саналаа хуваалц.

Долоо хоног тутмын зохицуулах хурал нь ихэвчлэн дараах дөрвөн сэдвийг хамардаг.

Бид зааж байгаа хүмүүстээ хэрхэн туслах вэ? Ярилцаж болох зүйлс:

  • Ирэх долоо хоногт ямар гишүүд хичээлд оролцох боломжтой вэ? Тэднийг хэн оролцоход урих вэ?

  • Зааж байгаа хүмүүст маань ямар бэрхшээл тулгарч байна вэ? Гишүүд хэрхэн тусалж болох вэ?

  • Баптисм хүртэх өдрөө товлосон хүмүүст юу хэрэгтэй байна вэ? Баптисмыг төлөвлөсөн үү? (12-р бүлэг дэх “Баптисмын үйл ажиллагаа” хэсгийг үзнэ үү.)

Бид саяхан баптисм хүртсэн хүмүүст хэрхэн туслах вэ? Ярилцаж болох зүйлс:

  • Гишүүн болсон эхний жилдээ чухам аль шинэ гишүүд ариун ёслолын цуглаанд оролцож байна вэ? Оролцохгүй байгаа хүмүүст бид хэрхэн тусалж болох вэ?

  • Аль шинэ гишүүд тойрогтоо найзтай вэ? Тохинуулагч ах, эгч нар хэрхэн тусалж болох вэ? Өсвөр үеийнхний чуулга, ангийнхан хэрхэн тусалж чадах вэ?

  • Аль шинэ гишүүд үүрэгт ажил буюу дуудлагатай байна вэ?

  • Бид хэрхэн шинэ гишүүдэд нас барсан өвөг дээдсээ судалж эхлэхэд нь туслан, ариун сүмийн ёслолуудыг тэдний өмнөөс хийж гүйцэтгэхэд нь тусалж болох вэ? Шинэ гишүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг байгаа юу? Хэрэв ариун сүм танайхтай ойролцоо байдаг бол бид хэрхэн тэдэнд ариун сүмд орж өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэхэд нь тусалж болох вэ?

  • 3-р бүлгийн аль хичээлийг дахин заах шаардлагатай байна вэ? Гишүүд хэрхэн оролцож болох вэ?

  • Шинэ гишүүн бүрийн My Covenant Path дээрх ахиц дэвшлийг авч үз.

Бид эргэж ирсэн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Ярилцаж болох зүйлс:

  • Гэрийнхнийх нь зарим нь Сүмийн гишүүн ямар гэр бүлд номлогчид очин, зааж болох вэ?

  • Аль буцаж ирсэн номлогч дээр номлогчид очиж уулзаж болох вэ?

  • Эргэж ирсэн аль гишүүн тойрогтоо найз нөхөдтэй мөн үйлчлэх боломжтой болсон байна вэ?

  • Бид тэдгээр гишүүнд хэрхэн тусалж чадах вэ?

Бид заах олон хүнийг хэрхэн хайж олж болох вэ? Ярилцаж болох зүйлс:

  • Бид хувь хүн, өсвөр үеийнхэн болон гэр бүлүүдэд хайрлах, хуваалцах, урих зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? (9-р бүлэг дэх “Гишүүдтэй нэгд” хэсгийг үзнэ үү.)

  • Бид гишүүдэд, тэр дундаа Хүүхдийн хэсгийн удирдагчдыг тойргийн үйл ажиллагаанд найз нөхдөө урихад нь хэрхэн тусалж болох вэ?

Хамтрагчтайгаа судлах

Ерөнхий гарын авлагын 23.5.7 дахь долоо хоног тутмын зохицуулах хурлын видеог үзнэ үү. Та дараагийн долоо хоногийн зохицуулах хурлаар хэрэгжүүлж болох юуг өнөөдөр сурч мэдсэн бэ? Та хэрхэн тойргийн удирдагчидтай хэрэгцээ шаардлагын талаар ярилцаж, төлөвлөгөө гаргахад нь илүү сайн бэлдэж болох вэ? Дараагийн төлөвлөх цагаараа сайжрах зорилго тавь.

Сайн мэдээг хуваалцах тойргийн төлөвлөгөөг дэмжих

Тойргийн зөвлөл нь сайн мэдээг хуваалцах энгийн төлөвлөгөө гаргадаг (Ерөнхий гарын авлагын 23.5.6-г үзнэ үү). Уг төлөвлөгөөтэй танилцана уу. Долоо хоног тутмын зохицуулах хурлаар удирдагчдад зорилгодоо хүрэхэд нь туслах арга замыг эрэлхийл. Гишүүдэд сайн мэдээг хуваалцахад нь туслахын тулд юу хийж байгаагаа удирдагчдад мэдээл.

Хэрэв таныг тойргийн зөвлөлийн хуралд оролцоход урьсан бол зааж байгаа хүмүүсийнхээ гаргаж буй ахиц, хүлээн авсан үүрэгт ажлынхаа талаар товч мэдээлэл өгөхөд бэлэн бай (Ерөнхий гарын авлагын 29.2.5-ыг үзнэ үү). Энэ боломжийг тойргийн удирдагчдын итгэл, найдварыг өсгөн нэмэгдүүлэх цаг гэж хар.

Зураг
Гар барилцаж байгаа хүмүүс

Орон нутгийн хэрэгцээнд нийцүүлэх

Тойрог, салбар бүрд дасан зохицох шаардлагатай өвөрмөц хэрэгцээ байдаг. Та жижиг салбарт юм уу ганц бие залуучуудын тойрогт эсвэл нэг зэрэг олон тойрогт үйлчилж болно. Зарим удирдагч илүү туршлагатай, зарим нь туршлага багатай байж болно. Зарим удирдагч бусадтай харьцуулахад илүү их цаг завтай байж ч магадгүй.

Орон нутгийн удирдагчдад туслах арга замыг эрэлхийл. Тэд танаас гишүүдийг тохинуулах ажилд туслахыг хүсэж болох юм. Тэд танаас шинэ гишүүдийг найз нөхдөө сүмд урихад урамшуулахыг хүсэж болно. Удирдагчид болон гишүүдийг сайн мэдээг хуваалцах арга замуудын талаар суралцах үед та номлогчийн ажлын талаар үнэ цэнтэй ойлголт өгөх боломжтой.

Сүм харьцангуй шинэхэн байгаа газарт салбарын удирдагчид Их Эзэн Сүмээ хэрхэн зохион байгуулсныг ойлгоход нь шинэ гишүүдэд туслахыг танаас хүсэж болно.

Удирдагчидтай хийх ажил тань өөр өөр салбарт өөр өөр байж болох ч эдгээр үйл ажиллагаа бүгдээрээ хүмүүсийг адисалж, Их Эзэний Сүмийг байгуулахад зайлшгүй шаардлагатай.

Гишүүд, удирдагчдад хайрлаж, хуваалцаж, урихад нь туслах

Гишүүдийг сайн мэдээг энгийн бөгөөд эвтэйхэн арга замаар хуваалцахад урамшуул. Ерөнхий гарын авлага нь гишүүд, удирдагчдад хайрлах, хуваалцах, урих зарчмуудын дагуу амьдарснаар үүнийг хийхэд туслах заавар, видеонуудыг санал болгодог (Ерөнхий гарын авлагын 23.1.1, 23.1.2, 23.1.3-ыг үзнэ үү). Удирдагчидтай ажиллахдаа эдгээр зарчмыг бүү март.

Та удирдагчдын энэ ажилд тусламж дэмжлэг үзүүлснээр тэдний хувьд адислал нь байх болно. Үүний хариуд, тэдний үлгэр жишээ сайн мэдээг хуваалцах, шинэ болон эргэн ирсэн гишүүдийг хүчирхэгжүүлэх ажилд илүү түлхүү оролцоход гишүүдэд тусална.

Гишүүдийн сайн мэдээг хуваалцахаар хийж буй ажилд дэмжлэг үзүүлэх санааг 9-р бүлэг дэх “Гишүүдтэй нэгд” хэсгээс үзнэ үү.

Судраас судлах

Дараах шүлгүүдийг судал. Аврагч болон эдгээр шавь хэрхэн хайрлаж, хуваалцаж, урьсан бэ? Эдгээр жишээ нь таныг заахдаа ямар үйлдэл хийхэд урамшуулж байна вэ? Та хэрхэн гишүүдэд сайн мэдээг энгийн бөгөөд эвтэйхэн арга замаар хуваалцахад нь тусалж болох вэ?

Хайрла

Хуваалц

Урь

Судлах бүрдээ сурч мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэ.

Зураг
Эрчүүд ярилцаж байгаа нь

Шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэхэд орон нутгийн удирдагчдыг дэмжих

Хүмүүс баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан үедээ “нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх” болдог (Ефес 2:19; мөн 1 Коринт 12:12–27-г үзнэ үү). Шинэ гишүүдийг “зөв замд байлгахын тулд, … Христийн сайн үйлсийн дээр л тулгуурлан … Бурханы сайн үгээр … тэжээгдэх[эд]” (Mоронай 6:4) нь туслахын тулд орон нутгийн удирдагчидтай хамт ажилла.

Зураг
Ахлагч Үлиссэс Соарэс

“Шинэ хөрвөгчид Сүмийг олсондоо үнэн голоосоо баярлан ирдэг. Харин бид цаг алдалгүй харилцаа холбоогоо тэр баяр хөөр дээр суурилуулах ёстой. … Номлогчид зааж байгаа хүмүүсээ болон шинэ хөрвөгчдийг баптисм хүртэхээс нь өмнө тэдэнд тусалж, тэднийг сонсож, удирдан чиглүүлж, сүмд угтан авах итгэлтэй гишүүдтэй танилцуулж, холбож өгөх ёстой. … Бид баптисмын усанд орох хүмүүст [тохинуулснаар] Бурханы урьд өмнөхөөс ч олон хүүхэд эцсээ хүртэл тэвчиж, мөнх амьдралыг хүлээн авахыг харах болно” (Ulisses S. Soares, “Convert Retention,” mission leadership seminar, June 25, 2018).

Шинэ гишүүдэд ариун ёслолын цуглаанд оролцоход нь тусал

Та шинэ гишүүдэд сүмд ирэхэд нь туслах чухал үүрэгтэй. Сүмд ирэхэд нь туслахын тулд та эсвэл тойргийн гишүүд удирдагчидтайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Шинэ гишүүний ариун ёслолын цуглааны ирцийг харуулдаг гол үзүүлэлт нь танд болон тойргийн удирдагчдад хэзээ түүнд нэмэлт дэмжлэг тусламж хэрэгтэй болохыг олж харахад тусалдаг.

Тойрогтоо найз нөхөдтэй болсон шинэ гишүүд ариун ёслолын цуглаандаа үргэлжлүүлэн оролцож, ариун ёслолоос хүртэх магадлал илүү өндөр байдаг. Ялангуяа сайн мэдээний дагуу амьдарч эхэлсэн эхний жилд нь тэдэнд бидний нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд нь тусал. (Сургаал ба Гэрээ 84:106, 108-ыг үзнэ үү.)

3-р бүлгийн хичээлүүдийг дахин заа

Аврагч Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ үргэлжлүүлэн бэхжүүлэхэд нь шинэ гишүүдэд тусал. Шинэ гишүүд Сүнсээр суралцахын хэрээр сайн мэдээний үнэнүүд болон зарчмуудын үндэс гүн гүнзгий бэхлэгдэх болно.

Гишүүнээр баталсны дараа номлогчийн хичээлүүдийг дахин заа. Та заах ажлыг удирдаж болно. Гэхдээ тойргийн номлогчид эсвэл бусад гишүүнийг оролцуулахын тулд тойргийн удирдагчидтай хамтран ажилла. 3-р бүлгийн хичээлүүдийг дахин заах нь шинэ гишүүдэд “Бурханы сайн үгээр тэжээгдэ[хэд]” (Моронай 6:4) туслах чухал арга зам юм. Заахдаа шинэ гишүүдийг хичээл дээрх бүх амлалтаа биелүүлэхэд урамшуул.

Шинэ гишүүдтэй хамт судруудаас, ялангуяа Мормоны Номоос уншиж, сайн мэдээний зарчмуудыг тэдэнд заа. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайн мэдээг хуваалцахад нь тэдэнд тусал. Шинэ гишүүн бүрд тодорхой хэрэгцээ байдаг бөгөөд та түүнд хүмүүс өөрийг нь хайрлаж, халуун дотно хүлээн авч байгааг мэдрэхэд нь тусалж болно.

Гэрээний зам дээрх өсөлт хөгжлийн тайлан болон My Covenant Path

Танд байдгийн адил орон нутгийн удирдагчдад бас номлогчийн ажилд зориулсан эх сурвалжууд байдаг. Тэдгээрийн нэг нь Member Tools аппликэйшн буюу Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан дээрх Гэрээний зам дээрх өсөлт хөгжлийн тайлан юм. Энэ тайлан нь орон нутгийн удирдагчдад тухайн хүний баптисм хүртэхийнхээ өмнө болон дараа гэрээний зам дээр үргэлжлүүлэн ахиц гаргахын тулд авсан байх ёстой чухал туршлагуудыг олж харах боломжийг олгодог.

My Covenant Path бол шинэ гишүүдэд “Есүс Христэд итгэх [итгэлдээ] зангуугаа бат бөх тавьж, Сүмд гэртээ байгаа мэт байхад” туслах эх сурвалж юм (My Covenant Pathiv). Энэ нь шинэ гишүүдийг гэр бүлийн түүх, нас барсан өвөг дээдэстээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад нь туслах зэрэг үйл ажиллагаа, боломжуудтай танилцуулдаг. Эдгээр туршлагаар дамжуулан шинэ гишүүдийг удирдан чиглүүлэхэд орон нутгийн гишүүдийг урамшуулан дэмж. Хүсэлтийн дагуу тусламж дэмжлэг үзүүл.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

My Covenant Path-ийг судал. Гишүүдэд шинэ хөрвөгчдийг хүчирхэгжүүлэхэд нь туслах үүргийнхээ талаар та юу мэдэж авсан бэ? Та тойргийн зөвлөлийн ажилд хэрхэн тусламж дэмжлэг үзүүлж болох вэ? Энэ бүлгийг судлах бүрдээ сурч мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэ.

Эргэж ирсэн гишүүдээ хүчирхэгжүүлэхэд орон нутгийн удирдагчдад тусламж дэмжлэг үзүүлэх

Зарим гишүүн Сүмийн үйл ажиллагаанд оролцохоо больдог. Орон нутгийн удирдагчид болон бусад гишүүн тэдэнтэй бат бөх харилцаа тогтоож, тэдэнд хүрч ажиллахыг хичээнэ. Аврагч:

“Тийм нэгэнд та нар үргэлжлүүлэн тохинуулах болно, учир нь, тэд эргэж ирээд мөн наманчилж мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж, мөн би тэднийг эдгээх ажгуу; мөн та нар тэдэнд авралыг авчрах хэрэгсэл байх эсэхийг та нар мэдэхгүй” (3 Нифай 18:32).

Орон нутгийн удирдагчид эргэн ирсэн гишүүдийн итгэлийг бэхжүүлэхэд туслахыг танаас хүсэж болох юм. Ихэнхдээ эдгээр үүрэг даалгаврыг гэрийнхнийх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүлтэй ажиллахад өгдөг. Эргэн ирсэн гишүүдийн гэрт сайн мэдээний зарчмуудыг зааж, тэднийг үйлдэхэд урихдаа Сүнсийг хэрхэн урин авчирч болох талаар залбирч байгаад бодож үз. Тэдний оронд өөрсдийгөө тавьж, асуудлыг ойлгож байгаагаа харуул.

Нөхцөл байдал бүрдвэл, баптисм хүртээгүй байгаа гэр бүлийнх нь хүмүүст сайн мэдээг заа. Таны хайр, дэмжлэг тэдэнд Христэд итгэх итгэлээ гүнзгийрүүлж, гэрээ байгуулж, гэрээгээ сахих хүслийг нь нэмэгдүүлэхэд тусална.

Эргэж ирсэн гишүүдтэй ажиллахдаа орон нутгийн удирдагчидтай уялдаа холбоотой ажилла. Эдгээр ажил нь хувь хүмүүст төдийгүй орон нутгийн цуглаанд асар ихээр нөлөөлж болох юм.

Судраас судлах

Есүс Христ зовж шаналж буй хүмүүст туслах талаар юу заасан бэ?

Алма, Амюлек хоёр Сүмээс холдсон олон хүнд заасан. Тэдний туршлагаас та эргэн ирсэн гишүүдийг хүчирхэгжүүлэх талаар юу сурч мэдсэн бэ?


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Preach My Gospel аппликэйшныг ашиглан, амьдралаа өөрчилж, сүмд явж байгаа шинэ болон саяхан эргэж ирсэн гишүүдтэй ярилцах төлөвлөгөө гарга. Тэдэнд юу хамгийн сайн тусалсан бэ? Тэдний туршлагын талаарх өөрийн бодол санааг судлах тэмдэглэлдээ бич. Та зааж байгаа хүмүүстэйгээ ажиллахад туслах ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

  • 2 Нифай 31:18–20, Алма 26:1–7, Алма 32:32–43 болон Моронай 6-г судал. Эдгээр шүлгээс шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх талаар юу мэдэж авснаа бич.

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Ерөнхий гарын авлагын 23-р бүлгийг уншиж, ярилц. Та орон нутгийн удирдагчдадаа үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

  • Долоо хоног тутмын зохицуулах хурлын үеэр энэ долоо хоногт айлчилж очих хэрэгтэй, эргэж ирж буй гишүүн байгаа эсэхийг тойргийн удирдагчдаас асуу. Та тэдэн дээр очихдоо Есүс Христэд итгэх итгэлийг нь өсгөн нэмэгдүүлэхийг эрэлхийл.

  • Өнгөрсөн жил баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан бүх хүнийг тодорхойл. Тэдгээрийн аль нэгнийх нь бүртгэлийг авч үзээд, энэ хүнд туслахын тулд удирдагчидтай хэрхэн хамтран ажиллаж болох талаар дараагийн долоо хоног тутмын зохицуулах хурлаар ярилц. Preach My Gospel аппликэйшнд санаа болон бодол саналаа бичиж тэмдэглэ. Бүсийнхээ бүх шинэ хөрвөгчийн бүртгэл дээр энэ маягаар ажилла.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Бишоп, тойргийн бусад удирдагчийг шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар ярихад урь. Энэ ажилд номлогчид хэрхэн тусалж болохыг онцлон хэлэхийг түүнээс хүс.

  • Алдсан хонь, гээсэн зоос, алдагдсан хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг ярилц (Лук 15–ыг үзнэ үү). Сурч байгаа зүйлээ мөн үүнийг номлогчийн ажилдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар хуваалцахад номлогчдыг урь.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Орон нутгийн удирдагчидтай хамтран ажиллаж, шинэ гишүүдэд дараах байдлаар туслахад тэднийг урамшуулан дэмж. Үүнд:

    • Санваарын албанд томил (зохих насны эрэгтэйчүүдийг).

    • Шаардлагатай бол тохинуулагч ахаар (эмэгтэйчүүдийн хувьд тохинуулагч эгчээр) томил.

    • Нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд баптисм хүртэхээр ариун сүмийн зөвшөөрлийн бичиг ав.

    • Ариун сүмд авч явах нас барсан өвөг дээдсийнхээ нэрийг бэлд.

    • Тойрог, салбартаа үйлчлэх үүрэгт ажил эсвэл дуудлага ав.

  • Гадасны ерөнхийлөгчтэй хамтран долоо хоног тутмын зохицуулах хурлыг хэрхэн үр дүнтэй явуулах талаар орон нутгийн удирдагчдад заа.

  • Шинэ гишүүдтэй үе үе уулзаж, ямар байгааг нь асууж, номлогчид болон гишүүд хэрхэн тэдэнд тусалж болохыг олж мэд.

  • Шинэ гишүүдийг номлогчидтой ярилцаж, Сүм дэх туршлагынхаа талаар ярихад урь.