Номлолын дуудлагууд
2-р бүлэг: Судраас судалж, Бурханы хуяг дуулгыг өмс


“2-р бүлэг: Судраас судалж, Бурханы хуяг дуулгыг өмс,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“Судраас судалж, Бурханы хуяг дуулгыг өмс,” Миний сайн мэдээг номло

Зураг
Иосеф Смит Библиэс мэргэн ухаан эрэлхийлэв, Дэйл Килборн

2-р бүлэг

Судраас судалж, Бурханы хуяг дуулгыг өмс

Үүнийг эргэцүүлэн бод

  • Яагаад судар дахь Бурханы үгийг тогтмол судлах нь чухал вэ?

  • Би судраас судлах цагаа хэрхэн илүү утга учиртай болгож болох вэ?

  • Би өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд технологийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Бурханы хуяг дуулгыг өмсөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Судраас судлах

Есүс Христ бол “дэлхийн амь мөн гэрэл билээ. Болгоогтун, тэр бол үнэн хийгээд зөв шударгын үг билээ” (Алма 38:9; мөн Иохан 1-ийг үзнэ үү). Ариун судар дахь Бурханы үгийг судлах нь танд бялхсан амийг авчирна (Иохан 10:10-ыг үзнэ үү). Түүний үгс таныг болон зааж байгаа хүмүүсийг тань гэрэл, үнэнээр дүүргэх болно. Тэдгээр нь танд төдийгүй зааж байгаа хүмүүст тань зөв шударга амьдарч, тэнгэрлэг хамгаалалт, хүч чадал хүлээн авахад тусална. Тэдгээр нь танд Түүнийг таньж мэдэн, бүхнээс дээгүүр тэргүүн амтат Түүний хайрыг амтлахад туслах болно. Түүний үгс таны бодгалийг баяр баясгалангаар дүүргэнэ (1 Нифай 8:11–12; 1–34-р шүлгийг үзнэ үү).

Судар бол тэнгэрлэг бэлэг. Судруудыг өдөр бүр судлах хуваарьт цагтай байдаг нь номлолын агуу адислалуудын нэг билээ.

Сайн мэдээг судлах нь таны хийж чадах хамгийн өгөөжтэй сүнслэг ажлын нэг юм. Энэ нь оюун санаа болон сүнсийг эрч хүчээр цэнэглэдэг. Алмагийн заасанчлан, Бурханы үгийг зүрх сэтгэлдээ “суулгах” үед энэ нь “ойлголтыг [тань] гэгээрүүлж,” амтат болгох болно (Алма 32:28; мөн Инос 1:3–4-ийг үзнэ үү). Бурханы үгийг үргэлжлүүлэн судалж, хэрэгжүүлбэл энэ нь “үндэслэх болно; мөн … үүрдийн амьдралд хүргэх мод байх болно” (Алма 32:41; мөн 42–43-р шүлгийг үзнэ үү). Сайн мэдээний талаарх таны мэдлэг, гэрчлэл өсөн нэмэгдэнэ. Сайн мэдээг хуваалцах хүсэл, чадвар тань мөн өсөн нэмэгдэх болно.

Сайн багшаас суралцах нь чухал ч судруудыг бие даан судалснаар утга учиртай суралцах туршлага олж авах нь мөн адил чухал. Энэ нь мөн зааж байгаа хүмүүст тань ч хамаатай.

Судруудыг ойлгох нь эхэндээ хэцүү байж магад. Гэхдээ Бурханы үгийг тэвчээртэй судлахын хэрээр таны ойлголт өсөн нэмэгдэнэ. Та судраас судалж өнгөрүүлсэн цагаа нандигнадаг болно. Та юу сурч, мэдрэхээ тэсэж ядан хүлээдэг болно.

Судруудтай танилцаж, тэдгээрийг хайрладаг болох нь таны номлогчийн үйлчлэлийн насан туршид үргэлжлэх агуу адислал байж болох юм. Номлолдоо судраас судлахын адислалуудыг мэдрэхийн хэрээр та насан туршдаа үргэлжлүүлэн судлахыг хүсэх болно.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Судруудын гол зорилго бол Бурхан Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр бидний оюун санааг дүүргэх явдал юм. Тэд байдаг гэдэгт итгэх итгэлээр, бидний үхэшгүй байдал болон мөнх амьдралд зориулсан Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр, аз жаргалын төлөвлөгөөг боломжтой болгогч Есүс Христийн Амилалт, Цагаатгалд итгэх итгэлээр, Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа замнал болгох итгэлээр, ‘Цорын ганц үнэн Бурхан болон [Түүний] илгээсэн Есүс Христийг’ (Иохан 17:3) мэдэх итгэлээр судрууд бидний бодгалийг дүүргэх болно” гэж заасан (Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,”Liahona эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39).

Хувиараа судлах

Энэ бүлгийн эхэнд байгаа Иосеф Смитийн зургийг харна уу. Иосеф Смит–Түүх 1:11–13-ыг унш. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Иосеф Смит Иаков 1:5-ыг уншиж, тунгаан бодсон нь түүнийг илчлэлт хүлээн авахад хэрхэн хүргэсэн бэ?

  • Түүний судраас судалсан явдал нь дараа дараагийн үеийнхэнд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Судалж, эрж хайх түүний шийдвэр таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Сайн мэдээнээс судалсан тань таны болон бусдын амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Судраас судлах

Та дараах судруудаас сайн мэдээг судлах хандлагын талаар юу мэдэж авч болох вэ?

Сүнсийг эрэлхийл

Сайн мэдээнээс суралцах нь мэдээлэл авахаас хавьгүй илүү чухал. Энэ нь мөн Ариун Сүнсний удирдамжин доор мөнхийн үнэнийг хэрэгжүүлэх сүнслэг үйл явц юм (Иаков 4:8; Сургаал ба Гэрээ 50:19–25-ыг үзнэ үү). Судруудаас судлахдаа Сүнсний зааврыг эрэлхийлж, өөрт тань заана гэдэгт итгэ. Энэ нь сурсан зүйлийнхээ дагуу үйлдэх чин хүсэлтэйгээр судруудыг өөртэйгөө адилтгахын хэрээр танд өгөгдөх болно (1 Нифай 19:23; Моронай 10:4; Иосеф Смит—Түүх 1:18-ыг үзнэ үү).

Судруудыг залбирч судалснаар Сүнс таны оюун ухаан, зүрх сэтгэлд ярих илчлэлтийн цонхыг нээх болно. Тэр таныг удирдамж, сүнслэг өдөөлт, асуултын хариултаар адисална. Судраас судлахад тань Ариун Сүнс таныг хүчирхэгжүүлж, тайвшруулах болно. Тэр таны амьдралыг адислах мэдлэг, итгэл үнэмшлийг өгч, бусдыг мөнхөд адислах боломжийг олгоно.

Судраас судлах

Сайн мэдээнээс суралцахад туслах үйл явцад Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Асуултуудын хариултыг хайж ол

Номлогчийн хувьд та олон асуулт сонсоно. Танд мөн өөрийн гэсэн асуулт гарч ирнэ. Эдгээр асуултын хариултыг судар, бусад зөвшөөрөгдсөн эх сурвалжаас хайх нь судлах хүчирхэг арга зам юм. Асуултуудаа мөн юу сурч, юу мэдэрснээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Судлахдаа үнэн зөв, найдвартай, ялангуяа судрууд, амьд бошиглогчдын үгс, Миний сайн мэдээг номло гэх мэт эх сурвалжуудыг түлхүү ашигла. Gospel Library дахь Судруудын удирдамж, Сүмийн түүхийн сэдвүүд, Сайн мэдээний сэдвүүдийн эсээ зэрэг эх сурвалжуудыг ашигла. Зааж байгаа хүмүүсийн тань хэл дээр ямар эх сурвалжууд байгааг олж мэд.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

“Миний амьдралдаа сурч мэдсэн нэг зүйл бол Их Эзэн бидний асуултад хэрхэн байнга хариулж, судраар дамжуулан зөвлөдгийг олж мэдсэн явдал юм. … Тиймээс бүгдээрээ Их Эзэнд хандан тусламж хүсэж эсвэл хариулахыг гуйн залбирцгаая. Биднийг судруудаа нээж, судалж эхлэх үед тэдгээр хариулт ирэх болно. Заримдаа хэдэн зуун эсвэл хэдэн мянган жилийн өмнөх судрын хэсгийг зөвхөн бидний асуултад хариулахын тулд тусгайлан бичсэн юм шиг санагддаг” (M. Russell Ballard, “Be Strong in the Lord, and in the Power of His Might” [Brigham Young University fireside, Mar. 3, 2002], 5, speeches.byu.edu).

Сурсан зүйлийнхээ дагуу амьдар

Сайн мэдээний ойлголт өсөн нэмэгдэхэд ирдэг баяр баясгаланг мэдэрснээр та сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг хүснэ. Сурч мэдсэн зүйлтэйгээ нийцэж амьдрахыг хичээ. Ийн үйлдэх нь таны итгэл, мэдлэг, гэрчлэлийг хүчирхэгжүүлэх болно. Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх нь нэмэлт, баттай ойлголтыг авчирна. (Иохан 7:17-г үзнэ үү.)

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Үнэн сургаалыг ойлгох нь хүмүүсийн зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилдөг. Сайн мэдээний сургаалуудыг судлах нь зан төлөвийг зан төлөвийн талаар судлахаас илүү хурдан сайжруулна” (Boyd K. Packer, “Little Children,” Ensign, Nov. 1986, 17).

Хувиараа судлах

Сайн мэдээнээс суралцах талаар дараах судрууд юу зааж байна вэ?

Gospel Library-ийг ашигла

Gospel Library бол таны судлах, заах чадварыг дорвитой сайжруулж чадах онлайн эх сурвалж юм. Үүний олон үйлдэлтэй танилцаарай. Gospel Library-ийг өөрийн судлах, заах үйл явцад ашиглахын зарим ашиг тусыг доор жагсаав.

  • Энэ нь танд судрууд, амьд бошиглогчдын үгс болон Сүмийн бусад агуулгыг бичвэр, аудио, видео хэлбэрээр олон хэлээр үзэх боломжийг олгодог.

  • Хэрэв та сурч мэдсэн зүйл болон төрсөн сэтгэгдлээ Gospel Library дээр бичиж тэмдэглэвэл номлолынхоо дараа ч тэдгээр мэдээлэл рүүгээ орж мөн хүчирхэгжих боломжтой.

  • Энэ нь зааж байгаа хүмүүстэйгээ судрууд, амьд бошиглогчдын эш татсан үгс болон видеог амархан хуваалцах боломжийг танд олгодог.

  • Танаар заалгаж, баптисм хүртэх ихэнх хүн Сүмийн эх сурвалж руу орохын тулд Gospel Library-ийг ашиглана. Тэдэнд хэрхэн ашиглахыг заахын тулд эхлээд өөрөө Gospel Library-ийн үйлдлүүдтэй танилц.

Хувиараа судлах

Gospel Library User Guide”-ийг уншина уу. Gospel Library-аас нэг үйлдэл сонгоод, дараагийн хувиараа болон хамтрагчтайгаа судлах цагаараа туршиж үзээрэй. Энэ үйлдэл таны хичээлд хэрхэн тус болсон бэ? Та дараагийн удаа юуг туршиж үзэх вэ? Сурсан зүйлээ бусад номлогчид заа.

Технологийг зөв ашиглах

Их Эзэн болон Түүний бошиглогчид Түүний ажлыг хийж гүйцэтгэхэд туслах технологийг танд даатган өгсөн. Технологи нь судруудыг болон Миний сайн мэдээг номло гарын авлагыг судлах үйл явцыг тань сайжруулж болно. Дижитал эх сурвалжууд нь танд мөн төлөвлөхөд тусална. Тэдгээр нь хичээлд тань тус болохоос гадна заах хүмүүсийг олоход тань тусалж чадна.

Технологийг ухаалаг бөгөөд зөв ашиглах нь номлолын зорилгодоо хүрч, цагийг үр дүнтэй ашиглахад танд тусална. Энэ нь мөн танд зохисгүй материалаас зайлсхийхэд тусална.

Есүс Христэд итгэх өөрийн итгэлийг болон үйлчилж, зааж байгаа хүмүүсийнхээ итгэлийг бэхжүүлэхийн тулд технологийг хэзээ, хэрхэн ашиглах тал дээр Сүнсний өдөөлтийг дага.

Технологи ашиглах аюулгүйн удирдамжийг дагах

Доор дурдсан аюулгүйн дөрвөн удирдамж нь технологийг зөв ашиглахад танд тусална. Аюулгүйн удирдамжийг дагах нь “диаволын заль мэхний эсрэг бат зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс[ах]” (Ефес 6:11) чухал арга зам юм.

Сүнслэг өдөөлтөд нийцэхүйц бай

Нифай “Хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно” (2 Нифай 32:5) хэмээн амласан. Тэнгэрлэг Эцэг тань танд туслах хоёр хүчирхэг бэлгийг буюу сонгох эрх, Ариун Сүнсний бэлэг хоёрыг өгсөн. Ариун Сүнсний удирдамжийг дагахыг сонгох хүч танд бий. Түүний удирдамж заавар нь технологийг ашиглахдаа сайныг үйлдэхэд тань туслахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь мөн таныг хилэнцтээс хамгаалдаг.

Номлолын зорилгодоо бүх анхаарлаа төвлөрүүл

Их Эзэн “Мөн хэрэв та нар миний сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас, та нарын бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно, мөн та нарт харанхуй байх нь үгүй; мөн гэрлээр дүүргэгдсэн тэрхүү бие бүх зүйлийг ухамсарладаг бөлгөө” (Сургаал ба Гэрээ 88:67) хэмээн хэлжээ. Бурханы сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах гэдэг нь Бурханы буюу номлогчийнхоо зорилго дээр бүрэн төвлөрнө гэсэн үг юм.

Технологийн хэрэглээ таны зорилгод төвлөрсөн байх ёстой. Та төхөөрөмж ашиглах номлогчийн зорилгоо тодорхойлсныхоо дараа л үүнийгээ асаана уу. Харин уг зорилгын дагуу ашиглаж дууссан бол унтраа.

Та тодорхой зорилго чиглэлгүй интернэтээр аялж байхдаа зохисгүй агуулгатай тулгарах магадлал өндөр байдаг.

Зураг
Утсаа үзэж буй номлогчид

Сахилга баттай бай

Мормон: “Би Бурханы Хүү, Есүс Христийн шавь юм. Тэд үүрдийн амьдралтай байж болохын тулд түүний үгийг түүний хүмүүсийн дунд тунхаглахаар түүгээр дуудагдсан бөлгөө би” гэж бичсэн (3 Нифай 5:13). Мормоны адил та ч гэсэн Есүс Христийн шавь. Бүрэн цагийн номлогчоор үйлчлэх нь шавийн замналаа гүнзгийрүүлэх онцгой боломж юм.

Disciple (шавь), dicipline (сахилга бат) гэдэг үгс нь “сурагч” эсвэл “суралцагч” гэсэн утгатай нэг ижил үндэс бүхий үгээс гаралтай. Христийн шавь байна гэдэг нь та Түүнийг дагаж, зарлигуудыг нь сахихыг эрэлхийлнэ гэсэн үг. Энэ нь та Христийн талаар байнга суралцаж, заана гэсэн үг юм.

Технологийг ашиглахдаа сахилга баттай байж, зөв шударга сонголт хийгээрэй. Аюулгүйн удирдамжийг дагахыг сонго. Хүнтэй нүүр тулан уулзаж байхдаа мессежээ шалгах юм уу утасны дуудлагад хариулж болохгүй. Төхөөрөмжийн хэрэглээгээ хяна. Өөрийг тань хянах боломжийг төхөөрөмжид бүү олго.

Их Эзэн: “Миний хуулийг хүлээн авч мөн үүнийг үйлддэг тэр нь миний шавь болой; мөн үүнийг хүлээн авдаг хэмээн хэлдэг атлаа мөн үүнийг эс хийдэг мөнөөх тэр нь миний шавь биш болой, мөн та нарын дундаас зайлуулагдах ёстой” (Сургаал ба Гэрээ 41:5) хэмээн тунхагласан. Хэдийгээр хэн ч төгс биш ч гэлээ, Их Эзэн Өөрийг нь ямар ч үед, тууштай дагахыг биднээс хүсэн хүлээдэг.

Сайн мэдээний сайхан нь, хэрэв бид наманчилбал уучлан өршөөгддөг явдал юм. Мөн Их Эзэн биднийг цаг алдалгүй наманчлаасай хэмээн хүсдэг (Сургаал ба Гэрээ 109:21-ыг үзнэ үү). Хэрэв та алдаа гаргавал, тэр дундаа технологийг зохисгүй ашиглавал тэр даруй наманчилж, Түүний хуулийн дагуу амьдрахыг хичээгээрэй. Энэ бол Христийн шавь байхын нэг хэсэг юм.

Нэгдмэл бай

Их Эзэн “Нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас та нар минийх биш болой” (Сургаал ба Гэрээ 38:27) хэмээн хэлсэн. Нэг нэгнээ хүчирхэгжүүлж, өргөн дэмжихийн тулд номлолдоо эв нэгдэл, итгэлцэл, хариуцлага, энэрлийн соёлыг хөгжүүлэхэд тусал.

Бүх номлогч шаардлагатай үедээ санаа зовохгүйгээр тусламж хүсдэг байх ёстой. Сүнсээр хүчтэй номлогч сул дорой нэгэндээ тусалж чадна (Сургаал ба Гэрээ 84:106-г үзнэ үү). Уруу татагдвал, хамтрагчаасаа эсвэл номлолын удирдагчаасаа тусламж хүс.

Интернэт эсвэл порнографтай холбоотой бараг бүх асуудал ганцаараа байх үед тохиолддог. Зөвхөн нэг нэгнийхээ дэлгэцийг харж болохуйц газарт л төхөөрөмжөө ашигла. Зоригтой байж, бие биеийнхээ өмнө хариуцлага хүлээдэг бай.

Их Эзэн дуудсан номлогч бүрдээ, тэр дундаа танд итгэдэг. Тэр таныг хамгаалж, дэмжиж тусалдаг хамтрагч, удирдагчдыг өгсөн. Алма өөрийн хамтрагч Амюлект тусалж дэмжиж байсны адил бие биеэ хүчирхэгжүүлэхийг эрэлхийл (Алма 15:18-ыг үзнэ үү).

Та хүчин мөхөстөж, аюулд өртөхөд бэлэн байвал юу хийх ёстой вэ?

Аюулгүйн энэхүү дөрвөн удирдамжийг дагаж сурахад хичээл зүтгэл гаргаж, сахилга баттай байж, дадлага хийх хэрэгтэй. Аюулгүйн удирдамж нь таны бодол, үйлдлийн нэгэн хэсэг болсны дараа ч танд хүчин мөхөстөх, аюулд өртөхөд ойр мэт үеүд тохиолдоно. Та номлолд гарахаасаа өмнө технологийг буруу ашигладаг байсан дадал хэвшлээсээ салж чадахгүй байж болох юм. Номлолд гарахаасаа өмнө порнографын асуудалтай байсан зарим номлогч хуучин дадал хэвшилдээ эргэн орох уруу таталтад автаж магад.

Доорх зарчмууд танд аюулгүйн удирдамжийнхаа дагуу амьдарч, уруу таталтын эсрэг бэхлэлт босгоход тань туслах болно.

  • Төрж байгаа бодол, мэдрэмж мөн биеэ авч яваа байдлаа анхаар. Тэдгээр нь хэрхэн таныг технологийг буруу ашиглахад нөлөөлж болзошгүйг ойлго.

  • Үйлдлээ сонго. Төрж байгаа мэдрэмжийнхээ хариуд зөв шударга, үр дүнтэй арга замаар хариу арга хэмжээ ав.

  • Суралц, наманчил, сайжир. Туршлагаа ашиглан үргэлжлүүлэн суралц мөн сайжир.

Та бэрхшээлийг ганцаараа даван туулах шаардлагагүй гэдгийг бүү мартаарай. Аврагчийн Цагаатгал, Түүнтэй байгуулсан гэрээгээр дамжин өгөгддөг хүч чадал дээр тулгуурла. Их Эзэн танд тулгарч байгаа асуудал бэрхшээлийг мэддэг бөгөөд энэхүү агуу ажилд танд тусална.

Аврагчийг үргэлж санах нь технологийг зөв шударга ашиглахад тань тусална. Түүний танд хүлээлгэсэн итгэлийг бүү хөсөрдүүл. Түүний өмнө “зөв шударгаар алхах[аар]” шийд (Алма 53:21; мөн 20-р шүлгийг үзнэ үү). Таны төлөө Түүний болон Эцэгийн хийсэн бүхэнд талархах нь дижитал эх сурвалжийг хэрхэн ашиглах тал дээр зөвийг сонгоход танд тусална.

Таны номлол бол технологийг ухаалгаар ашиглаж сурах сайхан боломж юм. Номлолынхоо туршид хөгжүүлж чадсан ажилд хандах үнэнч хандлага, сайн дадал хэвшлүүд насан туршид тань ашиг тусаа өгөх болно.

Бурханы хуяг дуулгыг өмсөх

Та судрууд, амьд бошиглогчдын үгс, Миний сайн мэдээг номло, Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг болон энэ бүлэгт дурдсан аюулгүйн удирдамжийг судалж, хэрэгжүүлснээр уруу таталтыг эсэргүүцэх чадвараа өсгөх болно.

Зураг
Номлогчид хүнтэй мэндчилж байгаа нь

“Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс[сөнөөр]” та үнэнийг буруугаас ялган таньж чадна. Та хөлдөө “амар амгалангийн сайн мэдээг” өмссөн байна. “Зөвт байдлын хуягийг өмс[өх]” нь таныг хамгаалах болно. “Итгэлийн бамбай[гаар]” та дайсны галт сумыг зогсоож чадна. Та хүч хийгээд эрх мэдлээр үнэнийг заахын тулд “[Түүний] Сүнсний сэлмийг” авах болно. Таныг орхигдож, ганцаардаж, бүр холдоход хөтөлж болзошгүй дэлхийн нөлөөллөөс хамгаална. (Ефес 6:10–18; мөн 1 Нифай 8:20, 30; 15:24–25; Хиламан 3:29–30; Сургаал ба Гэрээ 27:15–18; Иосеф Смит—Матай 1:37; 2 Тимот 3:15–17-г үзнэ үү.)

Хувиараа судлах

Энэ долоо хоногт анхаарлаа төвлөрүүлэх аюулгүйн нэг удирдамжийг залбирч байгаад тодорхойл. Их Эзэний тусламжийг эрэлхийл. Мэдэрсэн, сурсан зүйлээ бичиж тэмдэглэ.


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Судлах чадвараа сайжруулахын тулд дараах зөвлөмжүүдийн заримыг туршиж үз.

    • Асуулт, асуудлуудаа бодож байгаад судруудыг унш.

    • Сурсан зүйлээ бусад номлогчтой болон зааж байгаа хүмүүстэйгээ хуваалц. Сургаал, зарчмыг тайлбарлах нь үүнийг санаж, тодорхой ойлголттой болоход тусална.

    • Сэдэв сэдвээр судал. Танд болон зааж байгаа хүмүүст тань тустай сэдвүүд дээр анхаарлаа төвлөрүүл.

    • Өөрөөсөө “Зохиогч юу хэлж байна? Гол захиас нь юу вэ? Энэ нь надад ямар хамаатай вэ? Энэ нь зааж байгаа хүнд маань хэрхэн туслах вэ?” гэж асуу.

    • Судалж байгаа зүйлээ төсөөлөн бод эсвэл зур. Жишээлбэл: Леменчүүдийн хааны өмнө зогсох нь Аммоны хувьд ямар байсныг төсөөлөн бод.

    • Судрын хэсгийн гол санааг нэг өгүүлбэрт эсвэл богинохон догол мөрөнд багтаан бич.

    • Зааж байгаа зарчмуудыг тань тайлбарлаж, дэмжсэн судруудыг цээжил.

  • Дараах байдлаар өөрийгөө үнэл (1=хэзээ ч үгүй, 3=заримдаа, 5=бараг үргэлж).

    • Би итгэлээр өсөж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн таньж мэддэг болсон.

    • Би судалж байхдаа, зааж байгаа хүмүүсийнхээ тухай боддог.

    • Өдрийн турш би өглөө судалсан зүйлээ боддог.

    • Судалж байхад надад өмнө нь бодогдож байгаагүй санаанууд орж ирдэг.

    • Би сүнслэг мэдрэмж болон санаануудаа зохих газарт нь тэмдэглэдэг.

    • Би судалж байхдаа сэргэг байдаг.

    • Би хувиараа судлах гэж тэсэн ядан хүлээдэг.

    • Би хамтрагчтайгаа судлах гэж тэсэн ядан хүлээдэг.

    Хариултуудаа дахин авч үз. Та юуг сайн хийж байна вэ? Та юуг сайжруулж болох вэ? Судлах цагийнхаа чанарыг сайжруулах нэг юм уу хоёр зорилго тавь.

Хамтрагчтайгаа судалж, харилцан ярилц

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • 3-р бүлгийн нэг хичээлээс сайн мэдээний талаар нэг эсвэл хоёр асуулт бичихийг номлогчдоос хүс. Тэдгээр нь өөрийнх нь эсвэл зааж байгаа хүмүүсийнх нь асуулт байж болно. Асуултуудаа бүлгийнхэнтэйгээ хуваалцахад номлогчдыг урь. Асуулт бүр дээр дараах зүйлсийг авч ярилц. Үүнд:

    • Энэ асуултад хариулах нь номлогчийн амьдралыг хэрхэн адислах вэ?

    • Энэ нь зааж байгаа хүмүүсийнх нь амьдралыг хэрхэн адислах вэ?

    • Номлогч хариултаа хэрхэн олж болох вэ?

  • Номлогчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрд аюулгүйн удирдамжуудыг болон дагалдах судрын аль нэгийг нь судлуулахаар оноож өг. Номлогчдыг сурч мэдсэн зүйлээ мөн аюулгүйн удирдамжууд тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцахад урь.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Номлогчдын хамтрагчтайгаа судлах цагт хааяа нэгдэж бай.

  • Ярилцлагын эсвэл харилцан ярианы үеэр дараах асуултуудаас заримыг нь асуу.

    • Сүүлийн үед судар судлах цагаар тань танд ямар бодол санаа орж ирсэн бэ?

    • Миний сайн мэдээг номло гарын авлагын ямар бүлэг эсвэл хэсэг сүүлийн хоёр долоо хоногт танд хамгийн их тус болсон бэ? Энэ нь танд хэрхэн тусалсан бэ?

    • Хувиараа судлах цагаараа хийдэг ямар зүйл танд сурч мэдэхэд тань тусалдаг вэ?

  • Ярилцлагаараа технологи ашиглах аюулгүйн удирдамжийг авч үзэн, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад юу сурч байгааг нь номлогчдоос асуу.

  • Хувиараа судлах цагаас олж авсан ойлголтоо хуваалц. Судлах тэмдэглэл дээр бичсэн зүйлээ мөн сайн мэдээг судлахын ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалц.