Номлолын дуудлагууд
3-р бүлэг: 1-р хичээл—Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас


“3-р бүлэг, 1-р хичээл—Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“3-р бүлэг: 1-р хичээл,” Миний сайн мэдээг номло

3-р бүлэг: 1-р хичээл

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас

Зураг
Анхны үзэгдэл

Хүмүүсийн бодож байж болох асуулт

  • Бурхан байдаг уу?

  • Би хэрхэн Бурхантай илүү ойртож болох вэ?

  • Өнөөгийн төөрөгдлийн дэлхий ертөнцөд би үнэнийг хэрхэн мэдэж авах вэ?

  • Шашин надад хэрхэн туслах вэ?

  • Яагаад ийм олон сүм байдаг вэ?

  • Яагаад надад ийм олон сорилт тулгардаг вэ?

  • Үймээн самуунтай үед би хэрхэн амар амгаланг олж болох вэ?

  • Би хэрхэн илүү аз жаргалтай байх вэ?

  • Бошиглогч өнөөдөр дэлхийд хэрхэн тусалж чадах вэ?

Дэлхийн эхлэлээс Бурхан бошиглогчдоор дамжуулан сайн мэдээг хүүхдүүддээ илчилж байсан. Тэрээр үүнийг Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан гүйцэтгэсэн. Эрт дээр үед Есүс сайн мэдээг Адам, Ноа, Абрахам, Мосе зэрэг бошиглогчдод илчилжээ. Гэвч олон хүн хүлээж аваагүй.

Хоёр мянган жилийн өмнө Есүс Христ сайн мэдээгээ Өөрөө зааж, Сүмээ үндэслэн байгуулсан билээ. Хүмүүс Есүсийг ч хүртэл хүлээн авсангүй. Түүнийг нас барсны дараахан Их Эзэний үнэнээс болон Сүмээс олноороо урважээ. Сайн мэдээний бүрэн байдал болон санваарын эрх мэдэл дэлхий дээр байхаа больсон юм.

Хэдэн зуун жилийн дараа Бурхан өөр бошиглогчийг буюу Иосеф Смитийг дуудсан. Бурхан түүгээр дамжуулан сайн мэдээний бүрэн байдлыг сэргээж, Есүс Христийн Сүмийг дахин зохион байгуулах эрх мэдлийг түүнд өгөв.

Дэлхийд Есүс Христийн сайн мэдээ бүрэн байгаа нь бидний цаг үеийн агуу адислалуудын нэг юм. Сайн мэдээ нь амьдралын хамгийн их эрэлхийлдэг асуултуудад хариулахад тусалдаг. Амьд бошиглогчид хүнд хэцүү цаг үед биднийг удирдан чиглүүлдэг. Бурханы санваарын эрх мэдэл үр хүүхдүүдийг нь адислахаар дэлхийд дахин байх болов.

Зураг
Гэр бүлд зааж буй номлогчид

Заах зөвлөмж

Энэ хэсэгт хичээл бэлтгэхэд тань туслах жишээ тоймыг оруулсан болно. Энд мөн таны ашиглаж болох асуулт, урилгуудын жишээ багтсан.

Хичээлдээ бэлдэж байхдаа та хүн бүрийн нөхцөл байдал, сүнслэг хэрэгцээ шаардлагын талаар залбирч байгаад бодож үз. Юуг заавал хамгийн их тустай болохыг шийд. Хүмүүсийн ойлгохгүй байж болох нэр томьёог тодорхойлоход бэлтгэ. Байгаа цагтаа багтаан төлөвлө. Хичээлүүдийг товчхон байлгахаа бүү мартаарай.

Заахдаа ашиглах судруудаа сонго. Хичээлийн “Сургаалын үндэс суурь” хэсэгт олон хэрэгтэй судар багтсан.

Заахдаа аль асуултуудыг тавихаа бодож үзээрэй. Хүн бүрийг үйлдэхэд уриалах урилгуудыг төлөвлө.

Бурханы амласан адислалуудыг онцлоод, зааж буй зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалц.

Та хүмүүст 15–25 минутад багтаан юу зааж болох вэ?

Дараах зарчмуудаас нэгийг эсвэл хэд хэдийг сонго. Зарчим бүрийн сургаалын үндэс суурийг энэ тоймын дараа өгсөн болно.

Бурхан бол бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг мөн

  • Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд бид Түүний хүүхдүүд. Тэр биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн.

  • Бурхан бидний хэн болохыг мэддэг бас биднийг хайрладаг.

  • Бурхан сүр жавхлант, мах яснаас бүтсэн төгс биетэй.

  • Бурхан биднийг амар амгалан, мөнхөд үргэлжлэх бүрэн дүүрэн баяр баясгалангаар адислахыг хүсдэг.

  • Бурхан биднийг хайрладаг учраас нүгэл, үхлээс гэтэлгэхээр Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн юм.

Бурхан эрин үе бүрд бошиглогчдоор дамжуулан сайн мэдээг илчилдэг

  • Бурхан бошиглогчдыг дэлхий дээрх Өөрийн төлөөлөгчөөр дууддаг.

  • Эрт дээр үед Бурхан Адам, Ноа, Абрахам, Мосе зэрэг бошиглогчдыг дуудсан.

  • Амьд бошиглогч бидэнд зааж, биднийг удирдан залахаар Бурханаас илчлэлт хүлээн авдаг.

Есүс Христийн дэлхий дээрх тохинуулал ба Цагаатгал

  • Есүс Христ бол Бурханы Хүү.

  • Дэлхий дээр тохинуулж байх үеэрээ Есүс сайн мэдээгээ зааж, Сүмээ зохион байгуулсан юм.

  • Тэр арван хоёр төлөөлөгчийг дуудаж, Өөрийн Сүмийг удирдах санваарын эрх мэдлийг тэдэнд өгчээ.

  • Амьдралынхаа төгсгөлд Есүс Гетсеманийн цэцэрлэгт болон цовдлуулан зовж шаналж байхдаа бидний гэм нүглийг цагаатгасан юм. Нас барсныхаа дараа Тэр амилсан.

  • Хэрэв бид наманчилбал Есүсийн цагаатгагч золиослолын ачаар уучлагдаж, нүглээсээ цэвэршигдэх боломжтой. Энэ нь бидэнд амар амгаланг авчирч, Бурханы оршихуйд эргэн очих, баяр баясгалангийн бүрэн дүүрэн байдлыг хүлээн авах боломжийг олгодог.

  • Есүс амилсан учраас бид бүгд нас барсныхаа дараа амилуулагдах болно. Энэ нь хүн бүрийн сүнс, бие махбод ахин нэгдэж, мөнх амьдрах болно гэсэн үг юм.

Урвалт

  • Есүсийн төлөөлөгчдийг нас барсны дараа хүмүүс Есүс Христийн сайн мэдээ болон Сүмээс олноороо урважээ.

  • Энэ хугацаанд хүмүүс сайн мэдээний олон сургаалыг өөрчилсөн. Хүмүүс мөн баптисм гэх мэт санваарын ёслолуудыг өөрчилсөн байв. Санваарын эрх мэдэл болон Есүсийн байгуулсан Сүм дэлхий дээр байхаа больсон байлаа.

Есүс Христийн сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдэв

  • Иосеф Смит аль нь нэгдэж болох Бурханы жинхэнэ Сүм болохыг мэдэхийг эрэлхийлжээ. 1820 онд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгдсэн. Энэ үйл явдлыг Анхны үзэгдэл гэж нэрлэдэг.

  • Бурхан өмнө нь бошиглогчдыг дууддаг байсан шиг Иосеф Смитийг бошиглогч болгон дууджээ.

  • Есүс Христийн сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн юм.

  • Өөр тэнгэрлэг элч нар санваарыг сэргээсэн ба Иосефт Есүс Христийн Сүмийг зохион байгуулах эрх мэдлийг өгчээ.

  • Есүс Христ амьд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан өнөөдөр ч Сүмээ удирдсаар байна.

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ

  • Мормоны Ном бол эрт дээр үед Америк дахь бошиглогчдын бичсэн боть судар юм. Иосеф Смит үүнийг Бурханы бэлэг, хүчээр орчуулсан.

  • Библийн хамт Мормоны Ном нь бидний Аврагч болох Есүсийн тохинуулсан тохинуулал, номлосон сургаал, үйлдсэн үйл хэргийн тухай гэрчийг өгдөг.

  • Бид Мормоны Номыг уншиж, дүрмүүдийг нь дагаснаар Бурханд ойртож чадна.

  • Бид Мормоны Номыг уншиж, тунгаан бодож, залбирснаар эдгээр нь Бурханы үг гэдгийг мэдэх боломжтой. Энэ үйл явц бидэнд Иосеф Смитийг бошиглогч байсныг мэдэхэд тусална.

Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэхээр залбир

  • Залбирал бол Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондох хоёр талт харилцаа юм.

  • Бид чин сэтгэлээсээ залбирснаар Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаарх захиас үнэн гэдгийг мэдэж чадна.

  • Биднийг залбирахад Ариун Сүнс үнэнийг бидэнд зааж, баталдаг.

Зураг
Залуу эрэгтэйчүүдэд зааж буй номлогчид

Хүмүүст тавьж болох асуултууд

Хүмүүст тавьж болох асуултуудын жишээг өгье. Эдгээр асуулт нь танд утга учиртай яриа өрнүүлж, тухайн хүний хэрэгцээ шаардлага, харах өнцгийг ойлгоход тусална.

  • Та Бурханы талаар юунд итгэдэг вэ?

  • Бурхантай ойр байгаагаа мэдрэх нь танд хэрхэн тус болох вэ?

  • Та Есүс Христийн талаар юу мэдэх вэ? Түүний амьдрал, сургаал танд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Өнөөгийн төөрөгдлийн дэлхийд та ул суурьтай хариултуудыг хэрхэн олж авч болох вэ?

  • Өнөөдөр дэлхий дээр амьд бошиглогч байдгийг мэдэх нь танд хэрхэн туслах вэ?

  • Та Мормоны Номын талаар сонсож байсан уу? Энэ ном яагаад чухал болохыг бид хуваалцаж болох уу?

  • Та залбирлын талаар юу ойлгодгоо хуваалцах уу? Бид залбирлын талаарх итгэл үнэмшлээ хуваалцаж болох уу?

Өгч болох урилгууд

  • Бидний заасан зүйл үнэн гэдгийг мэдэхэд туслахын тулд та Бурханд хандан залбирч асуух уу? (Энэ хичээлийн сүүлчийн хэсэг болох “Заах санаа: Залбирал”-ыг үзнэ үү.)

  • Та бидний заасан зүйлийн талаар илүү ихийг мэдэхийн тулд энэ ням гараг сүмд очих уу?

  • Та Мормоны Номыг уншин, уг ном Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд залбирах уу? (Та тодорхой бүлэг эсвэл шүлгийг санал болгож болно.)

  • Та Есүсийн үлгэр жишээг дагаж баптисм хүртэх үү? (“Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга” гэх өмнөх хичээлийг үзнэ үү.)

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

Сургаалын үндэс суурь

Энэ хэсэгт сайн мэдээний талаарх мэдлэг, гэрчлэлээ бэхжүүлэхэд мөн хичээлд тань туслах судлах сургаал, судруудыг өгсөн болно.

Зураг
Гэр бүл

Бурхан бол бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг мөн

Бурхан бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд бид Түүний хүүхдүүд. Тэр биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Тэрээр “хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой” (Сургаал ба Гэрээ 130:22).

Бурхан бидний хэн болохыг мэддэг бас бидний бодож байгаагаас ч илүү биднийг хайрладаг. Тэр бидний сорилт бэрхшээл, уй гашуу, сул талыг ойлгодог бөгөөд тэдгээрийг туулахад тусламж дэмжлэг үзүүлдэг. Тэр бидний ахиц дэвшилд баярлаж, зөв сонголт хийхэд тусална. Тэр бидэнтэй харилцахыг хүсдэг бөгөөд бид залбирлаар дамжуулан Түүнтэй холбогдох боломжтой.

Бурхан бидэнд суралцаж, өсөж хөгжин, Түүнтэй илүү адилхан болох боломжийг олгохын тулд энэ дэлхий дээрх туршлагыг өгсөн. Тэр биднийг төгс хайраар, нас барсныхаа дараа Өөр дээр нь буцаж ирээсэй хэмээн хүсдэг. Гэвч бид үүнийг өөрсдөө хийж чадахгүй. Бурхан биднийг хайрладаг учраас биднийг гэтэлгэхээр Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн … нь Түүгээр дамжуулан ертөнцийг аврах[ын тулд] билээ.” (Иохан 3:16–17).

Бурхан биднийг амар амгалан, мөнхөд үргэлжлэх бүрэн дүүрэн баяр баясгалангаар адислахыг хүсдэг. Тэрээр бидэнд эдгээр адислалыг хүлээн авах боломжийг олгох нэгэн төлөвлөгөөг өгсөн. Энэ төлөвлөгөөг авралын төлөвлөгөө гэдэг (2-р хичээлийг үзнэ үү).

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Мосе чулуун хавтан барьсан байгаа нь, Жэрри Харстон

Бурхан эрин үе бүрд бошиглогчдоор дамжуулан сайн мэдээг илчилдэг

Бошиглогчид бол дэлхий дээрх Бурханы төлөөлөгчид

Биднийг гэх хайраа харуулдаг Бурханы нэг чухал арга зам нь бошиглогчдыг дуудаж, тэдэнд санваарын эрх мэдэл өгч, Өөрийнх нь өмнөөс ярихад сүнслэгээр өдөөдөг явдал юм. Бошиглогчид бол дэлхий дээрх Бурханы төлөөлөгчид. Хуучин Гэрээний бошиглогч Амос: “Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй” (Aмос 3:7) хэмээн цэдэглэжээ. Амьд бошиглогчдоос бидний хүлээн авдаг зарим адислалыг дурдъя.

Есүс Христийн гэрчүүд. Бошиглогчид бол Есүс Христийн онцгой гэрчүүд бөгөөд Түүнийг бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг гэрчилдэг.

Сургаал. Бошиглогчид үнэнийг худлаас ялган танихад бидэнд туслахын тулд Бурханаас удирдамж заавар авдаг. Тэд бидэнд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж, унаж бүдрэхдээ наманчлахыг заадаг. Тэд нүглийг буруушаан, үр дагавруудаас нь сэрэмжлүүлдэг.

Бошиглогчдын сургаал биднийг Бурхан руу өргөж, Түүний биднээс аваасай гэж хүсдэг адислалуудыг хүлээн авахад тусалдаг. Бошиглогчдоороо дамжуулан өгсөн Их Эзэний үгийг дагах нь бидний хамгийн агуу хамгаалалт юм.

Санваарын эрх мэдэл. Одоогийн бошиглогч бол дэлхий дээрх тэргүүлэгч санваартан. Санваар бол Бурханы эрх мэдэл, хүч юм. Бошиглогч Бурханы хүүхдүүдийг аврахын тулд Түүний нэрээр ярьж, үйлдэх эрх мэдэлтэй.

Сүмийн чиглэл. Есүс Христийн Сүм бошиглогч, төлөөлөгчдийн суурин дээр байгуулагдсан (Ефес 2:19–20; 4:11–14-ийг үзнэ үү).

Эртний бошиглогчид

Адам дэлхий дээрх анхны бошиглогч байсан. Бурхан Есүс Христийн сайн мэдээг түүнд илчилж, санваарын эрх мэдэл олгожээ. Адам, Ева хоёр эдгээр үнэнийг хүүхдүүддээ зааж, итгэлээ хөгжүүлэн, сайн мэдээний дагуу амьдрахад урамшуулан дэмжиж байв.

Эцэст нь Адам, Ева хоёрын үр удам тэрсэлж, сайн мэдээнээс нүүр буруулжээ. Энэ нь урвах буюу урвалт гэж нэрлэгддэг нөхцөл байдалд хүргэсэн юм. Урвалт өргөн цар хүрээнд болох үед Бурхан сайн мэдээний ёслолуудыг заах, үйлдэх Өөрийн санваарын эрх мэдлийг эргүүлэн татдаг.

Хуучин Гэрээнд өргөн цар хүрээнд урвалт болж байсан олон тохиолдол цэдэглэгдсэн байдаг. Тэдгээр цаг үеийг эцэслэхийн тулд Бурхан Өөрийн мутрыг хүүхдүүд рүүгээ сунган, өөр бошиглогчийг дуудсан. Тэрээр тэдгээр бошиглогчид сайн мэдээний үнэнүүдийг шинээр илчилж, санваарын эрх мэдлийг өгчээ. Эдгээр бошиглогчийн зарим нь Ноа, Абрахам, Мосе нар юм. Харамсалтай нь, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс мөнөөх л ёсоороо бошиглогчдыг үгүйсгэж, урвасан.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Ай Эцэг минь, Саймон Дюүи

Есүс Христийн дэлхий дээрх тохинуулал ба Цагаатгал

Есүс Христ бол Бурханы Хүү. Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөний төвд Есүс болон Түүний Цагаатгал байдаг. Цагаатгалд Гетсеманийн цэцэрлэг дэх Түүний шаналал, загалмай дээрх Түүний зовлон, үхэл, Амилалт багтдаг.

Адам, Ева хоёрын үеэс хүмүүс Есүс Христийг өөрсдийн Аврагч, Гэтэлгэгчийн хувиар ирэхийг нь тэсэн ядан хүлээж байжээ. Тэнгэрлэг Эцэг 2000 гаруй жилийн өмнө Есүсийг дэлхий рүү илгээсэн.

Есүс Христ төгс бөгөөд нүгэлгүй амьдралаар амьдарсан юм. Тэрээр өөрийн сайн мэдээг зааж, Сүмээ үндэслэн зохион байгуулсан. Тэрээр арван хоёр төлөөлөгчийг дуудаж, тэдэнд заахаас гадна баптисм хүртээх зэрэг ариун ёслолуудыг үйлдэх санваарын эрх мэдлийг өгчээ. Тэрээр мөн Сүмийг нь удирдах эрх мэдлийг тэдэнд өгсөн.

Амьдралынхаа төгсгөлд Есүс Гетсеманид болон загалмай дээрх зовлон шаналлаараа бидний гэм нүглийг цагаатгасан юм. Есүсийн цагаатгагч золиослолын ачаар бид наманчилснаар нүглээсээ цэвэршигдэж чадна. Энэ нь бидэнд Бурханы оршихуйд буцаж очих, бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авах боломжийг олгодог.

Есүс цовдлогдсоныхоо дараа Тэнгэрлэг Эцэгийн хүчээр үхлийг ялан дийлж амилсан. Есүс амилсан учраас бид бүгд нас барсныхаа дараа амилуулагдана. Энэ нь хүн бүрийн сүнс болон бие махбод дахин нэгдэж, бидний хүн нэг бүр төгс төгөлдөр, амилуулагдсан биетэй үүрд амьдрах болно гэсэн үг юм. (2-р хичээл дэх Есүс Христийн Цагаатгал гэдгийг үзнэ үү.)

Зураг
Бошиглогч Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смит: “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босож ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 59).

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Урвалт

Есүс Христийг нас барсны дараа Түүний төлөөлөгчид Христийн сургаалыг цэвэр ариун байлгаж, Сүм дэх дэг журмыг хадгалахыг эрэлхийлсэн. Гэсэн хэдий ч Сүмийн олон гишүүн төлөөлөгчдөөс болон Есүсийн заасан сургаалаас нүүр буруулжээ.

Төлөөлөгчдийг алагдсаны дараа хүмүүс сайн мэдээ болон Есүс Христийн Сүмээс олноороо урвав. Ийнхүү урвахыг заримдаа Их урвалт гэдэг. Үүний улмаас Бурхан санваарын эрх мэдлийг дэлхийгээс татсан юм. Ийнхүү Сүмийг удирдахад шаардагддаг эрх мэдлийг алджээ. Үүний үр дүнд Есүсийн байгуулсан Сүм дэлхий дээр байхаа болив.

Энэ хугацаанд хүмүүс сайн мэдээний олон сургаалыг өөрчилсөн. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын болон Ариун Сүнсний жинхэнэ мөн чанарын тухай мэдлэгийн ихэнх нь гажуудаж эсвэл алга болжээ. Хүмүүс мөн баптисм гэх мэт санваарын ёслолуудыг өөрчилсөн байв.

Хэдэн зуун жилийн дараа, үнэнийг эрэлхийлэгч эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрчилсөн сургаал, зан үйлүүдийг шинэчлэх гэж оролдсон байна. Тэд илүү агуу сүнслэг гэрлийг эрж хайж байсан ба зарим нь үнэнийг сэргээх шаардлагын тухай ярьж байлаа. Тэдний хүчин чармайлтаар олон сүм зохион байгуулагдсан юм.

Энэ цаг хугацааны үр дүнд шашин шүтэх эрх чөлөөг улам бүр чухалчлах болж, ингэснээр үнэн болон эрх мэдлийг Бурханаас сэргээх замыг нээжээ.

Бошиглогч, төлөөлөгчид урвалтыг зөгнөн хэлж байв (2 Тесалоник 2:1–3-ыг үзнэ үү). Тэд мөн Есүс Христийн сайн мэдээ болон Сүм дэлхийд сэргээгдэнэ гэдгийг зөгнөсөн юм (Үйлс 3:20–21-ийг үзнэ үү). Хэрэв Бурханаас урваагүй байсан бол сэргээлт шаардлагагүй байх байсан.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

  • Судруудын удирдамж: “Урвалт

  •  

  •  

Иосеф Смитээр дамжсан Есүс Христийн сайн мэдээний сэргээлт

Анхны үзэгдэл ба Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан нь

Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал дэлхий дээр байхаа больсон олон зуун жилийн туршид Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ тусламжийн мутраа сунгасаар байсан билээ. Цаг хугацаа өнгөрч, Тэрээр Өөрийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлаар тэднийг дахин адислах замыг бэлтгэжээ. Нөхцөл байдал бүрдэх үед Тэрээр Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан бөгөөд түүгээр дамжуулан сайн мэдээ болон Есүс Христийн Сүмийг сэргээсэн юм.

Иосеф Смит Нэгдсэн Улсын зүүн хэсэгт шашны ер бусын сонирхол өрнөж байсан үед амьдарч байв. Түүний гэр бүлийн гишүүд Бурханд үнэнч байж, үнэнийг эрэлхийлдэг байлаа. Олон сүм өөрсдийгөө үнэн хэмээн зарлаж, Иосеф аль нь зөв болохыг мэдэхийг хүссэн (Иосеф Смит—Түүх 1:18-ыг үзнэ үү.) Библид “Нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм” (Ефес 4:5) байдаг хэмээн заадаг. Иосеф өөр өөр сүмд очиж үзсэн ч яг ямар сүмд нэгдэхээ мэдэхгүй эргэлзэж байв. Тэрээр хожим нь:

“Шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будилаан хийгээд сөргөлдөөн тийм их байсан нь… миний мэт залуу хүний хувьд хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв. …

Үгийн болон санаа бодлын үймээн самуунтай энэхүү дайны дунд би: Яах билээ? Эдгээр бүх бүлэглэлүүдээс хэн нь зөв бол; эсвэл тэд бүгдээрээ буруу юу? Хэрэв тэднээс аль нэг нь зөв бол, аль нь бол, тэгвэл би үүнийг яаж мэдэх вэ? хэмээн өөрөөсөө олонтоо асуудаг байлаа.” (Иосеф Смит—Түүх 1:8, 10).

Олон хүний нэгэн адил Иосеф Смитэд ч гэсэн бодгалийнхаа авралын талаар асуух асуултууд байв. Нүгэл нь уучлагдаж, Бурханы өмнө цэвэр ариун байхыг тэр хүссэн. Тэр өөр өөр сүмээс үнэнийг эрэлхийлэх явцдаа Библиэс “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) хэмээн бичсэнийг уншив.

Энэ шүлгийг уншсаны ачаар Иосеф юу хийхээ Бурханаас асуухаар шийджээ. 1820 оны хавар тэр гэрийнхээ ойролцоох ойн цоорхойд очиж, өвдөг сөгдөн залбирав. Дараах үзэгдлийн талаар Иосеф Смитийн болон түүний удирдлаган доорх бичээчдийн бичсэн дөрвөн цэдэг бий (Сайн мэдээний сэдвүүдийн эсээнээс “Анхны үзэгдлийн түүхүүд”-ийг үзнэ үү). Судар хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цэдэгт тэр өөрийн туршлагыг дараах байдлаар дүрсэлжээ.

Зураг
Анхны үзэгдэл, Линда Кристэнсэн Майкл Мом

“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа. … Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:16–17).

Энэ үзэгдлээр Бурхан Эцэг, Түүний хүү Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн. Аврагч түүнд аль ч сүмд нэгдэх ёсгүй хэмээн хэлжээ.

Анхны үзэгдлийн өөр нэгэн тэмдэглэлд Их Эзэн Иосефт мөн: “Нүглүүд чинь уучлагдсан. … Болгоогтун, Би бол сүр жавхлангийн Их Эзэн. Би дэлхийнхний төлөө цовдлогдсон бөгөөд Миний нэрэнд итгэгч бүгд мөнх амьдралыг авах болно” хэмээн хэлснийг хуваалцсан байдаг.

Үзэгдлийн дараа Иосеф: “Сэтгэл минь хайраар дүүрч, олон өдрийн турш би агуу их баяр хөөрөөр баясаж, Их Эзэн надтай хамт байсан” гэж энэ талаар дурсжээ (Joseph Smith History, circa Summer 1832, 3, josephsmithpapers.org; зөв бичих дүрэм, цэг таслалыг орчин үеийн болгон өөрчлөв).

Энэ үзэгдлээр дамжуулан Иосеф Смит Есүс Христийн гэрч болж, Бурхан тэргүүтний талаар чухал үнэнүүдийг мэдэж авав. Жишээлбэл: Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол тусдаа хоёр хүн гэдгийг мэдсэн. Иосефыг нэрээр нь дуудахад тэр өөрийг нь хэн болохыг Тэд мэддэг гэдгийг мэдсэн. Уучлагдсан гэж хэлэхэд нь тэр Бурхан нигүүлсэнгүй гэдгийг мэдэв. Энэ үйл явдал түүнийг баяр баясгалангаар дүүргэсэн.

Бурхан өөр олон бошиглогчийн адил Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээний бүрэн байдлыг дэлхийд сэргээхийн тулд түүнийг бошиглогчоор дуудсан билээ. Энэхүү сэргээлт нь Есүс Христээр дамжуулан Бурханы хүүхдүүдэд энэ дэлхийд баяр баясгалан, ирэх ертөнцөд мөнх амьдралыг олоход туслах болно.

Санваар ба санваарын түлхүүрүүдийн сэргээлт

Зураг
Миний нөхөд үйлчлэгч та нарт, Линда Көрли Кристэнсэн, Майкл Мом

Эцэг, Хүү хоёрын үзэгдлийн дараа өөр тэнгэрлэг элч нарыг Иосеф Смит болон түүний хамтран зүтгэгч Оливер Каудери руу илгээжээ. Баптисч Иохан амилуулагдсан хүн болон үзэгдэж, тэдэнд Аароны санваар болон түлхүүрүүдийг гардуулав. Аароны санваарт баптисм хүртээх эрх мэдэл багтдаг.

Зураг
Петр, Иаков, Иохан нарын дуу хоолой, Вэлдэн К.Андэрсэн

Удалгүй Петр, Иаков, Иохан гурав буюу Христийн анхны төлөөлөгчид амилуулагдсан хүний хувиар ирж, Мелкизедек санваар болон түлхүүрүүдийг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт гардуулав. Энэ санваар бол эрт цагт Христийн төлөөлөгчдөдөө өгч байсан эрх мэдэл юм.

Зураг
Image of Moses Elias and Elijah descending into the Kirtland temple and appearing to Joseph Smith.

Көртландын ариун сүмд Мосе, Елиас, Елиа гурав Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдэж, хожмын өдрүүдэд Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд шаардлагатай өөр эрх мэдэл, санваарын түлхүүрүүдийг даалгасан. Мосе Израилыг цуглуулах түлхүүрүүдийг даалгасан. Елиас Абрахамын сайн мэдээний эрин үеийг даалган өгсөн юм. Елиа лацдан холбох хүчний түлхүүрүүдийг даалгасан. (Сургаал ба Гэрээ 110:11–16; мөн Ерөнхий гарын авлагын 3.1-ийг үзнэ үү.)

Сүмийн зохион байгуулалт

Иосеф Смит Есүс Христийн Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулах удирдамж хүлээн авчээ. Түүгээр дамжуулан Есүс Христ арван хоёр төлөөлөгчийг дуудсан билээ.

Библийн үед амьдарч байсан бошиглогчид бидний амьдарч байгаа энэ цаг үеийг эцсийн өдрүүд эсвэл хожмын өдрүүд гэж нэрлэсэн. Энэ бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх цаг үе юм. Тийм ч учраас Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэдэг (Сургаал ба Гэрээ 115:3–4; мөн 3 Нифай 27:3–8-ыг үзнэ үү).

Өнөөгийн амьд бошиглогч, төлөөлөгчид

Есүс мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Өөрийн Сүмийг удирдах төлөөлөгчдийг дуудсан шиг өнөөдөр ч Сүмийг удирдах төлөөлөгчдийг дуудсан. Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга бол бошиглогч, үзмэрч, илчлэгчид юм.

Зөвхөн ахмад төлөөлөгчийг бошиглогч гэж нэрлэдэг. Учир нь тэр Сүмийг бүхэлд нь тэргүүлж, Их Эзэнийг төлөөлөн үг хэлэх онцгой эрхтэй. Тэр бол Иосеф Смитийн эрх бүхий залгамжлагч юм. Иосеф Смитийн толгой дээр тэнгэрлэг элч нар гар тавин томилсон үеэс эхлэн бошиглогч болон өнөөгийн төлөөлөгчдийн эрх мэдэл Есүс Христтэй томилгооны салшгүй гинжин хэлхээгээр холбогдсон билээ.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ

Мормоны Ном бол Библийн адил эртний ариун судрын боть юм. Библи бол Есүс Христийн нэг гэрч бөгөөд Мормоны Ном бол Түүний тохинуулал, сургаал, бидний Аврагчийн хувьд үйлдсэн үйл хэргийнх нь хоёр дахь гэрч.

Моронай хэмээх тэнгэрлэг элч олон зууны туршид эртний цэдгүүдийг булсан толгод руу Иосеф Смитийг чиглүүлжээ. Алтан ялтаснууд (нимгэн металл хуудас) дээр бичсэн энэ цэдэг Америк тивийн эртний хэсэг оршин суугчтай харилцсан Бурханы үйл хэргийн тухай бошиглогчдын бичээснүүдийг агуулдаг. Иосеф Смит энэ цэдгийг Бурханы бэлэг, хүчээр орчуулсан юм.

Мормоны Номын бошиглогчид Есүс Христийн зорилгын тухай мэддэг байсан ба Түүний сайн мэдээг заадаг байсан. Есүс амилсныхаа дараа тэр хүмүүст үзэгдэж, тэдэнд биечлэн тохинуулсан юм. Тэр тэдэнд зааж, Сүмээ байгуулсан.

Мормоны Номын сургаалыг сурч мэдэн, ойлгож, хэрэгжүүлбэл энэ ном биднийг Бурханд ойртоход тусалдаг. Бошиглогч Иосеф Смит: “бусад ямар ч номоос илүүгээр, [уг номын] зааврыг мөрдсөнөөр [эрэгтэй, эмэгтэй] хүмүү[с] Бурханд илүү ойртох болой” гэж хэлсэн (Сургаалууд: Иосеф Смит64).

Зураг
Уншиж байгаа эрэгтэй

Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг мэдэхийн тулд бид үүнийг уншиж, тунгаан бодож, энэ тухай залбирах хэрэгтэй. Мормоны Номд бошиглогч биднийг Христэд итгэлтэй байж, чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр залбирах үед Бурхан бидэнд номын үнэнийг илчлэх болно хэмээн амласан байдаг (Моронай 10:3–5-ыг үзнэ үү). Мормоны Номыг судлах нь хөрвөгдөхөд нэн чухал.

Бид Мормоны Номыг уншиж, үүний талаар залбирснаар бидний амьдралыг адислах Есүс Христийн тухай үнэнийг мэдэж авдаг. Мөн бид Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан; Есүс Христийн сайн мэдээ болон Сүм түүгээр дамжин сэргээгдсэн гэдгийг мэдэх болно.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Судалж байгаа зүйлийнхээ талаар тунгаан бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлая. Та нар өдөр болгон Мормоны Номд өөрсдийгөө эзэмдүүлбэл тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна” (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55.)

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Зураг
Залбирч байгаа эмэгтэй

Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэхээр залбир

Бурхан бидний Эцэг учраас үнэнийг ялган танихад бидэнд тусална. Мормоны Номыг уншиж, Бурханд залбирснаар бид Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас үнэн гэдгийг мэдэж авч чадна. Биднийг итгэл, үнэн хүсэлтэйгээр залбирах үед Тэр бидний асуултад хариулж, бидний амьдралыг удирдан чиглүүлэх болно.

Бурхан ихэвчлэн Ариун Сүнсээр дамжуулан бидний залбиралд хариулдаг. Биднийг залбирах үед Ариун Сүнс үнэнийг зааж, баталдаг. Ариун Сүнстэй харилцах харилцаа хүчирхэг. Тэдгээр нь ихэвчлэн бидэнд төрсөн мэдрэмж, бодол, сэтгэгдлээр дамжин чимээгүй баталгаа болж ирдэг (1 Хаад 19:11–12; Хиламан 5:30; Сургаал ба Гэрээ 8:2-ыг үзнэ үү).

Судруудаас (ялангуяа Мормоны Номыг) байнга суралцан, долоо хоног бүр ариун ёслолын цуглаанд оролцож, чин сэтгэлээсээ залбирах нь Ариун Сүнсний хүчийг мэдэрч, үнэнийг олж нээхэд бидэнд тусална.

Судраас судлах

Энэ зарчмын талаар илүү ихийг сурах

Богино болон дунд хэмжээний хичээлийн тойм

Дараах тойм нь цаг бага байхад хэн нэгэнд юу зааж болохыг үзүүлсэн жишээ юм. Энэ тоймыг ашиглахдаа, заах нэг юм уу хэд хэдэн зарчмыг сонго. Зарчим бүрийн сургаалын үндэс суурийг хичээлийн эхэнд өгсөн.

Заахдаа асуу мөн сонс. Бурханд хэрхэн илүү ойртох талаар суралцахад нь туслах урилгыг хүмүүст өг. Тухайн хүнийг өөртэйгөө дахин уулзахад урих нь чухал урилга юм. Хичээлийн үргэлжлэх хугацаа таны тавих асуулт, сонсож байгаа зүйл зэргээс хамаарна.

Зураг
Эрэгтэй хүнтэй ярьж байгаа номлогчид

Хүмүүст 3–10 минутад багтаан юу зааж болох вэ?

  • Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд Тэр биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Тэр биднийг хувь хүний маань хувьд мэддэг бөгөөд хайрладаг. Тэрээр биднийг мөнхөд үргэлжлэх амар амгалан, бүрэн дүүрэн баяр баясгалангаар адислахыг хүсдэг.

  • Есүс Христ бол Бурханы Хүү. Түүний үйл хэрэг бол бидэнд нүглээсээ цэвэршигдэж, үхлийг ялан дийлж, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг олгох явдал байсан.

  • Бурхан бошиглогчдыг дэлхий дээрх Өөрийн төлөөлөгчдөөр дууддаг. Эрт дээр үед тэрээр Адам, Ноа, Абрахам, Мосе зэрэг бошиглогчдыг дуудсан. Амьд бошиглогч бидэнд зааж, биднийг удирдан залахаар Бурханаас илчлэлт хүлээн авдаг.

  • Мөнх бус амьдралд дахь тохинууллынхаа үеэр Тэр Өөрийн Сүмийг байгуулсан юм. Есүсийн төлөөлөгчдийг нас барсны дараа Есүс Христийн сайн мэдээнээс болон Сүмээс хүмүүс олноороо урважээ. Хүмүүс сайн мэдээний олон сургаалаас гадна, баптисм зэрэг санваарын ёслолуудыг өөрчилсөн.

  • Бурхан эрт цагт бошиглогчдыг дууддаг байсан шигээ Иосеф Смитийг бошиглогч болгон дуудсан юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгджээ. Түүгээр дамжин Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн билээ.

  • Мормоны Ном бол судрын боть юм. Библийн нэгэн адил энэ ном Есүс Христийн гэрч бөгөөд үүнийг уншиж, заавруудыг нь хэрэгжүүлэх үед бидэнд Бурханд ойртоход тусалдаг. Иосеф Смит үүнийг Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулсан.

  • Чин сэтгэлийн залбирлаар дамжуулан бид Бурхантай харилцах боломжтой. Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас үнэн гэдгийг бид мэдэж чадна.