Номлолын дуудлагууд
8-р бүлэг: Их Эзэний ажлыг зорилго тавьж, төлөвлөгөө гаргаж гүйцэлдүүл


“8-р бүлэг: Их Эзэний ажлыг зорилго тавьж, төлөвлөгөө гаргаж гүйцэлдүүл,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“8-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Зураг
Яв (Явж, бүх үндэстэнд заа), Харри Андэрсон

8-р бүлэг

Их Эзэний ажлыг зорилго тавьж, төлөвлөгөө гаргаж гүйцэлдүүл

Үүнийг эргэцүүлэн бод

  • Яагаад би зорилго тавих ёстой вэ?

  • Хөрвөлтийн гол үзүүлэлтүүд нь хэрхэн надад хувь хүмүүсийн сүнслэг өсөлт хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхэд туслах вэ?

  • Би хэрхэн зорилго тавьж, үүндээ хүрэхийн тулд төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх вэ?

  • Долоо хоногийн болон өдрийн төлөвлөгөө гаргах ажлыг би хэрхэн хөтлөн явуулах вэ?

  • Би уг ажлыг хийж гүйцэтгэхдээ хэрхэн Preach My Gospel аппликэйшныг ашиглаж болох вэ?

  • Хариуцлагын зарчим гэж юу вэ? Энэ нь миний хичээл зүтгэлийг хэрхэн адислах вэ?

Таныг тодорхой нэг бүсэд Их Эзэний ажлыг хийлгүүлэхээр томилсон. Тэрээр хувь хүмүүсийг Өөрийнх нь хайр, үнэнээр адислахыг танаас хүсдэг. Тэр танаас тэднийг урьж, Өөрт нь ирэхэд туслахыг хүсдэг.

Их Эзэн таныг “[энэ] сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулаасай” хэмээн хүсдэг. Тэр танаас “[өөрийн] хүслээр олон сайн сайхан зүйлийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах”ыг хүсдэг (Сургаал ба Гэрээ 58:27; 26–29-р шүлгийг үзнэ үү). Үйлчилж буй тойрог, салбар бүрээ ирэхэд тань байснаас илүү хүчирхэг болгож яв.

Энэ бүлэг нь хэрхэн зорилго тавих, үүндээ хүрэх төлөвлөгөө гаргах мөн төлөвлөгөөгөө хичээнгүйлэн хэрэгжүүлж сурахад танд тусална. Энэ нь Бурханы хүүхдүүдэд сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нь туслахын тулд гаргаж буй таны хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг хөрвөлтийн гол үзүүлэлтүүдийг тодорхойлж өгнө. Түүнчлэн хувийн болон хамтрагчийн зорилго гэх мэт номлогчийн ажлын бүхий л талбарт ашиглаж болох энгийн зорилго тавих үйл явцыг танилцуулна. Энэ нь мөн хамтрагчтайгаа долоо хоног болон өдөр тутмын төлөвлөгөөгөө хэрхэн гаргахыг тоймлож өгнө.

Зорилго тавьж, төлөвлөгөө гаргаж сурах нь таныг насан туршид тань адислах болно. Энэ нь танд Бурхантай гэрээ байгуулан, сахиж, мөн Сүмд үнэнчээр үйлчилж, боловсрол эзэмшиж, ажилдаа амжилт гарган, бат бөх гэр бүлийг бий болгоход тусалж чадна.

Судраас судлах

Та Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслах төлөвлөгөөг гаргах талаар дараах судруудаас юу сурч болох вэ?

Зураг
Тэрээр төрөл бүрийн өвчнийг эдгээсэн, Ж.Көрк Ричардс

Бусдад Аврагчид хөрвөгдөхөд нь туслах

Номлогчийн зорилгодоо анхаарлаа хандуул

Та номлогчийн олон үүрэг хариуцлагынхаа аль нь хамгийн чухал юм бол гэж бодож байсан байх. Энэ нь долоо хоног бүр, өдөр бүр зорилго тавьж, төлөвлөгөө гаргахдаа анхаарч үзвэл зохих асуулт юм. Үүнд хариулахын тулд номлогчийн зорилгоо бодож үз.

“Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэнээр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь хүмүүст туслах замаар Христэд ирэхэд нь бусдыг урь.”

Номлогчийн зорилгоороо зорилго, төлөвлөгөөгөө удирдуул. Та хэрхэн хувь хүмүүст Аврагчид хөрвөгдөж, Түүний сайн мэдээг хүлээн авахын тулд сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь тусалж болох дээр анхаарлаа төвлөрүүл.

Зорилго тавьж, төлөвлөгөө гаргахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийлж, хамтрагчтайгаа зөвлөлд. Дараа нь төлөвлөгөөгөө дагаж, цагаа үр дүнтэй ашигла.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

“Бид ‘хүмүүсийг Сүмд авчрахын’ тулд эсвэл Сүмийн гишүүнчлэлийн тоог өсгөхийн тулд номлож, заадаггүй. Зөвхөн амьдралаа сайжруулахад хүмүүсийг ятган сэнхрүүлэх гэж бид номлож, заадаггүй. … Селестиел хаант улсын үүд хаалгыг Бурханы хөвгүүд, охидод нээж өгөхийн тулд бид наманчлал, баптисм, гишүүний баталгаагаар дамжуулан Христэд ирэхэд бүгдийг урьдаг. Өөр хэн ч үүнийг хийж чадахгүй” (Dallin H. Oaks, “The Purpose of Missionary Work,” missionary satellite broadcast, Apr. 1995).

Судраас судлах

Эдгээр номлогч, бошиглогч Их Эзэний тусламжтайгаар төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлж чадсан бэ?

Хөрвөлтийн үндсэн үзүүлэлтүүдтэй нийцүүл

Сүмийн удирдагчид хөрвөлтийн зургаан үндсэн үзүүлэлтийг тодорхойлжээ. Гол үзүүлэлтүүд нь Бурханы хүүхдүүдийн сүнслэг өсөлт хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Тэдгээр нь өдөр тутам гаргадаг хичээл зүтгэлээ номлогчийн зорилготойгоо уялдуулан холбоход танд туслах зорилготой.

Хөрвөлтийн үндсэн үзүүлэлтүүдийг өгье.

Зураг
Номлогчид нэгэн эртэй гар барьж байгаа нь

Хичээл заалгаж байгаа шинэ хүмүүс. Тухайн долоо хоногт хичээл заалгасан (гэхдээ сүүлийн гурван сарын хугацаанд заалгаагүй) мөн тодорхой эргэж уулзах цаг товлосон хүн бүр (баптисм хүртээгүй). Хичээлд ихэвчлэн залбирах (тохиромжтой үед), дор хаяж нэг сайн мэдээний зарчмыг заах, урилга өгөх зэрэг нь орно.

Зураг
Номлогчид хичээл зааж байгаа нь

Гишүүний оролцсон хичээл. Тухайн долоо хоногт (баптисм хүртээгүй) хүнд заасан мөн гишүүний оролцсон хичээлийн тоо.

Зураг
Сүм дээр байгаа гэр бүл

Ариун ёслолын цуглаанд оролцсон, хичээл заалгаж байгаа хүмүүс. Тухайн долоо хоногт ариун ёслолын цуглаанд оролцсон, хичээл заалгаж байгаа хүн бүр (баптисм хүртээгүй).

Зураг
Залбирч буй гэр бүл

Баптисм хүртэх өдрөө товлосон хүн. Баптисм хүртэхийг зөвшөөрч, тодорхой өдөр товлосон хүн.

Зураг
Баптисм

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүн. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёслолыг хүлээн авсан, тухайн долоо хоногт цахим хэлбэрээр маягтыг нь илгээсэн шинэ гишүүн бүр. (Хөрвөгчийн баптисмын тодорхойлолт болон бүртгэл үүсгэх талаарх мэдээллийг 12-р бүлгээс үзнэ үү.)

Зураг
Сүм дээр байгаа эмэгтэйчүүд

Ариун ёслолын цуглаанд оролцож буй шинэ гишүүн. Сүүлийн 12 сарын дотор “Баптисмын болон гишүүний баталгааны маягт”-ыг нь илгээсэн, тухайн долоо хоногт ариун ёслолын цуглаанд оролцсон шинэ гишүүн бүр.

Хураангуйлан дүгнэхэд, эдгээр туршлагад оролцохыг сонгоход нь хүмүүст туслахыг чухалчил. Дараах үйл ажиллагаанд хүчин чармайлтаа төвлөрүүл. Үүнд:

  • Заах шинэ хүмүүсийг олоход тань туслах

  • Хүмүүст гэрээ байгуулж, сахих тал дээр ахиц дэвшил гаргахад нь туслах

  • Өнгөрсөн жил баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүмүүст туслах

Хэрэв таны хүчин чармайлт үндсэн үзүүлэлтүүдэд тусгагдсан байдлаар хүмүүст ахиц дэвшил гаргахад нь хэрхэн тусалж болохыг та олж харахгүй байвал тухайн үйл ажиллагаанд цаг заваа зарцуулах нь зөв эсэхийг дүгнэ.

Бага цаг зарцуулсан хүмүүсийн тухайд тэдний сайн мэдээг сонирхох сонирхлыг үргэлжлүүлэн тэжээж тэтгэ. Та гишүүдийг тэдэнтэй холбогдоход урьж болно. Та мөн технологи ашиглан тэднийг урамшуулан дэмжиж, үргэлжлүүлэн үйлчилж болно. Нэмэлт санааг 9-р бүлгийн “Технологийг ашиглах” хэсгээс үзнэ үү.

Зураг
Ахлагч Квинтин Л.Күк

“Төлөвлөж, зорилго тавихын эцсийн зорилго бол шавь бэлтгэх буюу өөрөөр хэлбэл баптисмын гэрээнээс эхлэн ариун сүмийн гэрээ гээд ариун нандин гэрээнүүдийг байгуулж, гэрээгээ сахидаг ариусгагдсан хөрвөгчидтэй болох явдал юм” (Quentin L. Cook, “Purpose and Planning,” mission leadership seminar, June 25, 2019).

Үндсэн үзүүлэлтээр зорилго тавьж, төлөвлөгөө гарга

Долоо хоног бүрийн төлөвлөгөөгөө гаргаж байхдаа та болон таны хамтрагч бүх үндсэн үзүүлэлтээр зорилго тавина. Таны үндсэн үзүүлэлтийн зорилгууд хөрвөлтийн адислалуудыг илүү олон хүнд хүртэхэд нь туслах хүслийг тань тусгасан байх ёстой.

Үндсэн үзүүлэлтийн үр дүнд тань нөлөөлөх, хяналтдаа байлгаж болох зүйлсийг хийх зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Жишээлбэл:

  • Та долоо хоногт тодорхой тооны шинэ хүмүүст зааж эхлэх үндсэн үзүүлэлтээр зорилго тавьж болно. Энэ зорилгодоо хүрэх эсэх нь бусдын сонгох эрхээс хамаарна. Гэхдээ үүндээ хүрэхийн тулд хяналтад байгаа зүйлээ хий. Ийн үйлдэх нэг арга зам бол өдөр бүр тодорхой тооны шинэ хүмүүстэй ярилцах зорилго тавих явдал юм. Дараа нь үүнийг хэрхэн хийхээ төлөвлө. Энэ бүлгийн 2-р хавсралт болон 9-р бүлгийн санаануудыг үзнэ үү.

  • Та тодорхой тооны шинэ гишүүнийг болон зааж байгаа хүмүүсээ ариун ёслолын цуглаанд оролцуулах үндсэн үзүүлэлтээр зорилго тавьж болно. Ирэх эсэх нь тэдний сонгох эрхээс шалтгаална. Гэхдээ эдгээр үндсэн үзүүлэлтийн үр дүнд нөлөөлөхийн тулд өөрийн хяналтад байгаа бүх зүйлээ хий. Тэднийг хэзээ урих, хэрхэн дахин холбогдохоо төлөвлө.

  • Та гишүүдийг долоо хоногт тодорхой тооны хичээлд оролцуулах үндсэн үзүүлэлтээр зорилго тавьж болно. Уг зорилгодоо хүрэх эсэх тань гишүүд болон зааж байгаа хүмүүсээс тань хамаарна. Гэхдээ энэ үндсэн үзүүлэлтийн үр дүнд нөлөөлөхийн тулд чадах бүхнээ хий. Гишүүдийг оролцуулахын тулд тойргийн удирдагчидтай хамтран ажиллах зорилго тавь. Дараа нь тэдний оролцоог хэрхэн зохицуулахаа төлөвлөөрэй.

Хамтрагчдын хувьд та нар өөрийн бүсэд зориулан үндсэн үзүүлэлтээр зорилго тавьдаг. Тэдгээрийг (1) зааж байгаа хүмүүсийнхээ ахиц дэвшил, (2) заах шинэ хүмүүсийг хайж олох хэрэгцээн дээрээ үндэслэ. Заах шинэ хүмүүсийг байнга хайж олох хэрэгтэй.

Номлолын хэмжээнд үндсэн үзүүлэлтээр тавих зорилго нь хамтрагчид бүрийн тавьсан зорилго дээр тулгуурладаг.

Preach My Gospel аппликэйшн нь таныг үндсэн үзүүлэлтээр тавих зорилгоо тодорхойлохдоо хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Энэхүү аппликэйшн нь мөн өмнөх зорилгоосоо суралцаж, одоогийн зорилгодоо хүрэхийн тулд гаргаж буй ахиц дэвшлээ харахад тусална.

Үндсэн үзүүлэлтээр тавьсан зорилго, үр дүнг номлолын удирдагчдад болон залуу номлогч удирдагчдад Preach My Gospel аппликэйшнаар дамжуулан автоматаар тайлагнана.

Нэг үндсэн үзүүлэлтээр тавьсан зорилгыг бусдаас нь илүү чухалчлан онцлохоос болгоомжил. Бүх үндсэн үзүүлэлт дээр байнга анхаарч ажиллах нь бусдыг Христэд ирж, гэрээ байгуулахад урихад танд үргэлж тусална.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Гүйцэтгэлийг хэмжвэл, гүйцэтгэл сайжирдаг. Гүйцэтгэлийг хэмжиж, тайлагнавал сайжрах хурд нэмэгддэг” ( Thomas S. Monson, “Thou Art a Teacher Come from God,” Improvement Era, Dec. 1970, 101-ээс эшлэв).

Хичээнгүйлэн ажилла

Их Эзэн таныг номлогчийн үйлчлэлдээ “бүхий л хичээл зүтгэлээр ажилла[асай]” хэмээн хүсдэг (Сургаал ба Гэрээ 107:99). Хичээнгүй байдал бол тууштай, зоригтой байж гаргадаг хүчин чармайлт юм.

Үндсэн үзүүлэлтээр гаргасан зорилго дээрээ хичээнгүйлэн ажилла. Хүмүүсийг хөрвөлтөд хүргэх амлалт өгөхөд урь. Таны хичээнгүй байж гаргасан хичээл зүтгэл тэднийг Христэд ирэхэд туслах үйлдлүүдийг хийхэд өдөөж болох юм (2 Нифай 2:14–16-г үзнэ үү).

Хүмүүсийн хэрэгцээ шаардлагад тааруулан сайн мэдээг заа. Сургаалыг Сүнсээр ойлгуулбал тэднийг үйлдэхэд юунаас ч илүү өдөөх магадлалтай.

Үүний зэрэгцээ үндсэн үзүүлэлтээр тавьсан зорилго нь бусдын сонгох эрхээс хамаардаг гэдгийг хүлээн зөвшөөр. Хүмүүсийн сонгох эрхийг үргэлж хүндэл.

Үндсэн үзүүлэлтүүд эцсийн зорилго биш гэдгийг сана. Харин тэдгээр нь тухайн хүнийг баптисм хүртэх, гишүүнээр батлуулах, урт хугацааны хөрвөлт рүү хөтлөх боломжит сүнслэг өсөлт хөгжлийг төлөөлдөг юм. Хүмүүсийн бодит өсөлт хөгжил тэдний сонголтоос хамаарна. Та зорилго тавьж, төлөвлөж, хичээнгүйлэн ажиллаж, сүнслэгээр өдөөгдсөн арга замаар тохинуулснаар тэдний төлөө Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэн, тэдний өсөлт хөгжлийг дэмждэг.

Хэрхэн зорилго тавьж, түүндээ хүрэх төлөвлөгөө гаргах вэ?

Зорилго тавьж, төлөвлөх нь итгэлийн үйлдэл юм. Зорилгууд нь таны зүрх сэтгэлийн хүсэл, өөртөө болон бусдад Аврагчид ирэхэд нь туслах алсын харааг илэрхийлдэг.

Анхааралтай авч үзсэн зорилго, төлөвлөгөө танд тодорхой чиглэл өгнө. Тэдгээр нь заах өөр олон хүнийг олоход танд тусална. Тэдгээр нь зааж байгаа хүмүүсийнхээ итгэлийг бэхжүүлж, хөрвөлт рүү өсөж хөгжихөд нь туслахад таныг удирдан чиглүүлж болно.

Зорилго тавьж, төлөвлөгөө гаргах үйлдлийг урам зориг бүхий туршлага болго. Чин сэтгэлээсээ залбирч, итгэлээ хэрэгжүүлж, хамтрагчтайгаа зөвлөлдөж, Сүнсний удирдамжийг дага. Та ийн төлөвлөхдөө Их Эзэний танаар дамжуулан бусдыг адислахаар ажиллаж байгааг мэдрэх болно.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

“Зорилго бол зорьсон газар буюу эцсийн зогсоол, төлөвлөгөө нь тэнд хүрэх маршрут. … Зорилго тавих гэдэг нь чухамдаа ‘төгсгөлөө тооцоолж эхлэх’ явдал юм. Төлөвлөх гэдэг нь уг төгсгөлд хүрэх арга замаа боловсруулахыг хэлдэг” (М.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51).

Зорилго тавих, зорилгодоо хүрэх зарчим

Дараах үйл явц нь танд зорилго тавьж, зорилгодоо хүрэхэд тусална.

Зураг
Зорилго тавих хүснэгт
  1. Залбирч байгаад зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Бодит боловч өөрийг тань шахаж, итгэлтэй байхыг шаардах зорилго тавь. Хэт нүсэр эсвэл хэт бага зорилго тавихаас зайлсхий. Уг зорилгодоо хэрхэн хүрэхээ төлөвлө.

  2. Бичиж аван, хуваарь гарга. Зорилго, төлөвлөгөөгөө нарийн хуваарь гарган тэмдэглэ.

  3. Төлөвлөгөөнийхөө дагуу үйлд. Зорилгодоо хүрэхийн тулд хичээнгүйлэн ажилла. Тусламж авахын тулд Их Эзэнд итгэх итгэлээ хэрэгжүүл.

  4. Явцыг шалгаж, биелэлтийг хар. Гаргаж буй ахицаа үнэлж, хийсэн ажлаа тогтмол тэмдэглэ. Юуг өөрөөр хийх, хэрхэн сайжруулахаа шийд. Шаардлагатай бол төлөвлөгөөгөө тохируулан өөрчил.

Энэхүү зорилго тавих үйл явцыг ашиглахад Их Эзэн таны хичээл зүтгэлийг нэмэгдүүлнэ. Түүний мутарт зэмсэг болох чадавх тань өсөн нэмэгдэнэ. Та Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислах олон сайн сайхан зүйлийг хийх болно.

Ажлынхаа бүхий л тал дээр зорилго тавьж, төлөвлөгөө гарга

Номлогчийн ажлынхаа бүхий л тал дээр зорилго тавих үйл явцыг ашиглахдаа Сүнсний удирдамжийг залбиран байж эрэлхийл. Заримыг нь дурдвал:

  • Зааж байгаа хүмүүстээ ахиц гаргахад нь туслах (энэ бүлгийн Хавсралт 1-ийг үзнэ үү)

  • Заах шинэ хүмүүсийг хайж олох (энэ бүлгийн Хавсралт 2-ыг үзнэ үү)

  • Гишүүдтэй хамт ажиллаж, орон нутгийнхаа болон тойргийнхоо хүмүүст үйлчлэх (913-р бүлгийг үзнэ үү)

  • Хамтрагчтайгаа нэгдэж ажиллах (“Долоо хоногийн төлөвлөгөө гаргах цаг” хэсэг дэх 6-р зүйлийг үзнэ үү).

  • Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэх

  • Хэл сурах гэх мэтээр мэдлэг, чадвараа сайжруулах (7-р бүлгийг үзнэ үү)

Тохирох зорилго тавь

Бусад номлогчдод зориулан үндсэн үзүүлэлтээр зорилго тавихаас зайлсхий. Гэхдээ та тэднийг өөрсдийнхөө зорилгыг тавьж байхад нь зорилго тавих зарчмуудыг ашиглахад чиглүүлж, урамшуулж болно.

Бусадтай харьцуулахаас зайлсхий.

Зорилгодоо хүрэхийг квот болгох, олонд хүлээн зөвшөөрөгдөх, олны дунд хүнийг засаж залруулах, эвгүй байдалд оруулах зэргээр ашиглаж болохгүй.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Бид зорилго тавихад итгэдэггүй. Бид зорилгын дагуу амьдардаг. … Бүх хүнд сайн мэдээг авчрах нь [нэг] чухал зорилго юм. .… Бидний зорилго бол мөнх амьдралд хүрэх явдал. Энэ бол дэлхий дээрх хамгийн агуу зорилго билээ” (Spencer W. Kimball, regional representatives’ seminar, Apr. 3, 1975, 6).

Долоо хоногийн болон өдрийн төлөвлөгөө гаргах цаг

Долоо хоногийн төлөвлөгөө гаргах нь том дүр зургийг харж, хүмүүст анхаарлаа хандуулахад тусална. Энэ нь танд хамгийн чухал үйл ажиллагаан дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Өдрийн төлөвлөгөө гаргах нь танд өдөр бүрд тохируулан, тодорхой арга хэмжээ авахаар бэлтгэхэд тусалдаг. Та зүгээр л завгүй байх бус, үр бүтээлтэй байхыг хүсдэг.

Төлөвлөгөө гаргах цагаараа Их Эзэн чамаас юу хийхийг хүсэж байгаа талаар өөртөө энгийн асуултууд тавь. Нөхцөл байдалд болон хүн бүрд тохирсон арга замаар эдгээр асуултад хариулахын тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийл. Ийнхүү хариултууд нь төлөвлөгөөний тань загварыг гаргана.

Долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргах цаг

Номлолын ерөнхийлөгчийнхөө тогтоосон өдөр, цагт хамтрагчтайгаа долоо хоногийн төлөвлөгөөгөө гарга. Доорх алхмуудыг дага.

  1. Залбирч, сүнслэг өдөөлт авахыг эрэлхийл. Тэнгэрлэг Эцэгээс зорилгодоо хүрэхэд туслах төлөвлөгөө гаргахад удирдаж чиглүүлэхийг хүс. Хүмүүст өсөж хөгжиж, Христэд ирэхэд нь туслахын тулд таны гаргаж буй хичээл зүтгэлийг адислахыг Түүнээс хүс.

  2. Preach My Gospel аппликэйшныг ашиглан бүх үндсэн үзүүлэлтээр зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Энэ бүлэгт өмнө тайлбарласан зорилго тавих үйл явцыг ашигла. Дараах байдлаар эхэл.

    • Өнгөрсөн жилийн дотор баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүн.

    • Баптисм хүртэх өдрөө товлосон хүн.

    • Ариун ёслолын цуглаанд оролцдог, хичээл заалгаж байгаа хүн.

    • Хичээл заалгаж байгаа шинэ хүн.

    • Эргэж ирсэн гишүүн, гэрийнхнийх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүл, ахлагч болох боломжтой хүн.

    • Өмнө нь хичээл заалгаж байсан хүн.

    Зааж байгаа хүмүүстэйгээ ажиллахдаа зорилго тавих үйл явцыг ашиглах талаарх санааг энэ бүлгийн Хавсралт 1-ээс үзнэ үү.

  3. Заах хүмүүсийг олохын тулд зорилго тавих үйл явцыг ашигла (заах хүн олоход туслах санаануудыг энэ бүлгийн Хавсралт 2 болон 9-р бүлгээс үзнэ үү).

  4. Тойргийн удирдагч, гишүүдтэй харилцаагаа сайжруулахын тулд зорилго тавих үйл явцыг ашигла. Тэдний сайн мэдээг хуваалцахын тулд гаргаж буй хүчин чармайлтад хэрхэн туслах талаар зорилго тавьж, төлөвлөгөө гарга (санаануудыг 913-р бүлгээс үзнэ үү). Тойргийн долоо хоног тутмын зохицуулах хуралд бэлд (13-р бүлгийг үзнэ үү).

  5. Preach My Gospel аппликэйшн дээрх төлөвлөгөө, зорилгоо эргэн хар. Товлосон цаг, уулзалтаа баталгаажуул.

  6. Хамтрагчтайгаа зөвлөлд. Үүнд ихэвчлэн дараах зүйлс ордог.

    • Хүсвэл зохих хувийн зорилго тавьж, хамтрагчаасаа уг зорилгодоо хүрэхэд тань туслахыг хүс.

    • Харилцааныхаа давуу талыг ярилц. Дуулгавартай байхад эсвэл нэгдэж ажиллахад тулгарч буй аливаа асуудлаа ярилц. Аливаа зөрчлийг (1) хүн бүрд өөрийн үзэл бодлыг бүрэн илэрхийлэх боломж олгох, (2) хүн бүрийн санааг зовоож буй асуудлыг ойлгож, хүлээн зөвшөөрөх, (3) хамгийн чухал асуудлуудыг шийдэх шийдлийг хамтдаа гаргах замаар шийдвэрлэ.

    • Таны бодлоор хамтрагчийнхаа ямар зан чанарыг хүчтэй талууд гэж үздэгээ түүнтэй хуваалц. Өөрөө хэрхэн сайжирч болох талаар зөвлөгөө хүс.

    • Харилцааг тань сайжруулах зорилго тавь.

    Хамтрагчтайгаа зөвлөлдөх нь хувийн болон гэр бүлийнхээ амьдрал, Сүмийн үйлчлэл, ажил дээрээ болон бусад харилцаа холбоондоо ашиглаж болох чухал ур чадваруудыг хөгжүүлэхэд тань туслах болно.

  7. Төгсгөлд нь залбир.

Өдрийн төлөвлөгөө гаргах цаг

Өглөө болгон 30 минут төлөвлөхөд цаг гаргах зорилго тавьж, төлөвлө. Доорх алхмуудыг дага.

  1. Залбирч, сүнслэг өдөөлт авахыг эрэлхийл.

  2. Үндсэн үзүүлэлтээр тавьсан долоо хоногийн зорилгодоо хүрэхээр гаргаж буй ахицаа нягтал.

  3. Зааж байгаа хүмүүстээ туслахын тулд төлөвлөгөөгөө эргэн хар. Хамгийн их ахиц гаргаж байгаа хүмүүст туслахын тулд ажлаа эрэмбэл. Шаардлагатай бол өдөр тутмын зорилго, төлөвлөгөөгөө тааруулан өөрчил.

  4. Тухайн өдөр заах шинэ хүмүүсийг олж, зааж байгаа хүмүүстээ туслахын тулд ямар нэгэн зүйл хийхийг хичээ.

  5. Орон нутгийн удирдагч, гишүүдтэй хэрхэн ажиллахаа төлөвлө.

  6. Төгсгөлд нь залбир.

Хамтрагчтайгаа судлах

Энэ бүлгийн төгсгөлд байгаа Хавсралт 1 болон Хавсралт 2-ыг судлаад, заахдаа болон заах хүмүүсийг олоход хэрхэн зорилго тавих үйл явцыг ашиглах талаарх санаа авна уу. Тэдгээр санааны заримыг хэрхэн ашиглахаа тодорхойл.

Preach My Gospel аппликэйшныг ашиглах

Моронай өөрийнх нь амьдарч байсан цаг үед баптисм хүртсэн хүмүүсийн талаар: “Тэднийг зөв замд байлгахын тулд, Бурханы сайн үгээр дурсагдан мөн тэжээгдэхийн учир тэдний нэрс тэмдэглэгддэг байв” (Моронай 6:4) хэмээн хэлсэн. Бүртгэл сайн хөтлөх нь энэ зарчмыг хэрэгжүүлэх нэг арга зам юм.

Гаргасан хүч чармайлтаа тэмдэглэ

Бүртгэл хөтлөх нь бүсээ хайр халамжаар харж хандахын нэг хэсэг юм. Бүртгэлээ үнэн зөв, цаг алдалгүй хөтөл. Энэ нь хүмүүст туслахын тулд юу хийх ёстойг сануулан тусална.

Preach My Gospel аппликэйшн нь орон нутгийн удирдагч, гишүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, хүмүүсийн болон ажлын хувьд гаргаж байгаа ахицынхаа талаар чухал мэдээлэл хуваалцах боломжийг танд олгоно.

Өгөгдөл болон мэдээллийн нууцлалын тухай удирдамжийг дага

Preach My Gospel аппликэйшн болон хэвлэсэн материал дээр зорилго, төлөвлөгөөгөө бичихдээ өгөгдөл, мэдээллийн нууцлалын тухай удирдамжийг дага. Мэдээллийг Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг, 7.5-аас авна уу.)

Preach My Gospel аппликэйшн, э-мэйл, олон нийтийн сүлжээ, тэмдэглэл эсвэл бусад харилцааны хэрэгсэл дээр мэдээлэл бичиж оруулах эсвэл хуваалцахаасаа өмнө өөртөө дараах асуултуудыг тавь.

  • Энэ хүнд миний бичиж байгаа зүйл ямар сэтгэгдэл төрүүлэх бол?

  • Миний тухай ийм мэдээллийг хэн нэгэн бусадтай хуваалцсан бол надад ямар санагдах байсан бэ?

  • Энэ мэдээллийг оруулж, хуваалцсанаар би Сүмийн бодлого ба мэдээллийн нууцлалын талаарх улс орны хуулийг дагаж байна уу?

Зураг
Залбирч буй номлогчид

Хариуцлагатай байдал

Хариуцлагын зарчим нь Бурханы мөнхийн төлөвлөгөөний суурь юм ( Алма 5:15–19; Сургаал ба Гэрээ 104:13; 137:9-ийг үзнэ үү). Энэ зарчим нь Их Эзэний танд өгсөн ариун үүрэг хариуцлагын талаарх таны бодол, мэдрэмжид нөлөөлдөг. Хариуцлагатай байдал нь ажилдаа хэрхэн хандах байдалд тань нөлөөлдөг.

Аврагч дэлхий дээр тохинуулах үеэрээ шавь нартаа өсөж, хөгжиж, ажлыг нь гүйцэлдүүлэхэд туслах үүрэг даалгавар өгсөн. Тэрээр мөн хий хэмээн өгсөн ажлаа тайлагнах боломжийг тэдэнд олгосон (Лук 9:10; 3 Нифай 23:6–13-ыг үзнэ үү). Номлогчийн хувьд та ч мөн адил Их Эзэний танд хий хэмээн даалган өгсөн ажлыг тайлагнадаг.

Зорилго тавьж, төлөвлөгөө гаргахдаа, үүндээ өдөр бүр залбирлаар дамжуулан Их Эзэнд тайлагнана гэсэн бодлоор ханд. Мөн өөртөө болон номлолын удирдагчдынхаа өмнө хариуцлагатай бай.

Тайлагнах нь таны гаргасан хүчин чармайлт үнэлэгдэж, өөрийгөө сайжруулах арга замаа тодорхойлж болохуйц хайраар дүүрэн, эерэг туршлага байх ёстой.

Судраас судлах

Хариуцлагатай байх гэдэг нь ямар утгатай вэ?

Хариуцлагатай байхад сонгох эрх яагаад чухал вэ?

Номлогч, номлолын удирдагч хоёр хэрхэн хамтран ажиллах ёстой вэ?

Үүрэгт ажил болон дуудлагадаа итгэлтэй хүмүүст Их Эзэн юу амласан бэ?


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Дуудлагын захидалд тань орсон дараах өгүүлбэрийг бодож үз. “Та хувийн ажил хэргээ хойш тавьж, Их Эзэнд үйлчлэхээр цаг зав, анхаарлаа зориулах аваас Их Эзэн таны Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаарх мэдлэг, гэрчлэлийг хөгжүүлэн адислах болно.” Дараах асуултуудыг өөртөө тавьж, төрсөн сэтгэгдлээ бич.

    • Би Их Эзэнд үйлчлэхэд цаг зав, анхаарлаа зориулах тал дээр хэр байна вэ?

    • Би ямар ямар адислал хүртэж байсан бэ?

    • Миний гэрчлэл хэрхэн хүчирхэгжсэн бэ?

    • Би хэрхэн сайжирч болох вэ?

  • Номлолын талбар дахь хамгийн сүүлчийн өдрийнхөө тухай хэдэн минут бод. Тэр өдөр болоход:

    • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа ямар байгаасай гэж та хүсдэг вэ?

    • Та хэн болсон байхыг хүсэж байна вэ?

    Эдгээр асуулт бүрийн хариултыг судлах тэмдэглэлдээ бич. Тэдгээр зорилгодоо хүрэхийн тулд одоо юу хийхээ зорилго тавих үйл явцыг ашиглан төлөвлө. Төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэ.

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Preach My Gospel аппликэйшныг ашиглан доорх асуултуудад хариулна уу.

    • Бүх бүртгэл хамгийн сүүлийн байдлаар үнэн зөв байна уу?

    • Заах шинэ хүн олох хүч чармайлтын тайлан тань бүсэд шинээр ирсэн номлогчид тус болох уу?

    • Хэрэв та яг одоо өөрийн аппликэйшныг шалгавал, хүмүүсийн хаана байгааг мэдэхэд тань туслах уу? Энэ нь тэдний гаргаж буй ахицын талаар мэдэхэд танд туслах уу?

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Номлогчдыг хүмүүст ахиц гаргахад нь туслахын тулд тавьсан зорилго, гаргасан төлөвлөгөөгөө хуваалцахад урь. Жишээнд хүмүүст дараах байдлаар туслах зорилго, төлөвлөгөө багтаж болно. Үүнд:

    • Аврагчид итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлэх;

    • Наманчилж, Бурханд илүү ойртуулах өөрчлөлтүүдийг гаргах

    • Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах

    • Сүмд буцан ирж, баптисмын гэрээнүүдээ шинэчлэх зэрэг юм.

  • Доорх жишээнүүдээс нэгийг номлогчдод уншиж өг. Номлогчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Эдгээр жишээн дэх хүмүүст баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь туслахын тулд бүлэг бүрийг зорилго тавих үйл явцын 1 ба 2-р алхмыг ашиглахад урь. Бүлэг бүрд бодол санаагаа хуваалцах боломж олго.

    • Таны зааж байгаа хүн энэ долоо хоногт сүмд явах урилга хүлээн авчээ.

    • Нэг хүн баптисм хүртэх урилгыг тань хүлээн авч, баптисм хүртэх зорилгыг тантай хамт тавьсан.

    • Нэг хүн таны Мормоны Номыг унших урилгыг хүлээн авч, 1 Нифай 1-ийг уншихаа амласан.

  • Номлогчдыг Preach My Gospel аппликэйшныг ашиглахад уриад, тэдэнд дараах байдлаар бодитой боловч өөрийгөө шахах зорилго тавихад тусал.

    • Өнгөрсөн үндсэн үзүүлэлтүүдийн түүх, ахиц дэвшлийг эргэж хар.

    • Өдөр, долоо хоног, сар бүрээр зорилго тавь.

    • Үндсэн үзүүлэлтийн зорилгод хүмүүсийг нэм.

    Хүмүүст ахиц дэвшил гаргахад нь тусалж буй номлогчдод илүү үр дүнтэй төлөвлөхөд нь эдгээр алхам хэрхэн тус болох талаар ярилц. Номлогчдоос дараах зүйлсийг бодож үзэхийг хүс.

    • Та ирээдүйд төлөвлөгөө гаргахдаа Preach My Gospel аппликэйшныг хэрхэн ашиглах вэ?

    • Та аппликэйшныг илүү үр дүнтэй ашиглах өөр ямар ямар арга замыг олж мэдсэн бэ?

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Номлогчдын Preach My Gospel аппликэйшныг байнга шалга. Зорилго, төлөвлөгөөгөө хянах, хүмүүст ахиц гаргахад нь туслахын тулд үүнийг хэрхэн ашигладаг талаараа хуваалцахад тэднийг урь.

  • Үе үе номлогчдын долоо хоногийн болон өдрийн төлөвлөгөө гаргах цагийн үйл явцыг ажигла.

Хавсралт 1

Зааж байгаа хүмүүстэйгээ ажиллахдаа зорилго тавих үйл явцыг ашиглах

Зааж байгаа хүмүүстээ туслахын тулд зорилго тавих үйл явцыг хэрхэн ашиглаж болох жишээг энэ хэсэгт өгөв.

1. Зорилго тавьж, төлөвлөгөө гарга

Зааж байгаа хүмүүсийнхээ сүнслэг хэрэгцээ шаардлагын талаар залбирч байгаад бодож үз. Тэдэнд уг хэрэгцээ шаардлагаа хангахад нь туслах зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Preach My Gospel аппликэйшныг ашиглан, хүн бүрийн гаргаж буй ахицыг хяна. Хүн бүрд Христэд ирэхийн тулд хийх дараагийн алхамд нь туслах үйлдлүүдийг тодорхойлохын тулд хөрвөлтийн үндсэн үзүүлэлтүүдийг ашигла.

Та зорилго тавьж, төлөвлөгөө гаргахдаа дараахтай адил асуултуудыг өөртөө тавь. Үүнд:

  • Тухайн хүний Есүс Христэд итгэх итгэл өсөн нэмэгдэж байгааг харуулсан ямар сонголтуудыг тэр хийж байна вэ?

  • Тухайн хүн Сүнстэй холбоотой ямар ямар туршлага хуримтлуулсан бэ?

  • Түүнд ямар ямар бэрхшээл тулгарч байж болох вэ?

  • Уг хүнд туслахын тулд бид түүнээс өөр юу мэдэж авч болох вэ?

  • Энэ хүнд Есүс Христэд итгэх итгэлтэй болж, Сүнсийг мэдэрч, ялган таньж, наманчилж, баптисм хүртэхэд нь туслах ямар үйл явдал тохиох ёстой вэ?

  • Энэ хүнд туслахад тойргийн удирдагч, гишүүдийг оролцуулахын тулд бид тойргийн долоо хоног тутмын зохицуулах хуралд хэрхэн бэлдэж болох вэ? (13-р бүлгийг үзнэ үү.)

  • Бид Их Эзэнд итгэх итгэлийг маань харуулах ямар үндсэн үзүүлэлтүүдээр зорилго тавьж болох вэ?

2. Төлөвлөгөөгөө тэмдэглэж, хуваарь гарга

Preach My Gospel аппликэйшныг ашиглан зорилго, төлөвлөгөөгөө нарийвчлан тэмдэглэж, хуваарь гарга. Энэ нь танд ажлаа зохицуулж, өдөр бүр авах арга хэмжээгээ тодорхойлоход тусална. Өөрийн бүсийн мэдээллийн нууцлалын хууль дүрмийг дагаж мөрд.

Төлөвлөгөөгөө тэмдэглэж, хуваарь гаргахдаа дараах асуултуудыг өөртөө тавь. Үүнд:

  • Энэ хүний гаргаж буй ахицад дэмжлэг үзүүлэхийн тулд бид өнөөдөр болон энэ долоо хоногт ямар ямар тодорхой зүйл хийж болох вэ?

  • Ямар сургаал (эсвэл хичээл) энэ хүнд Христэд илүү хүчирхэг итгэлтэй болж, сайн мэдээний дагуу амьдрахад туслах вэ? Бид энэ сургаалыг хэрхэн тэдэнд ойлгомжтой, Ариун Сүнсээр сэнхрүүлэгдэхээр зааж болох вэ?

  • Бид уулзах цагаа хэрхэн, хэзээ баталгаажуулах вэ?

  • Бид ямар урилга өгч эсвэл ямар урилгын явцыг шалгах ёстой вэ? Хэрхэн мөн хэзээ явцыг нь шалгах вэ?

  • Бид тухайн хүнд сүмд очиж, судраас уншиж, залбирч, Бурхантай гэрээ байгуулахад хөтөлдөг амлалтаа биелүүлэхэд нь хэрхэн, хэзээ туслах вэ?

  • Гишүүд хэрхэн оролцож болох вэ?

  • Бид тухайн хүнтэй ямар онлайн эх сурвалжийг хуваалцаж болох вэ?

  • Ямар нэг зүйл төлөвлөсний дагуу болохгүй бол бид ямар нөөц төлөвлөгөө гаргаж болох вэ?

3. Төлөвлөгөөнийхөө дагуу үйлд

Төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэхдээ өдрийн турш зүрх сэтгэлдээ залбир. Сүнс танд хаашаа явах, юу хийх, юу хэлэх, ямар өөрчлөлт гаргахаа олж мэдэхэд тусална.

Өдрийн турш өөртөө дараах асуултуудыг тавь. Үүнд:

  • Бид Их Эзэн бидэнд тусална, Түүний хүүхдүүдэд үйлчлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг маань нэмэгдүүлнэ гэдэгт хэрхэн итгэж, итгэлээрээ ажиллаж чадах вэ?

  • Төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэхдээ бид хэрхэн бүтээлч, зоригтой байж чадах вэ?

  • Бид хэрхэн хүмүүсийн хэрэгцээ, нөхцөл байдалд төлөвлөгөөгөө тааруулж болох вэ?

Төлөвлөгөөнүүд таны хүссэнээр үргэлж явахгүй. Уян хатан байж, шаардлагатай үед нөөц төлөвлөгөөгөө ашигла.

4. Явцыг шалгаж, биелэлтийг хар

Хүмүүст заах, ахиц гаргахад нь туслахаар тавьсан зорилгынхоо явцыг хамтрагчтайгаа хамт шалга. Биелэлтийг харах төлөвлөгөө гарга. Зорилгодоо хүрэхийг хичээхдээ, шаардлага гарвал төлөвлөгөөгөө тааруулан өөрчил.

Дараах асуултуудыг өөртөө тавь. Үүнд:

  • Зааж байгаа хүмүүс маань Бурхантай гэрээ байгуулахын төлөө явж байна уу?

  • Тэдэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Тэдэнд ямар асуудал байна вэ?

  • Өнөөдөр бид тэдэнд тусалж, тэднийг үйлдэхэд урамшуулахын тулд биечлэн эсвэл технологиор дамжуулан юу хийж болох вэ?

  • Тэд Сүнсийг мэдэрч байна уу?

  • Тэд Сүмийн удирдагч, гишүүдтэй холбогдож, харилцаа холбоо тогтоож байна уу? Биднийг дараагийн удаа заахад хэн оролцож болох вэ?

  • Төлөвлөсний дагуу явагддаггүй байдлаас бид юу сурч болох вэ?

  • Бид зорилгодоо хүрсэн үү? Бидэнд тааруулан өөрчлөх эсвэл өөрөөр хийх зүйл байна уу?

  • Байнга холбоо барих шаардлагагүй болсон байна уу?

Биелэлтийг харах, хүмүүст ахиц гаргахад нь туслах зарчим, санаануудыг 11-р бүлгээс үзнэ үү.

Хавсралт 2

Заах хүмүүсийг олохдоо зорилго тавих үйл явцыг ашиглах

Заах хүмүүсийг олохдоо зорилго тавих үйл явцыг хэрхэн ашиглаж болох жишээг энэ хэсэгт өгөв. Долоо хоногийн болон өдрийн төлөвлөгөөгөө гаргахдаа энэхүү үйл явцыг ашигла.

1. Зорилго тавьж, төлөвлөгөө гарга

Заах хүмүүсийг хайж олохын тулд хамтрагчтайгаа хамт юу хийгээсэй хэмээн Тэнгэрлэг Эцэг хүсэж байгааг залбирч байгаад бодож үз. Үүнийг долоо хоног төдийгүй өдөр бүр хий. Тэр танд зориулан хүмүүсийг бэлдэж байгаа гэдэгт итгэ (Сургаал ба Гэрээ 100:3–8-ыг үзнэ үү).

Заах хүмүүсийг олох төлөвлөгөөг өдөр бүр гарга. Үндсэн үзүүлэлтийн үр дүнд тань нөлөөлөх, хяналтдаа байлгаж болох зүйлсийг хийх төлөвлөгөө гарга. Зарим жишээг дурдвал:

  • Та өдөр бүр хэдэн шинэ хүнтэй сайн мэдээний талаар ярих вэ?

  • Та гишүүд, хичээл заалгаж байгаа хүмүүс, холбоо барьдаг хүмүүсээсээ таны захиасыг сонирхож магадгүй хүнийг таньдаг эсэхийг хэдэн удаа асуух вэ?

  • Та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илгээсэн сонирхсон хүний талаарх мэдээлэл, санал хүсэлтэд хэр хурдан хариулах вэ?

Preach My Gospel апп

  • Тэнгэрлэг Эцэг биднээс заах хүмүүсийг олохын тулд өнөөдөр болон энэ долоо хоногт юу хийхийг хүсэх байсан бэ?

  • Бид заах хүмүүсийг олохын тулд өдрийн болон долоо хоногийн ямар үндсэн үзүүлэлтээр зорилго тавьж болох вэ?

  • Өдрийн энэ цагт болон энэ байршилд заах хүн хайж олох ямар үйл ажиллагаа хамгийн тохиромжтой вэ?

  • Бид тойргийн гишүүдийн хайрлах, хуваалцах, урих зарчмаар сайн мэдээг хуваалцахын тулд гаргаж байгаа хүчин чармайлтыг хэрхэн урамшуулж, дэмжин туслах вэ?

  • Ариун ёслолын цуглаанд оролцоход нь туслахын тулд бид ямар шинэ гишүүнтэй холбогдож болох вэ? Тэдэнд урьж болох найз нөхөд бий юу?

  • Бид гэрийнхнийх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүл, эргэн ирсэн гишүүд, ахлагч болох боломжтой хүмүүс зэргийг тодорхойлж, холбоо барихын тулд хэрхэн тойргийн зөвлөлтэй эсвэл тойргийн долоо хоног тутмын зохицуулах хурлын оролцогчидтой хамтран ажиллаж болох вэ?

  • Одоо заалгаж байгаа, өмнө нь заалгаж байсан болон санал болгосон ямар хүмүүстэй бид холбогдож чадах вэ? Бид тэдэнтэй хэрхэн холбоо барих вэ? (Биечлэн, технологи ашиглан, утсаар эсвэл өөр арга замаар)

  • Бид ямар шинэ арга замаар хүмүүсийг олж болох вэ?

  • Бид ямар хувийн авьяас, давуу талуудыг ашиглаж болох вэ?

  • Бид заах хүн олох чадвараа хэрхэн сайжруулж болох вэ?

  • Бид уулзсан хүмүүстээ Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Заах хүн хайж олох үйл ажиллагааны жишээг 9, 1013-р бүлгээс үзнэ үү.

Preach My Gospel аппликэйшныг ашиглан, өмнө нь үр дүнтэй байсан хайж олох үйл ажиллагаануудыг тодорхойл. Жишээлбэл: Та сүүлийн үеийн хөрвөгчдийг хэрхэн олсныг харж болно.

Сүнслэг өдөөлт эрэлхийлж, шинэ бодол, санаануудад нээлттэй бай. Нэг хэвийн арга зам ашиглахаас зайлсхий. Заах шинэ хүмүүсийг байнга олдог номлогчид ихэвчлэн долоо хоног бүр өөр өөр арга хэрэглэдэг. Тэд байнга үүн дээрээ ажилладаг.

2. Төлөвлөгөөгөө бичиж, хуваарь гарга

Хамтрагчтайгаа Preach My Gospel аппликэйшныг ашиглан зорилго, төлөвлөгөөгөө нарийвчлан тэмдэглэж, хуваарь гарга. Төлөвлөгөөгөө тэмдэглэж, хуваарь гаргах нь ямар ажил, хэзээ хийхээ тодорхойлоход тусална.

Дараах асуултуудыг өөртөө тавь.

  • Та хүмүүстэй хэзээ, хэрхэн холбогдох вэ? Ийн үйлдэх хамгийн сайн аргууд юу байж болох вэ? Хамгийн сайн байршил хаана вэ? Хүмүүсийг хайж олох янз бүрийн аргын хувьд өдрийн аль цаг нь хамгийн тохиромжтой вэ?

  • Бид уулзаж байгаа хүмүүстэйгээ хэрхэн утга учир бүхий яриа өрнүүлж болох вэ?

  • Бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад технологийг ашиглан хэрхэн, хэзээ онлайнаар хүмүүсийг олж болох вэ?

  • Бид мэдээллийг нь авсан хүмүүстэйгээ хэзээ холбоо барих вэ?

  • Бусад төлөвлөгөө бүтэлгүйтэхэд бид ямар нөөц төлөвлөгөө гаргах вэ?

3. Төлөвлөгөөнийхөө дагуу үйлд

Заах хүн олох зорилгодоо хүрэхийн тулд хичээнгүйлэн ажилла. Өдрийн турш зүрх сэтгэлдээ залбир. Уулзсан хүмүүстэйгээ мэндчилж, яриа өрнүүлэхэд нээлттэй бай. Сүнс танд хаашаа явах, юу хийх, юу хэлэх, ямар өөрчлөлт гаргахаа олж мэдэхэд тусална.

Өдрийн турш өөртөө дараах асуултуудыг тавь.

  • Бид хэрхэн Их Эзэн бидэнд тусална, Түүний хүүхдүүдэд үйлчлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг маань нэмэгдүүлнэ гэдэгт итгэж, итгэлээр ажиллаж чадах вэ?

  • Төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэхдээ бид хэрхэн бүтээлч, зоригтой байж чадах вэ?

  • Бид хүмүүсийн хэрэгцээ, нөхцөл байдалд төлөвлөгөөгөө хэрхэн тааруулж болох вэ?

  • Бид Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд нь хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

Төлөвлөгөөнүүд таны хүссэнээр үргэлж явахгүй. Уян хатан байж, шаардлагатай үед нөөц төлөвлөгөөгөө ашигла.

4. Явцыг шалгаж, биелэлтийг хар

Заах хүмүүсийг хайж олох зорилгодоо хүрэхээр гаргасан ахиц дэвшлээ өдөр бүр, долоо хоног бүр залбиран байж нягтал. Дараах асуултуудыг өөртөө тавь.

  • Бид зорилгодоо хүрч, төлөвлөгөөгөө биелүүлж чадсан уу?

  • Заах хүн хайж олох зорилгодоо хүрэхийн тулд бид ямар зохицуулалт хийх ёстой вэ?

  • Заах хүн олоход үр дүн өгдөггүй нэг хэвийн арга барилаасаа бид хэрхэн зайлсхийж болох вэ?

  • Бид өдрийн энэ цагт ямар шинэ зүйлийг туршиж үзэх боломжтой вэ?

  • Бид заах хүн олоход туслах ямар санаануудыг тойргийн долоо хоног тутмын зохицуулах хурлаар хэлэлцэж болох вэ? (13-р бүлгийг үзнэ үү.)

Хамтрагчдын хувьд 9-р бүлэг дэх “Хүмүүсийг хайж олох ажил” хүснэгтийг ашиглан хүмүүсийг хайж олох долоо хоног, өдөр тутмын ажлаа үнэлнэ үү. Сайн хийж байгаа зүйлээ олж харан, хэрхэн сайжруулж болохоо бодож үз.

Өдөр бүр хэдэн минут түр азнаад, ажилд тань Бурханы мутар оролцсон байгааг олж хар.