Номлолын дуудлагууд
7-р бүлэг: Номлолынхоо хэлийг сур


“7-р бүлэг: Номлолынхоо хэлийг сур,” Миний сайн номлол: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“7-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Зураг
Дэлхийн бөмбөрцөг ба дарцаг

7-р бүлэг

Номлолынхоо хэлийг сур

Үүнийг эргэцүүлэн бод

  • Надад шинэ хэл сурахад туслах Их Эзэнд итгэх итгэлээ би хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

  • Яагаад би хэлнийхээ чадварыг үргэлжлүүлэн сайжруулах ёстой вэ?

  • Би номлолынхоо хэлээр ярьж, заах чадвараа хэрхэн сайжруулах вэ?

  • Би хэлний бэлгийг хэрхэн авч болох вэ?

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлдэх

Их Эзэн: “Энэ хүчинд томилогдсон тэднээр дамжуулан хүн болгон сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, мөн өөрийн хэлээр сонсох болно” (Сургаал ба Гэрээ 90:11) хэмээн тунхагласан.

Их Эзэн танд номлолынхоо хэлээр зааж мөн гэрчлэхэд тусална гэсэн итгэлийг тань хүчирхэгжүүлэх арга замуудыг жагсаав. Үүнд:

  • Та бошиглогчоор дамжуулан Бурханаас дуудагдсан гэдэгтээ итгэ.

  • Чин сэтгэлийн залбирлаар дамжуулан Бурханаас тусламж хүс.

  • Номлолын хэлээ өдөр бүр судалж, давтаж, ашиглах замаар шаргуу хөдөлмөрлө.

  • Зарлигуудыг сахиж, номлогчийн жишгүүдийг дагаж амьдрах замаар Ариун Сүнстэй нөхөрлөдөг байхуйц зохистой бай.

  • Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлаж, тэднийг адислахыг хүсэх замаар зорилгоо ариун байлга.

Үнэнч бөгөөд хичээнгүй байх

Номлолынхоо хэлээр үр дүнтэй зааж сурах нь хичээнгүйлэн хөдөлмөрлөж, Сүнсний бэлэг авсан байхыг шаарддаг. Хэл сурах хэцүү байвал гайхах хэрэггүй. Үүнд цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. Өөртөө тэвчээртэй ханд. Та өөрийгөө хэл сурахад зориулснаар номлогчийн хувьд тавьсан зорилгоо биелүүлэхэд шаардагдах ур чадварыг эзэмших болно.

Номлолын хэлийг сурахдаа та ганцаараа биш гэдгээ сана. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжийг эрэлхийлбэл Тэд танд тусална. Хамтрагч, гишүүд, хичээл заалгаж байгаа хүмүүс, бусад номлогч болон өөр бусад хүнээс туслахыг хүсэж, тусламж авахад нээлттэй бай.

Анхааралтай сонсож, боломж гарах бүрд номлолынхоо хэлээр ярь. Алдаа гаргахаас бүү эмээ. Шинэ хэл сурч байгаа хүн бүхэн алдаа гаргадаг. Хүмүүс ойлгох бөгөөд өөрсдийнх нь хэлийг сурахын тулд гаргаж буй хүчин чармайлтад тань талархах болно.

Номлолынхоо эцсийн өдөр хүртэл хэлнийхээ чадварыг сайжруул. Уг хэлээр ярих чадвар тань өсөн нэмэгдэхийн хэрээр хүмүүс аливаа зүйлийг хэрхэн хэлж байгааг тань биш, харин юу хэлж байгааг тань сонсох болно. Та хэрхэн харилцах вэ гэдэгтээ санаа зовох нь багасаж, бусдын хэрэгцээнд илүү сайн хариулж чаддаг болно.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Шинэ хэл сурч буй номлогч бүр … уг хэлээ бүхий л талаас нь сураасай … хэмээн бид найдаж байна. … Ийн сурснаар таны [заах], гэрчлэх чадвар сайжрах болно. [Хичээл заалгаж байгаа хүмүүс] тань таныг илүү дотно хүлээн авч, сүнслэг байдлын хувьд гүн сэтгэгдэл төрүүлнэ. …

Зөвхөн номлогчийн үгсийн санг ашиглан ярьж чадаж байгаадаа сэтгэл ханаж болохгүй. Хэлний мэдлэгээ тэлснээр та хүмүүсийн зүрх сэтгэлд илүү их хүрч чадна” (Jeffrey R. Holland, missionary satellite broadcast, Aug. 1998).

Гэртээ ирснийхээ дараа ч номлолынхоо хэлийг үргэлжлүүлэн ашигла. Их Эзэн танд маш их зүйл өгсөн бөгөөд хожим нь таны хэлний чадварыг ашиглаж магадгүй.

Англи хэл сурах

Хэрэв та англи хэлээр ярьдаггүй бол номлогчийн хувьд сурах ёстой. Энэ нь таныг номлолын тань явцад төдийгүй амьдралын тань туршид адислах болно. Англи хэлийг сурах нь мөн таны гэр бүлийг адисална.

Англи хэл сурахад тусламж хэрэгтэй бол Номлогчдод зориулсан EnglishConnect-ийг үзнэ үү.

Зураг
Нэг эмэгтэй тэмдэглэлдээ бичиж байгаа нь

Хэл сурах зарчим

Хариуцлага хүлээдэг бай

Хэлний чадвараа сайжруулах зорилго тавьж, байнга шинэчилж бай. Хэл сурах төлөвлөгөө гарга. Боломж гарах бүрд сурч буй хэлээ ашигла.

Суралцах цагаа утга учиртай болго

Сурч мэдсэн зүйлээ бодит амьдралд болон өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүл. Хүсэж байгаа зүйлээ хэлэхэд тань туслах үгсийг сур.

Харилцан ярилцахыг эрэлхийл

Аль болох сурч буй хэлээрээ хамтрагчтайгаа ярь. Хэлээ сурч, давтлага хийх боломж бүрийг ашигла. Жишээлбэл: Та эргэж ирсэн гишүүнээс буюу хичээл зааж байгаа хүнээсээ хэл сурахад тань туслахыг хүсэж болно. Унаган хэлтэй хүмүүстэй ярихыг орлох зүйл гэж үгүй.

Бүү харьцуул

Өөрийнхөө хэлний чадварыг хамтрагчийнхаа болон бусад номлогчийнхтой бүү харьцуул. Харьцуулах нь бардамнахад аль эсвэл урам хугарахад хүргэнэ.

Шинэ ухагдахууныг нэгд нэгэнгүй сур

Сурч мэдсэн зүйлээ байнга эргэн харж, шинэ орчинд давт. Энэ нь танд сурч мэдсэн зүйлсээ санаж, хэл яриандаа ашиглахад тусална.

Зураг
Ном руу харж буй эрэгтэй хүн

Хэл сурах төлөвлөгөө гаргах

Хэл сурах төлөвлөгөө нь шинэ болон туршлагатай номлогчдын аль алинд номлолынхоо хэлээр ярих чадвараа сайжруулахын тулд өдөр бүр юу хийх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Хэл сурах цагаараа болон өдрийн турш юу хийхээ төлөвлөгөөндөө оруулсан байна.

Дараах алхмууд нь 8-р бүлгийн зорилго тавих үйл явцыг ашиглан номлолын хэлээ сурах төлөвлөгөөг хэрхэн гаргахыг үзүүлнэ. Шаардлага гарвал энэ үйл явцыг тохируулан өөрчил.

  1. Залбирч байгаад зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Бусадтай харилцах, сайн мэдээг заах ерөнхий чадвараа сайжруулахын тулд долоо хоног бүр, өдөр бүр зорилго тавь. Үг, хэллэг, судар, эшлэл гэх мэт цээжлэхийг хүсэж байгаа зүйлсээ оруул.

  2. Бичиж аван, хуваарь гарга. Зорилгодоо хүрэхэд тань хэл сурах ямар хэрэгсэл туслахыг шийд. Хэлийг сурахад туслах хэрэгсэл нь судар, толь бичиг, зөв бичгийн дүрмийн ном, TALL Embark аппликэйшн болон өөр бусад хэрэгсэл байж болно. Хэлийг албан ёсоор сурч, ашиглах цагаа төлөвлө. Жишээлбэл: Та үдийн хоолны үеэр Мормоны Номоос 15 минут чанга уншихаар төлөвлөж болно.

  3. Төлөвлөгөөнийхөө дагуу үйлд. Их Эзэн хичээл зүтгэлийг үнэлдэг тул зорилгодоо хүрэхийн тулд хичээнгүйлэн ажилла. Хэлийг сурахаар төлөвлөсөн цагаа алгасалгүй, өөр ажил давхацвал хуваариа хойшлуул.

  4. Явцыг шалгаж, биелэлтийг хар. Хэр үр дүнтэй байгааг үнэлэхийн тулд сурах төлөвлөгөөгөө байнга эргэж хар. Хэлээ сайжруулах арга замыг санал болгохыг хамтрагч, номлолын удирдагч, гишүүдээс болон бусад хүнээс хүс. Гаргаж буй ахиц болон сайжруулах арга замаа тодорхойлохын тулд тогтмол авдаг хуваарьт хэлний шалгалтыг өг.

Хэлний суурийг тавих урт хугацааны зорилго, тодорхой үйл ажиллагаа, зааж буй хүмүүстээ зориулан тавьсан богино хугацааны зорилгынхоо аль алиныг орхигдуулалгүй хэлээ сур.

Хэл сурах албан ёсны цагаараа доор үзүүлсэн хэлний үндсэн чиглэлүүдийн дагуу тэнцвэртэй зорилго, төлөвлөгөө гарган суралц. Өдрийн турш юу сурахаа шийд.

сонсох чадвар

унших чадвар

зөв бичгийн дүрэм

ярианы ур чадвар

бичих чадвар

үгсийн сан

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Долоо хоног бүр цаг гарган дараах асуултуудыг тавьж, хэл сурах цагаа хэр үр дүнтэй өнгөрүүлснээ дүгнэ.

  • Энэ долоо хоногт би номлолын хэлээ өдөр бүр судалсан уу? Номлолын хэлээ тогтмол сайжруулахын тулд би юу хийж чадах вэ?

  • Миний төлөвлөгөө хүмүүсийг олж, заах болон гишүүдтэй ажиллахад тусалж байна уу? Би төлөвлөгөөндөө ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ?

  • Хэл сурах цагийн юу нь надад хамгийн их таалагддаг вэ? Би үүнд илүү дуртай болохын тулд юу хийж чадах вэ?

  • Би сонсох, унших, бичих, ярих дасгалд хэр их цаг зарцуулах ёстой вэ? Би үгсийн сан, дүрэм, дуудлагаа хэрхэн сайжруулж болох вэ?

  • Би хэлийг сурахын тулд ямар үйл ажиллагаа, эх сурвалжийг ашиглаж байна вэ? Аль нь надад хамгийн их тустай байна вэ? Өөр ямар эх сурвалж эсвэл үйл ажиллагаа тус болж болох вэ?

  • Юунд анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй вэ?

Эдгээр асуултад хариулсныхаа дараа хэл сурах төлөвлөгөөгөө тохируулан өөрчилж, үр дүнтэй байгаа эсэхийг хар. Хэл сурах цагаа үр дүнтэй болгохыг үргэлж эрэлхийлбэл Сүнс таныг удирдан чиглүүлэх болно.

Хамтрагчтайгаа хамт суралцах

Номлолын хэлээ эсвэл англи хэлийг аль болох хурдан сайн сурч, амжилт гаргахад нь хамтрагчдадаа тусал. Хамтрагчийнхаа болон бусад номлогчийн гаргаж буй амжилтыг чин сэтгэлээсээ, ойр ойрхон сайшаа.

Энгийн, бодит санал зөвлөгөөг найрсгаар өг. Амжилттай зааж, гэрчлэх олон боломжийг тэдэнд олго. Илүү туршлагатай нэгэн номлогч хамтрагчдаа хэрхэн тусалсныг доорх үнэн түүхээс анзаар.

Намайг дөнгөж хоёр дахь бүсдээ ирсний дараа хамтрагч маань оройн хоолны уулзалт дээр энэ удаа сүнслэг бодлоо хуваалцах миний ээлж ирснийг надад хэлсэн юм. Эхний хамтрагч маань үргэлж заах дуртай байсан тул хичээлийн үеэр би багахан хэсгийг заадаг байсандаа бүр дасчихсан байв.

Би хамтрагчаа сүнслэг бодол өөрөө хуваалцсан нь дээр гэж ятгахыг оролдсон ч тэр намайг энэ даалгаврыг авахад урамшуулсан юм. Би түүний туслалцаатай дадлага хийсэн.

Цаг нь болоход би судраа нээгээд, 3 Нифай 5 болон 7-г уншлаа. Надад хэцүү байсан ч би яагаад сонгосон судрын хэсэг маань чухал болохыг тайлбарлаад, санаа амрав. Асуулт тавихад нь би хариулахыг нь хүлээн, хамтрагч руугаа харсан ч тэр амаа нээсэнгүй. Амнаас маань ойлгогдохуйц франц хэлээр хариулт урсан гарахад би өөрөө ч гайхав. Харилцан ярих чадвартаа итгэлгүй байгааг маань уг гишүүн анзаараагүйд би бүр ч их гайхав. Би ч өөртөө итгэх болж, миний франц хэл бодож байснаас минь хавьгүй дээр байсныг ухаарч билээ.

Хэдэн долоо хоног өнгөрч, би өөрийгөө чадна гэдэгт итгэхгүй байсан ч мөн намайг хийж чадна гэдэгт хамтрагч маань эргэлзэж байсан ч тэр надаар заалгуулсаар байв. Би зүгээр л дуугаа хураагаад суудаг хамтрагч биш, харин Эцэгийнхээ мутар дахь зэмсэг болсноо мэдэрсэн юм.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Бусад номлогчтой хамтран ажилла. Тэд номлолынхоо хэлийг сурахад танд тусална.

  • Хэрэв та шинэ номлогчтой ажиллаж байгаа бол номлолынхоо эсвэл англи хэл сурахад нь хамтрагчдаа хэрхэн тусалж чадах вэ?

  • Хэрэв та шинэ номлогч бол хамтрагчаасаа ямар тусламж хүсэж болох вэ?

Зураг
Нэгэн эмэгтэйд зааж буй номлогчид

Зан заншил болон хэл сурах

Зан заншил, хэл хоёр нягт уялдаа холбоотой. Хүмүүсийн ёс заншлыг ойлгох нь уг хэл хэрхэн хэрэглэгддэгийг тайлбарлахад тусална. Энэ ойлголт нь мөн танд Сэргээлтийн захиасны өвөрмөц талуудыг хүмүүст ойлгомжтой арга замаар заахад тусална.

Хүмүүсийн итгэл, хайр хүндлэлийг олж авахын тулд хийж болох хамгийн чухал зүйлсийн нэг бол тэдний ёс заншлыг хүндэлж, хүлээн авах явдал юм. Олон агуу номлогч ийн үйлдсэн байдаг (1 Коринт 9:20–23-ыг үзнэ үү).

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Доорх санааг ашиглах нь өөр ёс заншил, гарал үүсэлтэй хүнд заахаар бэлдэхэд танд тусална.

  • Зааж байгаа хүмүүсийнхээ ёс заншил, шашин шүтлэгийн талаар бод. Тэдэнд сайн мэдээний зарчмыг ойлгоход хүндрэл учруулж байгаа цаад шалтгааныг тодорхойл. Энэ зарчмыг илүү тодорхой заах арга замыг төлөвлө.

Хэлний бэлэг

Сүнсний бэлгүүд бол бодит юм. Хэлний болон хэлнээс хөрвүүлэх бэлгүүд олон арга замаар илэрдэг. Эдгээрийн заримд хэлээр ярих, ойлгох, хөрвүүлэх гэх мэт чадвар багтдаг. Өнөө үед хэлний бэлэг нь номлогчдод номлолынхоо хэлийг Сүнсний тусламжтайгаар судалж, сурах маягаар ихэвчлэн илэрдэг.

Таны болон зааж байгаа хүмүүсийн тань хооронд хэлний бэрхшээл байвч гэрчлэлийн тань үнэнийг Ариун Сүнс баталдаг. Үүнтэй адил, үг, хэллэгээ санахад мөн хүмүүсийн чин сэтгэлээсээ хэлж байгаа үгийг ойлгоход Ариун Сүнс танд тусалдаг.

Гэвч та эдгээр бэлгийг хичээл зүтгэл гаргалгүйгээр хүлээн авах боломжгүй. Та бусдыг адислахын тулд тэдгээрийг хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой (Сургаал ба Гэрээ 46:8–9, 26-г үзнэ үү). Хэлний бэлгийг эрэлхийлэхийн нэгэн хэсэг бол уг хэлийг сурахын тулд хөдөлмөрлөж, өөрөөс хамаарах бүхнээ хийх явдал юм. Залбирч байгаад хэлээ сурч, давтахдаа тэвчээртэй бай. Хичээнгүй байж, хүчин чармайлт гаргавал Сүнс танд тусална гэдэгт итгэ. Хэлний бэлгийг авч, энэ нь танд болон зааж байгаа хүмүүст тань тусална гэдэгт итгэлтэй бай.

Өөрийгөө хүссэнээрээ ойлгомжтой илэрхийлж чадахгүй байна гэж бодох үе гарвал Сүнс Бурханы бүх хүүхдийн зүрх сэтгэлд ярьж чаддаг гэдгийг сана. Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заасан.

“Номлогч бүрд нийтлэг нэг хэл байдаг нь Сүнсний хэл юм. Үүнийг бичгийн хүний бичсэн номоос сурдаггүй мөн уншиж, цээжилснээр эзэмшчихдэггүй. Сүнсний хэл нь Бурханыг мэдэхийг мөн Түүний бурханлаг зарлигуудыг сахихыг бүхий л зүрх сэтгэлээрээ эрэлхийлдэг хүнд өгөгддөг. Энэ хэлээр чөлөөтэй ярьдаг болбол саад тотгорыг нурааж, бартааг туулж, хүмүүний зүрх сэтгэлд хүрч чадах болно” (“The Spirit Giveth Life,” Ensign, June 1997, 2).

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Хэлний бэлгийг эрэлхийлэхийн тулд гаргаж байгаа хичээл зүтгэлээ дүгнэхийн тулд дараах мэдэгдлүүдийг ашигла. Хэл сурах үйл явцаа сайжруулахад юу туслах талаар төрсөн сэтгэгдэл болон зорилгоо бичиж тэмдэглэ.

  • Би сайн мэдээг өөр хэлээр номлохоор Бурханы бошиглогчоор дуудагдсан гэдэгт итгэдэг. (Сургаал ба Гэрээ 90:11)

  • Их Эзэнийг болон өөрийн үйлчилж буй хүмүүсийг хайрлах хайр минь намайг зоригжуулдаг. (Сургаал ба Гэрээ 46:9; 1 Коринт 14:12)

  • Би зарлигуудыг сахиж, номлолын жишгүүдээ дагаж, өдөр бүр наманчлах замаар Ариун Сүнстэй байхуйц зохистой байхыг эрэлхийлдэг. (Сургаал ба Гэрээ 46:9, 33)

  • Би хэлний бэлгийг авахын төлөө тасралтгүй залбирдаг. (Сургаал ба Гэрээ 46:28, 30–32)

  • Би аль болох номлолынхоо хэлээ өдөр бүр судалж, дадлага хийж, ашигладаг. (1 Коринт 12:31)


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Missionary Portal дээрх хэлний материалуудтай танилц. Туршиж үзээгүй ямар нэгэн зүйлийг тодорхойлоод, ирэх хэдэн өдөр туршиж үзэх зорилго тавь.

  • Дараагийн дүүргийн зөвлөлийн хурал дээр хэл сайн эзэмшсэн туршлагатай номлогчоос хэл сурахын тулд юу хийснийг нь асуу.

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Номлолынхоо хэлээр номлогчийн хичээлийг бие биедээ заах дадлага хий. Эхэндээ шинэ номлогчид маш энгийнээр зааж, энгийн гэрчлэл хуваалцаж, цээжилсэн судруудаа хэлж болно. Өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, чадвар нь сайжрахын хэрээр тэд хичээл заах явцад илүү идэвхтэй оролцох боломжтой болно.

  • Энэ бүлэг дэх санаанууд, Missionary Portal дээрх хэлний материалуудтай танилц. Ирэх долоо хоногт хамтрагчтайгаа судлах цагаараа аль зөвлөгөөг ашиглахаа ярилц.

  • Дуудлагыг тань сонсож, сайжрахад тань туслахыг хамтрагчаасаа хүс. Ойлгохгүй байсан тохиолдлуудаа бичиж тэмдэглэхийг хүс. Тус болох үг, хэллэг, зөв бичих дүрмийн жагсаалт гарга. Жагсаалт дээрх үгсийг дараагийн үйл ажиллагаан дээр хэрхэн ашиглахыг тайлбарлаж мөн дадлага хий.

  • Анхааралтай сонсох дадлага хий. Сурсан үг, ярианы хэв маягийг тодорхойлохын тулд өдрийн цагаар анхааралтай сонсох цагийг төлөвлө. Аль нэгэн хэллэгийг өөрийн тань хэлэхээс өөрөөр хэлэхийг сонсвол бичиж аваад, дадлага хий.

  • Тухайн өдөр хүмүүсийн танд хэлж болох зүйлсийн жагсаалтыг гарга. Хэрхэн хариулахаа төлөвлөж, дадлага хий.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Унаган хэлтэй хүмүүсийг дээрх хурлуудын аль нэгэнд суухад урь. Номлогчдод заахаар жижигхэн бүлгүүдэд хуваа. Унаган хэлтэй хүмүүсээс номлогчдын хэлний чадварын талаар тэмдэглэл үйлдэж, санал зөвлөгөө өгөхийг хүс.

  • Цуглаан болохоос өмнө хэлээ хэрхэн амжилттай сайн сурсан талаар ярих даалгаврыг нэг эсвэл хоёр номлогчид өг.

  • Номлогчдод ихэнхдээ хэцүү байдаг хэлний зарим хэсгийг товч тайлбарлах даалгаврыг нэг туршлагатай номлогчид өг. Үгийг хэрхэн оновчтой хэрэглэх жишээнүүдийг өгч, номлогчдоор дадлага хийлгэ.

  • Тухайн газар төрсөн, ёс заншлыг нь сайн мэдэх номлогчдоор тус болох санааг хуваалцах боломж олго.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Өдөр бүр хэлээ тогтмол судлахын ач холбогдлыг онцол.

  • Номлогчдыг номлолынхоо хэлийг аль болох түлхүү ашиглахад уриал.

  • Системчилсэн сургалтын хуваарьт оруулан, номлолын хэлийг судлах төлөвлөгөө гарга. Дүүргийн зөвлөлийн хурлаар үүнийг авч үз.

  • Номлогчидтой сурч байгаа хэлээр нь ярих боломжийг эрэлхийл. Тэдэнтэй үе үе тухайн хэлээр нь ярилцлагад ор.

  • Номлогчийн хэлний чадварыг хэрхэн сайжруулах талаар санаа өгөхийг орон нутгийн удирдагч, гишүүдээс хүс.

  • Таны номлолын хэлийг сурч буй номлогчдын гаргадаг хамгийн нийтлэг алдаануудын талаарх зааварчилгааг бүсийн чуулган эсвэл номлолын удирдагчдын зөвлөлийн хурал дээр өг.

  • Номлогчдод сүнслэг бэлгүүдийн талаар заа.

  • Номлолын хэлээрээ зааж байхад нь номлогчдыг ажигла.