Номлолын дуудлагууд
3-р бүлэг: Есүс Христийн сайн мэдээг судал мөн заа


“3-р бүлэг: Есүс Христийн сайн мэдээг судал мөн заа,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“Есүс Христийн сайн мэдээг судал мөн заа,” Миний сайн мэдээг номло

Зураг
Христийн баптисм, Жөүсэф Брики

3-р бүлэг

Есүс Христийн сайн мэдээг судал мөн заа

Энэ бүлгийн хичээлүүдэд Есүс Христийн сайн мэдээний амин чухал сургаал, зарчим, зарлигууд багтсан. Эдгээр нь амьд бошиглогч, төлөөлөгчид таныг сурч, заа хэмээн зааварласан хичээлүүд юм. Эдгээрийг бусдад Христийн сургаалыг тодорхой ойлгуулахад тань туслах зорилгоор өгсөн.

Энэ бүлгийн эхний хэсэг бол баптисмын урилга юм. Бүлгийн үлдсэн хэсэг дараах дөрвөн хичээлээс бүрдэнэ. Тэдгээр нь:

Судраас судалж, хичээл бүрд орсон сургаалуудыг оюундаа нөөцөл. Таныг ийн үйлдэх үед Сүнс судалж буй үнэнийг тань гэрчлэх болно. Тэр танд бусдад үнэний гэрчийг хүлээн авахад туслахын тулд юу хэлж, юу хийхээ мэдэхэд тусална. (Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү.)

Хүмүүс Аврагчийн хий хэмээн урьсан зүйлийг хийснээр Түүнийг илүү бүрэн дүүрэн таньж мэдэх болно. Хичээл бүрээр урилга өгч, өгсөн амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст тусал. Хүмүүс өгсөн амлалтдаа хүрснээр Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Бурхантай гэрээ байгуулахад өөрсдийгөө бэлтгэж эхэлдэг.

Баптисмын өмнө болон дараа бүх хичээлийг заа. Бүрэн цагийн номлогчид хичээлийг хоёр удаа хариуцаж заана. Боломжтой бол тойргийн номлогчид болон бусад гишүүн оролцож болно. Хичээлд гишүүдийг оролцуулах тухай мэдээллийг 10 болон 13-р бүлгээс авна уу.

Заахад бэлдэх

Заахад бэлдэж байхдаа Preach My Gospel аппликэйшнд байгаа хүн бүрийн мэдээлэлтэй танилц. Тухайн хүний хэрэгцээнд тулгуурлан хичээлийн төлөвлөгөө гарга. Заахаар очихдоо тэр юу мэдэж, мэдрэх ёстойг бодож үз. Бэлтгэх, төлөвлөхөд цаг гаргах үед Сүнс таны хичээл зүтгэлийг өсгөн нэмэгдүүлнэ.

Хичээлд бэлдэж байхдаа таны болон таны хамтрагчийн залбирч байгаад бодож үзэх хэдэн асуултыг доор өгөв.

  • Тухайн хүнд Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, ахиц гаргахад нь туслахын тулд бид ямар урилгыг түүнд өгөх вэ? Урилга нь хүмүүст наманчилж, “Гэтэлгэгчийн хүчийг” (Хиламан 5:11) мэдрэхэд тусалдаг арга зам юм. Тухайн хүний гаргаж буй ахиц, байгаа нөхцөл байдал, хэрэгцээг бодож үз. Дараа нь хичээлийнхээ төлөвлөгөөнд нэг буюу хэд хэдэн урилгыг оруул.

  • Тухайн хүнд бидний өгсөн урилгыг биелүүлнэ гэсэн амлалтдаа хүрэхэд ямар сургаал, зарчим туслах вэ? Амлалтаа биелүүлэх нь яагаад тэдэнд болон Их Эзэнд чухал болохыг ойлгоход аль сургаал, зарчим туслахыг мэдэхийн тулд залбирч байгаад тунгаан бод.

  • Бид тухайн хүнд сургаалыг судлахад нь хэрхэн туслах вэ? Сургаалыг заахад бэлтгэхдээ 1–4-р хичээлийг ашиглан, заах зүйлээ цэгцэлж, нэгтгэн дүгнэ. Тухайн хүн зааж буй зүйлийг тань ойлгоход туслах асуулт, судар, жишээнүүд болон тохирох арга хэрэгслийг олж тогтоо. Хичээлээ хэрхэн сайжруулах мэдээллийг 10-р бүлгээс авна уу.

  • Амлалт өгч, үүнийгээ биелүүлсний төлөө Бурхан ямар ямар адислал амласан бэ? Сургаалыг судлахдаа, Бурханы амласан адислалуудыг тодорхойл. Зааж байхдаа та адислалуудыг амлаж, тэдгээр нь үнэн болохыг гэрчил.

  • Аль гишүүн оролцож болох вэ? Долоо хоног тутмын зохицуулах хурлаар чухам аль гишүүн зааж, тухайн хүнийг дэмжихэд тусалж чадахыг тодорхойл. Хичээлийн өмнө тэдний оролцоог авч үзэн ярилц. 10-р бүлгийг үзнэ үү.

  • Биднийг явсны дараа хүмүүст амлалтаа биелүүлэхэд нь туслахын тулд бид юу хийж болох вэ? Хүмүүст амлалтаа биелүүлэхэд нь туслахын тулд өдөр бүр хэдэн минут гарган холбоо барь. Зааж байгаа хүмүүстээ амлалтаа биелүүлэхэд нь туслахын тулд гишүүдийг оролцуулах арга замыг ол. Ийн холбоо барихдаа Мормоны Номоос эсвэл бусад судраас нэг бүлэг уншиж болно. Хэрэв хэн нэгэн өмнөх амлалтаа биелүүлэхгүй байвал өөр амлалт өгөхийн оронд өмнөх амлалтдаа хүрэхэд нь тусалсан нь дээр. 11-р бүлгийг үзнэ үү.

  • Бид дараа нь хэрхэн тэдэнд амлалтдаа хүрэхэд нь илүү сайн тусалж чадах вэ? Хичээл бүрийг заасны дараа хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ туршлагыг үнэл. Тэдний Христэд итгэх итгэл нэмэгдэж байна уу? Тэд Сүнсийг мэдэрч байна уу? Тэд наманчилж, амлалт өгч, түүндээ хүрч байна уу? Тэд залбирч, Мормоны Номоос судлан, сүмд явж байгаа юу? Тэдэнд туслах төлөвлөгөө гарга.

Сүнсээр удирдуулан зүрх сэтгэлээсээ заах

Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгынхан бүх ахлагч, эгч нарт хандан ийн хэлсэн.

“Бидний зорилго бол номлогчид болон хичээл заалгаж байгаа хүмүүсийн аль аль нь Сүнсний удирдамж хүлээн авч болохуйц арга замаар сэргээгдсэн сайн мэдээний захиасыг заах явдал юм. [Хичээлийн] агуулгыг мэдэх нь туйлын чухал боловч эдгээрийг цээжилсэн танилцуулга маягаар заах ёсгүй. Номлогч нь Сүнсний өдөөлтийн дагуу өөрийн үгийг чөлөөтэй ашиглаж болно. Тэрээр цээжилснээ давтаж хэлэхийн оронд өөрийн хэв маягаар, чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй. Номлогч нь сүнсний өдөөлтийн дагуу тухайн [хүний] сонирхол, эрэлт хэрэгцээнд тааруулан хичээлийн дэс дарааллыг өөрчилж болно. Түүнчлэн өөрийн хувийн итгэл үнэмшлийн дагуу, зааж байгаа зүйлийнхээ үнэнийг өөрийн үгээр гэрчлэх ёстой.”

Зураг
Номлогчид хэн нэг хүнтэй уулзаж байгаа нь

Хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн заах ба урих

Та баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бүрэн бэлтгэхэд нь хүмүүст туслах ямар ч арга замаар хичээлээ заах боломжтой. Аль хичээлийг хэзээ, ямар хугацаанд заахыг хичээл заалгаж байгаа хүний хэрэгцээ болон Сүнсний удирдамж заавар тодорхойлно. Жишээлбэл: Та Христийн шашин шүтлэггүй хүмүүст заахдаа Тэнгэрлэг Эцэгтэй илүү дотно харилцаа үүсгэж, Түүний төлөвлөгөөний талаар илүү сайн ойлголттой болоход нь туслах замаар эхэлж болно (10-р бүлэг дэх “Христийн шашин шүтлэггүй хүмүүст заах” хэсгийг үзнэ үү).

Ямар урилгыг, хэзээ өгөхийг танд хэлэх боломжийг Сүнсэнд олго. Зөв цагт өгсөн зөв урилга нь итгэлээ хөгжүүлэх зүйлийг хийхэд хүмүүст түлхэц болж өгдөг. Эдгээр үйлдэл нь зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтөд хүргэж болох юм (Мозая 5:2; Алма 5:12–14-ийг үзнэ үү).

Хичээлийг энгийн, ойлгомжтой, товч заа. Ер нь заахаар очихдоо хичээлийг 30 минутаас хэтрүүлэхгүй байх ёстой. Та хүнд 5 минутын дотор ч хичээлээ зааж болно.

Ихэвчлэн нэг хичээл доторх зарчмуудыг олон уулзалтаар заах шаардлагатай. Хичээлийг товч бөгөөд ойр ойрхон зааж, материалыг бага багаар өгвөл хүмүүс таны захиасыг илүү сайн ойлгоно.

Судраас судлах

Та юуг заахаар сүнсний удирдамж хүлээн авсан бэ?

Хичээл дэх сургаалыг судлах нь яагаад чухал вэ?