Гарын авлагууд болон дуудлагууд
28. Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслол


“28. Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслол,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“28. Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслол,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Баптисмын усан сан

28.

Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслол

28.0

Удиртгал

Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын нэгэн хэсэг мөн (1.2-ыг үзнэ үү). Ариун сүмд гүйцэтгэгддэг ёслолууд нь гэр бүлүүдийг мөнхөд хамт байж, Бурханы оршихуйд бүрэн баяр баясгаланг эдлэх боломжтой болгодог.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд Түүнд эргэн очихын тулд нэг бүрчлэн наманчилж, аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахуйц зохистой байж, ёслол бүртэй холбоотой гэрээнүүдийг хүндэтгэн сахих ёстой. Аврал, өргөмжлөлийн ёслолууд гэж дараах ёслолуудыг хэлнэ. Үүнд:

  • Баптисм

  • Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг

  • Мелкизедек санваар хүртээх, санваарын албанд томилох (эрэгтэйчүүдэд)

  • Ариун сүмийн хишиг (тосолгоог оролцуулан).

  • Ариун сүмийн лацдан холболт

Тэнгэрлэг Эцэг олон хүүхэд нь эдгээр ёслолыг мөнх бус амьдралдаа хүлээн авахгүйг мэдэж байжээ. Тэрээр ёслолуудыг хүлээн авч, Өөртэй нь гэрээ байгуулах өөр арга замыг тэдэнд бэлтгэж өгсөн. Ариун сүмд ёслолуудыг төлөөлөн гүйцэтгэж болдог. Энэ нь амьд хүн нас барсан хүний өмнөөс ёслолуудыг хүлээн авна гэсэн үг юм. Сүнсний дэлхийд байгаа нас барсан хүмүүс өөрсдийнх нь өмнөөс гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн авах эсвэл эсэргүүцэх эсэхээ сонгодог (Сургаал ба Гэрээ 138:19, 32–34, 58–59-ийг үзнэ үү).

Энэ амьдралд үүрэг хариуцлага хүлээх чадваргүй байсан хүмүүст аврал, өргөмжлөлийн ёслолууд шаардагдахгүй (18.1, 28.3.2, 28.3.3-ыг үзнэ үү).

Сүмийн гишүүдийг аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан хамаатан саднаа олж мэдэхэд урамшуулан дэмждэг. Дараа нь гишүүд нас барсан тэдгээр хамаатан садныхаа өмнөөс ёслолуудыг гүйцэтгэдэг. (Малахи 4:5–6; 1 Коринт 15:29; Сургаал ба Гэрээ 2:1–3; 128:15–18; түүнчлэн энэ гарын авлагын 25.1-ийг үзнэ үү.)

Хэрэв гишүүд ариун сүмийн ажилд (28.1.1-ийг үзнэ үү) зориулан гэр бүлийн нэрсийг бэлдээгүй бол ариун сүмд ирэхэд нь ёслол гүйцэтгүүлэх хэрэгтэй байгаа нас барсан хүмүүсийн нэрсээр хангаж өгдөг.

Гишүүдийг төрөл садныхаа өмнөөс эсвэл ариун сүмээс нэрийг нь өгөх хүмүүсийг төлөөлөн ёслол гүйцэтгэх эсэхээс нь үл хамааран ариун сүмд боломжийн хэрээр ойр ойрхон очдог байхад урамшуулан дэмждэг.

Сүмийн гишүүд нас барагсдын өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхдээ адислагддаг. Төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг үйлдэж байхдаа тэд өөрсдийн ариун сүмийн гэрээнүүд болон эдгээрийг сахих амлалтаа санаж, эргэцүүлэх боломжтой байдаг.

Гадасны ерөнхийлөгчид болон бишопууд гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг үйлдэхдээ эерэг сэтгэгдэлтэй болоход бэлтгэхэд тусалдаг. Тэд ариун сүмийн ажлын сургаалын үндсийг зааж, энэхүү ажилтай холбоотой удирдамжуудыг гишүүд ойлгож байгаа гэдгийг бататгах замаар ийн үйлддэг. Нэмэлт мэдээллийг 25-р бүлгээс үзнэ үү.

28.1

Төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг үйлдэх ерөнхий удирдамж

Нас барах үедээ 8 эсвэл түүнээс дээш настай байсан нас барсан хүмүүсийн өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг үйлдэж болно. 28.3-т тэмдэглэснээс бусад тохиолдолд, нас барсан бүх хүнийг нас барснаас нь хойш 30 хоног өнгөрсний дараа дараах нөхцөлүүдэд төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг гүйцэтгэж болно. Үүнд:

  • Нас барсан хүний ойрын төрөл садан (салаагүй эхнэр/нөхөр, насанд хүрсэн хүүхэд, эцэг, эх эсвэл ах, эгч, дүү) нь ариун сүмийн ёслолд зориулан нэрийг нь илгээнэ.

  • Нас барсан хүний ойрын төрөл саднаас нь (салаагүй эхнэр/нөхөр, насанд хүрсэн хүүхэд, эцэг/эх эсвэл ах/эгч/дүү) ёслол гүйцэтгэх зөвшөөрөл авсан байна.

Дээрх нөхцөлүүдээс бусад тохиолдолд, ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг нас барсан хүнийг төрснөөс хойш 110 жил өнгөрсний дараа гүйцэтгэж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг FamilySearch.org дээрх дараах нийтлэлүүдээс авна уу (нийтлэл уншихын тулд FamilySearch.org руу нэвтэрч орсон байх шаардлагатай). Үүнд:

28.1.1

Нас барсан хүмүүсийн нэрсийг ариун сүмийн ёслолд зориулан бэлтгэх

Өмнөөс нь ёслолуудыг гүйцэтгэх хэрэгтэй байгаа нас барсан төрөл саднаа олоход нь гишүүдэд туслах олон эх сурвалж байдаг (25.4; 28.3-ыг үзнэ үү). Гишүүдэд нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ нэрсийг ариун сүмийн ёслолд хэрхэн бэлдэх талаар сурч мэдэхэд дараах удирдагчид тусалдаг. Үүнд:

  • Ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл (25.2.2-ыг үзнэ үү)

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч (25.2.3-ыг үзнэ үү)

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх (25.2.4-ийг үзнэ үү)

Боломжтой газруудад ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэхээс өмнө, нас барсан гэр бүлийн гишүүдийн мэдээллийг FamilySearch.org руу оруулах шаардлагатай (25.4.2-ыг үзнэ үү).

28.1.1.1

Гэр бүлийн гишүүдийн нэрсийг илгээх

Ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудад нэр илгээхдээ гишүүд ерөнхийдөө зөвхөн өөрийн төрөл садны нэрийг илгээх хэрэгтэй.

28.1.1.2

Олны танил хүмүүсийн болон зөвшөөрөгдөөгүй бүлэг хүний нэрсийг илгээх

Сүмийн гишүүд FamilySearch.org руу дараах бүлэгт хамрагдах хүмүүсийн нэрсийг ерөнхийдөө илгээж болдоггүй. Үүнд:

  • Алдартнууд

  • Зөвшөөрөгдөөгүй, ухах төслөөс цуглуулсан нэрс

  • Еврейчүүдийг хоморголон устгасан үйл явдлын хохирогчид

Нэмэлт мэдээллийг FamilySearch дээрх “Би Еврейчүүдийг хоморголон устгасан явдлын хохирогчдын төлөө ариун сүмийн ажил хийж болох уу?” нийтлэлээс үзнэ үү.

28.1.2

Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ёслолуудад хэн оролцож болох

Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй бүх гишүүн нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүний баталгаанд оролцож болно. Хүчинтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй хишиг хүртсэн гишүүд нас барагсдын төлөөх бүх ёслолд оролцож болно. 26.3-ыг үзнэ үү.

28.1.3

Биеийн эсвэл оюуны тусгай хэрэгцээтэй гишүүдийн оролцоо

Тусгай хэрэгцээтэй гишүүд дараах нөхцөлд нас барагсдын өмнөөс ариун сүмийн ажил гүйцэтгэж болно. Үүнд:

  • Ариун сүмийн зөвшөөрлийн хүчинтэй бичигтэй байх (28.1.2-ыг үзнэ үү)

  • Ёслолыг ойлгох хангалттай оюуны чадавхтай байх

  • Өөрсдийгөө авч явах чадвартай эсвэл тэдэнд хэрэгтэй тусламжийг үзүүлж чадах, ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй, адил хүйсийн хамаатан садан, найзуудтайгаа хамт байгаа бол зэрэг юм.

27.1.3; 27.2.1.3-ыг үзнэ үү.

28.1.4

Төлөвлөлт

Гишүүд нас барагсдын ёслолуудыг гүйцэтгэхээсээ өмнө цаг товлох шаардлагатай байж магадгүй. Ариун сүм бүртэй холбоо барих, цаг товлох шаардлагын талаарх мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

28.1.5

Орчуулга, хөрвүүлгийн туслалцаа

27.1.4-ийг үзнэ үү.

28.1.6

Ариун сүмд ороход өмсөх хувцас

27.1.5-ыг үзнэ үү.

28.1.7

Хүүхэд асрах

27.1.6-г үзнэ үү.

28.2

Нас барсан хүмүүсийн төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх

Нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмд гүйцэтгэдэг ёслолуудыг дараах хэсгүүдэд тайлбарлана. Төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг гүйцэтгэхдээ, гишүүн зөвхөн өөртэйгөө адил хүйсийн нас барсан хүнийг төлөөлж болно.

Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслолуудыг ерөнхийд нь дараах дэс дарааллаар гүйцэтгэнэ.

  • Баптисм

  • Гишүүний баталгаа

  • Мелкизедек санваарт томилох (эрэгтэйчүүд)

  • Анхдагч ёслол

  • Хишиг хүртэх

  • Лацдан холболт

Хэрэв нас барагсдын ёслолыг дэс дарааллын дагуу хийж гүйцэтгээгүй бол тэдгээрийг дахин гүйцэтгэх хэрэггүй. Өмнөх ёслолуудыг нь хийж гүйцэтгэхэд тэдгээр нь хүчин төгөлдөр болдог.

28.2.1

Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах

Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй ямар ч гишүүнийг нэг эсвэл түүнээс олон баптисмын үйлчлэлд урьж болно. Энд хийгдэх зарим үйлчлэлд дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Баптисмд төлөөлөн орох

  • Төлөөлөн гүйцэтгэх баптисмд гэрчээр оролцох

  • Гишүүний баталгаа төлөөлөн хийлгэх

  • Ариун сүмийн ажилтнуудад туслах

  • Хувцас, алчуур тарааж өгөх

  • Баптисмыг болон гишүүний баталгааг компьютерын системд оруулж бүртгэхэд туслах

Хэрвээ хүсвэл төлөөлөн оролцож буй гишүүд зөвхөн баптисм эсвэл гишүүний баталгааны аль нэгийг гүйцэтгэж болно.

Мелкизедек санваар атгагчдыг болон Аароны санваарын пристүүдийг нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг гүйцэтгэхэд урьж болно. Мелкизедек санваар атгагчдыг нас барагсдад гишүүний баталгаа өгөх ёслолыг гүйцэтгэхэд түүнчлэн урьж болно.

Зөвхөн хишиг хүртсэн эрэгтэйчүүдийг дараах үйлчлэлд урьж болно. Үүнд:

  • Усан сан дахь бүртгэгчээр үйлчлэх

  • Гишүүний баталгаа бүртгэгчээр үйлчлэх

Баптисмын ёслолуудад оролцохыг хүсэж байгаа гэр бүлийн болон гадас, тойргийн гэх мэт зохион байгуулалттай бүлгүүд ерөнхийдөө ариун сүмтэй урьдчилан цаг тохирдог (28.1.4-ийг үзнэ үү). Эдгээр бүлгийг ариун сүмийн зөвшөөрлийн хүчинтэй бичигтэй, нэг юм уу түүнээс дээш насанд хүрэгч хариуцаж явах хэрэгтэй.

28.2.2

Хишиг хүртэх (анхдагч ёслолыг оруулан)

Нас барагсдын өмнөөс хишиг хүртэх ёслолыг төлөөлөн гүйцэтгэх үед хишгийн анхдагч ёслолыг тусад нь гүйцэтгэж, бүртгэдэг (27.2-ыг үзнэ үү). Ариун сүмийн зөвшөөрлийн хүчинтэй бичигтэй, хишиг хүртсэн гишүүн бүр эдгээр ёслолыг төлөөлөн гүйцэтгэж болно.

28.2.2.1

Ариун сүмд хувийн хишиг хүртэхэд шаардлагатай ёслолыг магадлах

Нас барсан хүний өмнөөс, анхдагч ёслолыг оролцуулан хишиг хүртэхээс өмнө, тэрээр амьд байхдаа эсвэл төлөөлөн гүйцэтгэх ёслолоор баптисм хүртэж, гишүүний баталгаа авсан байх ёстой.

Заримдаа нас барсан хүнд төлөөлөн гүйцэтгэх ёслолоор хишиг хүртээсний дараа, амьд байхад нь баптисм хүртэж, гишүүний баталгаа авсан эсэхийг нотлох боломжгүйг олж мэдэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд уг хүнд төлөөлөн гүйцэтгэх ёслолоор баптисм хүртээж, гишүүнээр батлах ёстой. Төлөөлөн гүйцэтгэсэн баптисм ба гишүүний баталгааны дараа хувийн хишгийг дахин гүйцэтгэх шаардлагагүй.

28.2.3

Эхнэр, нөхөртэй нь мөн хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох

Нас барсан хүнийг амьд байхдаа гэрлэсэн хүмүүстэй нь ариун сүмд лацдан холбож болно (гэрлэсэн хосын аль нэг нь амьд байгаа бол 38.4.1.3-ыг, хоёулаа нас барсан бол 38.4.1.7-г үзнэ үү). Нас барсан хүмүүсийг амьд эсвэл нас барсан хүүхдүүдтэй нь лацдан холбож болно (38.4.2.2-ыг үзнэ үү). Ариун сүмийн зөвшөөрлийн хүчинтэй бичигтэй, хишиг хүртсэн гишүүн лацдан холбох ёслолыг төлөөлөн гүйцэтгэж болно.

Ерөнхийдөө нас барсан хүнийг ханьтай нь эсвэл эцэг эхтэй нь лацдан холбохын өмнө баптисм, гишүүний баталгаа, анхдагч болон хишиг хүртээх ёслолуудыг амьд ахуйд нь эсвэл нас барсан бол төлөөлөн гүйцэтгэсэн байна. Харин 8 нас хүрэхээсээ өмнө нас барсан эсвэл амьд ахуйдаа хариуцлага хүлээх чадваргүй байсан бол эцэг эхтэй нь лацдан холбохоос өмнө өөр ямар нэг ёслол гүйцэтгэх шаардлагагүй (18.1, 28.3.2, 28.3.3-ыг үзнэ үү).

Зураг
Лацдан холбох өрөө

28.3

Тусгай нөхцөл байдал

Энэ хэсэгт 28.1 дээрх удирдамжуудын зарим нь үйлчлэхгүй байж болох нөхцөлүүдийг тайлбарлана.

28.3.1

Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүд (амьгүй төрсөн эсвэл зулбасан хүүхдүүд)

Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүдэд ариун сүмийн ёслол шаардлагагүй бөгөөд ёслолыг гүйцэтгэдэггүй. Нэмэлт мэдээллийг 38.7.3-аас үзнэ үү.

28.3.2

Найман нас хүрэхээсээ өмнө нас барсан хүүхдүүд

Бяцхан хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар гэтэлгэгддэг бөгөөд “тэнгэрийн селестиел хаант улсад аврагддаг” (Сургаал ба Гэрээ 137:10). Ийм учраас найман нас хүрэхээс өмнө нас барсан хүүхдийн төлөө ариун сүмд баптисм болон хишгийн ёслол үйлдэх шаардлагагүй. Харин эцэг эхтэй нь лацдан холбох ёслолыг гэрээнд төрөөгүй болон амьд байхдаа энэхүү ёслолыг хүлээн аваагүй хүүхдүүдэд гүйцэтгэж болно (18.1-ийг үзнэ үү).

28.3.3

Оюуны тусгай хэрэгцээт нас барсан хүн

Хариуцлага хүлээх чадвартай байсан нь мэдэгдэж байсан нас барсан хүмүүст ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж болно (Сургаал ба Гэрээ 20:71-ийг үзнэ үү). Мөн хариуцлага хүлээх чадвартай байсан эсэх нь мэдэгдэхгүй байгаа хүмүүсийн өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж болно.

Хэрэв нас барсан хүн оюуны тусгай хэрэгцээтэй бөгөөд хариуцлага хүлээх чадваргүй байсан нь тодорхой бол зөвхөн эцэг эхтэй нь лацдан холбох ёслолыг гүйцэтгэнэ (38.2.4-ийг үзнэ үү). Үүнийг зөвхөн уг хүн гэрээнд төрөөгүй эсвэл амьд ахуйдаа эцэг эхтэйгээ лацдан холбогдоогүй нөхцөлд гүйцэтгэнэ. Тухайн хүн 8-аас дээш насалсан байсан ч ариун сүмийн бусад ёслол шаардлагагүй бөгөөд тэдгээрийг гүйцэтгэдэггүй.

28.3.4

Нас барсанд тооцогдсон хүмүүс

Нас барсан гэж үзсэн хүний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж болно. Хувь хүнийг нас барсан гэж үзсэнээс эсвэл нас барсан гэж хуулиар тодорхойлсноос хойш 10 жил өнгөртөл ёслолуудыг нь гүйцэтгэж болохгүй. Дараах нөхцөлүүд энэ бодлого журамд хамаарна. Үүнд:

  • Дайн, цэргийн ажиллагааны үеэр юм уу далайд сураггүй алга болсон.

  • Нас барсан нь тодорхой нөхцөлд сураггүй алга болсон ба цогцос нь олдоогүй.

Бусад бүх тохиолдолд сураггүй алга болсон хүмүүсийн төрснөөс хойш 110 жилийн дараа ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж болно.

Гадасны ерөнхийлөгчид энэ бодлого журмын талаар асуух зүйл байвал Ариун сүмийн хэлтэстэй холбогдож болно.

Э-мэйл: TempleDepartment@ChurchofJesusChrist.org

28.3.5

Гишүүнчлэлээс нэрээ татаж авсан эсвэл Сүмийн гишүүнчлэлээс татгалзсан хүмүүс

Нас барахаасаа өмнө Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан эсвэл гишүүнчлэлээс татгалзсан хүмүүсийн өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх, боломжтой бол адислалуудыг сэргээх тохиолдолд эхлээд Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Уг хүнийг нас бараад нэг жил өнгөрсний дараа гэр бүлийн гишүүн нь энэхүү зөвшөөрлийг Тэргүүн зөвлөлийн албанд захидал илгээж хүсэмжилнэ. Уг захидалд нөхцөл байдлыг тайлбарлах хэрэгтэй. Маягт шаардлагагүй. Шаардлагатай бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч энэ хүсэлтэд тусалж болно.

28.3.5.1

Хишиг хүртээгүй байсан, нас барсан хүнийг дахин элсүүлэх

Хишгээ хүртээгүй, Сүмийн гишүүнчлэлээс хасуулсан эсвэл татгалзсан байсан, нас барсан хүмүүсийг баптисм, гишүүний баталгаагаар дамжуулан дахин элсүүлж болно. 28.3.5-д тэмдэглэсний дагуу, Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Эдгээр нас барсан хүн гэрээнд төрсөн эсвэл амьд байхдаа эцэг эхтэйгээ лацдан холбуулсан бол эцэг эхтэй нь дахин лацдан холбох шаардлагагүй.

28.3.5.2

Хишгээ хүртсэн байсан хүмүүсийн ариун сүмийн адислалыг сэргээх

Хишгээ хүртсэн байсан, нас барсан хүмүүс Сүмээс гишүүнчлэлээ хасуулсны дараа эсвэл Сүмийн бүртгэлээс өөрсдийн нэрийг хасуулсны дараа баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан бол санваарыг болон ариун сүмийн адислалуудыг нь зөвхөн адислал сэргээх ёслолоор дамжуулан өгч болно. Эдгээр адислал энэхүү ёслолоор дамжин сэргээгддэг тул тухайн хүнийг санваарын аль нэг албан тушаалд дахин томилж, хувийн хишиг хүртээдэггүй.

28.3.5-д тэмдэглэсний дагуу, нас барсан хүмүүсийн өмнөөс энэ ёслолыг гүйцэтгэхэд Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Амьд хүмүүст зориулж энэ ёслолыг гүйцэтгэх тухай мэдээллийг 32.17.2-оос харна уу.