“25. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2025).
“25. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх,” Ерөнхий гарын авлага.
25.
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх
25.0
Оршил
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адисалдаг. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах шаардлагыг хангаж, хүлээн авахыг урьдаг.
Гэр бүлийг мөнхөд холбох нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын нэгэн хэсэг мөн (1.2-ыг үзнэ үү). Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэн, лацдан холбох нэг арга зам юм (Maтай 16:19-ийг үзнэ үү). Энд дараах ажил багтана.
-
Өөрсдийн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа гэрээ байгуулах (Исаиа 55:3; Сургаал ба Гэрээ 84:19–23-ыг үзнэ үү)
-
Нас барсан өвөг дээдсээ хайж олон, тэд Бурхантай гэрээ байгуулж болохын тулд тэдний өмнөөс ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэх (Малахи 4:5–6; 1 Коринт 15:29; Сургаал ба Гэрээ 128:15–18-ыг үзнэ үү).
-
Боломжтой бол Бурханы өргөөнд тогтмол орж, Бурханыг шүтэн биширч, өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг гүйцэтгэх (Лук 24:52–53; Сургаал ба Гэрээ 109:13–14-ийг үзнэ үү).
Энэ ажилд оролцох нь агуу адислалуудыг авчирдаг. Гишүүд ариун гэрээнүүдийг байгуулж, сахиснаар Бурханы хүчийг ашиглах боломжтой болдог. Тэд өвөг дээдсийнхээ өмнөөс Их Эзэний өргөөнд үйлчлэхдээ баяр баясгаланг олдог.
Энэ бүлэгт Сүмийн удирдагчид болон гишүүдэд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд хэрхэн оролцох талаар удирдамж өгдөг. Нэмэлт мэдээллийг “Ариун сүмүүд,” “Төлөөлөн гүйцэтгэх баптисм” мөн “Гэр бүлийн түүх”-ээс авна уу ( Gospel Library, Сэдэв ба Асуулт).
25.1
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд гишүүд, удирдагчдын оролцоо
Сүмийн гишүүд өөрсдийн гэр бүлийг мөнхөд нэгтгэхэд туслах баяр баясгалант эрх, үүрэгтэй. Тэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах үедээ гэрээнүүд байгуулахад өөрсдийгөө бэлтгэдэг. Тэд эдгээр гэрээгээ сахихыг хичээдэг.
Тэд түүнчлэн ариун сүмийн ёслолуудыг ойлгож, хүлээн авч мөн сахихыг хичээхэд нь гэр бүлийн гишүүддээ тусална. Өөрсдийнхөө төлөө гэрээнүүд байгуулах, нас барсан төрөл төрөгсдийнхөө өмнөөс ёслолуудыг гүйцэтгэхийн баяр баясгалан, адислалуудыг мэдрэхэд нь хүүхдүүддээ туслах гол үүрэг хариуцлагыг эцэг эхчүүд үүрдэг (2.1.3-ыг үзнэ үү).
Сүм гишүүдээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч чадалгүй нас барсан хамаатан саднаа олж мэдэхийг урамшуулан дэмждэг. Дараа нь гишүүд нас барсан тэдгээр хамаатан садныхаа өмнөөс ёслолуудыг гүйцэтгэдэг (Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү). Сүнсний дэлхийд байгаа хүмүүс өөрсдийнх нь өмнөөс гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн авах эсэхээ сонгож болно.
Түүнчлэн өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг гүйцэтгэж буй тэдний туршлагыг баяжуулж болохын тулд өвөг дээдсийнхээ түүхийг олж мэдэхэд гишүүдийг дэмждэг. Гишүүд бусдыг мөн ийн үйлдэхэд урьдаг.
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд нь гишүүдэд туслах олон арга хэрэгсэл байдаг. Эдгээрийн заримыг 25.4.1 болон 25.4.2-т дурдсан.
25.1.1
Ариун сүмд шүтэн бишрэх хувь хүний үүрэг хариуцлага
Гишүүд өөрсдөө ариун сүмд хэзээ, ямар давтамжтай шүтэн бишрэхээ шийднэ. Удирдагчид ариун сүмд шүтэн бишрэх үйлсэд тоон хязгаар тогтоох эсвэл тайлагнах тогтолцоог бий болгох ёсгүй.
Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй гишүүд, гэр бүлүүд хүссэн ариун сүмдээ орж болно. Тэд тухайн ариун сүмд цаг товлож болно. Ариун сүм бүртэй холбоо барих мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
25.1.2
Тойрог, гадасны хүрээнд хийгдэх ариун сүмийн аялал
Сүмийн нэгж бүр аль нэг ариун сүмийн дүүрэгт харьяалагддаг. Харьяа бус ариун сүм рүү гадас, тойргийн аялал хийхийг дэмждэггүй.
Тойрог, гадасны ариун сүмийн бүх аялалд ариун сүмд цаг товлох ёстой. Ариун сүм бүртэй холбоо барих мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
25.2
Тойргийн удирдагчид
25.2.1
Бишопын зөвлөл
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд туслах тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдах явцад бишопын зөвлөл тэдэнтэй хамтран ажиллана. Эдгээр удирдагч хамтдаа тогтмол зөвлөлдөнө.
Бишопын зөвлөл мөн дараах нэмэлт үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг хянаж, батлах (25.2.6-г үзнэ үү)
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын хүчин чармайлтыг тойргийн болон өсвөр үеийнхний зөвлөлийн хурлын үеэр уялдуулан зохицуулдаг байхад анхаарах
-
Ариун сүмд бэлтгэх ангийн зохион байгуулалтыг удирдах (25.2.8-ыг үзнэ үү).
-
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (26-р бүлгийг үзнэ үү).
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг дуудах эсэхийг бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийднэ (нэмэлт мэдээллийг 25.2.3-аас үзнэ үү).
25.2.2
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд туслах тойргийн өдөр тутмын ариун сүм, гэр бүлийн түүхийн хүчин чармайлтыг удирдан чиглүүлнэ (8.2.4, 9.2.4-ийг үзнэ үү). Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ахлагчийн чуулгын гишүүдийн эдгээр ажлыг удирдана. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн гишүүдийн эдгээр ажлыг удирдана. Тэд бишопын удирдлага доор эдгээр ажлыг удирдахаар тойргийн зөвлөлтэй хамтран ажиллана.
Эдгээр удирдагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Тойргийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд нь туслах (25.2.6-г үзнэ үү)
-
Нас барсан өвөг дээдсийнхээ нэрийг олж, ариун сүмийн ёслолуудад бэлтгэхэд нь тойргийн тодорхой гишүүдэд туслахыг тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөс хүсэх (25.4.1-ийг үзнэ үү). Эдгээр хүчин чармайлт нь ялангуяа саяхан номлолын дуудлага хүлээн авсан болон хишгээ хүртээгүй хүмүүст төвлөрнө.
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн хүчин чармайлтыг төлөвлөж, тойргийн зөвлөлийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурлаар тайлагнасан байхад анхаарах
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийн ажлыг удирдах зэрэг үүргүүд орно. Удирдагч дуудагдаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ (25.2.3-ыг үзнэ үү).
-
Боломжтой бол тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг FamilySearch төвд үйлчлүүлэхээр хуваарилна (25.3.6-г үзнэ үү).
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нар тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслах тус бүр нэг ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг томилно. Ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ хоёр гишүүн хамтран ажиллана. Тэд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурал хуралдаж байгаа эсэхэд анхаарна (25.2.7-г үзнэ үү).
25.2.3
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг дуудах эсэхээ бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийднэ. Хэрэв энэ дуудлагыг өгөхөөр шийдвэл бишопын зөвлөл Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй зөвлөлдөн, хэнийг дуудахаа шийднэ. Уг хүн нь Мелкизедек санваартан байх ёстой. Хэрвээ ийм удирдагчийг дуудаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ.
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд ариун сүм, гэр бүлийн түүхийн үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Тэр мөн дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Тойргийн байгууллагуудын удирдагч, үүний дотор өсвөр үеийнхний чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдагчидтай хамт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулна.
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурлыг хөтлөн явуулна (25.2.7-г үзнэ үү).
-
Уригдсан бол тойргийн зөвлөлийн хуралд оролцоно.
-
Тойргийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд нь тусална (25.2.6-г үзнэ үү).
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд зааварчилгаа өгнө. Өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд нь гишүүдэд туслах ажлыг зохицуулах.
-
Тойргийн номлолын удирдагч, номлогчидтой хамтран сайн мэдээг сурч байгаа хүмүүс, шинэ гишүүд, эргэж ирж буй гишүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь тусална (23.2 ба 23.3-ыг үзнэ үү).
25.2.4
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийн удирдлаган доор үйлчилнэ. Бишопын зөвлөл эдгээр гишүүнийг үйлчлүүлэхээр дуудна. Насанд хүрсэн хүмүүсийг болон өсвөр үеийнхнийг дуудаж болно. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчид үйлчлэх гишүүдийн нэрийг дэвшүүлж болно.
Зөвлөхүүд гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн оролцох талаар энгийн арга замаар бусдад заана. Тэд ялангуяа өсвөр үеийнхэн, шинэ ба эргэн ирж байгаа гишүүд, хишиг хүртээгүй ах эгч нарт анхаарал хандуулдаг. Зөвлөхүүд дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
-
Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь гишүүдэд туслах
-
Гишүүдэд өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн адислалуудыг мэдрэхэд нь тусална.
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).
-
Томилогдсон бол орон нутгийн FamilySearch түүхийн төвд үйлчилнэ (25.3.6-г үзнэ үү).
Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд туслах эх сурвалжуудыг 25.4.1 болон 25.4.2-т жагсаав.
25.2.5
Тойргийн зөвлөл
Тойргийн зөвлөлийн гишүүд залбирч, тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлнэ. Уг төлөвлөгөөний талаарх мэдээллийг 25.2.6-аас үзнэ үү.
Бишоп тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг тойргийн зөвлөлийн хуралд урьж оролцуулж болно.
Тойргийн зөвлөлийн гишүүд дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:
-
Гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авснаар Бурхантай гэрээ байгуулахад бэлтгэхэд нь туслах (27.1-ийг үзнэ үү).
-
Бүх өсвөр үеийнхэн болон насанд хүрсэн гишүүдийг, түүний дотор шинэ гишүүдийг ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй бай хэмээн урамшуулан дэмжих (26.0-г үзнэ үү).
-
Гишүүдэд боломжийнхоо хэрээр ойр ойрхон Их Эзэний өргөөнд орж шүтэн бишрэхийг уриалах
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх ажилд оролцохын сургаал, адислалуудыг мэдэж ав хэмээн хувь хүн, гэр бүлүүдийг урь. Энэ ажилд өвөг дээдсийнхээ тухай мэдэж авах, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх нь орно.
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх ажлын талаарх сургаалыг хүүхдүүддээ заахад эцэг эхчүүдийг дэмж. Энд ариун сүмийн гэрээ, ёслолуудын адислал болон нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх нь багтдаг.
-
Сүмийн цуглааны үеэр энэ ажлын зарчмуудыг тогтмол заа.
Ариун сүмийн эрхийн бичгийн талаарх мэдээллийг 26-р бүлгээс үзнэ үү.
25.2.6
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө
Тойрог бүр ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын энгийн төлөвлөгөө гаргасан байх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө нь тойргийн гишүүдэд, түүний дотор хүүхэд, өсвөр үеийнхэнд Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхээр бэлдэхэд мөн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд боломжийнхоо хэрээр тогтмол оролцоход тусалдаг.
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд тойргийн зөвлөлд уг төлөвлөгөөг гаргахад нь тусална. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч энэ ажилд мөн тусална. Энэ төлөвлөгөөг гаргахдаа тэд:
-
Гишүүдийн хэрэгцээ болон боломжит эх сурвалжуудыг залбиралтайгаар бодож үз.
-
Жилийн туршид авах арга хэмжээг тодорхойлно.
-
Төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж, үүний дагуу үүрэг даалгаврыг хэрхэн хуваарилахаа шийднэ.
Төлөвлөгөөнд юуг оруулсан байх талаар доорх жишээг өгөв. Үүнд:
-
Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхийн адислалуудыг ойлгоход нь тодорхой гишүүдэд тусал.
-
Ариун сүмийн ёслолуудаас ирдэг адислалуудыг хүлээн авахад бэлтгэхэд гишүүдэд тусал.
-
Өвөг дээдсийнхээ нэрийг ариун сүмд авч явахын тулд Ёслолууд нь бэлэн гэдгийг ашиглахад гишүүдэд тусал (25.4.1-ийг үзнэ үү).
-
Ёслолууд хэрэгтэй байгаа, нас барсан төрөл төрөгсдийнхөө талаар мэддэг зүйлээ нэмж оруулахын тулд FamilySearch вэбсайт эсвэл аппликэйшныг ашиглахад нь гишүүдэд тусал (25.4.1-ийг үзнэ үү).
-
Шинэ ба эргэн ирж буй гишүүд, өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцуулах Гэр бүлийн нэрийн туслах гэдэг нь удирдагчдын зүгээс энэ гишүүдэд ёслол хүлээн авах гэр бүлийн нэрсийг бэлтгэхэд нь туслах энгийн арга зам юм (25.4.1-ийг үзнэ үү).
-
Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахад нь мөн боломжтой бол Их Эзэний өргөөнд тогтмол шүтэн бишрэхэд бэлтгэхэд нь тусал. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл жил бүр ариун сүм болон санваарт бэлтгэх хурлыг хуралдуулах ёстой (12.1.7; 12.2.4-ийг үзнэ үү).
Тойргийн ариун сүм болон гэр бүлийн түүхийн төлөвлөгөө нь ариун сүмд шүтэн бишрэх үйлсэд тоон хязгаар эсвэл тайлагнах тогтолцоог бий болгох ёсгүй (25.1.1-ийг үзнэ үү).
Бишоп уг төлөвлөгөөг хянаж, батална. Тойргийн зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдана. Тэд ажлын явцыг тойргийн зөвлөлийн хурал дээр тайлагнана. Тэд мөн шаардлагын дагуу төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна.
25.2.7
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурал
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах товч, албан ёсны бус хурлыг тогтмол хуралдуулна. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч эдгээр хурлыг удирдана.
Энэ хуралд дараах хүмүүс уригдан оролцоно.
-
Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулга, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон гишүүд.
-
Пристийн чуулгын туслах (хэрвээ тойрогт прист байхгүй бол багш нарын эсвэл диконы чуулгын ерөнхийлөгч)
-
Хамгийн ахмад Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд.
Оролцож байгаа хүмүүс, тэр дундаа өсвөр үеийнхэн бүгд тэгш оролцоотойгоор хамтдаа зөвлөлдөнө. Эдгээр хурал нь хувь хүмүүсийн хэрэгцээнд болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор хэрхэн адислагдаж болох тал дээр төвлөрнө. Тэд ялангуяа өсвөр үеийнхэн, шинэ ба эргэн ирж байгаа гишүүд, хишиг хүртээгүй ах эгч нарт анхаарал хандуулдаг. Хурал дээр ихэвчлэн дараах сэдвүүдийг авч үздэг. Үүнд:
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх (25.2.6-г үзнэ үү)
-
Тойргийн тодорхой гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд нь хэрхэн туслах
-
Тойргийн тодорхой гишүүдэд ариун сүм, гэр бүлийн түүхийн хүчин чармайлтад нь хэрхэн туслах зэрэг юм.
Эдгээр хурлыг биечлэн эсвэл онлайнаар явуулж болно. Түүнчлэн зохицуулалтыг утсаар ярих, групп мессеж үүсгэн харилцах зэрэг бусад арга замаар явуулж болно.
4.4.5 дахь үйлдэл, хариуцлагын зарчмуудыг дагахыг хичээ. Хуралд оролцож байгаа хүмүүсийн аль нэгийг төлөвлөсөн ажлуудыг тэмдэглэж авах, сануулах ажилд томилж болно.
Жижиг салбарууд долоо хоног тутмын зохицуулах ажлаа салбарын зөвлөлийн хурлын үеэр явуулж болно.
25.2.8
Ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээл
Бишопын удирдлага доор, гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь туслах ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээлийг зохион байгуулж болно. Эдгээр цуврал хичээлийг гишүүдэд тохиромжтой цагаар, ням гаргийн цуглааны цагаас гадуур заана. Эдгээр хичээлийг сүм дээр эсвэл гэрт хийж болно.
Тойргийн зөвлөлийн гишүүд цуврал хичээл бүрд оролцох гишүүдийг залбирч сонгодог. Эдгээр цуврал хичээл ялангуяа дараах хүмүүст тустай байж болох юм.
-
Шинэ гишүүд
-
Хишиг хүртэхээр эсвэл лацдан холбогдохоор бэлтгэж байгаа гишүүд
-
Сүмийн үйл ажиллагаанд эргэн ирж буй гишүүд
-
Удаан хугацаанд ариун сүмийн эрхийн бичгээ шинэчлээгүй, хишиг хүртсэн гишүүд.
Бишопын зөвлөл нэг эсвэл түүнээс олон, ариун сүмийн бэлтгэлийн ангийн багшийг дуудна. Энэ цуврал хичээлийг зохион байгуулах заавар нь “Дээрээс хишиг хүртэх нь: Ариун сүмийн бэлтгэлийн хичээлийн багшийн гарын авлага””-д байдаг. Оролцож байгаа хүмүүст Preparing to Enter the Holy Temple гарын авлагын хувийг өгнө. Хувиараа судлах, хичээлд ашиглах эх сурвалжуудыг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
25.3
Гадасны удирдагчид
25.3.1
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны ерөнхийлөгч гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын түлхүүрүүдийг атгадаг. Тэрээр зөвлөхүүдийнхээ хамт гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд туслах дараах үүрэг хариуцлагуудыг хүлээнэ. Үүнд:
-
Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа ариун нандин гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь гишүүдэд туслах (27.1-ийг үзнэ үү)
-
Бүх гишүүнийг, ялангуяа ганц бие ах, эгч нар болон хишиг хүртээгүй хүмүүсийг хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байхад болон боломжийнхоо хэрээр тогтмол Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхэд урамшуулан дэмж.
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхээс ирдэг сургаал, адислалуудыг (1.2.4-т тайлбарласны дагуу) гадасны хурлууд дээр тогтмол заахад анхаар.
-
Өвөг дээдсийнхээ талаар олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд гишүүдийг урамшуулах
-
Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хийх (26-р бүлгийг үзнэ үү) зэрэг юм.
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчидтэй тогтмол уулздаг уулзалтынхаа үеэр гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх тойргийн хүчин чармайлтын талаар ярилцана (8.3.1-ийг үзнэ үү). Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, чуулгад томилогдсон дээд зөвлөх оролцож болно.
25.3.2
Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороо
Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд дараах хүмүүс оролцоно.
-
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
-
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл
-
Ахлагчийн чуулгатай ажиллахаар томилогдсон дээд зөвлөлийн гишүүд
Эдгээр удирдагч нь ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын хүчин чармайлтад хүлээх үүрэг хариуцлагыг нь зааварчилж, дэмжлэг үзүүлнэ (25.2.2-ыг үзнэ үү). Зааварчилгааг ганцаарчлан эсвэл бүлгийн хүрээнд өгч болно. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчдыг энэхүү зааварчилгааг хүлээн авахад мөн урьж болно.
Энэ хорооны хурлын талаарх нэмэлт мэдээллийг 29.3.9-өөс үзнэ үү.
25.3.3
Дээд зөвлөлийн гишүүд
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх хүчин чармайлтад нь дараах хүмүүст зааж, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр дээд зөвлөлийн гишүүдийг томилж болно. Үүнд:
-
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч
-
Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд
-
FamilySearch төвийн зохицуулагчид
Эдгээр ажлыг удирдахад нэг юм уу үүнээс олон дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно. Гэхдээ дээд зөвлөлийн бүх гишүүн өөрсдийн томилогдсон тойрогт мөн чуулгын өмнө эдгээр хариуцлагыг үүрдэг.
Дээд зөвлөлийн гишүүд ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчдыг тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд заахад нь тусалж болно. Дээд зөвлөлийн гишүүдэд гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд тусалж болно.
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны гэр бүлийн түүхийн сайн дурынхны хүчин чармайлтыг зохицуулахад дээд зөвлөлийн нэг гишүүнийг томилж болно (25.4.3-ыг үзнэ үү). Түүнийг эсвэл дээд зөвлөлийн өөр нэг гишүүнийг FamilySearch төвийн ажлыг хянуулахаар томилж болно (25.3.6-г үзнэ үү).
25.3.4
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны ерөнхийлөгчийн удирдлаган доор ариун сүм, гэр бүлийн түүхийн хүчин чармайлтад гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд зааж, дэмжлэг үзүүлнэ (9.2.4-ийг үзнэ үү).
25.3.5
Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх
Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд гадас даяарх ариун сүм, гэр бүлийн түүхийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ. Тэд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын хүчин чармайлтад томилогдсон нэг юм уу нэгээс илүү дээд зөвлөлийн гишүүний удирдлаган доор үйлчилдэг.
Эдгээр зөвлөх нь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын хүчин чармайлтын талаар тойргийн удирдагчдад заах дээд зөвлөлийн гишүүдэд болон гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлнэ (25.3.3, 25.3.4-ийг үзнэ үү). Тэдэнд түүнчлэн дараах үүрэг даалгаврыг өгч болно. Үүнд:
25.3.6
FamilySearch төвүүд
Хэрвээ эдгээр эх сурвалжийг ашиглах боломжтой бол гадас нь нэг юм уу үүнээс олон FamilySearch төвийг байгуулж болно. Эдгээр төв нь зочдод амьд ба нас барсан гэр бүлийн гишүүдээ олох, тэдний талаар мэдээлэл цуглуулах, ариун сүмийн ёслолуудаар дамжуулан холбогдоход тусалдаг. Хэн ч эдгээр төвийг ашиглаж болно.
Гадасны ерөнхийлөгч FamilySearch төв бүр дэх ажлыг хянаж зохицуулахаар FamilySearch төвийн зохицуулагчийг дууддаг. Төв бүрд ихэвчлэн томилогдсон гадас, тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд ажиллана. FamilySearch төвүүд тохиромжтой цагуудад нээлттэй байна. Ариун сүмүүдийн ойролцоох FamilySearch төвүүд цагийн хуваариа тухайн орон нутгийн ариун сүмийн хуваарьтай нийцүүлэн өөрчилж болно.
Онцгой тохиолдолд зарим томоохон FamilySearch төвүүдийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл хянадаг.
25.3.7
FamilySearch төвийн зохицуулагч
FamilySearch төвийн зохицуулагч FamilySearch төвийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэрээр гадасны ерөнхийлөгчийн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүний удирдлага доор үйлчилнэ. Түүнд доорх үүрэг хариуцлага байж болно. Үүнд:
-
Их Эзэний өргөөнд ёслолуудыг гүйцэтгэхээр гэр бүлийн нэрс бэлтгэхэд нь гишүүдэд туслах
-
Сүмийн гишүүдийн болон орон нутгийн зочдод өвөг дээдсээ олоход нь туслахаар төвийн үйл ажиллагааг зохицуулах
-
(1) Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг дэмжихээр томилогдсон дээд зөвлөлийн гишүүнтэй мөн (2) төвийн үйл ажиллагааны хэрэгцээг хангаж, нөөц боломжийг тогтвортой байлгахын тулд гадасны технологийн мэргэжилтэнтэй хамтран ажиллах
FamilySearch төвийн үйл ажиллагааны удирдамж нь FamilySearch төвийг хэрхэн ажиллуулах талаарх удирдамж өгдөг.
25.3.8
Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг дуудаж болно. Хэрэв боломжтой бол нэг хүнийг эсвэл гэр бүлийн нэг хосыг зохицуулах зөвлөл бүрд дуудаж болно. Зөвлөхүүд ихэвчлэн гурваас таван жил үйлчилдэг.
Бүсийн зөвлөх хувь хүн эсвэл хос нь бүсийн зохицуулах зөвлөлд томилогдсон бусад бүсийн зөвлөхүүдийн хичээл зүтгэлийг дэмжихээр томилогдож болно.
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл уг зөвлөхүүдийн ажлыг зохицуулах зөвлөлөөр дамжуулан удирдуулахаар Бүсийн далуудыг томилж болно. Зөвлөхүүдийн ажил нь бүсийн төвлөрч буй зүйлстэй нийцэх хэрэгтэй.
Зөвлөхүүд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл томилогдсон Бүсийн далын удирдамжийн дагуу ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд туслах үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь гадасны ерөнхийлөгчдөд тусалдаг (25.3.1-ийг үзнэ үү). Дараах дуудлагуудад үйлчилж байгаа хүмүүст үүрэг хариуцлагынх нь талаар заахад зөвлөгчид гадасны ерөнхийлөгчдөд тусалдаг.
-
Дээд зөвлөлийн гишүүн
-
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл
-
Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороо
-
Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд
-
FamilySearch төвийн зохицуулагчид
Зөвлөхүүд бүсийн хил хязгаарт шинээр зарлагдсан ариун сүмд гишүүдийг шүтэн бишрэхэд бэлтгэхэд нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тусалж болно. Гадасны удирдагчдад ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын зарчим, аргачлалын талаар сургах зэрэг бусад үүрэг даалгавар багтаж болно. Үүнд:
-
Гишүүдэд төлөөлөн гүйцэтгэх баптисм ба гишүүний баталгааг ариун сүмд анх удаа гүйцэтгэхэд нь туслах тухай (23.2-ыг үзнэ үү)
-
Хувийн хишгээ хүлээн авах эсвэл лацдан холбуулахад бэлтгэж байгаа гишүүдэд хэрхэн туслах тухай (25.2.8, 27.2, 27.3, 27.4-ийг үзнэ үү).
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг гадас, тойрогт хэрхэн зохион байгуулах тухай (25.2-ыг үзнэ үү)
-
Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь хэрхэн дэмжих (25.2.2-ыг үзнэ үү).
-
Энэхүү ажилд оролцох нь хүүхэд, өсвөр үеийнхнийг хэрхэн адислах талаар (10.2.4, 11.2.4, 12.2.4-ийг үзнэ үү)
-
Зохицуулах хурлыг хэрхэн үр дүнтэй явуулах тухай (25.2.7-г үзнэ үү)
-
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн төлөвлөгөөг үр дүнтэй боловсруулахад тойргийн удирдагчдад хэрхэн туслах талаар (25.2.6-г үзнэ үү) зэрэг юм.
Энэ ажилтай холбоотой зааврыг Ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдлагын зааварчилгаанаас үзнэ үү.
25.4
Гэр бүлийн түүхийн эх сурвалж
25.4.1
Онлайн эх сурвалж
FamilySearch нь нас барсан өвөг дээдсийнхээ төлөөх ёслолуудад оролцохын тулд гэр бүлийн нэрсийг олж тогтоох, бэлтгэхэд нь гишүүдэд туслах эх сурвалжуудаар хангадаг. Эдгээр ёслол нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг. FamilySearch эх сурвалжуудад дараах зүйлс багтдаг.
-
FamilySearch.org-оос авна уу. Энэ бол ариун сүмийн ёслолуудад зориулан өвөг дээдсийнхээ нэрийг олж, бэлтгэхэд нь гишүүдэд туслах Сүмийн вэбсайт юм.
-
Ургийн мод аппликэйшн. FamilySearch вэбсайтын олон үйлдлийг энэхүү гар утасны аппликэйшн дээр мөн үйлдэх боломжтой.
-
Ёслолууд нь бэлэн. Энэ хэрэгсэл нь ариун сүм рүү авч явах гэр бүлийн болон бусад нэрийг хүлээн авах хялбар арга замаар хангадаг. Үүнийг FamilySearch.org болон Ургийн мод аппликэйшн дээр аль алинд нь ашиглах боломжтой.
-
Гэр бүлийн нэрийн туслах. Удирдагчид шинэ ба эргэн ирж байгаа гишүүд болон өсвөр үеийнхэнд төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд зориулан гэр бүлийн нэрсийн картыг хялбархан бэлтгэж, хэвлэхэд нь туслахын тулд энэ онлайн хэрэгслийг ашигладаг.
-
Дурсамж аппликэйшн. Энэхүү гар утасны аппликэйшн нь хувь хүн, гэр бүлүүдэд өвөг дээдсийнхээ түүх, гэрэл зургуудыг олж мэдэх, хуваалцах, хадгалахад тусалдаг.
FamilySearch apps-аас боломжтой бүх аппликэйшныг үзнэ үү.
25.4.2
Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд
Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд товхимол нь хүмүүст гэр бүлийн нэрс, түүхүүдийг цуглуулж, хадгалан үлдэхэд тусалдаг. Түүнчлэн энэ нь гишүүдэд ариун сүмийн ёслолд зориулан гэр бүлийнхнийхээ нэрсийг бэлтгэж эхлэхэд тусална.
Хэвлэмэл хувилбарыг store.ChurchofJesusChrist.org-оос захиалан авч болно.
25.4.3
Гэр бүлийн түүхийн сайн дурын үйл ажиллагаанууд
Get Involved аппликэйшн эсвэл FamilySearch.org дээрх Get Involved цэс нь сайн дурынханд дараах үйл ажиллагаануудад оролцох боломжийг олгодог.
-
Индексжүүлэлт. Энэ нь гараар бичсэн түүхэн бичиг баримт дээрх мэдээллийг FamilySearch.org дээрх хайлтын өгөгдлийн сан руу оруулах үйл явц юм.
-
Бүртгэлийн үнэн зөвийг магадал.
-
Ургийн модны үнэн зөв байдлыг сайжруул.
Эдгээр үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс өөрсдөдөө болон бусдад өвөг дээдсээ олох, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх боломжийг олгодог.
Хэн ч Get Involved аппликэйшн эсвэл FamilySearch.org дахь Get Involved цэсийг ашиглан сайн дурын үйл ажиллагаанд оролцож болно. Энэ нь дараах хүмүүст ашиг тустай туршлага өгч болох юм. Тухайлбал:
-
Өсвөр үеийнхэн
-
Залуучууд
-
Сүмийн цуглаануудад тогтмол оролцох боломжгүй гишүүд
-
Шинэ гишүүд
-
Олон нийт
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл энэ ажлыг зохицуулах ажил үүрэгт гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг эсвэл дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно.
25.5
Ариун сүмийн ажилтнуудыг санал болгох ба дуудах
25.5.1
Ариун сүмийн ажилтнуудыг санал болгох
Ариун сүмийн ажилтан болж болох хүмүүсийг дараах арга замаар тодорхойлно. Үүнд:
-
Бишопын эсвэл тойргийн өөр удирдагчийн тодорхойлсон гишүүд
-
Үйлчлэх хүслээ бишопт мэдэгдсэн гишүүд
-
Ариун сүмийн ерөнхийлөгч, түүний эхнэр эсвэл ариун сүмийн өөр нэг удирдагчийн санал болгосон гишүүд
-
Номлолын үйлчлэлд бэлтгэж байгаа эсвэл үйлчлэлээс саяхан буцаж ирсэн гишүүд (24-р бүлгийг үзнэ үү).
Recommend Temple Worker tool-ийг ашиглан ариун сүмийн ажилтан болж чадах хүмүүсийн нэрийг оруулна. Энэ хэрэгслийг бишоп, гадасны ерөнхийлөгч, ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл ашиглах боломжтой. Нэрийг дэвшүүлэх үйл явцыг доор тусгав.
Ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл ариун сүмийн ажилтан болох хүнийг тодорхойлсныхоо дараа Recommend Temple Worker tool ашиглан тухайн хүний нэрийг бишопт өгнө.
Бишоп ариун сүмийн ажилтан болох хүнийг тодорхойлсны дараа эсвэл ариун сүмийн ерөнхийлөгчийн саналыг авсныхаа дараа тухайн гишүүнтэй үйлчлэх боломжтой эсэхийг нь зөвлөлдөнө. Тэрээр ариун сүмийн ажилчдад тавигдах шаардлагыг хянана (25.5.2-ыг үзнэ үү). Хэрэв бишоп, гишүүн хоёр хоёулаа ажиллах боломжтой гэж үзвэл бишоп нь Recommend Temple Worker tool ашиглан, ажиллахыг санал болгох маягтыг бөглөн явуулна. Ажиллахыг санал болгох маягтыг явуулах нь ариун сүмийн ажилтнаар дуудна эсвэл томилно гэсэн баталгаа биш гэдгийг гишүүн ойлгосон байх хэрэгтэй.
Үүний дараа уг саналыг гадасны ерөнхийлөгч авч үзнэ. Хэрэв саналыг гадасны ерөнхийлөгч зөвшөөрвөл Recommend Temple Worker tool-ийг ашиглан саналыг ариун сүмийн ерөнхийлөгчид шалгуулахаар явуулна.
Ариун сүмийн ажилтнаар дуудагдаж, томилогдсон гишүүдийг долоо хоног бүр тогтсон цагт ариун сүмд ажиллахыг зөвшөөрдөг. Удирдагчид ариун сүмд үйлчлэх боломжид нь саад болох нэмэлт дуудлагыг гишүүдэд өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.
Recommend Temple Worker tool хэсгээс өөрсдийнх нь гадас, тойргоос ариун сүмийн ажилтнаар одоогоор үйлчилж буй бүх гишүүний нэрсийн жагсаалтыг гадасны ерөнхийлөгч, бишопууд харах боломжтой.
25.5.2
Ариун сүмийн ажилтнуудад тавигдах шаардлага
Ариун сүмийн ажилтнууд ёслолуудыг гүйцэтгэх эсвэл оффис, угаалгын газар болон газар тохижилтын ажил зэрэг ариун сүмийн үйл ажиллагаанд тусалдаг. Ариун сүмийн ажилтан болохын тулд гишүүн дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
-
Үйлчлэх ариун сүмийнхээ харьяа дүүрэгт амьдардаг байх
-
Хишиг хүртсэн, ариун сүмийн гэрээгээ сахидаг, хүчинтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй
-
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай хүчтэй гэрчлэлтэй
-
Ариун сүм дэх оногдсон ажлаа гүйцэтгэх бие бялдрын чадвартай байх Үйлчлүүлэгчдэд үйлчилж байгаа эсвэл ёслолуудыг гүйцэтгэж байгаа ажилтан нь бие бялдрын хувьд бусдын тусламжгүйгээр гүйцэтгэх боломжтой байх ёстой.
-
Сүмд болон олон нийтэд нэр хүнд сайтай
-
Бусадтай сайн хамтран ажилладаг
-
Найдвартай мөн эрүүл мэнд сайтай
-
Тухайн үед гишүүнчлэлийн бүртгэлдээ тэмдэглэгээгүй байх зэрэг юм.
Үүнээс гадна бишоп дараах зүйлийг хийхэд анхаарна. Тухайлбал:
-
Хэрэв тухайн хүний гишүүнчлэлийн эрхийг албан ёсоор хязгаарласан бол хязгаарлалтыг цуцалснаас хойш таваас доошгүй жилийн дараа түүнийг ариун сүмийн ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.3, 32.16.1-ийг үзнэ үү.)
-
Хэрэв хишиг хүртээгүй хүнийг гишүүнчлэлээс хассан эсвэл уг хүн гишүүнчлэлээсээ татгалзсан бол түүнийг Сүмд дахин элссэнээс хойш таваас доошгүй жилийн дараа ариун сүмийн ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.4, 32.14.9, 32.16.1, 32.16.2-ыг үзнэ үү.)
-
Хэрэв хишиг хүртсэн хүнийг гишүүнчлэлээс хассан эсвэл уг хүн гишүүнчлэлээсээ татгалзсан бол түүнийг адислалуудыг нь сэргээснээс хойш таваас доошгүй жилийн дараа ариун сүмийн ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.4, 32.14.9, 32.17.2-ыг үзнэ үү.)
25.5.3
Ариун сүмийн ажилтнуудыг дуудах ба онцгойлон адислах
Ариун сүмийн ерөнхийлөгч ариун сүмийн ажилтнаар үйлчлүүлэхээр санал болгосон хүний нэрийг хүлээн авсны дараа ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл түүний томилсон хүн уг гишүүнтэй ярилцана. Ярилцлагыг хийж байгаа хүн нь сүнсний удирдамжийн дагуу ариун сүмийн ажилтнаар үйлчлэх боломжтой хүмүүсийг дуудан, онцгойлон адисална.