2010–2019
Эцэгийнхээ хүүхдүүдийг гэх бидний агуу хайр
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Эцэгийнхээ хүүхдүүдийг гэх бидний агуу хайр

Хайр бол бидний хайртай бошиглогчийн үүрэг болгон өгсөн сүнслэг зорилгуудын үндсэн шинж чанар, шалтгаан юм.

Хүндэт ах, эгч нар аа, энэ бол түүхэн дэх онцгой хийгээд чухал цаг мөч юм. Бид Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнөх сүүлчийн эрин үед амьдрахаар адислагдсан билээ. Энэ эрин үеийг эхлэхийн өмнөхөн 1829 онд Сүм албан ёсоор зохион байгуулагдахаас нэг жилийн өмнө “гайхамшигт ажил” урагш гарч ирэх гэж байгааг тунхагласан бидний хайртай илчлэлт ирсэн. Энэ илчлэлт нь Бурханд үйлчлэх хүсэлтэй хүмүүс “итгэл, найдвар, энэрэл ба хайр мөн Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах”1 юм бол энэхүү үйлчлэлд үйлчлэх эрхтэй болохыг тогтоосон. “Христийн цэвэр хайр”2 болох энэрэлд Бурханы бүх хүүхдээ гэх мөнхийн хайр ордог.3

Энэ өглөө би номлолын мөн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил болон гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн гэр бүлийн шашны зан үйлийг дагахад ийм төрлийн хайрын гүйцэтгэдэг амин чухал үүргийг онцлохыг зорьсон юм. Аврагчийг болон бусад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хайрлах хайр4 бол 2018 онд зарлагдсан өөрчлөлтөөр бидний хайртай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бидэнд үүрэг болгон өгсөн тохинуулал, сүнслэг зорилгуудын5 үндсэн шинж чанар, шалтгаан юм.

Тараагдсан Израилыг цуглуулахад гаргах номлогчийн хүчин чармайлт

Би номлолын ажил, хайр хоёрын хоорондын харилцаа холбоог хар багаасаа мэддэг болсон. 11 настай байхдаа би патриарх байсан өөрийн өвөөгөөс патриархын адислал хүлээн авсан юм.6 Уг адислалд “Би чамайг бусдыг хайрлах агуу их хайраар адисалж байна. Учир нь чи сайн мэдээг дэлхийгээр түгээж … бодгалиудыг Христэд авчрах болно”7 гэсэн байв.

Бага залуу байсан ч гэсэн би сайн мэдээг хуваалцах нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хайрлах агуу хайран дээр үндэслэгддэг гэдгийг ойлгосон юм.

15 жилийн өмнө Миний сайн мэдээг номло товхимол дээр ажиллахаар томилогдсон Ерөнхий эрх мэдэлтнүүдийн хувьд бид хайр хэмээх зан чанар бидний цаг үед хийгдэх номлолын ажилд амин чухал болохыг тогтоосон юм. Христийнхтэй адил зан чанарууд буюу энэрэл, хайрын талаарх 6-р бүлэг номлогчдын дунд хамгийн дуртай бүлэг үргэлж байсаар ирсэн.

Аврагчийн төлөөлөгчийн хувьд ихэнх номлогч ийм хайрыг мэдэрдэг ба ийн мэдрэх үед гаргаж буй хүчин чармайлт нь адислагдана. Гишүүд ийм хайрын талаарх алсын хараатай болох нь Их Эзэний зорилгод туслахад амин чухал бөгөөд Түүний ажил гүйцэлдэх болно.

Зураг
Р.Вэйн Шүт

Ийм хайрын гайхалтай үлгэр жишээ болсон үйл явдалд өчүүхэн үүрэг гүйцэтгэх онцгой боломж надад олдсон юм. Намайг Номхон Далайн Бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилж байхад ерөнхийлөгч Р.Вэйн Шүт над руу утсаар ярьж билээ. Тэр залуудаа Самоад номлолд үйлчилсэн байв. Дараа нь тэр Самоад номлолын ерөнхийлөгчөөр эргэж ирсэн.8 Над руу утсаар ярих үедээ тэр Апиа Самоа ариун сүмийн ерөнхийлөгч байсан юм. Одоо Номхон Далайн Бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилж байгаа ахлагч О.Винсэнт Халэк түүнийг номлолын ерөнхийлөгч байхад нь залуу номлогчдынх нь нэг байв. Ерөнхийлөгч Шүт Винсийг болон Халэкийн гэр бүлийг асар ихээр хайрлаж, хүндэлдэг байжээ. Гэр бүлийнх нь ихэнх гишүүн Сүмийн гишүүд байсан ч Винсийн аав, өрхийн тэргүүн Отто Халэк (Герман болон Самоа гаралтай) гишүүн байсангүй. Ерөнхийлөгч Шүт намайг гадасны чуулганд болон Америкийн Самоа дахь бусад цуглаанд оролцохыг мэдэж байсан тул сайн мэдээг хуваалцах зорилгоор Отто Халэкийн гэрт буудаллаж болох эсэхийг надаас асуув.

Зураг
Ахлагч О.Винсэнт Халэк

Би эхнэр Мэригийнхээ хамт Оттотой болон түүний эхнэр Доротитой хамт тохилог сайхан гэрт нь хоноглов. Өглөөний цайнаар би сайн мэдээний захиасаас хуваалцаж, Оттог номлогчидтой уулзахад урилаа. Тэр миний урилгаас эелдгээр татгалзав. Гэр бүлийнх нь олон гишүүн хожмын үеийн гэгээнтэн байгаад баяртай байгаагаа тэр хэлэв. Харин дараа нь тэр түүний самоа үндэстэн ээжийнх нь өвөг дээдэс Самоагийн эртний тохинуулагчид байсан ба уламжлалт Христийн шашинтай асар гүн гүнзгий холбоотой гэдгээ мэдэрдгээ нухацтайхан шиг хэллээ.9 Гэсэн ч бид сайн найзуудын хувиар салцгаасан юм.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сува Фижи ариун сүмийг онцгойлон адислахаар бэлтгэж байхдаа өөрийн туслах Дон Х.Стахэлийг10 тухайн үед Шинэ Зеландад байсан над руу утсаар яриулж, уг ажлыг зохицуулахыг надад даалгав. Ерөнхийлөгч Хинкли Фижигээс Америкийн Самоа руу нисэж очин, гэгээнтнүүдтэй уулзахыг хүссэн байлаа. Тэр өмнө нь буудаллаж байсан зочид буудлаа ч гэсэн санал болгов. Харин намайг өөр газар буудаллаж болох уу гэж асуухад Стахэли ах “Та бүсийн ерөнхийлөгч шүү дээ. Өөрийнхөөрөө шийд” гэлээ.

Би ч ерөнхийлөгч Шүт рүү шууд залгаж, бидний найз Отто Халэкийг сүнслэгээр адислах хоёр дахь боломж гарч ирсэн бололтой хэмээн хэлэв. Харин энэ удаа номлогч нь ерөнхийлөгч Гордон Б.Хинкли байх байлаа. Би Халэкийнх ерөнхийлөгч Хинклитэй хамт ирэх хүмүүсийг бүгдийг нь байлгах боломжтой эсэхийг нь түүнээс асуув.11 Ерөнхийлөгч болон Хинкли эгч, тэдний охин Жэйн, ахлагч Жэффри Р.Холланд болон Холланд эгч нар аяллын багийн бас нэгэн хэсэг байлаа. Ерөнхийлөгч Шүт тэр гэр бүлтэй хамтран, бүх ажлыг зохицуулав.12

Биднийг Фижи дэх ариун сүмийг онцгойлон адисалсныхаа дараа хүрэлцэн ирэхэд тэд элэгсэг дотно хүлээн авч билээ.13 Тэр орой бид Самоа дахь хэдэн мянган гишүүнд хандан үг хэлсэн ба дараа нь Халэкийн гэр лүү явлаа. Маргааш өглөө нь өглөөний ундандаа цугларахад ерөнхийлөгч Хинкли, Отто Халэк хоёр аль хэдийн сайн найзууд болж амжсан байв. Тэдний яриа жилийн өмнө миний Оттотой өрнүүлсэн яриатай яг адилхан байсан нь миний сонирхлыг ихэд татав. Отто манай Сүмээр бахархдаг ч одоогийн сүмдээ итгэлтэй гэдгээ илэрхийлэхэд ерөнхийлөгч Хинкли гараа Оттогийн мөрөн дээр тавиад “Отто, наадах чинь хангалтгүй. Чи Сүмийн гишүүн болох нь зүйтэй. Энэ Сүм бол Их Эзэний Сүм!” гэж хэлсэн юм. Ерөнхийлөгч Хинклигийн шулуун үгсээс болж Оттогийн өмссөн эсэргүүцлийн хуяг дуулга салж унах мэт санагдаж билээ.

Энэ нь Отто Халэкт номлогчоос нэмэлт хичээл авч, сүнслэг байдлын хувьд даруусан, жил гаруй хугацааны дараа баптисм хүртэж, гишүүнээр батлуулах замын эхлэлийг тавьсан юм. Үүнээс хойш жилийн дараа Халэкийн гэр бүл ариун сүмд мөнхөд лацдан холбогдсон.14

Зураг
Халэкийнхэн ариун сүмд холбогдов

Энэхүү гайхалтай үйл явдлын туршид миний зүрх сэтгэлийг хөндсөн зүйл юу байсан бэ гэвэл ерөнхийлөгч Вэйн Шүтийн өөрийн номлогч байсан ахлагч Винс Халэкт үзүүлсэн хайр халамж болон Халэкийнхныг гэр бүлээрээ мөнхөд лацдан холбогдохыг харахыг хүссэн түүний хүсэл байсан юм.15

Израилыг цуглуулах тал дээр бид зүрх сэтгэлдээ ийм хайрыг агуулахын зэрэгцээ зүгээр л нэг үүрэг хариуцлага16 гэсэн үзэл бодол эсвэл гэм буруутай гэсэн мэдрэмжээс зайлсхийж, оронд нь хайрыг мэдэрч, Аврагчийн захиас, тохинуулал, үйл хэргийг дэлхийтэй хуваалцах бурханлаг түншлэлд оролцож байна гэдгээ мэдрэх хэрэгтэй.17

Гишүүний хувьд бид энгийн урилга өгснөөр Аврагчид болон дэлхий даяарх ах, эгч нартаа тэднийг гэсэн хайраа үзүүлж болно. Ням гаргийн шинэ хуваарь нь гишүүдэд найз нөхдөө мөн хамт ажилладаг хүмүүсээ Сүмд ирж, үзэж харж, мэдрэхийг амжилттай, эелдгээр урих онцгой сайхан боломжийг олгодог.18 Өчигдөр ахлагч Холландын итгэл өвөрлөн дүрслэн хэлснээр, сүнслэг ариун ёслолын цуглааны дараа Шинэ Гэрээ болон Аврагч дээр төвлөрсөн эсвэл Түүнтэй мөн Түүний сургаалтай холбоотой ерөнхий чуулган дээр хэлсэн үгэн дээр төвлөрсөн 50 минутын цуглаан болно.

Халамжийн нийгэмлэгийн зарим эгч яагаад өөрсдөд нь санваарын чуулгынхантай хамт “цуглуулах” үүрэг даалгаврыг өгсөн юм бол гэж боддог. Энэ нь учир шалтгаантай бөгөөд ерөнхийлөгч Нэлсон өнгөрсөн ерөнхий чуулганаар ихэнх шалтгааныг тайлбарласан. Тэр үгийнхээ төгсгөлд “Та нар үгүй бол бид Израилыг цуглуулж огтхон ч чадахгүй”19 гэж хэлсэн юм. Өнөө үед нийт бүрэн цагийн номлогчдын 30 орчим хувь нь эгч нар байгаа нь адислал юм. Энэ нь Халамжийн нийгэмлэгийн эгч нарт сайн мэдээг хайраар заах урам зоригийг нэмж өгдөг. Эрэгтэй, эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн, хүүхдүүд гээд бидний хүн нэг бүр Есүс Христийн сайн мэдээг хайраар, энэрэнгүй, сүнслэг байдлаар хуваалцах хүсэлтэй байх хэрэгтэй. Хэрэв бид хайр, сайхан сэтгэл, даруу байдлаа харуулах юм бол олон хүн бидний урилгыг хүлээн авах болно. Урилгыг маань хүлээн авахгүй хүмүүс ч гэсэн бидний найз нөхөд хэвээр үлдэнэ.

Израилыг цуглуулахад гаргаж буй ариун сүм, гэр бүлийн түүхийн хүчин чармайлт

Хайр нь Израилыг хөшигний нөгөө талд цуглуулахад хийж буй ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын маань төвд байдаг. Биднийг өвөг дээдсийнхээ туулсан саад бэрхшээл, зовлон зүдгүүрээс суралцах үед тэднийг гэх бидний хайр, хүндлэл нэмэгддэг. Ням гаргийн цуглааны хуваариас гадна өсвөр үеийнхний анги, чуулгад шилжин орохтой холбоотой шинэ өөрчлөлтийн ачаар ариун сүм болон гэр бүлийн түүхийн хүчин чармайлт маань асар ихээр хүчирхэгжсэн. Эдгээр өөрчлөлт өвөг дээдсийнхээ талаар суралцахад мөн Израилыг хөшигний нөгөө талд цуглуулах тал дээр эртнээс, илүү их анхаарч ажиллах боломжийг олгодог. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил ч бас хоёулаа ихээхэн сайжирсан.

Интернэт бол хүчтэй зэмсэг ба бидний гэр орон бол гэр бүлийн түүхийн гол төв юм. Манай залуу гишүүд гэр бүлийн түүхийн судалгаандаа маш чадварлаг болсон ба хайрлан, хүндэлдэг өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэхээр сүнсээр өдөөгдөх болсон. 11 настай олон хүүхдэд нас барагсдын өмнөөс баптисм хийхийг зөвшөөрсөн өөрчлөлт хийгдсэнээс хойш энд ирэх хүмүүсийн тоо ихээхэн өссөнийг дэлхий даяарх ариун сүмийн ерөнхийлөгчид тайлагнасан. Нэг ариун сүмийн ерөнхийлөгч бидэнд “баптисм хүртэх гэсэн гишүүдийн тоо гайхалтай өссөн … ба 11 настай хүүхдүүдийг нэмсэн явдал олон гэр бүлийг авчирч байна. … Хэдийгээр нас [залуу] ч гэлээ тэд хийж байгаа ёслолуудаа хүндэлж, зорилгыг нь мэдэрч байгаа харагддаг. Үүнийг харах ямар сайхан гээч!”20 хэмээн мэдээлсэн.

Манай Хүүхдийн хэсгийн болон өсвөр үеийнхний удирдагчид гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд асар их хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн гаргасаар байх болно гэдгийг би мэднэ. Халамжийн нийгэмлэгийн эгч нар, санваартан ах нар ариун сүм, гэр бүлийн түүхийн үүргээ ганцаарчлан биелүүлэн мөн хөшигний нөгөө талд Израилыг цуглуулахад хүүхдүүд, өсвөр үеийнхэнд урам зориг өгөн тусалж чадна. Үүнийг гэртээ болон Хүндэтгэлийн өдөр хийх нь нэн чухал. Өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг хайраар хийх нь улам бүр ёс бус болж буй дэлхийд өсвөр үеийнхэн, гэр бүлүүдийг маань хүчирхэгжүүлэн хамгаалах болно гэдгийг би амлаж байна. Би мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ариун сүм, ариун сүмийн ажилтай холбоотой маш чухал илчлэлтүүдийг хүлээн авсан гэдгийг гэрчилж байна.

Мөнхийн гэр бүлүүдийг болон хувь хүмүүсийг Бурхантай амьдрахад бэлдэх

Гэрт төвлөрсөн сайн мэдээг суралцах, үүний дагуу амьдрахыг онцолсон шинэ ажлууд болон Сүмээс өгдөг эх сурвалжууд нь мөнхийн гэр бүл, хувь хүмүүсийг Бурхантай уулзаж, хамт амьдрахад хайраар бэлтгэх сайхан боломж юм.21

Эрэгтэй, эмэгтэй хүн ариун сүмд лацдан холбогдсоноор гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд, санваарын ариун жаягт ордог.22 Тэд гэр бүлийнхээ ажлыг удирдан явуулах санваарын адислал болоод хүчийг хамтдаа хүлээн авдаг. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”23-т тодорхойлсноор эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрийн гэсэн өвөрмөц үүрэгтэй ч, тэдний үүрэх хариуцлага үнэ цэн, ач холбогдлын хувьд эн тэнцүү юм.24 Тэд гэр бүлийнхээ өмнөөс илчлэлт хүлээн авах тэгш эрхтэй. Тэднийг хайраар болон зөв шударгаар хамтарч ажиллах үед шийдвэр нь тэнгэрээс адислагдсан байх болно.

Хувь хүнийхээ хувьд мөн гэр бүлийнхээ өмнөөс Их Эзэний хүслийг мэдэхийг хүсэж буй хүмүүс зөв шударга, даруу байдал, нинжин сэтгэл, хайрыг эрэлхийлэх ёстой. Даруу зан ба хайр нь Их Эзэний хүслийг, ялангуяа гэр бүлийнхээ төлөө мэдэхийг хүсэж байгаа хүмүүсийн шинж чанар юм.

Өөрсдийгөө төгөлдөржүүлж, гэрээний адислалуудаас хүртэх шаардлагыг хангаж, Бурхантай уулзахад бэлтгэх нь хувь хүний үүрэг хариуцлага юм. Бид бие дааж, гэр орноо биднийг хүрээлэх шуурганаас хамгаалах25, итгэл маань оршдог ариун дагшин газар болгохын төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулах ёстой.26 Эцэг эхчүүд хүүхдүүддээ хайраар заах үүрэгтэй. Хайраар дүүрэн гэр орон баясгалант, бахдам сайхан бөгөөд дэлхий дээрх бодит диваажин юм.27

“Гэр бүлийн хайр”28 бол ээжийн маань дуртай дуулал юм. “Гэр бүлийнхэн бие биенээ хайрлах юм бол гэрт үргэлж мөнхөд аз жаргал бялхаж байх болно” хэмээх эхний бадгийг сонсох болгондоо түүний сэтгэл ихэд хөдөлж, нүдэнд нь нулимс цийлэгнэж байгаа харагддагсан. Бид хүүхэд байхдаа ийм гэр оронд амьдарч байгаагаа мэддэг байсан ба энэ нь ээжийн маань нэн чухал зүйлсийнх нь нэг байлаа.29

Ерөнхийлөгч Нэлсон гэр орондоо хайрын уур амьсгалыг урамшуулан дэмжихээс гадна бидний үндсэн зорилгод саад болдог хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалтыг хязгаарла хэмээн хэлсэн.30 Бараг бүх гэр бүлд тустай байж болох нэг зүйл бол интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зурагтыг анхаарал сарниулдаг зүйл тэр ч бүү хэл өөрийн эзэн мэт болгохын оронд өөрт тань үйлчилдэг хэрэгсэл болгох хэрэгтэй. Бүхний бодгалийн, ялангуяа хүүхдийн бодгалийн төлөө дайн ихэвчлэн гэр оронд явагддаг. Эцэг эхийн хувьд бидний мэдээллийн хэрэгслээр хүлээн авч буй агуулга зөв зохистой, насанд нь тохирсон, бий болгох гэж хичээж буй хайрын уур амьсгалтай зохицсон байх ёстой.

Гэртээ заадаг зүйлс маань тодорхой бөгөөд бусдад хандсан байхын31 зэрэгцээ сүнслэг, хөгжилтэй, хайраар дүүрэн байх хэрэгтэй.

Бид Аврагчийг гэх хайр болон Түүний Цагаатгал дээр төвлөрөн, хөшигний хоёр талд Израилыг цуглуулахад гаргаж буй хүчин чармайлтынхаа төвд Түүнийг тавьж, бусдад тохинуулж, хувь хүнийхээ хувьд Бурхантай уулзахад өөрсдийгөө бэлдэх юм бол дайсны нөлөө буурч, сайн мэдээний баяр баясгалан, сэтгэл ханамж, амар амгалан бидний гэр оронг Христийнхтэй адил хайраар тэжээн тэтгэх болно гэдгийг би амлаж байна.32 Би эдгээр сургаалын амлалтыг гэрчилж, Есүс Христийн талаар болон Түүний бидний төлөө хийсэн цагаатгагч золиосын тухай баттай гэрчээ үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 4:1, 5.

  2. Moронай 7:47.

  3. Энэрэл ба хайр,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж, (2019), 134-ийг үзнэ үү.

  4. Дэд Хууль 6:5; Матай 22:36–40-ийг үзнэ үү.

  5. “Гишүүний номлолын болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд гүйцэтгэх ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн үүрэг,” 2018 оны 10-р сарын 6-ны өдрийн мэдэгдэл-ийг үзнэ үү.

  6. Өвөө маань өөр гадаснуудад амьдардаг байсан ач, зээ нартаа патриархын адислал өгөх зөвшөөрөлтэй байсан юм. Тэр өвдөж, нас барах нь гэж бодож байсан учраас надад патриархын адислалыг 11 настай байхад минь өгсөн юм.

  7. Patriarchal blessing given to Quentin L. Cook by patriarch Crozier Kimball, Oct. 13, 1951, Draper, Utah.

  8. Ерөнхийлөгч Р.Вэйн Шүт эхнэр Лорнатайгаа хамт Хятадын Шанхай, Армен, Сингапур болон Грект янз бүрийн номлолд үйлчилсэн. Лорнаг нас барсны дараа тэр Риа Мэ Росваллтай гэрлэсэн ба тэд Австралийн Брисбэн номлолд үйлчилсэн. Есөн хүүхдийнх нь долоо нь бүрэн цагийн номлолд үйлчилсэн. Самоад хоёр жил номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байх үед нь ахлагч Жон Х.Гробэрг Тонгад номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Тэр хоёрт тохиолдсон үйл явдлууд домог болон үлдсэн.

  9. Отто Халэк нь Лондоны Номлогчийн Нийгэмлэгээс үүдэлтэй Самоагийн Христийн Шүтлэгтний Сүмийн цуглааны удирдагч байсан. Түүний аав Германы Дессау хотоос гаралтай герман хүн байжээ.

  10. Ерөнхийлөгч Дон Х.Стахэли одоо Баунтифул Юта ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байгаа.

  11. Ерөнхийлөгч Хинкли болон Хинкли эгч, тэдний охин Жэйн Хинкли Дадли, ахлагч Жэффри Р. болон Патришиа Т.Холланд эгч, ахлагч Квинтин Л. болон Мэри Ж.Күк, Дон Х.Стахэли ах бүгд байсан.

  12. Ахлагч О.Винсэнт Халэк надад аав нь Винс болон ах Дэвидийг нь ерөнхийлөгч Хинклиг айлчлах үеэр далайн чанадаас буцаж ирэн байшинг шалгаж, хамт байлц хэмээн урьсан гэдгийг хэлсэн юм. Аав нь “Тэд өөрийн чинь мэдэх тэнгэр элчүүд байж болно” гэснийг ахлагч Халэк хэлсэн. Тэр хөвгүүддээ бошиглогчид үйлчлэх гэж байгаа юм бол байшингаа төгс байлгахыг хүсэж байгаагаа хөвгүүддээ хэлжээ.

  13. Ерөнхийлөгч Хинклийг Америкийн Самоагийн үндэстний удирдагчид болон олон мянган самоачууд хөл бөмбөгийн талбайд угтан авсан юм.

  14. Номлолын шаргуу хөдөлмөрөөр гэр бүлүүдийг холбох нь самоа болон полинез хүмүүсийн агуу шинж чанар байсаар ирсэн.

  15. Ерөнхийлөгч Шүт маш их хайр, талархал хүлээсэн хүн байсан тул түүнийг 2006 онд Отто Халэкийн оршуулга дээр үг хэлэхэд урьсан байна.

  16. “Зарим тохиолдолд эхлээд бид үүрэг хариуцлага хүлээсний улмаас үйлчилж болно. Гэхдээ тийм үйлчлэл ч гэсэн биднийг … ямар нэгэн илүү дээд зүйлийг ашиглахад, ‘илүү давуу [замаар]’ … үйлчлэхэд хүргэдэг [1 Коринт 12:31]” (Жой Д.Жонс, “Түүний төлөө,” 2018 оны 10-р сарын ерөнхий чуулган 112).

  17. Тad R. Callister, The Infinite Atonement (2000), 5–8-ыг үзнэ үү.

  18. Сүмийн гишүүд бусдыг урихдаа номлогчидтой уялдаа холбоотой байвал зохино.

  19. Рассэлл М.Нэлсон, “Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84.

  20. Солт Лэйкийн ариун сүмийн ерөнхийлөгч Б.Жэксон болон Рөүзмэри М.Виксом эгч хоёр ХүүхдийнХэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд тайлагнаж байгаа нь, 2019 оны 3-р сар. Виксомынхон “эрэлт хэрэгцээг хангахаар өөр олон XXXS хэмжээтэй баптисмын хувцас захиалж байгаагаа” онцлон цохжээ.

  21. Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн үг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3–4-ийг үзнэ үү.

  22. Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү.

  23. The Family: A Proclamation to the World,” Liahona, May 2017, 145-ыг үзнэ үү.

  24. “Эцэг хүн бүр гэр бүлийнхээ патриарх, эх хүн бүр гэр бүлийнхээ матриарх бөгөөд тэд эцэг эхийн өөр өөрийн гэсэн онцлог үүргийн хувьд энэ тэнцүү юм” (James E. Faust, “The Prophetic Voice,” Ensign, May 1996, 6).

  25. Сургаал ба Гэрээ 45:26–27; 88:91-ийг үзнэ үү.

  26. Рассэлл М.Нэлсон, “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119-ийг үзнэ үү.

  27. “Home Can Be a Heaven on Earth,” Hymns, no. 298-ыг үзнэ үү.

  28. “Гэр бүлийн хайр,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 44.

  29. Ийм хайртай болохыг эрэлхийлбэл Сургаал ба гэрээ 121:41–42 дээрх зааврыг зорилгоо болгох нь зүйтэй:

    “Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу;

    Нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ нь зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг буюу.”

    Хүүхдийг хэт их шүүмжлэхээс зайлсхий. Алдаа дутагдлаа ялан дийлэхэд нь мөн мэргэн ухаан дутвал шүүмжлэхийн оронд удирдамж заавар өгөх шаардлагатай. Нүглийг гэсгээн цээрлүүлэх шаардлагатай ( Сургаал ба Гэрээ 1:25–27-г үзнэ үү).

  30. Рассэлл М.Нэлсон, “Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 69; мөн Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.

  31. Гэр орондоо заах нь нэг талаараа бүх насны хүүхдүүдэд зориулсан нэг ангитай сургууль юм. 11 настай хүүхдэд зааж байхдаа 3 настай хүүхдийг орхигдуулж болохгүй.

  32. Иохан 17:3; 2 Нифай 31:20; Моронай 7:47-г үзнэ үү.