2010–2019
Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь
2018 оны 10-р сар


Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь

Би та бүхэнд Их Эзэний үгэн дээр найрлаж, Түүний сургаалыг хувийн амьдралдаа хэрэгжүүлээсэй хэмээн хайр, адислалаа үлдээе.

Сүнсээр өдөөгдсөн, түүхэн чуулган болж байна. Бид ирээдүйг урам зоригтой харж, илүү сайныг үйлдэж, илүү сайн байхад урамшуулагдсаар байна. Ерөнхий эрх мэдэлтнүүд болон ерөнхий албан тушаалтнууд энэхүү индрээс гайхалтай захиасуудыг хуваалцсан ба хөгжим ер бусын сүр жавхлантай байлаа. Энэ долоо хоногоос эхлэн эдгээр захиасыг судлахыг би та бүхэнд уриалж байна. Эдгээр захиас нь энэ цаг үед Их Эзэний оюун хийгээд тааллыг Түүний хүмүүст дамжуулдаг.

Гэр оронд төвлөрсөн шинэ сургалтын хөтөлбөрийг Сүм дэмжиж байгаа бөгөөд энэ нь гэр бүл болгон өөрсдийн гэр орныг итгэлийн ариун газар болгохын тулд хариуцлагатай бөгөөд анхааралтай үйлдэхээр хичээхэд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх боломжтой юм. Таныг гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллахад аяндаа таны Хүндэтгэлийн өдрүүд үнэхээр баясгалантай болно гэдгийг би амлаж байна. Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байх бөгөөд таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно. Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно.

Энэ чуулганаар бид Их Эзэн Есүс Христийн Сүмийг дурдах бүрдээ Түүнийг хүндлэн дээдэлдэг байх чухал хүчин чармайлтыг хэрэгжүүлэх шийдвэрээ бататгалаа. Аврагчийн Сүмийн болон түүний гишүүдийн зөв нэрийг хэрэглэхэд хичээнгүйлэн анхаарах нь Түүний Сүмийн гишүүдэд сүнслэг хүчээс илүү их хүртэх өсөн нэмэгдсэн боломж болоод итгэл рүү хөтөлнө гэдгийг би та нарт амлаж байна.

Одоо ариун сүмийн талаар ярьцгаая. Ариун сүмд өнгөрүүлсөн цаг хугацаа маань бидний болон гэр бүлийнхний маань авралд мөн өргөмжлөлд амин чухал гэдгийг бид мэддэг.

Биднийг ариун сүмийн ёслолуудаа хүлээн авч, Бурхантай ариун нандин гэрээнүүдийг байгуулсны дараа хүн нэг бүрд зөвхөн Их Эзэний өргөөнд л хүлээн авах боломжтой сүнслэг байдлын байнгын хүчирхэгжүүлэлт болон заавар хэрэгтэй байдаг. Мөн бид өвөг дээдэстээ өөрсдийг нь төлөөлөн үйлчлэхэд хэрэгтэй байдаг.

Сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан хүмүүст ариун сүмийн адислалуудыг өгөх арга замыг дэлхийн сууринаас өмнө бэлтгэсэн Бурханы агуу нигүүлсэл, шударга ёсыг бодогтун. Ариун сүмийн эдгээр зан үйл эртнийх билээ. Миний хувьд тэрхүү эртний байдал нь сэтгэл догдлом байдаг бөгөөд тэдгээрийн үнэн зөв байдлын бас нэгэн нотолгоо юм.

Хайрт ах, эгч нар минь ээ, дайсны дайралтууд хүч чадал, төрөл зүйлийн хувьд асар хурдтай өсөн нэмэгдэж байна. Ариун сүмд байнга байх бидний хэрэгцээ хэзээ ч ийм их байгаагүй. Цагаа хэрхэн өнгөрүүлж байгаагаа залбирч бодож үзэхийг би та нараас гуйж байна. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ ирээдүйд цаг заваа зориул. Хэрэв та ариун сүмээс холгүй байдаг бол Их Эзэнтэй Түүний ариун өргөөнд уулзах уулзалтыг тогтмол хийх арга замыг олж, тэгээд тэрхүү уулзалтандаа хоцролгүй, баяр хөөртэй ирж байхыг би танд уриалж байна. Таныг Их Эзэний ариун сүмд үйлчилж, шүтэн бишрэхийн тулд золиослол гаргахад Тэрээр танд хэрэгтэй гэдгийг мэддэг тэрхүү гайхамшгуудыг авчрах болно хэмээн би танд амлаж байна.

Одоогоор бидэнд онцгойлон адислагдсан 159 ариун сүм бий. Тэдгээр ариун сүмийг халамжилж, арчлах нь бидний хувьд маш чухал билээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ариун сүмүүдийг сэргээн, шинэчилж байх нь зайлшгүй байдаг. Энэ шалтгааны үүднээс, Солт Лэйкийн ариун сүмийг болон бусад анхдагчдын үеийн ариун сүмүүдийг шинэчилж, сайжруулах төлөвлөгөөг гаргаад байна. Эдгээр төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг гаргасан үедээ хуваалцах болно.

Өнөөдөр бид 12 шинэ ариун сүмийг барихаар төлөвлөснөө зарлах гэж байгаадаа таатай байна. Эдгээр ариун сүм дараах газруудад баригдах болно. Үүнд: Аргентиний Мендоза, Бразилийн Салвадор, Калифорнийн Юба Сити, Камбожийн Пномпень, Капэ Вэрдэгийн Прая, Гуамын Ийго, Мексикийн Пуэбла, Шинэ Зеландын Окленд, Нигерийн Лагос, Филиппиний Давао, Пуэрто Рикогийн Сан Жуан, Ютагийн Вашингтон Каунти.

Ариун сүмийг барьж байгуулан, харж хандах нь таны амьдралыг өөрчлөхгүй байж болох ч ариун сүмд өнгөрүүлсэн цаг мөч таныг өөрчлөх нь дамжиггүй. Ариун сүмд оролгүй удсан хүмүүст хандан хэлэхэд, аль болох хурдан бэлтгэлээ хангаж, эргэн очиход би та бүхнийг урамшуулж байна. Үүнээс гадна, би та нарыг ариун сүмд шүтэн биширч, та нарын төлөөх Аврагчийн хязгааргүй хайрыг гүн гүнзгий мэдрэхийн тулд залбирахад урьж байна. Тэгснээр та нарын хүн нэг бүр Аврагч энэхүү ариун нандин, мөнхийн ажлыг удирддаг гэсэн өөрийн гэрчлэлтэй болох болно.

Ах, эгч нар аа, би та бүхний итгэлд болон дэмжин баталж буй хичээл зүтгэлд талархдаг. Би та бүхэнд Их Эзэний үгэн дээр найрлаж, Түүний сургаалыг хувийн амьдралдаа хэрэгжүүлээсэй хэмээн хайр, адислалаа үлдээе. Илчлэлт Сүмд үргэлжлүүлэн ирсээр байгааг болон “Бурханы зорилгууд гүйцэлдэн, Аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл” ирэх болно гэдгийг би та нарт батлан хэлж байна.

Би та бүхнийг Түүнд болон Түүний ариун ажилд итгэх өсөн нэмэгдэх итгэлээр мөн амьдрал дахь хувийн сорилт бэрхшээлүүдээ тэсэн гарах итгэл, тэвчээрээр адисалж байна. Мөн би та бүхнийг үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болоосой хэмээн адисалж байна. Би та нарыг адислахын зэрэгцээ Бурхан амьд гэсэн гэрчлэлээ хуваалцаж байна. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм. Бид Түүний хүмүүс. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Ерөнхий чуулганы захиасуудыг LDS.org дээр онлайнаар мөн Gospel Library апплекэйшнээс үзэж болно. Тэдгээр захиас нь Ensign болон Лиахона дээр нийтлэгдэнэ. Шуудангаар хүргэгддэг эсвэл онлайнаар татаж авдаг Сүмийн сэтгүүлүүд, тэр дундаа New Era болон Friend нь гэрт төвлөрсөн сайн мэдээний хөтөлбөрийн тань чухал хэсэг юм.

  2. Жишээ болгож, Египетээс гарсан нь 28; 29; Левит 8-ыг үзнэ үү.

  3. Мозая 4:29-ийг үзнэ үү.

  4. 1894 оны 4-р сарын 8-ны өдөр Сүмийн Ерөнхий чуулган дээр Вилфорд Вүдраффийн хэлсэн “The Law of Adoption” үгийг үзнэ үү. Ерөнхийлөгч Вүдрафф “Бид илчлэлт авч дуусаагүй байна. Бид Бурханы ажлыг хийж дуусаагүй байна. … Энэ ажлыг төгс төгөлдөр болтол хийсээр байх болно” гэж хэлсэн (Deseret Evening News, Apr. 14, 1894, 9).

  5. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 162.

Хэвлэх