2010–2019
Агуу ажлын суурийг тавих нь
2018 оны 10-р сар


Агуу ажлын суурийг тавих нь

Гэр орондоо тогтоосон уламжлалаараа дамжуулан заадаг бидний хичээлүүд хэдийгээр энгийн, өчүүхэн байсан ч өнөөгийн дэлхийд улам бүр чухал болсоор байна.

Сион дахь эцэг эхчүүдийн хувьд бид хүүхдүүдийнхээ Есүс Христийн сайн мэдээний баяр баясгалан, гэрэл, үнэнийг дагах хүсэл, үзэл бодлыг өдөөх ариун нандин үүрэгтэй. Бид хүүхдүүдээ өсгөж байхдаа гэр орондоо уламжлалуудыг тогтоон, гэр бүлийн харилцааны хэв маяг, дадал хэвшлийг төлөвшүүлдэг. Ийнхүү бидний тогтоосон уламжлалууд хүүхдүүдэд маань амьдралын сорилт бэрхшээлүүдийг сөрөн зогсоход нь хүчирхэгжүүлдэг хүчтэй, гуйвшгүй сайн сайхан шинж чанаруудыг төлөвшүүлэн суулгадаг байх ёстой.

Манай гэр бүл олон жилийн өмнөөс Ютагийн зүүн хойд хэсэгт байдаг Уинта ууланд жил бүр амрах уламжлал тогтоосон юм. Бид чулуурхаг шороон замаар 20 бээр буюу 32 км явж, өндөр хавцлаар хүрээлэгдсэн, дундуур нь хүйтэн, тунгалаг устай гол урсдаг үзэсгэлэнт ногоон хөндийд ирдэг. Сюзан бид хоёр жил бүр хүүхдүүд, ач нарынхаа зүрх сэтгэлд сайн мэдээний сургаал, зан үйлийн үнэ цэнийг бататгахын тулд зургаан хүү мөн тэднийхээ гэр бүлийнхнээс Христ дээр төвлөрсөн гэр орны үндэс суурийн чухал хэсэг гэж үздэг сэдвээрээ богинохон захиас бэлдэхийг хүсдэг юм. Дараа нь бид тэр бөглүү газарт гэр бүлийн онцгой цугларалт хийж, бүгд өөрсдийн захиасыг хуваалцдаг.

Зураг
Чулуун дээр бичсэн захиасууд

Энэ жил ач нар маань захиасынхаа сэдвийг чулуун дээр бичсэн байсан ба тэд ээлжлэн аз жаргалтай амьдралыг босгох бат бөх суурийг төлөөлүүлэн чулуунуудаа зэрэгцүүлэн булсан юм. Тэдний хуваалцсан зургаан захиас дунд Есүс Христ бол энэ суурийн булангийн чулуу гэсэн өөрчлөгдөшгүй, мөнхийн үнэн агуулагдсан байв.

Исаиа “Тийм учраас Эзэн БУРХАН Үзэгтүн, Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм”1 хэмээн хэлсэн. Есүс Христ бол Сионы суурийн тэрхүү булангийн үнэт чулуу юм. Тэрээр бошиглогч Иосеф Смитэд “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг”2 гэдгийг илчилсэн Тэр хүн юм.

Гэр орондоо тогтоосон уламжлалаараа дамжуулан заадаг бидний хичээлүүд хэдийгээр энгийн, өчүүхэн байсан ч өнөөгийн дэлхийд улам бүр чухал болсоор байна. Хүүхдүүдийн маань амьдралд тогтож хэвшсэн тохиолдолд агуу ажлыг гүйцэлдүүлж болох ямар энгийн, өчүүхэн зүйлс байдаг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан Канадын Торонтод болсон томоохон цугларалт дээр үг хэлж, эцэг эхчүүдэд үр хүүхдүүддээ зааж сургах ариун нандин үүргийг нь онцгойлон сануулсан юм. Ерөнхийлөгч Нэлсон тодорхойлсон нэн чухал үүргүүдийн дундаас яагаад бид ариун ёслолоос хүртдэг мөн гэрээнд төрөхийн ач холбогдол, яагаад патриархын адислалдаа бэлтгэж, хүлээн авах ёстой болохыг хүүхдүүддээ зааж ойлгуулах эцэг эхийн үүргийг онцлохын зэрэгцээ эцэг эхчүүдийг гэр бүлээрээ судраас уншиж байхыг урамшуулсан.3 Бидний хайрт бошиглогч эдгээр хүчин чармайлтыг гаргаснаар гэр орноо “итгэлийн ариун өргөө”4 болгоход биднийг уриалсан.

Мормоны Номд Инос “[өөрт нь] өөрийн хэлээр, мөн түүнчлэн Их Эзэний халамж хийгээд зөвлөгөөнд заан хүмүүжүүлсэн” эцгийнхээ үлгэр жишээнд гүнээ талархаж байгаагаа онцлон тэмдэглэсэн байдаг. Инос “Мөн үүний учир Бурханы минь нэр алдаршиг”5 хэмээн сэтгэлээ хүчтэй илэрхийлсэн.

Гэрлэснээсээ хойш 35 гаруй жилийн хугацаанд гэр орондоо тогтоосон энгийн, өчүүхэн уламжлалуудаа би нандигнан хайрладаг. Манай ихэнх уламжлал жижигхэн хэдий ч утга учиртай. Жишээ нь:

  • Намайг эзгүй үеэр Сюзаны удирдамжаар том хүү маань үдэш бүр судар судалж, гэр бүлээрээ залбирахад гэр бүлээ удирдан тэргүүлэх үүрэг хариуцлагыг авдаг байсан гэдгийг би үргэлж мэддэг байсан.6

  • Өөр нэг уламжлал бол бид гэрээсээ гарахдаа эсвэл утсаар ярьж дуусахдаа үргэлж “Хайртай шүү” гэж хэлдэг.

  • Бидний цаг зав гарган хөвгүүдтэйгээ тогтмол нэг бүрчлэн уулздаг хувийн ярилцлага бидний амьдралыг адисалсан. Нэгэн ярилцлагынхаа үеэр би нэг хүүгээсээ номлолд үйлчлэх хүсэл болон бэлтгэлийнх нь талаар асууж билээ. Хэсэг ярилцсаны дараа хүү минь түр бодлогошрон сууснаа над руу дөхөн ирээд, “Аав аа, намайг бага байхад бид аавтайгаа ярилцах ярилцлагыг явуулж эхэлснийг та санаж байна уу?” гэж нухацтай асуув. “Тийм ээ” гэж би хариуллаа. “Намайг тэр үед номлолд үйлчилнэ гэж танд амлахад, ээж та хоёр хөгшрөхөөрөө номлолд хамт үйлчилнэ гэж надад амласан шүү дээ” гэв. Үүний дараа би дахин хэсэг чимээгүй суув. Тэр “Та хоёрт үйлчлэхэд саад болж буй зүйл байна уу? Магадгүй миний талаас тус болох ямар нэг зүйл байж болох юм” гэдэг юм байна.

Залбирах, судраас унших, гэр бүлийн үдэш хийх, Сүмийн цуглаануудад оролцох гээд тогтмол баримталдаг, гэр бүлийн ач тустай уламжлалууд нь хэдийгээр өчүүхэн, энгийн мэт санагдаж болох ч хайр, хүндэтгэл, эв нэгдэл хийгээд аюулгүй байдлыг бий болгодог. Эдгээр хүчин чармайлтыг дагалдан ирдэг сүнсэн дотор хүүхдүүд маань өнөө үеийн дэлхийн соёлд гүн шигдсэн дайсны галт сумнуудаас хамгаалагдаж чаддаг.

Хиламаны хүүдээ өгсөн ухаалаг зөвлөгөөг бид мэднэ. “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой.”7

Олон жилийн өмнө намайг залуу бишоп байхад нэг ахимаг настай хүн надтай уулзахыг хүссэн юм. Тэр Сүмийг болон эцэг эхийнхээ өсвөр насанд нь өвлүүлэн үлдээсэн зөв шударга уламжлалуудыг хэрхэн орхисноо тайлбарлав. Тэр дэлхийнхний өгөх түр зуурын жаргал дундаас урт удаан үргэлжлэх баяр баясгаланг хий дэмий хайж, амьдралдаа амссан зовлонгоо хуваалцлаа. Одоо тэр өтлөх насандаа хүүхэд насныхаа хичээл, дадал хэвшил, мэдрэмжийг болон сүнслэг аюулгүй байдал руу чиглүүлэх Бурханы Сүнсийг зөөлнөөр мөн заримдаа байнга шивнэхийг мэдрэх болсон байв. Тэрээр эцэг эхийнхээ үлдээсэн уламжлалд талархаж, “Мөн үүний учир Бурханы минь нэр алдаршиг” хэмээх Иносын хэлсэн тунхгийг орчин үеийн хэллэгээр давтан хэлсэн юм.

Өөрийн туршлага дээр үндэслэн хэлэхэд, энэ эрхмийн сайн мэдээнд эргэн ирсэн явдал олон хүнийхтэй адил бөгөөд энэ нь өсвөр насныхаа сургаал, зан үйлд эргэн ирэхийн тулд түр зуур орхин явсан Бурханы хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог. Бид энэ цаг мөчид “Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй”8 хэмээн эцэг эхчүүдэд ухуулдаг сургаалт үгсийн зохиогчийн мэргэн ухааныг гэрчилж болно.

Эцэг эх бүр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх явцад сэтгэл санаа нь хямарсан мөн шийдвэр гаргах янз бүрийн түвшний үетэй тулгардаг. Гэсэн ч эцэг эхчүүд хүүхдүүддээ нууж хаалгүй мөн хайраар зааж, явах замд нь туслахын тулд чадах бүхнээ хийж, итгэлээ хөгжүүлснээр тарьсан үр нь хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл, оюун ухаанд үндэслэнэ гэсэн агуу найдварыг хүлээн авах болно.

Мосе тогтмол заах үндсэн хэрэгцээг сайн ойлгодог байв. Тэрээр “Хөвгүүддээ [эдгээр үгийг] хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай”9 хэмээн зөвлөсөн.

Бид гэр бүлийн залбирлаар хүүхдүүдийнхээ дэргэд өвдөг сөгдөн сууж, гэр бүлийн судрын уншлагыг утга учиртай болгохын тул хүчин чармайлт гарган, тэдэнд анхаарал халамж тавьж, гэр бүлийн үдэшт хамт оролцохдоо тэвчээртэй байж, хайраар хандаж, тэнгэрт хандан хувиараа залбирахдаа тэдний төлөө залбирдаг. Бидний тарьж буй үр тэдний зүрх сэтгэл, оюун ухаанд үндэслээсэй хэмээн бид хэчнээн хүсдэг гээч.

Хүүхдүүд маань биднийг зааж байхад судраас уншиж эсвэл гэр бүлийн үдэш хийж, Мючел болон Сүмийн бусад цугларалтад оролцохыг хичээхдээ “үүнийгээ сайн хийх” нь төдийлөн чухал биш гэдэгт би итгэдэг. Тухайн үед тэд эдгээр үйл ажиллагааны ач холбогдлыг ойлгож байгаа эсэх нь тийм ч чухал биш, харин эцэг эхийн хувьд бид Эзэнд итгэлээ хөгжүүлж Түүний зөвлөгөөний дагуу хичээнгүйлэн амьдарч, зааж, ухуулж мөн Есүс Христийн сайн мэдээгээр өдөөгдсөн шаардлагуудыг тавьж байгаа эсэх нь л илүү чухал юм. Хэзээ нэгэн өдөр өсвөр насанд нь суулгасан үр үндэслэж, соёолж, ургана гэсэн бидний итгэлээр энэхүү хүчин чармайлт өдөөгддөг.

Бидний ярьж, номлож, заадаг зүйлс бидэнд тохиолдох зүйлсийг тодорхойлох болно. Биднийг Христийн сургаалуудыг заах эрүүл уламжлалуудыг тогтоох үед Ариун Сүнс бидний захиасын үнэнийг гэрчилж, өөрсдийн хичээл зүтгэлээр үр хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд гүн суулгаж өгсөн сайн мэдээний үрийг тэжээн тэтгэдэг. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.