2010–2019
Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христэд гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөх
2018 оны 10-р сар


Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөх нь

Бидний зорилго бол итгэл, сүнслэг байдлыг ихээхэн өсгөн нэмэгдүүлэх арга замаар Сүм дээр болон гэр орондоо олж авах туршлагуудыг тэнцвэржүүлэх явдал юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний уран яруу, тод томруун хэлснээр Сүмийн удирдагчид “сургаалд суралцаж, итгэлийг хүчирхэгжүүлэн, хувиараа илүү гүн гүнзгий шүтэн бишрэхэд зориулсан гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн төлөвлөгөө”-н дээр олон жил ажилласан юм. Ерөнхийлөгч Нэлсон дараа нь “сайн мэдээг гэр оронд заах болон Сүм дээр заах хоёрыг хооронд нь тэнцвэржүүлж, уялдуулах”1 шинэ өөрчлөлтийг зарлалаа.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний тодорхойлж, удирдан чиглүүлсний дагуу мөн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын шийдвэрээр дээрх зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд 2019 оны 1-р сараас эхлэн Ням гаргийн цуглааны хуваарийг дараах байдлаар өөрчлөхөөр боллоо.

Ням гаргийн цуглааны хуваарь

Ням гаргийн Сүмийн цуглаануудад ням гараг бүр Аврагч, ариун ёслолын ёслол, сүнслэг захиас зэрэгт төвлөрсөн 60 минутын ариун ёслолын цуглаан болох болно. Ангиуд руу шилжин ороход зориулсан цагийн дараа Сүмийн гишүүд ням гараг болгонд ээлжлэн орох 50 минутын ангид оролцоно.

  • Ням гаргийн анги нэг ба гурав дахь ням гарагт тус тус орох болно.

  • Харин Санваарын чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн анги хоёр ба дөрөв дэх ням гарагт тус тус орох болно.

  • Тав дахь ням гаргийн цуглаан бишопын удирдлаган доор явагдана.

Хүүхдийн хэсэг долоо хоног бүр яг энэ 50 минутын хугацаанд орох бөгөөд дууны цаг болон хичээлүүдээс бүрдэнэ.

Зураг
Ням гаргийн хуваарь

Ням гаргийн цуглааны хуваарийн талаар хэлэхэд, Сүмийн ахмад удирдагчид Сүмийн ням гаргийн гурван цагийн хуваарь манай зарим эрхэм гишүүнд хүндрэлтэй байгааг олон жилийн турш мэдэж байсан. Энэ нь бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд, Хүүхдийн хэсгийн хүүхдүүд, ахмад настай гишүүд, шинэ хөрвөгчдөд болон бусдад хүндрэлтэй байгаа нь үнэн.2

Харин энэ өөрчлөлтөөр зөвхөн Ням гаргийн цуглааны хуваарийг богиносгож байгаа юм биш. Ерөнхийлөгч Нэлсон та нарыг өмнөх урилгуудад итгэлтэй байсны үр дүнд ямар их ажил хийж гүйцэтгэснийг талархалтайгаар хүлээн зөвшөөрсөн. Тэрээр бас Сүмийн удирдлагууд бүгд гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн тэнцвэртэй хүчин чармайлтаар дамжуулан сайн мэдээний илүү агуу баяр баясгаланг эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэнд мөн ганц бие болон ахмад настай хүмүүст, түүнчлэн шинэ хөрвөгчдөд болон номлогчдын зааж буй хүмүүст авчрахыг хүсдэг. Энэхүү өөрчлөлт болон саяхан хийгдсэн өөр өөрчлөлттэй холбоотой зорилго, адислалуудад дараах зүйлс багтана. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд илүү гүн гүнзгий хөрвөгдөж, Тэдэнд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх.

  • Сайн мэдээний дагуу баяр баясгалантай амьдрахад тус дэм болох гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн хөтөлбөрөөр дамжуулан хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх.

  • Ариун ёслолд анхаарлаа хандуулж, Хүндэтгэлийн өдрийг сахих.

  • Номлогчийн ажил болон ариун сүмийн ёслол, гэрээ, адислалуудыг хүлээн авснаар хөшигний хоёр талд буй Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд туслах зэрэг болно.

Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сайн мэдээнээс суралцах хөтөлбөр

Ням гаргийн энэ хуваарь нь ням гарагт аль эсвээс хувь хүн, гэр бүлүүдийн сонгосон өөр цагуудад гэртээ үдшийг өнгөрүүлэх, сайн мэдээг судлахад илүү их цаг зарцуулах боломжийг олгох юм. Гэр бүлийн үдшийн үйл ажиллагааг даваа гарагт эсвэл өөр үед хийх боломжтой. Иймээс удирдагчид даваа гаргийн үдэш Сүмийн цуглаан болон үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахгүй байвал зохино. Гэхдээ гэр бүлийн үдэшт болон сайн мэдээнээс судлахад мөн хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан үйл ажиллагаануудад зарцуулах цагийг нөхцөл байдалдаа зохицуулан өөрчилж болно.

Зураг
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Ням гаргийн ангид болон Хүүхдийн хэсэгт заадаг хичээлтэй уялдуулан зохицуулсан хөтөлбөр болон хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан Ирээд, Намайг дага шинэ эх сурвалж нь гэр орондоо гэр бүлээрээ мөн хувиараа сайн мэдээг судлах үйл явцыг хүчирхэгжүүлэх болно.3 1-р сард Сүмийн өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдийн Ням гаргийн ангиуд мөн Хүүхдийн хэсэг Шинэ Гэрээг судална. Хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан Ирээд, Намайг дага хэмээх гэрээр судлах шинэ эх сурвалж нь Шинэ Гэрээг мөн адил үзэх бөгөөд энэ нь сайн мэдээг гэрээр судлах гишүүдэд зориулагдсан. Энэ гарын авлагад “Энэ эх сурвалж нь Сүмийн бүх хувь хүн, гэр бүлд зориулагдсан юм. Энэ нь бидэнд [бие даан] эсвэл [гэр бүлээрээ] сайн мэдээнээс илүү сайн суралцахад туслах зорилготой. … Энэ [шинэ] эх сурвалжийн тоймыг долоо хоног тутмын … хуваарийн дагуу зохион байгуулсан болно”4 гэж тайлбарласан.

Сүм дээр заагдах Ирээд, Намайг дага Хүүхдийн хэсгийн шинэ хичээлүүд нь мөн адил хуваарийн дагуу орно. Нэг дэх болон гурав дахь Ням гарагт орох насанд хүрэгчид болон өсвөр үеийнхэд зориулсан Ням гаргийн ангиуд уялдаа холбоотой явагдах бөгөөд хамтдаа Ирээд, Намайг дага гэрээр судлах шинэ эх сурвалжийг дэмжих болно. Хоёр дахь, дөрөв дэх ням гаргуудад орох Санваарын болон Халамжийн нийгэмлэгийн насанд хүрэгчид Сүмийн удирдагчдын сургаалыг үргэлжлүүлэн судалж, орчин үеийн бошиглогчдын сүүлийн үеийн захиасуудад онцгой ач холбогдол өгнө.5 Залуу эмэгтэйчүүд ба Аароны санваартан залуу эрэгтэйчүүд эдгээр ням гарагт сайн мэдээний сэдвүүдийг судална.

Гэрээр судлах шинэ эх сурвалж нь “Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаануудаар”6 хангана. Долоо хоног бүрийн тойм нь хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан суралцахад тус болох санаануудыг өгнө. Хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан Ирээд, Намайг дага хэмээх эх сурвалжид хувиараа мөн гэр бүлээрээ судлах үйл явцыг сайжруулах, ялангуяа хүүхдүүдэд зориулсан олон зураг бий.7 Энэ шинэ эх сурвалжийг энэ оны 12-р сард өрх гэр бүрд тарааж өгнө.

Ерөнхийлөгч Нэлсон 1-р сард Сүмийн гишүүдэд хандан үг хэлэхдээ бидэнд гэрээний замаар явж, Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийг ухуулсан билээ.8

Дэлхийн нөхцөл байдал хувь хүнээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд мөн Түүний Цагаатгалд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, итгэлээ хүчирхэгжүүлэхийг улам бүр шаардаж байна. Их Эзэн бидэнд тулгарч буй энэхүү хүнд хэцүү цагт биднийг шат шатаар бэлтгэсэн. Сүүлийн жилүүдэд Их Эзэн дараах чухал асуудлуудыг шийдвэрлэхэд биднийг удирдан чиглүүллээ. Тухайлбал:

  • Хүндэтгэлийн өдрийг болон ариун ёслолын цуглааны ариун нандин ёслолыг хүндэтгэх тухай сүүлийн гурван жил онцолсоор ирсэн.

  • Хүчирхэгжсэн ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг нь бишопын удирдлаган доор Сүмийн зорилгод болон тэнгэрлэгээр томилогдсон үүрэг хариуцлагуудад төвлөрч,9 гишүүдэд ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад тусалж байна.

  • Илүү дээд мөн илүү ариун арга замаар тохинуулах ажлыг баяртайгаар хэрэгжүүлж байна.

  • Эцсийн зорилгод анхаарлаа төвлөрүүлснээр ариун сүмийн гэрээ, гэр бүлийн түүхийн үйлчлэл гэрээний замын чухал хэсэг болж байна.

Энэ өглөө зарласан өөрчлөлт нь өнөө үеийн сорилт бэрхшээлд зориулсан удирдамжуудын өөр нэгэн жишээ юм.

Сүмийн уламжлалт хөтөлбөр нь Сүмийн ням гаргийн туршлагад онцгой ач холбогдол өгдөг байсан. Бид илүү сайн хичээлтэй мөн илүү сүнслэгээр бэлтгэгдсэн ангийн гишүүдтэй байх юм бол Сүмийн ням гаргийн туршлагууд маань илүү сайжирна гэдгийг мэднэ. Ихэнхдээ Сүнс л Сүмийн орчинд хийгддэг хөрвөлтийг гүнзгийрүүлж, хүчирхэгжүүлдэг учраас бид адислагдсан хүмүүс.

Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн шинэ хөтөлбөр нь гэр бүлийн болон хувь хүний шашны сүсэг бишрэл, зан хандлагад илүү хүчтэй нөлөөлөх болно. Бид гэр орны нөхцөлд олж авч болох сүнслэг нөлөө, гүн гүнзгий, бат бөх хөрвөлтийн талаар мэднэ. Олон жилийн өмнө, нэгэн судалгаагаар залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд гэртээ хувиараа судраас судлан, залбирахад Ариун Сүнсний нөлөө хамгийн сайн мэдрэгддэг болохыг олж тогтоосон. Бидний зорилго бол итгэл, сүнслэг байдлыг ихээхэн өсгөн нэмэгдүүлж, Тэнгэрлэг Эцэг болон Их Эзэн Есүс Христэд илүү гүн гүнзгий хөрвүүлэх замаар Сүмд болон гэр орондоо олж авах туршлагуудыг тэнцвэржүүлэх явдал юм.

Энэхүү өөрчлөлтийн гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн хэсэгт хувь хүн, гэр бүл бүр хэзээ мөн хэрхэн үүнийгээ хэрэгжүүлэхээ залбирч шийдэх боломжтой. Жишээлбэл, хэдийгээр энэ нь бүх гэр бүлийг орон нутгийнх нь хэрэгцээн дээр үндэслэн адислах боловч ганц бие залуучууд, насанд хүрэгчид, ганц бие эцэг эх, зарим нь гишүүн бус гэр бүлийнхэн, шинэ гишүүд10 болон бусад хүн ням гаргийн бишрэл шүтлэгээс гадуур бүлэг болон цугларч, сайн мэдээнд зохицохуйц газарт уулзаж, гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн эх сурвалжаас хамтдаа суралцан хүчирхэгжих бүрэн боломжтой. Хүссэн хүмүүс нь үүнийг албан бус арга замаар хийж болно.

Дэлхийн олон хэсэгт, ням гаргийн цуглааны дараа хүмүүс цуглааны байрандаа үлдэж, бусадтай харилцан ярилцах дуртай байдаг. Өөрчлөлтийн талаарх энэ мэдэгдэлд энэхүү гайхамшигт, сайхан дадал хэвшилтэй зөрчилдөх зүйл огт байхгүй.

Хүндэтгэлийн өдөрт бэлтгэхэд нь гишүүдэд туслахын тулд зарим тойрог долоо хоногийн дундуур мэдээллийн чанартай э-мэйл, текстийг эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан захиас илгээдэг. Энэ өөрчлөлтөөр бид ийм төрлийн харилцаа холбоог ашиглахыг ихэд дэмжиж байна. Эдгээр урилга нь гишүүдэд тухайн долоо хоногийн ням гаргийн цуглааны хуваарийг, тэр дундаа дараагийн хичээлийнх нь сэдвийг сануулж, гэртээ сайн мэдээнд үргэлжлүүлэн хөрвөгдөхөд нь туслан дэмжих болно. Түүнчлэн ням гаргийн насанд хүрэгчдийн цуглаанууд нь долоо хоног бүр Сүмд болон гэртээ судлах хичээлийг хооронд нь уялдуулан холбож өгөх мэдээллийг өгнө.

Ариун ёслолын цуглааны үеэр болон ангид хичээллэх цагаар удирдлагын ажлаас илүү сүнслэг ажлыг эн тэргүүнд тавихын тулд залбиран байж бодож үзэхэд анхаарвал зохино. Жишээлбэл, зарлалуудыг долоо хоногийн дундуурх урилга эсвэл хэвлэсэн хөтөлбөр дээр гарган илгээж болно. Ариун ёслолын цуглааны үед нээлтийн болон хаалтын залбирал хэрэгтэй бол, хоёр дахь цуглаанд зөвхөн хаалтын залбирал байхад хангалттай.11

Өмнө нь дурдсанаар, ням гаргийн энэ шинэ хуваарийг 2019 оны 1-р сар хүртэл зарлахгүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Эдгээрээс хамгийн чухал нь нэгдүгээрт, Хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан Ирээд, Намайг дага эх сурвалжийг тараах хангалттай цаг гаргах, хоёрдугаарт, гадасны ерөнхийлөгч болон бишопуудад тухайн өдөр аль болох олон тойрогт эртхэн цугларах боломж олгохын тулд хуваарийг зохицуулах боломж олгох явдал юм.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд удирдагчид илчлэлт эрэлхийлснээр ариун ёслолын цуглааныг хүчирхэгжүүлэх, Хүндэтгэлийн өдрийг сахих мөн гэр орноо сүнслэг хүч, итгэлийг нэмэгдүүлэх эх сурвалж болгоход буюу баяр баясгалан, аз жаргалын өргөө болгоход нь эцэг эх болон хувь хүмүүст туслах удирдамжуудыг хүлээн авсан.

Ер бусын адислалууд

Эдгээр өөрчлөлт нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд ямар утга учиртай вэ? Гишүүд ер бусын арга замаар адислагдана гэдэгт бид итгэж байна. Ням гараг нь сүм дээр болон гэртээ сайн мэдээнээс суралцах мөн заах өдөр байж болно. Хувь хүн болон гэр бүлүүд гэр бүлээрээ зөвлөлдөн, гэр бүлийн түүхээ хөтөлж, тохинуулж, үйлчлэн, хувиараа шүтэн биширч, гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлснээр Хүндэтгэлийн өдрийг жинхэнэ баясгалант өдөр болгож болно.

Зураг
Карвалхогийн гэр бүл

Нэгэн гэр бүлийнхэн Ирээд, Намайг дага гэртээ ашиглах шинэ эх сурвалжийг туршиж үзсэн Бразилийн гадасны гишүүд юм. Эргэж ирсэн номлогч Фэрнандо, түүний эхнэр Нэнси хоёр нь дөрвөн хүүхдийн эцэг эх бөгөөд “Ирээд, Намайг дага хөтөлбөрийг манай гадсанд танилцуулах үед би маш их баярласан. Би ‘гэртээ судраас судалдаг арга зам маань өөрчлөгдөх нь дээ’ гэж бодож билээ. Үнэхээр ч өөрчлөгдсөн. Сүмийн удирдагчийн хувьд би энэ өөрчлөлт нь өөр өрх гэрүүдэд бас явагдаж байгааг олж харсан. … Энэ нь бидэнд гэртээ судруудын тухай ярилцахад үнэхээр тусалсан. Эхнэр бид хоёр судалсан сэдвээрээ илүү гүнзгий ойлголттой болсон ба … энэ нь бидэнд … сайн мэдээний талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тусалсан. … Энэ нь Их Эзэний сүнслэг өдөөлтийн дагуу хийгдсэн бөгөөд судруудад агуулагддаг зарчим, сургаалуудыг тууштай, үр дүнтэй судлах нь улам бүр уналтад орж буй дэлхий дээрх гэр бүлүүдэд илүү их итгэл, гэрчлэл, гэрлийг авчирдаг гэдгийг би гэрчилж байна”12 гэж мэдээлжээ.

Энэхүү хөтөлбөрийг туршсан дэлхий даяарх гадаснууд Ирээд, Намайг дага гэртээ судлах шинэ эх сурвалжийн талаар ам сайтай байсан. Олон хүн зүгээр л судар уншдаг байснаа үнэхээр судалдаг болж өсөж хөгжсөн гэдгээ тайлагнасан. Мөн ерөнхийдөө энэ туршлага нь итгэлийг хөхиүлэн дэмжиж, тойрогт гайхамшигтай сайнаар нөлөөлж байгааг мэдэрсэн байна.13

Гүн гүнзгий бөгөөд бат бөх хөрвөлт

Эдгээр өөрчлөлтийн зорилго бол насанд хүрэгчид болон өсөж өндийж буй үеийнхэнд гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөхөд нь туслах явдал юм. Хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан эх сурвалжийн эхний хуудсан дээр “Сайн мэдээнээс суралцаж, заах бүхий л зорилго нь хөрвөлтийг маань гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адилхан болоход бидэнд туслах явдал юм. … Энэ нь зүрх сэтгэлээ өөрчлөхийн тулд Христэд тулгуурлана гэсэн үг”14 хэмээн онцолсон. Энэ нь “ангиас гараад, хувь хүний зүрх сэтгэл, гэр орон руу өргөжин тэл[эхэд]” тусалдаг. “Энэ нь сайн мэдээг ойлгож, үүний дагуу амьдрах өдөр тутмын, байнгын хичээл зүтгэлийг шаарддаг. Жинхэнээсээ хөрвөгдөхөд Ариун Сүнсний нөлөө шаардлагатай.”15

Гүн гүнзгий, бат бөх хөрвөлтийн хамгийн чухал зорилго хийгээд эцсийн адислал бол гэрээний зам дээрх гэрээ, ёслолуудыг зохистойгоор хүлээн авах явдал юм.16

Та нар эдгээр өөрчлөлтийг хийхдээ алсуур хайлгүйгээр эсвэл хувь хүн, гэр бүлүүдийг албадаж шахалгүйгээр хамтдаа зөвлөлдөн, хэрэгжүүлэх илчлэлтийг эрэлхийлнэ гэдэгт бид найдаж байна. Нэмэлт мэдээллийг дараа дараагийн мэдээгээр, тэр дундаа Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, хавсралтаар хуваалцах болно.

Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд ариун сүмд хуралдаж, бидний хайртай бошиглогч Их Эзэнээс эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар илчлэлт өгөхийг гуйсны дараа бүгд хүчтэй баталгааг хүлээн авсан гэдгийг би гэрчилж байна. Рассэлл М.Нэлсон бол бидний амьд ерөнхийлөгч, бошиглогч билээ. Өнөөдрийн зарлалын үр дүнд эдгээр өөрчлөлтийг урам зоригтойгоор хүлээн авч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх хүмүүс асар ихээр адислагдах болно. Бид Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн, Есүс Христэд илүү ойр байх болно. Би Түүний баттай гэрч билээ. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Оршил тайлбар,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8.

  2. Бид ерөнхийдөө нийгэмд ихэнх мэдээлэл, боловсрол, тэр ч бүү хэл үзвэр үйлчилгээний үйл ажиллагаануудын цаг багассан гэдгийг мэднэ.

  3. Энэ хөтөлбөрийг цахим, хэвлэмэл аль ч хувилбараар авах боломжтой.

  4. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав (гарын авлага, 2019), vi.

  5. Come, Follow Me—For Elders Quorum and Relief Society,” Liahona, May 2018, 140-ийг үзнэ үү. Хоёр дахь болон гурав дахь ням гаргуудын оронд хоёр дахь болон дөрөв дэх ням гаргуудад ерөнхий чуулганы захиасуудыг ярилцах болно.

  6. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав, 4-ийг үзнэ үү. Хувь хүн, гэр бүлүүд гэрээрээ сайн мэдээг судлах, гэртээ үдшийг өнгөрөөх, гэр бүлийн үйл ажиллагааны аль хэсгийг гэр бүлийн үдшээр хийх эсэхээ шийднэ (үүнийг аль хэдийн гэртээ өнгөрөөх үдэш гэж нэрлэх болсон). Хувь хүн, гэр бүлүүд энэ шийдвэрийг гаргах учраас гэртээ өнгөрөөх үдэш, гэр бүлийн үдэш зэргийг сая зарласан өөрчлөлтүүдэд аль алинаар нь хэрэглэх болно.

  7. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав, 29-ийг үзнэ үү.

  8. Рассэлл М.Нэлсон, “Биднийг хамтдаа урагшлахад,,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7-г үзнэ үү.

  9. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 2.2-ыг үзнэ үү. “Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахад нь гишүүдэд туслах, номлолын ажлаар дамжуулан Израилыг цуглуулах, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, ариун сүмүүд барьж, төлөөлөх ёслолуудаар дамжуулан нас барагсдын авралыг боломжтой болгох“ зэрэг нь эдгээр тэнгэрлэгээр томилогдсон үүрэг хариуцлагад ордог. Мөн Сургаал ба Гэрээ 110-ыг үзнэ үү, энэ нь нэн чухал түлхүүрүүдийн сэргээлтийн түүхийг агуулдаг.

  10. Эцэг эх нь гишүүн биш эсвэл сүмд тогтмол явдаггүй хүүхдүүдэд онцгой анхаарал хандуул. Хэрэв тустай гэж үзвэл ганц бие болон бусад хүн тухайн гэр бүлтэй мөн уулзаж болно.

  11. Нээлтийн үйл ажиллагааг хоёр дахь цуглаанаар хийхгүй.

  12. Фэрнандо ба Нэнси дэ Карвалхогийн гэр бүл, Бразил.

  13. Туршилтад оролцсон хувь хүн, гэр бүлүүд ерөнхийдөө сайн мэдээг илүү ойр ойрхон судалж, гэртээ судар болон сайн мэдээний тухай илүү утга учир бүхий ярилцлага өрнүүлж байсан. Тэд гэр бүл, тойргийн гишүүдтэйгээ сайн мэдээний тухай албан бус ярилцлага илүү их өрнүүлж, гэр бүлийнхэнтэйгээ адилхан судрын хэсгээс судалж байгаадаа баяртай байснаа тайлагнажээ. Энэ нь ялангуяа өсвөр үеийнхний дунд ихээхэн ажиглагдсан байна.

  14. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав, v; мөн 2 Коринт 5:17-г үзнэ үү.

  15. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав, v.

  16. Рассэлл М.Нэлсон, “Биднийг хамтдаа урагшлахад,” 7-г үзнэ үү.