2010–2019
Аминч бус үйлчлэлээс ирэх баяр баясал
2018 оны 10-р сар


Аминч бус үйлчлэлээс ирэх баяр баясал

Бид Тэнгэрлэг Эцэгтээ Түүнд болон бусдад хайраар үйлчилж, бүх зүйлийг Түүний хүслийн дагуу хийнэ хэмээн амласан.

Өнгөрсөн Ерөнхий чуулганы дараа олон хүн надаас “Энэ сандлууд дээр суухад тухтай юу?” гэсэн нэг л асуултыг тавьж байв. “Хэрэв та үг хэлэх гээгүй л бол эдгээр сандал үнэхээр тухтай” гэсэн хариултыг би тухай бүрд нь тэдэнд өгдөг байлаа. Энэ үнэн, тийм биз дээ? Энэ чуулганы үеэр сууж байгаа сандал маань тийм ч тухтай биш байгаа ч энэ үдэш та нарт хандан үг хэлэх энэхүү адислал болон хүндэтгэлд би үнэхээр их талархаж байна.

Заримдаа бид үйлчлэл хийж байхдаа өөр өөр сандал дээр суудаг. Зарим сандал нэлээн тухтай, зарим нэг нь тухтай биш ч гэсэн бид Тэнгэрлэг Эцэгтээ болон бусдад хайраар үйлчилж, бүх зүйлийг Түүний хүслийн дагуу хийнэ хэмээн амласан.

Хэдэн жилийн өмнө Сүмийн өсвөр үеийнхэн “Та нар “Бурханы үйлчлэлийг эхэлснээрээ” [Сургаал ба Гэрээ 4:2] хамгийн агуу аялалд нэгдэж байгаа билээ. Та нар Бурханд ажлаа яаравчлахад нь тусалж байгаа бөгөөд энэ нь агуу, баяр хөөртэй, гайхамшигтай туршлага юм”1 гэж мэдэж авсан. Энэ бол аль ч насныханд зориулсан аялал буюу бидний хайрт бошиглогчийн хэлсэн “гэрээний зам” руу аваачдаг аялал юм.2

Харамсалтай нь бид “Өнөөдөр би хэнд тусалж чадах вэ?” эсвэл “Би дуудлагаа хийж байхдаа Их Эзэнд хэрхэн илүү сайн үйлчлэх вэ?” эсвэл “Би бүгдийг Их Эзэнд зориулж байна уу?” гэж асуухын оронд хүмүүс байнга “Энэ надад ямар ашигтай вэ?” гэж асуудаг аминч дэлхийд амьдарч байна.

Зураг
Антониетти эгч, ах
Зураг
Викториа Антониетти

Миний амьдрал дахь аминч бус үйлчлэлийн агуу үлгэр жишээ бол Викториа Антониетти эгч юм. Намайг багадаа Аргентинд амьдарч байхад манай салбарын Хүүхдийн хэсгийн багш нарын нэгийг Викториа гэдэг байсан. Мягмар гаргийн үдээс хойш болгон биднийг Хүүхдийн хэсэгт цугласан үед тэр бидэнд зориулан шоколадтай бялуу авчирдаг байлаа. Надаас бусад нь бүгд тэр бялуунд дуртай байсан. Харин би шоколадтай бялууг үзэн яддаг байв. Тэрээр уг бялуунаас надад өгөх гэж хичээдэг байсан ч би үргэлж татгалздаг байв.

Нэгэн өдөр түүнийг хүүхдүүдтэй шоколадтай бялуу хувааж идсэнийх нь дараа би “Та яагаад өөр амттай, жүржтэй ч юм уу эсвэл ванильтай бялуу авчирдаггүй юм бэ?” гэж асуулаа.

Тэр хэсэг инээгээд, надад “Чи жаахныг ч гэсэн амсаад үзэхгүй юу? Энэ бялууг маш онцгой орцоор хийсэн. Хэрвээ чи амсах л юм бол шууд дуртай болох болно гэдгийг би чамд амлаж байна” гэж хэлж билээ.

Эргэн тойрноо харахад, хүн бүр бялууг амтархан идэж байгаа нь миний гайхширлыг төрүүлэв. Би ч амсаад үзье гэж зөвшөөрлөө. Та нар юу болсныг таа даа? Бялуу надад таалагдсан! Тэр бол миний хувьд шоколадтай бялууг амтархан идсэн анхны мөч байлаа.

Олон жилийн дараа би Антониетти эгчийн шоколадтай бялууны нууц орц юу болохыг олж мэдсэн юм. Би хүүхдүүдтэйгээ долоо хоног бүр ээжийндээ очдог байлаа. Нэгэн удаа би ээжтэйгээ зүсэм шоколадтай бялууг амтлан идээд сууж байхдаа, анх хэрхэн шоколадтай бялуунд дуртай болсноо ярьж билээ. Тэгтэл тэр надад энэ түүхтэй холбоотой миний мэдэхгүй зүйлсийг ярьж өгсөн юм.

“Крис минь, Викториа болон түүний гэр бүл мөнгө санхүүгийн хувьд тийм ч сайн байгаагүй бөгөөд долоо хоног бүр тэр дөрвөн хүүхэдтэйгээ Хүүхдийн хэсэгт очих автобусны төлбөрийг төлөх үү эсвэл Хүүхдийн хэсгийнхээ хүүхдүүдэд зориулан шоколадтай бялуу хийхэд орох зүйлсийг худалдан авах уу гэдгийн хооронд сонголт хийх хэрэгтэй байдаг байсан” хэмээн ээж минь надад хэлж билээ. Тэрээр үргэлж шоколадтай бялуу хийхийг сонгож, цаг агаар ямар байгааг үл харгалзан дөрвөн хүүхдээ дагуулан, нэг талдаа гурван километр алхан Сүмд очдог байсан.

Тэр өдөр би түүний шоколадтай бялуунд илүү их талархсан. Хамгийн чухал нь, би түүний шоколадтай бялууны нууц орц нь үйлчилж байгаа хүмүүстээ зориулсан түүний хайр болон бидний төлөө хийсэн түүний аминч бус үйлчлэлийн золиослол байсан гэдгийг мэдэж авсан юм.

Викториагийн бялуутай холбоотой туршлагаа эргээд бодоход, Их Эзэн ариун сүмийн эрдэнэсийн сан руу алхаж байхдаа Өөрийн шавь нарт аминч бус үйлчлэлийн талаар заасан мөнхийн хичээлийг санадаг. Та энэ түүхийг мэднэ. Ахлагч Жэймс Э.Талмэйжийн зааснаар тэнд 13 авдар байсан ба “эдгээр авдран дээр бичсэн [өөр өөр] зүйлд зориулан хүмүүс хандиваа хийдэг байв”. Есүс янз бүрийн хүмүүсээс бүрдсэн хандивлагчдыг харж байв. Тэдний зарим нь “их хэмжээний алт мөнгийг” өргөхдөө хүмүүс намайг хараасай гэж мөн өргөл өргөсөндөө магтаал хүртэх гэж өгч байхад, зарим нь “чин сэтгэлээсээ” өөрсдийн бэлгийг өгч байлаа.

“Олны дунд энэ эрдэнэсийн авдруудын нэгэнд нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийсэн нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй байлаа. Түүний өргөл нь америк мөнгөөр хагас центээс ч бага байсан. Есүс Өөрийн шавь нарыг дуудан тэдний анхаарлыг ядуу эмэгтэй болон түүний хийсэн үйлдэлд хандуулан “Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө. Яагаад гэвэл хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн. Харин энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдийгээ, амин зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө” гэж айлдав [Марк 12:43–44]3.

Зураг
Бэлэвсэн эмэгтэйн зоос

Бэлэвсэн эмэгтэй тухайн үеийн нийгэмд чухал байр суурь эзэлдэггүй байв. Түүнд байсан илүү чухал зүйл нь түүний зорилго цэвэр ариун байсан бөгөөд тэр өөрт байсан бүхнээ өгсөн явдал юм. Магадгүй тэрээр бусдаас жаахныг, бусдаас илүү даруухнаар, бусдаас өөрөөр өгсөн. Зарим хүний нүдээр, түүний өгсөн зүйл ач холбогдолгүй мэт байсан ч “зүрхний бодлууд мөн санааг ялган танигч”4 Аврагчийн мэлмийгээр тэр бүхнээ өгсөн.

Эгч нар аа, бид өөрт байгаа бүхнээ Их Эзэнд эргэлзэлгүйгээр өгч байна уу? Бид цаг зав, авьяас чадвараа өсвөр үеийнхнийгээ Их Эзэнийг хайрлаж, Түүний зарлигуудыг дагаж сурч чадахын тулд золиосолж байна уу? Бид өөр бусад зүйлд зарцуулах боломжтой цаг зав, эрч хүчээ эргэн тойрныхоо болон үйлчлэхээр дуудагдсан хүмүүст зориулаад анхаарал халамж, хичээл зүтгэлтэйгээр тохинуулж байна уу? Бид Бурханаа болон хөршөө хайрлах агуу хоёр тушаалын дагуу амьдарч байна уу?5 Ихэнх тохиолдолд ийм хайр үйлчлэлээр илэрдэг.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бидний Аврагч аминч бус үйлчлэлд Өөрийгөө зориулсан. Бид бүгд бусдад үйлчлэхийн тулд амин хувиа хичээсэн ашиг сонирхлоосоо татгалзсанаар Түүнийг дагах ёстой хэмээн Тэрээр сургасан билээ” гэсэн.

Тэр үргэлжлүүлэн ийн хэлсэн.

“Бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулахын тод жишээ нь эцэг эхчүүдийн хүүхдүүдийнхээ төлөө гаргах золиослол юм. Эхчүүд хүүхэд төрүүлж, өсгөхийн тулд өөрсдийгөө умартдаг. Эцгүүд гэр бүлээ тэтгэхийн тулд амьдралаа болон эн тэргүүнд тавьдаг байсан зүйлсээ өөрчилдөг.

… Бид мөн хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүд, настай эцэг эхчүүддээ анхаарал халамж тавьдаг хүмүүст баярладаг. Эдгээр үйлчлэлийн аль нь ч ‘Энэ нь надад ямар ашигтай вэ?’ гэж асуудаггүй. Энэ бүхэн амин хувиа үл хичээсэн үйлчлэлийн төлөө өөрийн хувийн тав тухыг хойш тавихыг л шаарддаг. …

Энэ бүхэн нь авахын төлөө биш, харин өгөхийн төлөө үйлдэж мөн үйлчлэх үедээ бид илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг гэсэн мөнхийн зарчмыг харуулж байна.

Аврагч амин хувиа үл хичээн бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулахад шаардлагатай золиослолуудыг хийн, Өөрийг нь дагахыг бидэнд заасан.”6

Ерөнхийлөгч Томас С.Монсон бас “Бид Бий Болгогчтойгоо нүүр тулан уулзахад, ‘Та хэчнээн албан тушаалтай байсан бэ?’ гэж биднээс асуухгүй, харин ‘Та хэчнээн хүнд тусалсан бэ?’ хэмээн асуух болно. Үнэндээ, Их Эзэний хүмүүст үйлчлэх замаар Түүнд үйлчлэх хүртлээ Түүнийг хэзээ ч хайрлаж чадахгүй”7 гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэр, эгч нар аа, энэ нь бид тав тухтай суудал дээр сууж байгаа эсвэл хойд эгнээнд зэвэрсэн эвхдэг сандал дээр суугаад цуглааныг дуусгах гэж завдаж байгаа, шаардлагатай бол уйлж байгаа нялх хүүхдийг тайвшруулах гэж үүдний өрөө рүү гарсан байна уу хамаагүй гэсэн үг юм. Харин бидний үйлчлэх хүсэлтэй очих, тохинуулдаг хүмүүсээ хараад, баяртайгаар угтан авах, эгнээнд маань эвхдэг сандалтай сууж буй хүмүүст өөрсдийгөө танилцуулах, хэдийгээр тэдэнд тохинуулахаар дуудагдаагүй ч тэдэнтэй нөхөрсгөөр харьцаж байгаа эсэх маань л хамаатай билээ. Бид хийж байгаа бүх зүйлээ хайр, золиослол хосолсон үйлчлэлийн онцгой орцтойгоор хийх нь хамгийн чухал юм.

Бид амжилттай эсвэл Хүүхдийн хэсгийн үнэнч багш байхын тулд шоколадтай бялуу хийх шаардлагагүйг би ойлгосон. Учир нь бялуу үүнд чухал биш. Харин тэрхүү үйлдлийн ард байх хайр чухал билээ.

Тэрхүү хайр нь багшийн золиослолоор, тэр бүү хэл Бурханы Хүүгийн эцсийн болон мөнхийн золиослолоор дамжуулан ариун нандин болсон байдгийг би гэрчилж байна. Би Түүнийг амьд гэдгийг гэрчилж байна. Би Түүнд хайртай. Мөн би Түүнтэй адил хайрлаж тохинуулахын тулд аминч хүслээсээ татгалзахыг хүсэж байна. Есүс Христийн нэрээр, амен.