2015
Энэхүү гайхамшигтай ажил
нэгдүгээр 2015


Энэхүү гайхамшигтай ажил

Зураг
Official portrait of David L. Beck (president), Larry M. Gibson (first counselor), and Randall L. RIdd (second counselor) of the Young Men general presidency, 2013.

Та нар хөлөг онгоцонд суух гэдэг үгийг сонсоод юуны тухай боддог вэ? Далайд хөвж яваа хөлөг онгоцыг уу? Агуу зорилгод нэгдэх тухай юу? Эхэлж буй аяллын талаар уу?

Та нар “Бурханы үйлчлэлийг эхэлснээрээ” хамгийн агуу аялалд нэгдэж байгаа билээ. Та нар Бурханд ажлаа яаравчлахад нь тусалж байгаа бөгөөд энэ нь агуу, баяр хөөртэй, гайхамшигтай туршлага юм.

Зөвхөн бидний үгээр битгий бай. Өнгөрсөн жил Ютагийн нэгэн жижиг тосгонд багш нарын чуулгын залуу эрэгтэйчүүд үйл ажиллагааны санаанууд олохоор (lds.org/youth/activities) өсвөр үеийнхний вэб сайт руу орж үзжээ. Ялангуяа “Үйлчлэлийн долоон өдөр” гэсэн санаа тэдний анхаарлыг татсан ажээ.

Эдгээр залуу эрэгтэй том ч хамаагүй ямар нэгэн зүйл хийхээр шийджээ. Тэд тойргийнхоо хүсэлт гаргасан хэн нэгэнд бүтэн долоо хоногийн турш өдөр бүр үйлчлэл хийхээр болов. 19 гэр бүл гарын үсэг зурахад залуу эрэгтэйчүүд бага зэрэг гайхширсан ч бас санаа нь зовсон байх. Тэд ийм богинохон хугацаанд хэрхэн ийм олон үйлчлэл хийж чадах билээ дээ. Гэвч тэд амлалт өгсөн учраас бүх гэр бүлд үйлчлэхээр шийдэв.

Ганцхан долоо хоногийн дотор тэд том чулуунууд зөөх, элсний сав ухах, усны шуудуу цэвэрлэх, мод хураах гэх мэт төслүүдэд нийтээрээ оролцон үйлчлэл хийхэд 250 гаруй цаг зарцуулжээ. Энэ нь залуу эрэгтэйчүүдийг өөрсдийг нь бас өөрчилсөн байна.

Тэд мэдэрсэн хүч чадал, хүлээн авсан адислалууддаа гайхан биширчээ. Тэд чуулгаараа эв нэгдлийг мэдэрснээ, мөн гэрийн даалгавар болон бусад үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ тэнгэрлэг тусламж хүлээн авснаа дүрслэн ярьсан юм. Одоо, тэдний тойрогт үйлчлэл хэрэгтэй болох үед багш нарын чуулга идэвх санаачлагатай хариулдаг. Тэд зөвхөн нэг долоо хоногийн турш үйлчлэх биш, өдөр бүр үйлчлэхийг хичээдэг.

Үйлчлэх болон Бурханы хаант улсыг байгуулах нь гайхамшигтай ажил билээ. Энэ нь эдгээр залуу эрэгтэйд баяр баясгаланг авчирсан бөгөөд та нар бусдыг өргөж, цэвэр ариун ба үнэнч хичээл зүтгэлээр өөрчлөгдсөн тэдний амьдралыг харах үед энэ нь та нарт баяр баясгаланг авчрах болно. Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл 48-р хуудсан дээр хэлсэнчлэн, Бурханд үйлчлэх нь онцгой боломж юм.

Яг одоо “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (С ба Г 4:2) Бурханд үйлчилж эхлэгтүн. Бид та нарын үйлчлэлийн туршлагуудын талаар мэдэхийг хүсэж байна! Үйлчлэл хийж байгаа бичлэгээ хийж, зурагнуудаа аваад тэдгээрийг олон нийтийн мэдээллийн сайтууд руу оруулж, гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө хуваалцан, liahona@ldschurch.org хаяг руу э-мэйл бичиж болно. Та нар бас өсвөр үеийнхний вэбсайт дээр тавигдсан зүйлүүдийнхээ талаар бусдад хэлж болно. Энэхүү гайхамшигтай ажилд та нар өөрсөдтэйгөө нэгдэхэд бусдыг уригтун, тэгээд бид дэлхийг хэр их өөрчилж чадахаа харцгаая.