2015
Автобусан дотор хэлсэн залбирал
нэгдүгээр 2015


Автобусан дотор хэлсэн залбирал

Энэ өгүүллийг зохиогч Мексикт амьдардаг.

София бараг 8 нас хүрч, баптисм хүртэхэд бэлэн болж байв. Тэр олон чухал зүйл сурч байлаа. Түүний сурсан нэг зүйл нь залбирал байв. Тэр Тэнгэрлэг Эцэгтээ хандан хүссэн цагтаа, хүссэн газраа залбирч болно гэдгийг мэддэг болжээ.

Нэг өдөр София ээжтэйгээ хамт аавынхаа ажил дээр зочилж очихоор шийдэв. Энэ нь урт аялал болох байв. Аав нь өөр тосгонд ажилладаг байлаа. Тэд эхлээд автобусаар, дараа нь ачааны машинаар, тэгээд таксигаар явах хэрэгтэй байв.

Автобусаар явж байхдаа София унтжээ. Тэр хүүхэд уйлахыг сонсоод, сэрэв. Хүүхдээ авч явсан эцэг эх автобусанд суусан ажээ. Хүүхэд өвчтэй байсан болохоор чанга уйлж байлаа. Тэр хүүхдийн эцэг эхийн санаа зовсон харагдаж байв.

София өвчтэй хүүхдэд, бас эцэг эхэд нь санаа зовж байлаа. Түүнд нэг санаа төрөв. Тэр ээжийнхээ чихэнд: “Би залбирч, хүүхдийг адислахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйж болох уу?” гэж шивнэв.

Ээж нь “Мэдээж, бололгүй яахав” гэж инээмсэглэн хариуллаа.

София толгойгоо бөхийлгөөд, чимээгүйхэн залбирав. Тэр хичээнгүйлэн залбирч, Тэнгэрлэг Эцэгээсээ хүүхдийг адислахыг, мөн хүүхдийн биеийг сайжирч, уйлахаа болиход нь туслахыг гуйв.

София залбирсан болгоноо үргэлж авдаггүйг, бас бидний залбирлууд үргэлж тэр дороо хариулагддаггүй гэдгийг мэддэг байсан. Гэтэл хэсэгхэн хугацааны дараа хүүхэд тайвшрав. Дараа нь хүүхэд уйлахаа болилоо. Түүний бие сайжирсан юм шиг түүнд санагджээ. Эцэг эх нь ч бас тийм их санаа зовсон харагдахгүй байв.

Софиягийн санаа сэтгэл сайхан болж, их баяртай байлаа. Тэр хүүхдийн төлөө бас эцэг эхийнх нь төлөө баяртай байв. Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонссоныг тэр мэдэж байлаа.