2015
Галт хорхой
нэгдүгээр 2015


Эргэцүүлэл

Галт хорхой

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Флоридад амьдардаг.

Бид мөнхийн шагналуудад анхаарлаа хандуулж байна уу, аль эсвэл өөр зүйлд үү?

Зураг
Illustration of a fireflies in the night sky

Зураг чимэглэлийг Супанса Вонгвирафаб

Би хэдэн жилийн өмнө Гватемалын үзэсгэлэнтэй, алслагдсан хэсэг дэх мушгиран тахиралдсан Петексбатун голоор урт завиар л очих боломжтой, Агуатека гэх археологийн талбайд ажиллаж байв.

Би нэг орой хэдэн археологичтой хамт ойролцоох талбай дээр очин, бүтэн өдрийг өнгөрүүлсний дараа Агуатека руу буцаж явлаа. Би моторын намуухан хүнгэнэх дуу, завины ар талд шавжны цар цар хийх чимээн дунд голыг өгсөн, завиар сэлж явах үедээ саргүй атлаа ер бусын гэрэлтэй тэр шөнө амар тайван аялж яваадаа сэтгэл сэргэн, завиа налан сууж явав. Завь голын тахиралдсан нугачаан дундуур өнгөрөх үед, би Алтан гадас одоор баримжаалан зүг чигээ олохыг хичээж байлаа. Алтан гадас од заримдаа голын эрэг дагуух моддын харанхуй сүүдэрт орж, харагдахгүй болсноо хэсэг хугацааны дараа дахиад л үзэгдэнэ.

Голын нэг тохой дээр гараад, би модны орой дээгүүр харагдаж байсан Алтан гадас одыг дахиад л алдчихлаа. Завь өмнө зүг рүү эргэхэд би сайхь одыг тэр дор нь олж хараад, зүг чигийг баримжаагаар олдог туршлагатай далайчных шиг чадвартаа их л маадгар байв. Гэтэл би нөгөөх одыг минут хэртэй ажиглаад, андуурснаа сая л ойлгож билээ. Би Алтан гадас одыг, тэр ч байтугай өөр ямар ч одыг хараагүй, харин галт хорхойг од гэж андуурсан байв.

Миний дээгүүр харагдаж байсан “оддоос” олон нь хэрэг дээрээ шөнийн дулаахан тэнгэрт чимээгүйхэн эргэлдэн нисэгч галт хорхойнууд байсныг би мэдсэн юм. Гайхалтай нь, дээгүүр нисэж байсан хэдэн арван галт хорхойн сүүмийсэн гэрэл нь алс холын ододтой болон оддын бөөгнөрлийн сүүмийсэн гэрэлтэй тун адилхан харагдаж байв. Голын тохойнууд дээр завь эргэх үед энэхүү галт хорхойнуудын гэрлийг од гэж андуурах нь амархан ажээ.

“Би өчүүхэн жижиг галт хорхойнуудыг хэрхэн бараг төгсгөлгүй үргэлжлэх хурц тод гэрэлтэй од гэж андуурав аа” хэмээн гайхан бодов. Хариулт нь тодорхой байлаа. Ердөө алс холын зайнаас л болсон ажээ. Галт хорхойнууд миний дээгүүр хэдхэн метрийн өндөрт байсан бол одод маш хол зайтай байсан учир галт хорхойнуудын харьцангуй бүдэгхэн сүүмгэр гэрэл оддын гэрэл шиг л харагдаж байв. Миний талаас оддын гэрэл, галт хорхойнуудын гэрэл хоёр бараг адилхан харагдаж байлаа.

Галт хорхойнуудын адил уруу таталт, сорилт бэрхшээлүүд бидэнд ойрхон байдаг учир том юм шиг харагддаг. Энэ үед амлагдсан адислалууд одод шиг маш хол харагдаж болно.

Бид сүнслэг байдлын хувьд харалган байх нь олон үр дагавар авчирна. Бид шагнал хол харагдах тусам наманчлалын өдрөө хойшлуулж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, мөнхийн өв залгамжлалаа хүртэх эрхтэй байсаар байх болно хэмээн бодож уруу татагддаг (Алма 34:33–34-ийг үзнэ үү). Бид мөнхийн шагналдаа эргэлзэх юм уу, хожим нь ирэх адислалуудыг хүлээхийн оронд эгэл хүнээ зугаацуулахаар сонгож болно. Бид нүглийн эсрэг байнга, насан туршдаа тэмцэх тэмцлээс айж, эсвэл Сатаны тамлалаас хол байхад Аврагч бидэнд туслах болно гэдэгт итгэх итгэл дутагдаж болно.

Заримдаа бид бүгд үүрд мөнхийн алсын хараагаа алддаг. Аль болох хурдан үүнийгээ эргүүлэн олж авах нь сорилт юм. Дэлхий анхаарал татахуйц, хуурамч шагналуудыг санал болгож мэдэх ч амьдралын нугачааг болон эргүүлгүүдийг гатлах үедээ Есүс Христэд найдаж, “Өөрийг нь хайгч хүмүүст Тэр шагнагч нь болдог” (Еврей 11:6) гэдэгт үнэхээр итгэх ёстой.

Би тэр голоор завиар аялснаас хойш олон жил өнгөрсөн ч, бүр өнөөдөр ч гэсэн уруу таталтууд тулгарах үед хэсэг бодож үзээд, “Энэ бол галт хорхой” гэж өөртөө сануулдаг болсон.