2015
Гэрлэх зориг
нэгдүгээр 2015


Гэрлэх зориг

Уг өгүүллийг зохиогч нь Шведийн Стокгольм хотод амьдардаг.

Би амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахдаа үйлдүүлэхийн оронд үйлдэхэд сонгох эрхээ ашиглаж сурсан юм.

Зураг
Two fingers together depicting a bride and groom, photographed against a red background Hands with faces drawn on the fingers and hearts hovering above.

Зүүн талын гэрэл зургийг Галина Пешкова; Баруун талын гэрэл зургийг Олена Kирян/iStock/Thinkstock

Би номлолынхоо дараа Шведэд гэртээ эргэн ирсний дараа, амьдралын дараагийн алхам—ариун сүмийн гэрлэлт миний хувьд удаан хугацаанд санаа зовоосон асуудал байлаа. Сүнс надад, чи ямар хүн болох ёстой билээ, тийм л хүн болохын тулд гэр бүлтэй болох хэрэгтэй гэж дахин дахин баталж байлаа. Өөртөө тохирох мөнхийн ханиа олчихсон, Их Эзэн миний сонголтыг зөвшөөрсөн гэсэн мэдрэмж надад төрдөг байсан ч энэ нь амьдралд минь хэр зэрэг чухал шийдвэр вэ гэдэгт ихэд анхаардаг байсан учраас миний итгэл гуйвж байв. Би гэрлэх амлалтаасаа айсан учраас сүй тавихаасаа бүр өмнө найз охин Эвэлинтэйгээ ариун сүмд лацдан холбогдох цагаа сонгож, бал сараа захиалан, сүйн бөгжнүүдээ худалдаад авчихсан байв. Бидний гэрлэлт салалтаар төгссөн тохиолдолд шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээхээс айсан учраас Тэнгэрлэг Эцэг намайг Эвэлинтэй гэрлэхээр зарлиг болгоосой гэж би хүсэж байлаа. Айдас болон буруу залбирлууд намайг хүлээгдэж байгаа чухал шийдвэрээ гаргах чадваргүй болгон чөдөрлөсөн юм.

Сонгох эрх—Их Эзэний арга зам

Намайг Сургаал ба Гэрээ 58:26–29-р хэсгийг унших үед Ариун Сүнсний өдөөлтүүд эцэст нь өөрчлөлт гаргасан билээ: “Учрыг болгоогтун, бүх зүйлд би зарлиглах нь тохирохгүй бөлгөө; учир нь бүх зүйлд албадуулдаг тэр нь [лазан] юм. …

“… Хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой;

“Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм. …

“Гэвч түүнд зарлиглах хүртэл юу ч хийдэггүй, мөн зарлигийг зүрх сэтгэлийн эргэлзээтэйгээр хүлээн авдаг, мөн үүнийг залхуугаар сахидаг тэр нь, мөнхүү тэр нь яллагддаг бөлгөө.”

Би эдгээр шүлгийг тунгаан бодоод бодлыг минь өөрчилж, надад урагш тэмүүлэх зориг өгсөн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх сонгох эрхийн үүргийн талаар ойлгож авсан юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт, хэрэв бид өөрсдийн хичээл зүтгэлгүйгээр сүнслэг удирдамж хүлээн авдаг байсан бол “[биднийг] Сүнсээр хэрхэн хөтлөгдөхийг сурахаар хичээх үед” ирдэг “чухал шаардлагатай хувийн өсөлтөө”1 алдах байсан гэж заажээ.

Урагш тэмүүлэх хүч

Би тэгээд итгэлээ хөгжүүлж, шийдвэрээ гаргахаар шийдсэн бөгөөд Их Эзэн намайг шийдвэр гаргах чадвартаа итгэх итгэлээр адисалсан юм. Би өөрийн хүслээр сүй тавих хэрэгтэй … бас [өөрийн] чөлөөт хүслээр сүй тавих гэх мэт олон зүйлийг хийх хэрэгтэйгээ ойлгосон. Их Эзэн биднийг өөрсдийгөө удирдахын тулд сонгох эрхийнхээ дагуу хүчээ ашиглахад урамшуулан дэмждэг. Энэхүү хүчээ ашиглах нь бидний амьдралын гол онцлог юм.

Их Эзэн биднийг үргэлж төгс шийдвэр гаргахыг харахаасаа илүү сонгох эрхээ ашиглаасай гэж хүсдэг гэдэгт би итгэдэг. Гэвч Тэр ялангуяа хэнтэй гэрлэхээ шийдэх шаардлагатай үед бидэнд сайн шийдвэр гаргахад шаардлагатай хэрэгслүүдийг өгсөн байдаг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) “Сэтгэлийн хөдөлгөөн шийдвэрийг бүхэлд нь тодорхойлох ёсгүй. Гэвч мацаг барьж, залбиран, нухацтай тунгаан бодсоны үр дүнд хүчирхэгжсэн оюун ухаан хийгээд зүрх сэтгэл нь гэр бүлийн аз жаргалын хамгийн их боломжийг хүнд өгөх болно. Энэ нь золиослол, хуваалцах болон аминч бус агуу үзлийг авчирдаг” гэж заажээ.2

Бидэнд бас сүнслэг баталгааг хэрхэн хүлээн авах талаар: “Чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно.

Гэвч энэ нь зөв биш аваас чамд ийм мэдрэмж байхгүй байх болно, харин дүйнгэ бодол санаа чамд байх болно” (С ба Г 9:8–9) гэсэн судрын удирдамж байдаг. Гэсэн хэдий ч бид бүгд Их Эзэний Сүнсний баталгааг хүлээн авахдаа цээжиндээ шатах мэт мэдрэмжийг мэдрэхгүй. Бидний хүн нэг бүр эдгээр баталгааг хүлээн авах өөрийн тодорхой арга замуудыг таньж сурах хэрэгтэй.3 Бид энэхүү загварыг дагаснаар сонголт хийх чадвартаа итгэдэг болно.

Тэнгэрлэг Эцэг миний зүрх сэтгэл, сүнсний болон оюун санааны хэрэгцээг мэдэж байсан. Тэр бүх зүйлийг өөрчлөгч эдгээр үнэнийг надад өгсөн билээ. Эвэлин бид хоёр гэрлэж, одоо аз жаргалтай гэр бүлийн амьдралаар амьдраад олон жил болж байна. Бас 3 сайхан хүүхэдтэй болсон. Би сонгох эрхийн талаар, мөн амьдралын хамгийн чухал шийдвэр гаргах үед сонгох эрх болон үүгээр хүлээх үүргийн талаар гэрчлэлтэй болсондоо Их Эзэнд маш их талархаж байна.

Эшлэлүүд

  1. Ричард Г.Скотт, “Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” Лиахона, 2009 оны 11-р сар, 7.

  2. Спэнсэр В.Кимбалл, “Oneness in Marriage,” Лиахона, 2002 оны 10-р сар, 36.

  3. Мөн Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг үзнэ үү.