2010–2019
Итгэлийн нүд
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Итгэлийн нүд

Бид энэхүү тунхгаас юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж, сонгох үедээ энд, одоо олж авах туршлагадаа хэтэрхий их ач холбогдол өгснөөр мөнхийн дүр зургаа бүдгэрүүлдэг.

Есүс Христ цовдлуулахаасаа өмнөхөн шүүлтийн танхимд Пилатын өмнө аваачигдсан. “Та иудейчүүдийн Хаан мөн үү?” хэмээн Пилат басамжлангуй асуужээ. Есүс хариуд нь “Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. … Би үнэнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно” гэж айлдав.

Пилат ёжтойгоор “Үнэн гэж юу вэ?”1 хэмээн асуусан.

Өнөөгийн дэлхийд “Үнэн гэж юу вэ?” хэмээх асуулт нь шашингүй хүмүүсийн хувьд ярвигтай байж болох юм.

Интернэтээр “Үнэн гэж юу вэ?” гэж хайвал сая давсан хариулт гарч ирнэ. Байшинд байрладаг номын сангийн бүх номноос ч илүү их мэдээлэл бидний гар утсан дээр байж байдаг. Бид мэдээлэл, үзэл бодолд дарагдсан цаг үед аж төрж байна. Уруу татах, дур булаам дуу хоолой бидний алхам тутамд сонсогддог.

Өнөөгийн төөрөгдөл дунд маш олон хүн 2500 жилийн тэртээ Протагорын залуу Сократад хэлсэн “Таны хувьд үнэн болох зүйл нь танд л үнэн, миний хувьд үнэн болох зүйлс нь надад л үнэн”2 хэмээх үгсэд өөрсдийгөө даатгаж байгаа нь гайхмаар зүйл биш юм.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээгээр дамжин ирдэг үнэн

Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээгээр адислагдсаны хувьд зарим зүйл бүрэн дүүрэн хийгээд туйлын үнэн байдаг гэдгийг даруухнаар тунхагладаг. Эдгээр мөнхийн үнэн нь Бурханы хүү, охин бүрийн хувьд адил.

Судруудад “Үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм”3 хэмээн заадаг. Үнэн бол өмнө нь болсон хийгээд хараахан болоогүй зүйлс мөн одоо болж буй зүйлсийн хэтийн төлөвийг агуулдаг.

Есүс “Зам, үнэн, амь бол Би байгаа юм”4 хэмээн хэлсэн. Үнэн нь бидэнд мөнх амьдралд хүрэх замыг харуулдаг бөгөөд зөвхөн бидний Аврагч, Есүс Христээр дамжин ирдэг. Өөр зам өгөгдөөгүй.

Есүс Христ бидэнд хэрхэн амьдрахыг заадаг бөгөөд Цагаатгал, Амилуулалтаараа дамжуулан бидэнд гэм нүглийн маань өршөөлийг мөн хөшигний цаадах үхэшгүй байдлыг санал болгодог. Энэ бол туйлын үнэн юм.

Тэрээр бидэнд баян эсвэл ядуу, нэр алдартай эсвэл хэнд ч танигдаагүй, гойд чамин эсвэл энгийн байх эсэх нь хамаагүй гэж заадаг. Харин бидний мөнх бус амьдралын эрэл бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, хилэнцийг биш сайныг сонгох, Түүний зарлигуудыг сахих явдал юм. Бид хэдий шинжлэх ухаан, анагаах ухааны нээлтүүдийг шагшин магтдаг ч Бурханы үнэн эдгээр нээлтээс хамаагүй илүүг агуулдаг.

Мөнх байдлын үнэний эсрэг, Бурханы хүүхдүүдийг үнэнээс сатааруулах хуурамч зүйлс үргэлж байдаг. Дайсны мэтгэлцээн үргэлж нэг хэвэндээ байдаг. 2000 жилийн өмнө юу гэж яригдаж байсныг сонс доо.

“[Та нар] харахгүй байгаа тэр зүйлийг мэдэж чадахгүй.… [Хүний хийсэн юу ч байсан] гэмт хэрэг бус.”

“[Бурхан та нарыг адисалдаггүй ч] [хүн] бүр [өөрийнхөө] онцгой авьяас билгийн дагуу өсөн дэвждэг.”5

“Христ мэтийн тиймэрхүү хүмүүн бие … Бурханы Хүү [байна] … гэдэг нь байж болмоор юм биш.”6

“[Та нарын итгэдэг зүйлс бол мунхаг уламжлал] ба [оюун бодлын] тань хийрхэл.”7 Өнөөдөр л юм шиг сонсогдож байгаа биз?

Бурхан бидэнд сайн мэдээний Сэргээлттэй хамт үндсэн сүнслэг үнэнээс суралцаж, мэдэх арга замыг өгсөн буюу бид түүнээс ариун судрууд, хувийн залбирал, өөрсдийн туршлага, амьд бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөө, бидэнд “бүх зүйлийн үнэнийг мэдэхэд”8 тусалж чадах Ариун Сүнсний удирдамжаар дамжуулан суралцдаг.

Үнэн сүнслэг байдлаар л ялгагдаж танигдана

Бид Бурханы зүйлсийг сүнсээр эрэлхийлснээр мэдэж чадна. Паул “Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ. … [Учир нь] эдгээр нь сүнслэгээр цэгнэгдэх учиртай”9 хэмээн хэлсэн.

Майкл Мурфигийн энэхүү бүтээлийг хар даа. Энэ өнцгөөс харвал хүний нүдийг дүрсэлсэн урлагийн бүтээл гэдэгт итгэхэд бэрх байна. Харин цэгүүдийг өөр өнцгөөс харвал уран бүтээлчийн бүтээлийн гоо үзэсгэлэнг олж харах болно.

Үүний адилаар бид Бурханы сүнслэг үнэнийг итгэлийн нүдээр хардаг. Паул “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй”10 хэмээн хэлжээ.

Судрууд, бидний залбирлууд болон хувийн туршлага мөн өнөө үеийн бошиглогчид болон Ариун Сүнсний бэлэг нь бидний дэлхий дээрх аялалд шаардлагатай үнэний сүнслэг байдлыг авчирдаг.

Итгэлийн нүдээр Тунхгийг харах нь

Гэр бүлийн тунхгийг итгэлийн нүдээр харцгаая.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Ихээхэн худал хуурмаг зүйлийг үнэн мэтээр үзүүлж, жишгүүд, эрхэмлэх чанарын талаар олон худал хуурмаг зүйл яригдаж, дэлхийн бузар булайд аажмаар уусгах уруу таталт, заль мэх асар их байгаа нөхцөлд бид [та бүхэнд] сэрэмжлүүлж, урьдаас сануулах ёстой гэдгээ мэдэрсэн билээ”11 гэсэн тайлбартайгаар “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг танилцуулсан.

Энэхүү тунхаг нь “Бүх хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан, өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм” гэсэн үгсээр эхэлдэг.

Эдгээр нь мөнхийн үнэн юм. Та бид байгаль дэлхийн санамсаргүй алдаа биш.

Би “Мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнслэг охид, хөвгүүд Бурханыг Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширч, Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм”12 хэмээх үгсэд дуртай.

Бид төрөхөөсөө өмнө амьдарч байсан. Бидний хувь хүний мөн чанар мөнхөд бидний нэг хэсэг байдаг. Мөнх бус байдлын өмнөх дэлхий дэх бидний сүнслэг өсөлт хөгжил энд хэн байхад маань бидний бүрэн гүйцэд ойлгохгүй арга замаар нөлөөлж байдаг.13 Бид Бурханы төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн. Бид дэлхий дээр хэцүү бэрх, өвчин зовлон, харуусал гуниг амсана гэдгээ мэдэж байсан.14 Түүнчлэн Аврагч ирж, бид зөв зохистой гэдгээ нотолсноор “[бидний] тэргүүн дээр алдар суу үүрд мөн мөнхөд нэмэгдэ[н]”15 бид Амилуулалтаар амилах болно гэдгийг мэдэж байсан.

Тунхагт “Мөнх бус амьдралын арга зам нь тэнгэрээс тогтоогдсон гэдгийг бид тунхагладаг. Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх амьдралын цэвэр ариун байдал, түүний ач холбогдлын чухлыг бид батлан хэлж байна” хэмээн шулуухан хэлсэн байдаг.

Эцэгийн маань төлөвлөгөө эхнэр, нөхөр хоёрыг энэ дэлхий дээр хүүхдүүдийг төрүүлэхэд урамшуулан дэмжиж, эхийнхээ хэвлийд байгаа үрсийг өмгөөлөн ярихыг бидэнд үүрэг болгодог.

Тунхгийн зарчмууд гайхалтай сайхнаар холбогддог

Бид энэхүү тунхгаас юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж, сонгох үедээ энд, одоо олж авах туршлагадаа хэтэрхий их ач холбогдол өгснөөр мөнхийн дүр зургаа бүдгэрүүлдэг. Бид энэ тунхгийг итгэлийн нүдээр залбирч тунгаан бодсоноор үүн дээрх зарчмууд хэрхэн гайхалтай сайхнаар холбогдож, нэг нэгнээ бататган, Эцэгийн маань төлөвлөгөөг Түүний хүүхдүүдэд илчилж байгааг илүү сайн ойлгодог.16

Их Эзэний бошиглогчдыг Түүний хүслийг тунхаглах үед бид үнэхээр гайхаж, зарим нь асуулт тавьсаар байх уу? Мэдээж, зарим нь бошиглогчдын дуу хоолойг шууд л эсэргүүцдэг17 байхад харин бусад нь тэвчээртэй, итгэлийн нүдээр шийдвэрлэх чин сэтгэлийн асуултуудаа залбирч тунгаан боддог. Хэрэв энэхүү тунхаг нь өөр эрин зуунд илчлэгдсэн бол өнөө үеийнхээс өөр л болохоос биш асуултууд байсаар л байх байсан. Бошиглогчдын нэгэн зорилго бол бидэнд чин сэтгэлийн асуултуудынхаа хариултыг олж, шийдвэрлэхэд туслах явдал юм.18

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн ерөнхийлөгч болохоосоо өмнө “Бошиглогчид урьдчилан хардаг. Тэд дайсны бидний замд тавьсан эсвэл тавих гэж байгаа аймшигт аюул заналыг хардаг. Мөн бошиглогчид дуулгавартай байх санаа зорилготой сонсдог хүмүүсийг хүлээж байгаа агуу боломж, онцгой эрхийг урьдчилж хардаг”19 хэмээн хэлсэн.

Би Тэргүүн Зөвлөлийн болон Арван хоёрын чуулгынхны нэгдмэл дуу хоолойны сүнслэг хүч, үнэнийг гэрчилж байна.

Холдож буй дэлхий

Амьдралынхаа турш бид тунхагт заасан олон зарчмын тухай дэлхийнхний итгэлд гарсан эрс өөрчлөлтийг харсан. Миний өсвөр насанд болон гэрлэсний дараах хэдэн жилд дэлхийн олон хүн бэлгийн харьцаа нь зөвхөн хуулийн дагуу гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын хооронд болох ёстой хэмээх ариун явдлын хууль гэж нэрлэгддэг Их Эзэний жишгийг дагахаа больсон. Намайг 20, 30 настай байхад үр хөндөлтийг илүү нээлттэй хүлээн зөвшөөрөх болсны улмаас олон хүн эхийнхээ хэвлий дэх хүүхдийг хамгаалах ариун нандин хамгаалалтыг хөсөр хаях болсон. Сүүлийн жилүүдэд олон хүн гэрлэлт бол эмэгтэй, эрэгтэй хоёр хүний хоорондын ариун нандин нэгдэл хэмээх Бурханы хуулийг үл тоомсорлож байна.20

Олон хүн Их Эзэний тогтоосон хил хязгаараас холдож байгааг харах нь Аврагч Капернаумд Өөрийн бурханлаг байдлыг тунхаглахад “Түүний дагалдагчдаас олноороо … [холдон явсан]” тэрхүү харамсалтай өдрийг санагдуулдаг.

Тэгээд Аврагч Арван хоёртоо хандан “Та нар бас явахыг хүсэж байна уу?” хэмээн асуухад

Петр хариуд нь

“Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.

Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн”21 гэжээ.

Тунхгийн дотор бүгд яг таг тохирдоггүй

Гэр бүл салалтаас болж амьдрал нь ганхсан хүүхдүүд, ариун явдлын хуулийг тохуурхдаг найз нөхөдтэй өсвөр үеийнхэн, эхнэр эсвэл нөхөр нь итгэлийг нь алдсанаас болж зүрх сэтгэл нь шархалж гэр бүлээсээ салсан эмэгтэй, эрэгтэйчүүд, хүүхэд төрүүлэх боломжгүй эхнэр, нөхрүүд, өөрийнх нь итгэдэг сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлгүй эхнэр, нөхөртэй эрэгтэй, эмэгтэйчүүд, олон янзын шалтгаанаар гэрлэх боломжгүй ганц бие эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд зэрэг одоогийн нөхцөл байдал нь гэр бүлийн тунхагтай яг таг тохирдоггүй ч Есүс Христийн сайн мэдээнд үнэнч, шударга ханддаг хөгшин, залуу маш олон хүн байдаг.

Миний ихэд хүндэлдэг, 20 жил найзалсан найз минь ижил хүйстэндээ сэтгэл татагддагаас болж гэрлээгүй. Тэр ариун сүмийн гэрээнүүддээ үнэнч хэвээр үлдсэн бөгөөд бүтээлч, мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлж, Сүмд болон нийгэмдээ журамтай үйлчилж байгаа. Тэрээр саяхан надад “Надтай адилхан нөхцөл байдалтай, бидний амьдарч буй энэ дэлхийд ариун явдлын хуулийг сахихгүй байхыг сонгосон хүмүүсийг би өрөвдөж байна. Харин Христ биднээс ‘энэ ертөнцийнх биш’ байхыг хүсээгүй гэж үү? Бурханы жишгүүд дэлхийнхээс өөр гэдэг нь тодорхой” хэмээн хэлсэн юм.

Хүмүүний хууль нь Бурханы тогтоосон хязгаарыг давж гарах нь олонтоо. Бурханы таалалд нийцэх хүсэлтэй хүмүүсийн хувьд итгэл, тэвчээр, хичээл зүтгэл шаардагдах нь гарцаагүй юм.22

Миний эхнэр Кайти бид хоёр одоо 40 гаруй насны, мэргэжлийн ур чадвар сайтай, тойрогтоо хичээнгүйлэн үйлчилдэг нэгэн ганц бие эгчийг танина. Тэрээр бас Бурханы хуулиудыг дагасан. Тэрээр захидалдаа:

“Би нөхөр, хүүхдүүдээр адислагдах өдрийг мөрөөддөг. Би хүлээсээр л байна. Заримдаа мартагдаж, ганцаардсан мэдрэмж төрөх үе байдаг ч би байхгүй зүйлээс анхаарлаа холдуулж, өөртөө байгаа болон бусдын төлөө хийж чадах зүйл дээр анхаарлаа хандуулахыг хичээдэг.

Хамаатан садандаа, тойрогтоо болон ариун сүмд үйлчлэх үйлчлэл надад тусалдаг. Би мөн бид бүгдээрээ илүү том гэр бүлийн нэг хэсэг болохоор би мартагдаагүй, ганцаараа биш” гэж бичсэн байсан.

Ойлгодог Нэгэн байдаг

Зарим хүн “Чи миний нөхцөл байдлыг ойлгохгүй шүү дээ” гэж хэлэх байх. Би ойлгохгүй байж болно. Гэхдээ ойлгодог Нэгэн байдаг гэдгийг би гэрчилж байна.23 Цэцэрлэгт болон загалмай дээр золиос хийсэн учраас таны ачаа буулгыг мэддэг Нэгэн байдаг. Та Түүнийг эрэлхийлж, Түүний зарлигуудыг сахих аваас Тэрээр таныг адисалж, ганцаараа үүрэхэд хэтэрхий хүнд ачааг тань хөнгөлөх болно гэдгийг би амлаж байна. Тэр танд мөнхийн найз нөхдийг болон үйлчлэх боломжийг өгөх болно. Хамгийн чухал нь Тэрээр таныг Ариун Сүнсний хүчирхэг сүнсээр дүүргэж, тэнгэрлэг нотолгоогоо таны дээр мандуулах болно. Ариун Сүнсний нөхөрлөлийг болон мөнхийн адислалыг үгүйсгэдэг ямар ч сонголт, ямар ч хувилбар бидний анхаарлыг татахуйц үнэ цэнтэй биш юм.

Би Аврагч амьд гэдгийг мэднэ. Тэрээр бүхий л чухал үнэний эх сурвалж бөгөөд зарлигуудыг нь сахидаг хүмүүст амласан бүх адислалаа өгөх болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Иохан 18:33, 36–38.

  2. William S. Sahakian and Mabel Lewis Sahakian, Ideas of the Great Philosophers (1966), 28.

  3. Сургаал ба Гэрээ 93:24.

  4. Иохан 14:6.

  5. Алма 30:15, 17.

  6. Хиламан 16:18.

  7. Aлма 30:14, 23, 27-г үзнэ үү.

  8. Моронай 10:5.

  9. Joseph Smith Translation, 1 Corinthians 2:11 [in 1 Corinthians 2:11, footnote c]; 1 Corinthians 2:14.

  10. 1 Коринт 2:14.

  11. Gordon B. Hinckley, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100. Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson (2019), 208 хэмээх үгэндээ Шэри Дьюгийн дүгнэснээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тунхгийн түүхийн зарим хэсгийг саяхан тайлбарласан:

    “1994 оны нэг өдөр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан Солт Лэйк ариун сүмийн зөвлөлийн өрөөнд гэр бүлүүдийг тойрон хүрээлж байсан асуудлын талаар ярилцаж нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Тэд порнографын хаа сайгүй өсөн нэмэгдэж байгаа шинж чанараас эхлээд байж болох гэр бүлийн эсрэг олон төрлийн хуулийн талаар бүх зүйлийг хэлэлцэж байжээ. Энэ нь шинэ сэдэв, хэлэлцүүлэг биш байсан боловч тэр өдрийн хөтөлбөр бүхэлдээ энэхүү ганц чухал сэдвийн эргэн тойронд явагдсан байна.

    Арван хоёр төлөөлөгч өөрчлөгдөж болохгүй зүйлс буюу сургаал болон өөрчлөгдөх боломжтой зүйл буюу бодлогын аль алийг нь авч үзэв. Тэд ижил хүйстний гэрлэлт болон трансжендер хүмүүсийн эрхийн талаарх нийгмийн хүчээ авч байсан дарамт шахалт зэрэг түрэн гарч буй асуудлуудын талаар хэлэлцсэн. Гэвч тэр нь бидний харсан зүйлсийн төгсгөл биш байсан’ ‘Бид олон янзын нийгмийн бүлэг бэлгийн харьцаан дахь бүхий л жишиг, хязгаарлалтыг авч хаяхыг оролдож байгааг харсан. Бид хүйсийн төөрөгдлийг харсан. Бид энэ бүх зүйлс болно гэдгийг харсан.’

    “Энэхүү өргөн дэлгэр хэлэлцүүлэг нь бусад сэдвийн хамт хэсэг хугацаанд үргэлжилсэн бөгөөд Арван хоёр Төлөөлөгч гэр бүлийн талаарх Сүмийн байр суурийг тодотгон харуулсан баримт, магадгүй бүр тунхаг бэлтгэн гаргаж, анхааралдаа авна уу хэмээн Тэргүүн Зөвлөлд танилцуулах хэрэгтэй хэмээх дүгнэлт рүү хөтөлсөн” (in Sheri Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson [2019], 208).

  12. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2017 оны 5-р сар, 145.

  13. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Энэ дэлхийд төрсөн тоо томшгүй олон мөнх бус хүмүүн бүгдээрээ Эцэгийн төлөвлөгөөг сонгон, үүний төлөө тэмцсэн. Түүнчлэн бидний олонх нь мөнх бус оршихуйд юу хийх талаар Эцэгтэй гэрээ байгуулсан. Сүнсний дэлхий дэх бидний үйлдлүүд илчлэгдээгүй арга замуудаар мөнх бус оршихуйд бидэнд нөлөөлж байдаг” (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 72) хэмээн хэлжээ.

  14. Даллин Х.Өүкс, “Үнэн ба төлөвлөгөөn,” 2018 оны 10-р сарын ерөнхий чуулган, 28

  15. Aбрахам 3:26.

  16. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс:

    Их Эзэн одоо тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад туслахын тулд бидэнд хэрэгтэй сайн мэдээний үнэнийг дахин онцлон тэмдэглэсэн нь бараг хорин таван жилийн өмнө гарсан бөгөөд одоогоор олон хэл дээр орчуулагдаад байгаа гэр бүлийн тунхаг юм.

    “Гэр бүлийн тунхаг бол мөнхийн үнэний тухай мэдэгдэл, мөнх амьдралыг эрэлхийлдэг хүүхдүүдээ гэсэн Их Эзэний хүсэл гэдгийг би гэрчилж байна. Энэ тунхаг сүүлийн 22 жилийн туршид Сүмийн сургаалын болон амьдралд хэрэгжүүлж байгаа зүйлийн үндэс суурь байсаар ирсэн бөгөөд цаашдаа ч байх болно. Тунхгийг ийнхүү авч үзээд, үүнийг зааж мөн үүний дагуу амьдар. Та нар мөнх амьдралын төлөө урагш тэмүүлэхийн хэрээр адислагдах болно. …

    “… Гэр бүлийн тунхагт хандаж байгаа хандлага, хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь энэ үеийн сорилтуудын нэг гэдэгт би итгэдэг. Би хожмын үеийн гэгээнтнүүдийг энэхүү сорилтод баттай зогсоосой хэмээн залбирч байна” (” (“Төлөвлөгөө ба тунхаг,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14-15) хэмээн хэлсэн.

  17. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Биднийг мухар сүсэгтнүүд гэж дууддаг хүмүүс байдаг боловч мухар сүсэгтнүүд бол биднийг мэдэрдэг зүйлсээ мэдрэхийг зөвшөөрдөггүй, харин өөрсдийнхөө мэдэрдэг зүйлсийг бидэнд мэдрүүлэхийг хүсдэг хүмүүс юм. Бидний байр суурь үндсэндээ ариун явдлын хууль дээр суурилдаг. Арван Зарлиг хүчинтэй хэвээр байна. Тэдгээр нь хэзээ ч цуцлагдаагүй. Бурханы гаргасан хуулийг өөрчлөх эрх бидэнд байхгүй” (in Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson, 212) хэмээн хэлсэн .

  18. “Дэлхий даяар гэр бүл дайралтад өртөж байхад гэр бүлийн тунхгийн үнэнүүд нь та бүхнийг бэхжүүлэх болно.

    “Төрөлтөөр олгогдсон язгуур эрхтэй өсвөр үеийнхэн та нар гэрлэлтийн талаарх тодорхойлолтуудтай зөрчилдөх нийгмийн хор уршиг бүхий үр дагавруудыг ойлгох хэрэгтэй. Өнөөгийн нэг маргаан нь ижил хүйстэн хоёр хүн гэрлэж болох эсэх тухай асуудал дээр байдаг. Хэрэв та нар энэ талаар эсвэл бусад чухал асуудлаар сүмийн байр суурийг мэдэхийг хүсвэл залбирч мөн тунгаан бод. Тэгээд Сүмийн ирэх 10-р сарын Ерөнхий чуулганы бошиглолын захиасуудыг анхааралтай сонс. Эдгээр сүнслэг нөлөөтэй захиас болон Ариун Сүнсний өдөөлт нь таны оюун ухаанд бүрэн дүүрэн ойлголтыг авчрах болно” (Russell M. Nelson, “Youth of the Noble Birthright: What Will You Choose?” [Church Educational System devotional for young adults, Sept. 6, 2013], broadcasts.

  19. Рассэлл М.Нэлсон, “Мянган жилийнхэн мэт зогс,” Лиахона, 2016 оны 10-р сар, 46.

  20. Ерөнхийлөгч Нэлсон “Гэвч иргэний засаглалт улс орнууд хуулиа бичиж, өөрчилж, хэрэгжүүлэхдээ ихэнхдээ нийгмийн хандлагад эсвэл төрийн бодлогод хэт их баригдсан байхыг нь анзаарч болно. Ямар хууль тогтоомж гарч байгаагаас үл шалтгаалан гэрлэлтийн болон ёс суртахууны талаарх Их Эзэний сургаалуудыг өөрчилж үл болно. Ямар ч нүгэл, бүр хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн ч бай хамаагүй Бурханы нүдэнд нүгэл хэвээрээ л үлдэнэ гэдгийг санацгаа!” (“Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123) хэмээн хэлсэн.

  21. Иохан 6:66–69.

  22. Aлма 32:41–43-ыг үзнэ үү; бидний итгэлийг өсгөх тухай энэхүү агуу бүлэгт итгэлийн ариун журам, тэвчээр, хичээл зүтгэл гурвыг гурвууланг сүүлийн гурван шүлэгт дурдсан байдаг нь миний сэтгэлийг их хөдөлгөдөг.

  23. Aлма 7:12-ыг үзнэ үү; Есүс Христ бидний гэм нүглийн төдийгүй “Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” хэмээн сул дорой талуудын төлөө зовон шаналсан. (Сул дорой гэдэг үгийн ойролцоо үг нь өвчин эмгэг, сул дорой чанар, шаналал,дутагдал юм.) Сургаал ба Гэрээ 88:6: “Тэрээр бүхэнд мөн бүх зүйлээр, үнэний гэрэл байж болохын тулд Тэнгэрт дээш гарсан тэрээр мөн түүнээс гадна бүх зүйлийн доор бууж ирснээртэрбээр бүх зүйлийг ухамсарласан билээ”-г үзнэ үү.