Найз
Итгэлийн дуслууд
2024 оны 3-р сар


“Итгэлийн дуслууд,” Найз, 2024 оны 3-р сар, 30–31-р хуудас.

Итгэлийн дуслууд

Жэкоб дандаа нойрмоглож асуудалд ордог байв!

Энэ түүх Бразилд болсон.

Зураг
alt text

“Жэкоб, чи хариуг нь мэдэх үү?” гэж хатагтай Лэлис асуув.

Жэкоб нүдээ нээн, толгойгоо ширээнээс өндийлгөв. Ангийнхан нь бүгд түүн рүү харлаа. Багш нь ч гэсэн түүн рүү ширтэж байв. Тэр хацар нь халуу дүүгж байгааг мэдрэв. Тэр дахиад л хичээл дээр унтчихжээ!

“Уучлаарай, хатагтай Лэлис, Та асуултаа дахиад асууж болох уу?” гэж асуув.

“Тэгэлгүй яахав. Гэхдээ хичээл дээр унтахаа болиорой” гэв.

Тэр сандал руугаа шигдэн, “За, ойлголоо” гэв.

Жэкоб шинэ сургуульдаа хэдхэн долоо хоногийн өмнө орсон. Тэр суралцах дуртай, мөн ангийнхан нь ч сайн хүүхдүүд байв. Гэхдээ тэр туж нойрмог байдаг ганц асуудалтай! Шинээр орсон сургууль нь их хол учраас хичээлээсээ хоцрохгүйн тулд тэр өглөө эрт босох хэрэгтэй болдог.

Эхэндээ хичээлдээ анхаарахад асуудалгүй байв. Гэвч бага багаар хэцүү болсоор байлаа. Заримдаа Жэкоб их ядрахаараа унтчихдаг байв.

Дараа өдөр нь сургуулийн захирал Жэкобтой эцэг эхийнх нь хамт уулзахыг хүсэв. Тэр инээмсэглэн тэднийг өрөөндөө орууллаа.

“Ирсэнд баярлалаа. Жэкоб их сайн сурагч. Гэвч багш нь хэлэхдээ түүнийг хичээлдээ сонирхолгүй. Заримдаа анхаарал нь төвлөрөхгүй, их залхсан байдалтай байдаг гэсэн. Тэр зүгээр үү?” гэлээ.

Ээж нь толгой дохин, “Жэкоб энэ сургуульд орох гэж их хичээсэн. Гэвч энэ сургууль гэрээс маань их хол л доо. Тэр өдөр бүр өглөө эрт босдог. Тийм учраас хичээл дээрээ нойрмоглоод байдаг юм” гэв.

“Өө, тийм үү? Бага зэрэг кофе хэрэглээд үзээч! Жэкобт өглөө уух юманд нь хэдэн дусал хүчтэй кофе дусаагаад үз. Сэргэг байхад нь тусална” гэж захирал хэллээ.

Жэкоб, “Гэхдээ манай гэр бүл кофе уудаггүй шүү дээ, хатагтай” хэмээн урвайв.

Захирал гайхан, “Хэрвээ нойрмоглоод байвал сурч чадахгүй шүү дээ. Юу ч гэсэн бодоод үзэхгүй юу” гэлээ.

Захирлын өрөөнөөс гарч явсны дараа Жэкоб бодолд автав. Тэр хичээлээ сайн ойлгомоор байгаа ч зарлигуудыг мөн дагамаар байв.

Тэр орой түүний гэр бүл судраас Мэргэн ухааны үгийн тухай уншив.

Жэкобын ээлж болоход, тэрээр “Эдгээр айлдваруудыг санаж мөн хэрэгжүүлдэг бүх гэгээнтнүүд . . . мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг олж авах болно. Мөн гүйхэд мөн ядрах нь үгүй, мөн алхахад мөн цуцах нь үгүй байх болно.”*

Түүнд нэгэн санаа төрлөө!

Тэр сандлаасаа босоод, “Кофены дуслуудын оронд би итгэлийн дуслуудыг хэрэглэнэ ээ!” гэв.

“Тэр нь юу гэсэн үг билээ?” гэж аав нь асуув.

Жэкоб инээмсэглэн, “Өглөө бүр өглөөний хоолоо идэхээс өмнө, намайг нойрмоглохгүй байхыг адислаач гэж Тэнгэрлэг Эцэгээс гуйн залбирна. Бидний залбирал итгэлийн дуслууд шиг байх болно!” гэлээ.

Аав, ээж хоёр нь ч бас инээмсэглэв. “Ёстой сайхан санаа байна!” гэж аав нь хэлэв.

Маргааш өглөө нь болоход тэд өвдөг сөгдөн, Жэкобыг сэргэг эрч хүчтэй байхаар адислаач хэмээн залбирлаа. Дараагийн өдөр нь ч мөн адил залбирав. Дараа өдөр нь ч мөн адил. Жэкоб орой бүр эрт унтахыг мөн хичээж байлаа. Тэнгэрлэг Эцэг Жэкобт тусална гэдэгт гэр бүл нь өглөө бүр итгэж байв.

Яваандаа, итгэлийн дуслууд үр дүнгээ өгч эхэллээ. Жэкоб өдрийн турш анхаарлаа сайн төвлөрүүлж чадлаа! Бурхан тэдний залбиралд хариулжээ. Мэргэн ухааны үгийг дагасанд нь Бурхан өөрөөр нь бахархаж байгааг Жэкоб мэдэж байв.

Зураг
alt text

“Хичээлдээ бэлэн үү, Жэкоб?” хэмээн хатагтай Лэлис түүнийг анги руугаа орох замд асуув.

Жэкоб яралзтал инээмсэглэн толгойгоо дохилоо. Тэр сургуульдаа явахаасаа өмнө итгэлийн дуслуудаа уучихсан. Тэр одоо бүх зүйлд бэлэн!

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Ракүэл Мартин