Найз
Эм тахиа ба дэгдээхэйнүүд
2024 оны 3-р сар


“Эм тахиа ба дэгдээхэйнүүд,” Найз, 2024 оны 3-р сар, 4–5.

Эм тахиа ба дэгдээхэйнүүд

“Судруудад Есүс Христ энэ тухай ярьсан байдаг” гэж аав нь хэлэв.

Энэ түүх АНУ-д болсон.

Зураг
alt text

Таван сагсгар шар дэгдээхэй Клара руу ширтэв. Жив, жив, жив!

Хавар болгон Кларагийн гэр бүл дэгдээхэйнүүд авч өсгөдөг. Энэ өдөр тэр дэгдээхэйнүүдийг бусад тахиатай нь хамт байлгахын тулд гэртээ аваачихад нь аавдаа туслав.

Тэдний явсан зам их бартаатай байлаа. Гэвч Клара дэгдээхэй хийсэн хайрцгийг өвөр дээрээ сайн барьж байв. Тэр тэдний нэгийг хуруугаараа зөөлөн илэхэд үнэхээр зөөлөн байлаа!

Клара аавтайгаа гэртээ хариад арын хашаан дахь тахианы байр луу явав. Тэр жижигхэн байранд тахианууд үүрээ засаж амьдардаг.

“Энэ дэгдээхэйнүүдийг аль тахиатай хамт байлгах вэ?” гэж аав нь асуув.

Клара эргэн тойрноо харлаа. Нэг тахиа овоолсон шороо руу дэрс зөөж байв. Дэрс дэгдээхэйнүүдэд тохитой оромж болохоор санагдлаа. Тэр тахиа сайн ээж болох байх.

“Энэ” гэж хэлээд Клара нөгөө тахиа руу заав.

Аав нь хайрцгаас нэг дэгдээхэйг зөөлхөн өргөж гаргаад тахианы хажууд тавилаа. Тахиа дэгдээхэй рүү хараад, далавчаа өргөхөд дэгдээхэй гэнэт алга болчхов.

“Хааччихав аа? Дэгдээхэй зүгээр үү?” гэж Клара асуув.

Аав нь толгой дохилоо. “Хар даа.”

Дэгдээхэй тахианы өдөн дундаас толгойгоо цухуйлгав.

“Энэ тахиа яагаад ингэж байгаа юм бол?” гэж Клара асуув.

“Дэгдээхэйг хамгаалахын тулд, тэр түүнийг далавчин доороо аюулгүй, дулаан байлгана” гэж аав нь хэлэв.

Дэгдээхэйнүүдийг шинэ ээжид нь өгөх ажилд Клара аавдаа туслав. Тахиа далавчаа өргөн бүгдийг нь өөртөө ойртууллаа.

“Судруудад Есүс Христ энэ тухай ярьсан байдаг даа” хэмээн аав нь хэлэв.

“Тийм үү?” гэж Клара асуув. “Тэр юу гэж хэлсэн бэ?”

“Би чамд үзүүлье.”

Клара аавтайгаа гэр лүүгээ оров. Аав нь судраа гаргаж ирээд, уншиж эхлэв.

“Хэрэв та нар наманчилж мөн зүрх сэтгэлийнхээ бүрэн тэмүүллээр надад эргэж ирэх аваас, тахиа далавчин дороо дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг хэчнээн ч удаа би та нарыг цуглуулах билээ.”*

Клара тахианы далавчин доорх дэгдээхэй бүрийн тухай бодов. “Тахиа дэгдээхэйнүүдийг далавчин доороо цуглуулсан шиг Есүс биднийг ч мөн цуглуулдаг байх нь ээ?” гэж Клара асуув.

Аав нь “Тийм ээ. Тахиа дэгдээхэйнүүдийг аюулгүй байлгасан шиг Тэр биднийг аюулгүй байлгадаг. Тэр биднийг хүйтнээс ч илүү их зүйлээс хамгаалдаг. Тэр бидний зовлон, өвчин, гунигийг мэддэг. Тэр бидэнд амар тайван, тайтгарлыг өгдөг. Тэр биднийг харж халамжилдаг” гэв.

Маргааш өглөө нь Клара тахиаг дэгдээхэйнүүдтэй хамт хооллов. Ингэхдээ тэр аавынхаа уншсан судрын талаар бодлоо. Тэр Есүсийн тухай бодож, инээмсэглэв. Тахиа дэгдээхэйнүүдийг халамжилсан шиг Есүс түүнийг хайрлаж халамжилсныг Клара мэдэж байлаа.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Ассиэ Иради