Найз
Сэтгэлд хоногшсон Христийн амилсны баяр
2024 оны 3-р сар


“Сэтгэлд хоногшсон Христийн амилсны баяр,” Найз, 2024 оны 3-р сар, 14–15.

Сэтгэлд хоногшсон Христийн амилсны баяр

Жонас дуулах үедээ Есүсийн хайрыг мэдрэв.

Энэ түүх Финландад болсон.

Гэр бүлийн үдэш болоход Жонас ах нартайгаа уралдан зочны өрөө рүү инээлдэн гүйлээ. Христийн амилсны баярын оройн зоогийн шарсан хонины мах үнэртсээр л байв. Мөн Христийн амилсны баярын уламжлалт амттан болох пашаны амт Жонаст амтагдсаар байлаа.

Гэрийнхэн бүгд чимээгүй суусны дараа, Жонасын ах Тристан зогсоод

“Христийн амилсны баярын мэнд хүргэе!” гэж хэлэв. Тэр гэр бүлийн үдшээ дуу болон залбирлаар эхлүүлэв. Удалгүй онцгой дууны хэсэг эхлэх боллоо. Хүн бүр Есүс Христийн тухай нэг дуу бэлдсэн байв.

Тристан гитарынхаа утас бүрийг хичээнгүйлэн цохиж тоглолоо. Дараа нь түүний ах Эинар төгөлдөр хуур тоглов. Түүний хуруунууд товчлуурууд дээр бүжиж байв. Ээж аав хоёр нь, мөн Жонасын ах нар дуунуудаа тоглолоо. Гэрийнхнийхээ хөгжимдөхийг сонсох Жонаст гоё байв.

Эцэст нь Жонасын ээлж ирлээ. Тэр гүнзгий амьсгал аваад, дуулж эхлэв.

Зураг
alt text

“Буруу сонголт хийхээр уруу татагдахад, намуун зөөлөн шивнээг сонсохыг үргэлж би хичээдэг: ‘Есүсийн адил бие биенээ хайрла.’”*

Жонасыг дуулах үед түүний зүрх хайраар дүүрэв. Нүдийг нь баярын нулимс бүрхлээ. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр өөрт нь хайртайг Ариун Сүнс Жонаст хэлж байгаа мэт санагдав.

“Авьяасаа хуваалцсан та бүгдэд баярлалаа” гэж аав нь хэлэв. Нэгэн модны хажууд Есүс Христ өвдөг сөгдөн залбирч байгаа зургийг аав нь гартаа бариад, “Энэ зураг юуны талаар өгүүлж байгааг мэдэх хүн байна уу?” гэж асуув.

Жонас гараа өргөн “Есүс Гетсеманид залбирч байна” гэж хэллээ.

Аав нь толгой дохин, “Тийм ээ. Тэр тэнд бидний бүхий л өвчин шаналал, гуниг зовлонг мэдэрсэн” гэж хэлэв.

Тэгэхэд ээж нь, “Тэр нас барахынхаа өмнө Гетсеманы цэцэрлэгт очсон” гэлээ. “Нас барсныхаа дараа, Тэр амилсан. Энэ бүхэн Түүний Цагаатгалын хэсэг юм. Есүс бидэнд хайртай учраас эдгээр бүх зүйлийг хийсэн” гээд

хамгийн анхны Христийн амилсны баярын тухай видеог ээж нь үзүүлэв. Видео дууссаны дараа бүгд хэсэг чимээгүй суув. Жонас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг дахин мэдрэв.

“Одоо үйл ажиллагааны цаг болсон уу?” гэж Жонас асуулаа.

Ээж нь буйдангаас босож шүүгээ рүү явангаа “Тийм ээ! Жонас, чи надад туслах уу?” гэв.

Жонас ээжтэйгээ цавуу, хайч, мөн зөндөө олон Сүмийн сэтгүүл гаргаж ирэв. Тэд тэдгээрээ шалан дээр дэлгэн тавилаа. Дараа нь ээж нь хүн бүрд Христийн амилсны баярын онцгой тэмдэглэлийн дэвтэр өгөөд, “Бүгдээрээ Христийн амилсны баярт зориулж Есүс Христийн зурган наамлыг дэвтэртээ хийцгээе” гэв.

Зураг
alt text

Жонас газар суугаад дэвтрээ нээлээ.

Аав нь үзэг аваад дэвтэртээ бичиж эхлэв. “Зургийнхаа хажууд Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг дагаж, Тэдэнтэй илүү адил болохын тулд юу хийхээ бичиж болно шүү.”

Жонас сэтгүүлүүдээс нэгийг авч хуудсыг нь нээж, Есүс Христийн инээмсэглэж буй зургийг оллоо.

Жонас зургийг хайчилж аваад дэвтрийн хуудасны голд цавуудан наав. Тэр энэ өдөр ихээр мэдэрсэн Аврагчийн хайрын тухай бодлоо. Тэгээд тэр “Би аав ээжийнхээ үгийг сонсож, гэрийн ажилд тусалж, Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг дагах болно. Би ах нараа илүү их хайрлана” гэж бичив. Тэр бичсэн зүйлээ өргөөд ээждээ харуулахад ээж нь уншаад инээмсэглэлээ.

Жонас энэхүү Христийн амилсны баярыг байнга санаж явах байх. Тэр дуу дуулж, Есүс Христийн тухай сурч мэдэж байхдаа Түүний хайрыг мэдэрчээ. Бас Есүс шиг байхыг хичээхдээ тэр Түүний хайрыг мэдэрсэн.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Жонаст үнэхээр хайртай. Жонас ч мөн Тэдэнд хайртай.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Стэлиана Донива

  • “Би Есүс шиг байхыг хичээнэ,” (Хүүхдийн дууны ном, 40)