Найз
Гялалзсан нил ягаан чулуу
2024 оны 3-р сар


“Гялалзсан нил ягаан чулуу,” Найз, 2024 оны 3-р сар, 10–11.

Гялалзсан нил ягаан чулуу

Хэрэв тэр үнэнээ хэлбэл аав нь түүнд уурлах болов уу?

Энэ түүх Нидерландад болсон.

Мари гоёмсог чулуунуудаа харахаар гоёл чимэглэлийн хайрцгаа нээлээ. Улаан, ногоон тэгээд тунгалаг цагаан гээд нэг нэгээр нь барьж үзлээ.

Эмээ нь унтлагын өрөөний хаалгыг тогшоод, “Явахад бэлэн үү?” гэв.

“Тийм ээ!” гээд Мари чулуунуудаа хайрцагтаа болгоомжтой буцааж хийв.

Эмээ нь Мариг номын сан руу авч явж байлаа. Гэхдээ зөвхөн ном үзэхээр биш. Тэнд чулууны үзэсгэлэн болж байв! Мари их догдолж байлаа.

Тэдний суусан автобус номын сан дээр зогсож, Мари эмээтэйгээ дотогш оров. Тэд олон ширээ дүүргэн өрсөн үзэсгэлэнт чулуунуудыг харлаа. Зарим нь гялалзсан, гөлгөр, зарим нь сонин содон хэлбэртэй байв.

“Энийг хар даа!” гээд эмээ нь томоо болор чулуу руу заав. Тэр нь дүүрэн хөх өнгийн үзүүртэй байлаа.

Өөр нэг ширээн дээр олон янзын жижиг дугуй чулуунууд харагдав. Мари өнгө бүрийг нь ажиглав. Хамгийн захад нь жижгэвтэр нил ягаан өнгийн гялалзсан, гөлгөр чулуу байв.

Надад нил ягаан чулуу байхгүй дээ гэж Мари бодов. Энэ цуглуулгад нь төгс тохирох чулуу байв.

Мари эргэн тойрноо харлаа. Эмээ нь өөр нэг ширээний дэргэд зогсож байв. Дэргэд нь хэн ч байсангүй. Бас хэн ч энэ чулууг алга болсныг мэдэхгүй, тийм биз дээ?

Мари чулууг авч халаасандаа хийв.

Мари нил ягаан чулууг гоёл чимэглэлийнхээ хайрцагт хийж, шөнө болоход унтахаар орондоо оров.

Аав нь “Үлгэр уншихад бэлэн үү?” гээд, орон дээр нь суугаад Найз сэтгүүлийг нээлээ.

Мари дулаан хөнжилдөө ороод, сонсов. Уншсан түүх нь буруу сонголт хийснийхээ дараа наманчилж буй хүүгийн тухай байлаа.

Аав нь уншиж байх үед Мари гэдэс нь мушгиран зангирч буй мэт мэдрэв. Тэр хажуу тийш эргэж, дараа нь дэрээ эргүүлэв. Түүнд хэцүү санагдаж, нил ягаан чулууны талаар бодохгүй байж чадсангүй.

Зураг
alt text

Аав нь түүхээ уншиж дуусгаад, “Чи зүгээр үү?” гэж асуув.

Мари юу хийхээ мэдсэнгүй. Хэрэв аавдаа хэлбэл тэр уурлах байх.

Гэвч аав нь хэрхэн туслахыг мэдэж ч байж болох юм.

Мари аажуухан орноосоо босоод, хайрцгаас чулуугаа гаргаж ирэв. “Би өнөөдөр үүнийг номын сангаас авчихсан” гээд Мари уйлж эхлэв. “Намайг үнэхээр уучлаарай.”

Аав нь түүнийг тэврээд, “Үнэнээ хэлэх нь л үргэлж зөв юм шүү. Зориг гарган шударга байсан чамаар би бахархаж байна” гэв.

Маригийн гэдэс ч зүгээр болов. Аав нь ч уурласангүй!

“Есүсийн ачаар бид наманчилж чадна. Яг л саяны түүхэд гарсан шиг” гэж тэр хэлэв. “Чулууг номын сан руу буцааж аваачих уу?” гэтэл

Мари нүдээ тас аниад, “Үгүй ээ! Тэд нар уурлана” гэв.

Аав нь мөрөн дээр нь гараа тавиад, “Тэд жаахан уурлах л байх. Гэхдээ чулууг буцааж өгвөл тэд баярлана гэж би бодож байна. Тэгвэл чи бүр ч их баярлана шүү дээ” гэлээ.

Мари гүнзгий амьсгаа аваад, толгой дохиод, “За” гэв.

Мари цаас гаргаж ирээд захиа бичиж эхэллээ. “Энийг авсанд намайг уучлаарай. Би үүнийг хийгээгүй байсан ч болоосой. Би алдаагаа засмаар байна” гэж бичээд,

захиагаа дугтуйд хийв. Тэгээд жижигхэн нил ягаан чулуугаа ч мөн хийлээ.

Зураг
alt text

“Маргааш аваачаад өгье. Чамд ямар санагдаж байна?” гэж аав нь асуухад,

“Гоё байна. Гэхдээ нэг зүйл хийх хэрэгтэй байна” гэж Мари хэлэв.

Мари орныхоо дэргэд өвдөг сөхрөөд, “тэр чулууг авсандаа би харамсаж байна. Би дахиж хэзээ ч хулгай хийхгүй. Зоригтой, шударга байхад тусалсан Танд баярлалаа” гэж залбирав.

Буцаад орондоо орохдоо Мари амар тайвныг мэдэрчээ. Маргааш тэр алдаагаа засна. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүнд тусална гэдгийг тэр мэдэж байв. Тэдний ачаар бүх зүйл сайхан болно.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Кэти Рэүс