Семинар
18-р хэсэг: 2 дахь өдөр, Алма 30


18-р хэсэг: 2 дахь өдөр

Алма 30

Оршил

Леменчүүдтэй хийсэн агуу тулааны дараа Зарахемла нутаг даяар амар амгалан тогтов. Энэхүү амар амгалангийн дунд үед Корихор хэмээх нэгэн, Христ гэж байхгүй хэмээн номлож эхлэв. Түүний хуурамч сургаал түүнд итгэсэн хүмүүсийг нүгэл рүү хөтлөв. Тэрээр сүмийн удирдагчдын эсрэг ярьж, тэднийг “мунхаг уламжлал” (Алма 30:27) зааж байна хэмээн мэдэгджээ. Корихорыг Алмагийн өмнө авчирсанд, Алма түүнд бүх зүйл Христийг гэрчилдгийг заав. Эцэст нь, Корихор үйлдлүүдийг нь чөтгөр удирдаж байсныг хүлээв.

Алма 30:1–29

Христийг үгүйсгэгч Корихор Христийн сургаалаар доог тохуу хийв

Хэн нэгэн танд хоол хийж өгсөн байна гэж төсөөлөн бод. Энэ нь амттай харагдаж бас үнэртэж байсан ч таныг тэр хоолыг идэхэд та гүн хордлого авав. Хуурамч сургаалууд нь амттай юм шиг харагдавч нууцаар хордуулдаг хоолтой хэрхэн адилхан байж болохыг хэсэг хугацаанд бод.

Та өмнө нь Христийг эсэргүүцэгч Шерим (Иаков 7-г үзнэ үү), Нихор нарын тухай (Алма 1-ийг үзнэ үү) үзсэн. Христийг эсэргүүцэгч гэдэг нь “үнэн сайн мэдээний авралын төлөвлөгөөг хуурамчаар дуурайдаг, түүнчлэн Христтэй ил эсвэл далд сөргөлддөг ямар нэг юм эсвэл хүн” гэсэн тодорхойлолтыг сана (Судруудын удирдамж, “Христийг эсэргүүцэгч,” scriptures.lds.org). Өнөөдөр та Христийн дайсан байсан мөн хуурамч сургаалуудаар бусдыг мэхэлж, нүгэл рүү хөтөлсөн өөр нэгэн хүний тухай үзэх болно. Одоо ч дэлхий дээр олон хүмүүс Бурханд итгэх итгэлээ илэрхийлдэг хүмүүсийн эсрэг Корихорын адил маргалддаг.

Корихор нифайчуудын дунд номлож эхлэв. Алма 30:6, 12-ыг уншиж, Корихор бол Христийг эсэргүүцэгч гэдгийг нотолж байгаа хэллэгүүдийг ол.

Алма 30:12–18-ыг уншиж, Корихорын хуурамч заалтуудыг тэдний далд санаархалтай тохируул.

Христийг эсэргүүцэгч Корихорын зарим хуурамч сургаал

Хуурамч сургаалуудын боломжит зарим тайлбар ба далд санаархал

  1. Алма 30:13–14

  1. Шашны үнэнүүдийн талаар бодит нотолгоо байхгүй бол та Есүс Христ эсвэл Түүний сайн мэдээнд итгэх ёсгүй. Ариун Сүнсээр дамжин ирдэг хувийн илчлэлт гэгч зүйл байдаггүй.

  1. Алма 30:15

  1. Нүгэл гэж байдаггүй. Юу зөв эсвэл юу нь буруу гэсэн бүх нийтийн жишиг гэж байдаггүй.

  1. Алма 30:16

  1. В. Хүмүүс зөвхөн өөрсдийн хичээл зүтгэлээр хөгжин дэгждэг. Хүмүүний ажил үйлсэд Бурхан хэрэггүй.

  1. Алма 30:17 (“хүн бүр … удирдах ”)

  1. Бошиглогчдын үгс болон судрууд үнэн биш, тиймээс та тэдний бошиглолуудад итгэх ёсгүй.

  1. Алма 30:17 (“хүмүүний хийсэн юу боловч …”)

  1. Нүглүүдийн уучлал гэж байдаггүй. Цагаатгалаар дамжуулан тусламжийг эрэлхийлэх хэрэггүй, учир нь Цагаатгал гэж байхгүй.

  1. Алма 30:18

  1. Үхлийн дараах амьдрал гэж байхгүй, тиймээс энэ амьдралын дараах шүүлтэнд бэлтгэх хэрэггүй.

(Энэхүү тааруулах дасгалын хариултууд нь энэ хичээлийн төгсгөлд байгаа.)

Алма 30:18 нь уг зарчмыг заадаг: Сатан биднийг нүгэл үйлдэхэд уруу татахын тулд хуурамч сургаалуудыг ашигладаг.

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэр заасан нь:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Бидний зан байдал төрөлх хүслээр бүрэн хянагддаггүй. Зан байдал нь мөн итгэл үнэмшлээр эхэлдэг.

“Итгэл үнэмшил нь гүн ухаанаас эсвэл сургаалаас төрдөг. Сургаал нь сүнслэг эсвэл дэлхийн, үр ашигтай эсвэл хор хөнөөлтэй, үнэн эсвэл худал байж болно. …

“Үнэн сургаалыг ойлгох нь хүмүүсийн зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилдөг” (“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17).

  1. Тааруулах дасгалын хүснэгтэд жагсаасан Корихорын хуурамч сургаалуудаас хоёрыг эсвэл үүнээс олныг сонго. Судар судлах тэмдэглэлдээ үнэн сургаалуудыг бичиж, үнэнийг мэдэх нь таны зан байдал болон хандлагад хэрхэн нөлөөлөхийг хэл.

Корихор Зарахемлагийн нутагт амжилт олсныхоо дараа Жершоны нутаг руу Аммоны хүмүүст номлохоор явав. Алма 30:19–20-ыг уншиж, тэд түүний хуурамч сургаалуудыг хүлээн зөвшөөрсөн эсэхийг олж мэд.

Аммоны хүмүүс “нифайчуудын олноос илүү цэцэн байв” мөн “түүнийг уг нутгаас гаргуулав” (Алма 30:20–21). Та Аммоны хүмүүсийн талаар мэдсэн зүйлээсээ үндэслэн тэд яагаад Корихорын хуурамч сургаалуудад итгээгүй гэж бодож байна вэ?

Алма 30:21–29-д Корихор Гидеоны нутаг руу явж, “мөн энд тэрээр их амжилттай байсангүй” (Алма 30:21) гэж гардаг. Сүмийн эсрэг Корихорын гаргасан зарим маргаан болон сургаалууд нь Алма 30:24, 27-д байдаг бөгөөд тэдгээрээс хоёр нь: (1) Бурханд итгэдэг хүмүүс боолчлолд байдаг, (2) шашин нь эрх чөлөөгүй болгодог гэсэн хуурамч сургаалууд юм. Шашныг эсэргүүцэгчид эдгээр хуурамч сургаалуудыг өнөөдөр ч ашигласаар байна.

Тэргүүн зөвлөлийн Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Бурханд итгэх итгэл нь бидэнд эрх чөлөө олгодгийг ийн заасан юм: “Корихор Бурханы үйлчлэгчдийн зөвлөгөөг дагана гэдэг нь Бурханаас соёрхсон бие даасан байдлын эрхүүдээсээ татгалзана гэсэн хэрэг хэмээн цаг хугацааны эхлэлээс буруу маргаан дэгдээсээр ирсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй адилаар маргаж байлаа. Гэвч уг маргаан бодит байдлыг мушгин гуйвуулдаг учраас худал юм. Бид Бурханаас ирэх зөвлөгөөг эсэргүүцсэнээрээ гадны нөлөөнөөс ангид байж чаддаггүй. Харин бид өөр нөлөөллийг сонгодог. Бид ингэснээрээ бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, биднийг төгс хайрлагч Тэнгэрлэг Эцэгийнхээ хамгаалалтаас татгалздаг. Түүний туйлын зорилго нь Хүүгийнхтэйгээ яг адил бидэнд мөнх амьдралыг мөн Өөртөө байгаа бүхнийг өгч, биднийг гэр бүлээр нь тэнгэрлэг гэртээ буцаан аваачиж, хайрын мутартаа тэврэх явдал юм. Бид Түүний зөвлөгөөг эсэргүүцсэнээр Сатаны нөлөөг сонгодог. Сатаны зорилго нь биднийг олиггүй муухай болгох явдал бөгөөд түүний хөдөлгөгч хүч нь үзэн ядалт юм. Бурханы бэлэг болох ёс суртахууны сонгох эрх бидэнд байдаг. Энэ нь аливаа нөлөөнөөс ангид байхыг сонгох эрх гэхээс илүүтэйгээр аль нэг сонгосон хүчинд нь захирагдах салшгүй эрх юм” (“Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 25).

  1. Корихорын заасан шиг хуурамч сургаалуудад итгэхээс өөрийгөө хамгаалахад нь өөр хүнд туслахын тулд та юу гэж зөвлөхөө судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 30:30–60

Корихор Алмагаас тэмдэг шаардаж, Бурханы хүчээр цохигдон хэлгүй болов

Эцэст нь, Корихор Алмагийн өмнө авчрагдав. Алма 30:30–31-ийг уншиж, Алма болон сүмийн бусад удирдагчдыг Корихор юу гэж гүжирдсэнийг олж мэд. “Хүмүүсийн хөдөлмөрөөр хөрөнгөжих” гэдэг нь Алма болон бусад удирдагчид сүмийн үйлчлэлийнхээ улмаас баяжиж байна гэсэн далд утгыг агуулж байгаа юм. Дараах асуултуудын хариултыг бод:

  • Сүмийн удирдагчидтайгаа харилцсан туршлагаас тань үзвэл, эдгээр гүтгэлгүүд яагаад худал вэ?

  • Хэрэв та Алмагийн оронд байсан бол Корихорын гүтгэлгүүдэд хэрхэн хариулах байсан гэж бодож байна вэ?

Алма 30:32–35-ыг уншиж, Корихорт өгсөн Алмагийн хариултыг олж мэд. Алмагийн хариултын үнэн байдлыг тойрог, салбарынхаа удирдагчдын эсвэл таны хүндэлж явдаг сүмийн гишүүдийн амьдралд харж байсан талаараа бод.

Боломжтой бол нэг найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээсээ Алма 30:37–45-ын хамт уншихыг хүс. Нэг нь Алмагийн үгсийг, нөгөө нь Корихорын үгсийг унш. Хамтдаа уншиж байхдаа Бурхан оршдогийн нотолгоо болгон Алма юу гэж хэлснийг олж мэд. (Хэрэв хэн нэгэн тантай хамт унших боломжгүй бол уншихдаа хоёр хүний хооронд болж буй харилцан яриаг төсөөлөн бод.)

  1. Дараах даалгавруудыг судар судлах тэмдэглэлдээ хий:

    1. Алмагийн эш татсан нотолгоонуудын аль нь танд Бурхан байдгийг онцгой утга учиртайгаар гэрчилж байгааг мөн энэ нь яагаад таны хувьд Тэрээр оршдог гэсэн хүчтэй гэрчлэл болж байгааг бич.

    2. Таны амьдралдаа харсан, “Бурхан байдгийг үзүүлдэг” (Алма 30:44) дор хаяж гурван өөр нотолгоог бичиж, нотолгоо бүр нь Бурханд итгэх итгэлийг тань хэрхэн бэхжүүлснийг товчхон тайлбарла.

Таны судалсан шүлгүүдэд байдаг нэг сургаал нь: Бүх зүйл Эрхэм дээд Бүтээгч, Бурхан байдгийг гэрчилдэг. Эдгээр нотолгоо, гэрчлэлүүдийг олж мэдэн, санаж байхыг сонгох үед таны итгэлд юу тохиолдохыг бодож үзнэ үү.

Бошиглогч Алма Корихортой харилцахдаа юу хийснийг олж мэд: тэрээр хуурамч сургаалуудыг залруулж (Алма 30:32–35-ыг үзнэ үү), үнэнийг гэрчилж (Алма 30:37–39-ийг үзнэ үү), Корихорт нотолгооны хүндийг үүрүүлж (Алма 30:40–42-ыг үзнэ үү), Бурхан оршдогийг нотолжээ (Алма 30:44-ийг үзнэ үү). Үнэний эсрэг маргалддаг хүмүүстэй хэрхэн харьцах талаарх Алмагийн үлгэр жишээнээс та юу сурч болох вэ?

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Зарим үед бидний итгэлийг дайрч давшилдаг хүмүүсийн эсрэг хийж болох цорын ганц хамгаалалт нь үнэний гэрчлэлээ хуваалцах явдал юм. Энэ аргыг хэрэглэхдээ санаа зовох хэрэг огт байхгүй. Бурханы бошиглогч, Алма Корихортой харилцахдаа үүнийг ашигласан юм. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тайлбарласан нь: “Корихорын маргаан нь орчин үеийн уншигчдад өнөө үеийнх шиг санагддаг, гэвч Алма хариултдаа энэ нь тодорхой цагт хамаарахгүй бөгөөд эцэст нь үгүйсгэж болшгүй зэмсэг буюу —хувийн гэрчлэлийн хүчийг ашигласан юм (Christ and the New Covenant [1997], 121).

Зураг
Алма Корихор хоёр

Бурхан оршдогийг Алма Корихорт батлахаар хуваалцсан олон нотолгоо эсвэл тэмдгүүдийг эс хайхран, Корихор өөр тэмдгийг хүсч, цохигдон хэлгүй болдог (тэр ярьж чадахгүй болжээ; Алма 30:45–50-ийг үзнэ үү). Алма 30:51–53-ыг уншиж, Корихор яагаад тэдгээр зүйлүүдийг заасан гэж хэлснийг олж мэд.

Корихор худал сургаалуудыг цаашид зааж чадахаа больсон үед хуурамч санаануудаа “тэдгээр нь эгэл оюунд таалагдах байсан учир” (Алма 30:53) зааснаа хүлээн зөвшөөрдөг. “Эгэл оюунтай” байна гэдэг нь дэлхийн таашаалд эсвэл биеийн шунал хүсэлд нийцсэн зүйлүүдэд анхаарал төвлөрүүлэх гэсэн утгатай юм. Корихорын сургаалуудад итгэсэн хүмүүс махан биеийн таашаал болон материаллаг зүйлүүдээр юу ч хийлээ гэсэн ямар нэгэн үр дагавар байхгүй гэж боджээ. Эдгээр санаанууд нүгэлт амьдрал руу хөтөлдөг (Алма 30:18-ыг үзнэ үү).

Алма 30:54–59-д Корихор хөөгдөж, айлаас айл дамжин хоол гуйж явсан бөгөөд эцэст нь түүнийг хүмүүс дэвсэлж алжээ. Алма 30:60-ыг уншиж, Сатаныг дагахаар сонгосон хүмүүст эцэст нь юу тохиолддог тухай чухал үнэнийг олж мэд. Судартаа дараах хэллэгийг тэмдэглэ: “Чөтгөр эцсийн өдөр өөрийн хүүхдүүдийг [өөрийн дагалдагчдыг] эс дэмждэг.” (Энэ шүлэгт хүүхдүүд гэдэг нь дагалдагчид гэсэн утгатай.)

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Алма 30:60-д таны тэмдэглэсэн үнэн нь Корихорын амьдралд хэрхэн тодорхой харагдсан бэ?

    2. Алма 30:60-ыг Алма 36:3-тай харьцуул. Бурхан зарлигуудыг нь дагахыг хичээдэг хүмүүсийг дэмжсээр байдаг гэсэн ямар нотолгоог та өөрийнхөө амьдралд эсвэл бусдын амьдралд харсан бэ?

Өнөөдөр судалсан үнэн зарчмууд болон сургаалуудаа эргэн хар. Корихорын заасантай адил хуурамч сургаалуудад мэхлэгдэхээс зайлсхийж болох арга замуудын талаар бод.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 30-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

  • Тааруулах дасгалын хариултууд: (1) Г, (2) А, (3) Д, (4) В, (5) Б, (6) Е