Семинар
10-р хэсэг: 3 дахь өдөр, Инос


10-р хэсэг: 3 дахь өдөр

Инос

Оршил

Эцгийнхээ үгсийг эргэцүүлэн бодсоныхоо дараа Инос залбирч, өөрийн нүглүүдийн ангижралыг хүлээн авсан. Дараа нь тэр нифайчууд болон леменчүүдийн сүнслэг зол жаргалын төлөө залбирч, өөрийн амьдралыг тэдний авралын төлөө хөдөлмөрлөхөд зориулсан.

Инос 1:1–8

Эцгийнхээ үгсийг эргэцүүлэн бодсоныхоо дараа Инос залбирч, өөрийн нүглүүдийн ангижралыг хүлээн авдаг

Инос 1:1, 3-ыг уншаад, Иност нөлөөлсөн Иаковын нөлөөг анхаар. Инос хэдийгээр бошиглогчдын хүү, ач хүү байсан боловч Есүс Христийн Цагаатгалын хүчийг өөрийн биеэр мэдрэх хэрэгтэй байсан юм.

Маш их өлсөж байсан үеийнхээ тухай бод. Өлсөх үедээ ямар мэдрэмж мэдэрдэг болохоо дараах үгсээс сонгон дугуйл:

  • хоосон

  • сул дорой

  • сэтгэл хангалуун бус

  • өлбөрсөн

  • өвчин

  • бачимдсан

  • хорхойссон

Инос 1:4 дэх “бодгаль минь өлссөн” гэдэг үгийг тодруул. Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна?

“Бодгаль минь өлссөн” гэдэг үг нь сүнслэг хоосрол, өвчин, эсвэл сүнслэгээр дүүргэгдэх хүсэл зэрэг мэдрэмжүүдийг багтааж болно. Сүнслэгээр өлссөн туршлагынхаа талаар Инос бичжээ. Эцгийнх нь ярьж байсан үгс “зүрх сэтгэлд нь гүнзгий шингэсэн” талаар Инос бичиглэв (Инос 1:3). Тэдгээр үгсийг тунгаан бодох үед итгэлээр үйлдэхэд хүргэсэн хүсэл эрмэлзлийг тэр мэдрэв. Түүний итгэлтэй үйлдэл амьдралд нь өөрчлөлт болон Их Эзэний адислалыг авчирдаг.

Зураг
Иносын залбирал
  1. Иносын туршлагыг ойлгож, амьдралтайгаа холбоход тань туслах цуврал дасгал хийж эхэл. Ингэхдээ судрын тэмдэглэлийнхээ хуудсыг зургаан хэсэгт хуваагаад, хэсэг бүрийг дараах байдлаар нэрлэ:

Иносын хүссэн зүйл:

Миний хүсэх зүйл:

Иносын хийсэн зүйлс:

Миний хийх хэрэгтэй зүйлс:

Иносын туршлага:

Миний туршлага:

  1. Инос 1:2–3-ыг уншаад, шүлэг бүрд гарах амьдралдаа юутай байхыг хүссэнээ илэрхийлэх Иносын үгсийг ол. Судрын тэмдэглэл дэх хүснэгтнийхээ “Иносын хүссэн зүйл” хэмээх хэсэгт эдгээр үгсийг бич.

Нүглийнхээ ангижралыг хүссэн Иносын хүсэл Инос 1:4-т “Бодгаль минь өлссөн” хэмээсэн нь ямар утгатайг ойлгоход бидэнд тусалдаг. Инос өршөөлийн төлөө өлссөнөөс гадна “мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баясал”-ыг хүссэн юм (Инос 1:3). Их Эзэн болон бусад зөв шударга хүмүүстэй хамт байхуйц зохистой байдлаас ирдэг аз жаргалыг мэдрэхийг тэр хүссэн.

  1. Иносын дүрсэлсэн сүнслэг өлсгөлөнгийн зарим мэдрэмж танд байгаа эсэхийг эргэцүүлэн бод. Судрын тэмдэглэл дэх хүснэгтнийхээ “Миний хүсэх зүйл” хэсэгт амьдралдаа өлсдөг сүнслэг хүслийнхээ заримыг бич.

Иносын хүсэл нь түүнийг итгэлээ бодитой болгож, үйлдэл хийхэд хөтөлсөн. Инос 1:2 дахь гаргасан хичээл зүтгэлээ тайлбарлахдаа ашигласан Иносын үгсийг олж тэмдэглэ. Инос Бурхантай тэмцэлдээгүй, харин Бурханы өмнө залбиралд тэмцэлдсэн гэдгийг анхаар. Иймэрхүү тэмцэлдээн нь Тэнгэрлэг Эцэгт наманчилж, амьдралдаа хэрэгцээтэй өөрчлөлтүүдийг хийх үнэн хүсэл болон чин сэтгэлээ илэрхийлэхийн тулд оюун санаандаа болон сүнслэгээр зовохыг багтаадаг. Инос 1:4-т Инос тэмцэлдээнээ нарийвчлан дүрслэв.

  1. Инос 1:4-ийг уншаад, нүглийнхээ ангижралыг чин сэтгэлээсээ хүсч байсан гэдгээ илэрхийлэх Иносын хийсэн зарим зүйлсийг тэмдэглэ. Судрын тэмдэглэл дэх хүснэгтнийхээ “Иносын хийсэн зүйлс” хэсэгт тодорхойлсон зүйлсээ жагсаан бич.

Инос 1:4-т гардаг гуйлт хэмээх үг нь даруухнаар, агуу их хүсэлтэйгээр асуух гэсэн утгатай. Бидний залбирал Иносынх шиг урт биш байж болно, гэхдээ бид чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй.

  1. Судрын тэмдэглэл дэх хүснэгтнийхээ “Миний хийх хэрэгтэй зүйлс” хэсэгт залбирч, Түүний сүнслэг адислалуудыг хүсэхдээ чин сэтгэлээ Их Эзэнд харуулахын тулд хийж чадах зүйлсийнхээ талаарх бодлоо бич.

  2. Иносын итгэлтэй, чин сэтгэлийн хичээл зүтгэл нь түүний амьдралд агуу адислалуудыг авчирсан. Инос 1:5–8-ыг уншаад, Иност юу тохиолдсоныг тэмдэглэ. Эдгээрийг судрын тэмдэглэл дэх хүснэгтнийхээ “Иносын туршлага” хэсэгт жагсаан бич. 5, 6-р шүлгийг уншихдаа Инос өршөөгдсөнөө хэрхэн мэдэж авсныг анхаар. 5-р шүлэгт дурдагдсан дуу хоолой Иносын оюун ухаанд ирсэн (Инос 1:10-ыг үзнэ үү).

Инос 1:7–8-р шүлгүүд бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох үед бидний нүгэл өршөөгдөж, эдгээгдэх боломжтой гэдгийг заадаг. Өсөж хөгжих бидний хүсэл, чин сэтгэлийн залбирлууд хийгээд наманчлах хичээл зүтгэл нь Есүс Христэд итгэх итгэлээ харуулах бидний арга замууд юм.

Тэргүүн Зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, нүглүүдээ наманчлах үед бидний гэм буруу хэрхэн арчигддагийг тайлбарласан юм:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид нэгэнт чин сэтгэлээсээ наманчилсан бол Христ бидний гэм нүглийн ачааг авч хаях болно. Бид өршөөгдөж, эдгэрсэн гэдгээ өөрсдөө мэдэж болно. Ариун Сүнс үүнийг бидэнд батлах болно. Тэр бол Ариусгагч. Өршөөлийн талаарх өөр ямар ч гэрчлэл илүү агуу байж чадахгүй. …

“‘Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, Их Эзэн бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй’ хэмээн [Их Эзэн] тунхагласан (С ба Г 58:42).

Бид нүглүүдээ санадаг учраас нүглүүд маань өршөөгдөөгүй гэж Сатан бидэнд итгүүлэхийг хичээдэг. Сатан бол худалч. Тэр бидний нүдийг харанхуйлж, наманчлал болон уучлалын замаас биднийг холдуулахыг хичээдэг. Бид нүглүүдээ санахгүй байх болно гэж Бурхан амлаагүй. Нүглүүдээ санах нь дахин тийм алдаа гаргахгүй байхад маань бидэнд тусалдаг. Гэвч бид үнэнч, итгэлтэй хэвээр үлдвэл, цаг хугацааны туршид нүглүүдийн маань дурсамж хөнгөрөх болно. Энэ нь эдгэрэл болон ариусгалын үйл явцын шаардлагатай нэг хэсэг юм” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 101).

Ерөнхийлөгч Угдорфын үгсийг хэрэгжүүлэхэд тань туслах дараах асуултуудыг эргэцүүлэн бод: Их Эзэн нүглүүдийг тань өршөөхийг та хэзээ мэдэрсэн бэ? Та өршөөгдсөн гэдгээ хэрхэн мэдсэн бэ? Та Их Эзэний өршөөлийг ойрын үед мэдэрсэн үү?

  1. Дээрх асуултуудыг тунгаан бодсоныхоо дараа судрын тэмдэглэл дэх хүснэгтийн “Миний туршлага” хэсэгт уучлалын мэдрэмж хүлээн авсан туршлагаа бич. Эсвэл Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох үед юу мэдэрнэ хэмээн найдаж байгаагаа бичиж болно.

Инос 1:9–27

Инос нифайчууд болон леменчүүдийн төлөө залбирч, бусадтай хамт тэдний авралын төлөө хөдөлмөрлөв

Зураг
ерөнхий төвтэй тойргууд

Энэ бүдүүвч зурганд Иносын залбирлыг харуулдаг. Тэрээр эхлээд өөрийнхөө төлөө залбирч, дараа нь залбирлаа бусдын төлөө болгон өргөсгөдөг. Инос 1:9–10-ыг уншаад, Инос хоёрдугаарт хэний төлөө залбирсныг олж, судартаа тэмдэглэ. Инос 1:11–14-ийг уншаад, Инос гуравдугаарт хэний төлөө залбирсныг тэмдэглэ.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Инос 1:14-т бичсэн леменчүүдийн талаарх Иносын тайлбарыг харахад тэдний төлөөх түүний залбирлын юу нь таныг гайхшруулж байна вэ?

Есүс Христийн Цагаатгалын адислалыг амсах үедээ бид бусдад авралыг хүлээн авахад нь туслахыг эрэлхийлэх болно гэдгийг Иносын үлгэр жишээнээс бид суралцдаг. Энэхүү үнэнийг санахын тулд Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгсийг бүтнээр нь эсвэл зарим хэсгийг судрынхаа хажуугийн зайд бичих хэрэгтэй:

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Бид Цагаатгалын адислалуудыг өөрсдийн амьдралд амсах үедээ ах дүүсдээ тусалж чадахгүй ч, тэднийхээ зол жаргалын төлөө санаа тавьдаг. …

“Хувь хүний хөрвүүлгийн нэг чухал үзүүлэлт бол сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл юм” (The Teachings of Howard W. Hunter, Clyde J. Williams [1997] хэвлэл, 248–249).

Инос 1:19–20, 26-г уншаад, нифайчууд болон леменчүүдийн төлөө залбирсны дараах Иносын тэдний төлөө гэсэн чин хүслийг харуулсан үгс эсвэл хэллэгийг олж тэмдэглэ.

Инос 1:27-г уншаад, Иносын хичээл зүтгэлийнхээ хариуд авсан баяр баясал болон мөнх амьдралыг хүлээж авна гэсэн амлалтыг харуулсан хэсгийг ол.

  1. Энэ хичээлээс сурсан зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд Иносын үлгэр жишээг дагаж болох нэг юмуу хоёр аргыг залбиралтайгаар сонго. Дараах өгүүлбэрүүдээс нэгийг сонгоод, судрын тэмдэглэлдээ гүйцээж бич:

    1. Иносын адил би нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авахыг хүсч байна. Би үүнийг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа … -р Их Эзэнд үзүүлэх болно.

    2. Иносын адил би өөрийн гэр бүлийн гишүүд болон найз нөхдөө Христэд ирэхэд нь туслах хүсэлтэй байна. Туслахыг хүсч байгаа нэг хүн бол (хүний нэр). Би энэ хүнд …-р тусална.

    3. Инос өөрийнх нь дайсанд тооцогдох леменчүүдийн төлөө залбирсан. Иносын адил надад эелдэг бус ханддаг хүмүүст би Их Эзэний хайрыг үзүүлэхийг хүсч байна. Би үүнийг хийх нэг арга зам бол …

Судрын тэмдэглэлдээ бичсэн зүйлсээ биелүүлэхийн төлөө хичээ. Есүс Христийн цагаатгалд итгэх итгэлээ үйлдэл болгож, наманчилснаар та уучлал, баяр баясал, бусдад туслах илүү их хүслийг мэдрэх боломжтой.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Инос 1-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: