Семинар
1-р хэсэг: 3 дахь өдөр, Нүүр хуудас, Удиртгал ба Гэрчүүдийн гэрчлэл


1-р хэсэг: 3 дахь өдөр

Нүүр хуудас, Удиртгал ба Гэрчүүдийн гэрчлэл

Оршил

Бидэнд Библи байхад Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд яагаад Мормоны Ном хэрэгтэй байдаг юм бэ? гэж нэг найз чинь асуужээ гэж бод. (Энэ асуултыг чамаас аль хэдийн асуусан байж болно!) Чи найздаа юу гэж хэлэх вэ?

Мормоны Номын нүүр хуудас болон удиртгалд энэхүү ариун номын зорилгыг түүний дотор Бурханы тухай бидний гэрчлэл болон Түүнтэй харилцах харилцаанд энэ ном хэрхэн нөлөөлж болохыг тайлбарласан байдаг. Мормоны Номын эхний хуудсууд нь алтан ялтсууд буюу энэ номыг орчуулж гаргасан эхийг үзэж, уг ном тэнгэрлэг гарал үүсэлтэйг гэрчилсэн хүмүүсийн гэрчлэлийг агуулдаг.

Чи энэ хичээлийг дуусгахдаа энэ жил Мормоны Номыг судалснаас ямар ашиг тусыг олж болох тухай мөн Аврагч Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлээ хөгжүүлэхэд чинь хэрхэн тусалж болох тухай эргэцүүлэн бод.

Нүүр хуудас

Зураг
Иосеф Смит ялтсуудыг хүлээн авсан нь

Эртний бошиглогч Моронай Мормоны Номын нүүр хуудсыг алтан ялтсууд дээр буулгасныг Бошиглогч Иосеф Смит тайлбарлахдаа: “Мормоны Номын эхний хуудас бол ялтсуудын номын эмхэтгэлийн зүүн тал дахь хамгийн сүүлчийн хуудсаас авсан үгчилсэн орчуулга … ба … эхний хуудас бол аль ч талаараа миний, эсвэл өнөө үед амьдарч байсан буюу амьдарч байгаа хэн нэгний найруулан зохиож бичсэн зүйл биш” гэжээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 72).

Нүүр хуудасны эхний догол мөрийг уншихдаа Мормоны Номыг ирэхэд Их Эзэн хэрхэн оролцсоныг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг ол.

  1. Мормоны Номыг бичих болон орчуулахад Их Эзэн хэрхэн оролцсоныг мэдэх нь чамд яагаад чухал болохыг судрын тэмдэглэлдээ тайлбарла.

Нүүр хуудасны хоёр дахь догол мөрийг уншихдаа Мормоны Номыг бичсэн гурван гол шалтгааныг Моронай юу гэж үзүүлснийг ол. (Эдгээр шалтгаануудыг судартаа тэмдэглэж болно.) “Изриалын угсаа” гэдэг нь Иаковын үр удмынхан болон Их Эзэний сүмийн гэрээт гишүүдийг хэлж байгаа юм (Судруудын Удирдамж, “Израил”-ыг үзнэ үү). Түүнээс гадна, “Иудейчүүд ба Харийнхан” гэдэг нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүд юм. Нүүр хуудсын хоёр дахь догол мөрөн дэх захиаст “Израилын угсааны үлдэгдэл,” “Иудейчүүд ба Харийнхан” гэсэн хэллэгүүдэд өөрийнхөө нэрийг тавьж унш.

  1. Мормоны Номын эдгээр зорилгуудыг мэдэх нь энэ номын ач холбогдлыг ойлгоход өөрт чинь хэрхэн тусалж болох тухай судрын тэмдэглэлдээ тайлбарла.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Мормоны Номын “үндсэн зорилгын” тухай дараах үгийг хэлжээ:

“Мормоны Номын үндсэн зорилго бол үүний нүүр хуудсанд өгүүлснээр ‘өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн Иудейчүүд болон Харийнханд итгүүлэх явдал’ мөн.

“Үнэнийг чин шударгаар эрэлхийлэгч хүн Мормоны Номын сүнслэг нөлөө бүхий үгсийг залбирч тунгаан бодсоноор Есүс бол Христ гэдэг гэрчлэлтэй болж чадна.

“Мормоны Номын бүх шүлгийн тэн хагасаас илүүд нь бидний Их Эзэний тухай өгүүлсэн байдаг. Христийн зарим нэрийг Мормоны Номын шүлгүүдэд бүр Шинэ Гэрээнээс ч илүү олон удаа дурдсан байдаг” (“Come unto Christ,” Ensign, 1987 оны 11-р сар, 83).

Мормоны Номын нүүр хуудсанд тунхагласанчлан, энэхүү ном нь Есүс бол Христ гэдгийг гэрчилдэг. Та нар энэ жил Мормоны Номыг судлахдаа Есүс Христийн тухай мэдсэн зүйл дээрээ анхаарал төвлөрүүлэн сурч мэдсэн зүйлээ Ариун Сүнсний хүчээр дамжуулан батлахын тулд залбирч, Бурханаас асуугаарай.

Мормоны Номын удиртгал

Нуман гүүр буюу барилга тулгуургүйгээр хэрхэн унахгүй, тогтож байдгийг та нар сонирхож байсан уу? Нуман хаалгыг барихдаа хоёр баганыг бэхэлгээ тургууртайгаар барьдаг. Нуман хаалганы дээд талд анхааралтайгаар нарийн хэмжээстэй зай үлдээдэг бөгөөд тэнд “тулгуурын чулууг” байрлуулдаг. Тулгуурын чулууг байрлуулсны дараа нуман хаалга ямар нэгэн тусламжгүйгээр зогсох боломжтой болдог. Хэрэв тулгуурын чулууг авбал нуман хаалга яахыг төсөөлөн бод.

Зураг
нуман хаалга

Мормоны Номын удиртгалаас “Энэ цэдгийн талаар …” хэмээн эхэлсэн зургаа дахь догол мөрийг унш. Энэ догол мөрийг уншихдаа Мормоны Номын талаар Бошиглогч Иосеф Смитийн заасан гурван чухал зарчмыг ол.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу болох тухай дэлгэрэнгүй тайлбарласан юм. Энэ эшлэлийг уншаад Мормоны Ном манай шашинд гол үүрэг гүйцэтгэдэг тухай өөр хүнд тайлбарлахад тусалж болох нийлэмж үг, өгүүлбэрүүдийн доогуур зур.

“Мормоны Ном манай шашны тулгуурын чулуу болохыг батлах гурван зүйл байдаг. Энэ бол Христийн тухай гэрчлэх бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу. Энэ бол бидний сургаалын тулгуурын чулуу. Энэ бол бидний гэрчлэлийн тулгуур чулуу.

“Мормоны Ном нь бидний хийж байгаа бүх зүйлийн булангийн чулуу болох Есүс Христийн тухай бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу мөн. Энэ Ном Түүний тухай үнэн бодитойгоор хүчтэй бөгөөд тодорхой гэрчилдэг. …

Мормоны Ном “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг” (С ба Г 20:9) агуулдгийг Их Эзэн Өөрөө нотолсныг өмнө дурдсан билээ. Энэ нь урьд өмнө илчлэгдсэн сургаал бүрийг агуулдаг гэсэн хэрэг биш юм. Энэ нь бидний авралд шаардлагатай сургаалуудын бүрэн байдлыг бид Мормоны Номоос олж болно гэсэн үг юм. Тэдгээр сургаалуудыг хүүхдүүд ч гэсэн аврал, өргөмжлөлд хүрэх арга замуудыг ойлгож чадахаар энгийн байдлаар заасан байдаг.

Эцэст нь, Мормоны Ном бол гэрчлэлийн тулгуур чулуу мөн. Хэрэв тулгуур чулууг авбал нуман хаалга нурж унадаг шиг Мормоны Ном үнэн учраас Сүм оршин тогтнож байгаа, эс бөгөөс Сүм оршин тогтнож чадахгүй. Сүмийн дайснууд үүнийг маш сайн ойлгодог. Иймээс тэд Мормоны Номыг гутаахыг урт удаан хугацаагаар махран зүтгэсээр байгаа нь энэ номыг л гутааж чадвал Бошиглогч Иосеф Смитийг ч гутааж чадна хэмээн санаархаж байгаа хэрэг. Санваарын түлхүүрүүд, илчлэлт, сэргээгдсэн Сүмийн талаар бид ийнхүү нотолж байна. Үүнээс үүдэлтэйгээр, хэрэв Мормоны Ном үнэн юм бол, мөн эдүгээ сая сая хүн энэ ном үнэн гэдэг Сүнсний гэрчлэлтэйгээр гэрчилж байгаа тохиолдолд хүн Сэргээлтийн тухай үзэл баримтлал болон үүнтэй холбоотой бүхнийг хүлээн зөвшөөрөх ёстой” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 5–6).

  1. Мормоны Номын удиртгалын “Бид хаа газрын бүх хүмүүнийг … ” гэж эхэлсэн найм дахь догол мөрийг уншиж, Мормоны Ном үнэн гэдгийг чи өөрөө яаж мэдэж болохыг тодорхойл. Энэ догол мөрийг уншсаны эцэст дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ гүйцээж бич: Хэрэв бид уншиж, тунгаан бодож, залбирах юм бол Ариун Сүнс …

Тулгуурын чулуу нуман хаалганы бусад чулууг тогтоон барьдаг лугаа адил Мормоны Номын тухай гэрчлэл сайн мэдээний бусад чухал зарчмуудын тухай бидний гэрчлэлийг хүчтэй болгодог. Удиртгалын “Ариун Сүнснээс энэхүү бурханлаг гэрчлэлийг олсон хэн боловч …” гэж эхэлсэн ес дэх догол мөрийг уншиж, найм дахь догол мөрөн дэх зөвлөгөөг дагаснаас ямар гэрчлэлийг олж болох тухай гурван нэмэлт үнэний доогуур зур. Хэрэв бид Мормоны Номыг уншиж, тунгаан бодож, залбирах юм бол энэ ном үнэн гэдгийг, Есүс бол Христ, Иосеф Смит бол Бурханы бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол газар дээрх Их Эзэний хаант улс гэдгийг Ариун Сүнс бидэнд гэрчлэх болно.

  1. Мормоны Номыг яагаад манай шашны тулгуурын чулуу гэж нэрлэдгийг судрын тэмдэглэлдээ тайлбарла.

Гэрчүүдийн гэрчлэл

Өөрийгөө хоёр талын хооронд үүссэн маргаан ямар учиртайг магадлан тогтоохыг хичээж байгаа шүүгч гэж төсөөлөн бод. Юу болсон тухай гэрчлэх нэг гэрчтэй байх нь яагаад чухал вэ? Харин олон гэрчтэй байх нь яагаад бүр илүү чухал вэ?

Зураг
Оливер Каудери

Оливер Каудери

Зураг
Давид Витмер

Давид Витмер

Зураг
Мартин Харрис

Мартин Харрис

Иосеф Смитийн орчуулсан Мормоны Номын эх буюу алтан ялтсуудыг Их Эзэн нэлээд хэдэн гэрчид үзүүлсэн юм. “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг уншиж, ялтсууд болон Мормоны Ном ирсэн тухай тэдний гэрчлэн хэлсэн гурав, дөрвөн өгүүлбэрийг тэмдэглэ. Дараа нь “Найман гэрчийн гэрчлэл”-ийг унш. Доорх хүснэгтэд харуулсны дагуу хоёр бүлэг гэрчийн туршлага дахь ялгааг ажигла.

Гурван гэрч

Найман гэрч

  1. Нэг тэнгэр элч тэдэнд Урим ба Туммим, цээжний хуяг, Лиахона болон Лебений илдийг үзүүлжээ.

  1. Иосеф Смит тэдэнд ялтсуудыг үзүүлсэн аж.

  1. Бурханы дуу хоолой энэ цэдгийн тэнгэрлэг чанарыг тунхагласан юм.

  1. Тэд алтан ялтсуудыг гараараа барьж (“тэмтэрч”) үзжээ.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Иосеф Смитээс гадна алтан ялтсуудыг гэрчлэх бусад гэрчүүд яагаад чухал байсан бэ?

  2. Мормоны Ном, Иосеф Смит, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаарх өөрийн гэрчлэлийг судрын тэмдэглэлдээ бич. Хэрэв одоохондоо өөрт чинь гэрчлэл байхгүй гэж боддог бол, Мормоны Номын тухай гэрчлэлтэй болохын тулд энэ жил юу хийхээ бич. Гэрчлэлээ бат бөх болгохын тулд бичсэн зүйлийнхээ талаар эцэг эхийнхээ нэгэнтэй эсвэл гэр бүлийнхээ аль нэг гишүүн буюу найзтайгаа хуваалц.

  1. Дараах өгүүлбэрийг өнөөдрийн даалгаврынхаа доод талд судрын тэмдэглэлдээ бич:

    Би “Мормоны Номын удиртгалын материалууд” хичээлийг судалж дууслаа (огноо).

    Багштайгаа хуваалцахыг хүссэн миний бодол санаа, ойлголтууд болон нэмэлт асуултууд: