Семинар
30-р хэсэг: 2 дахь өдөр, Ифер 6


30-р хэсэг: 2 дахь өдөр

Ифер 6

Оршил

Их Эзэний зарлигуудын дагуу бэлдсэний дараа жаредчууд хөлгүүддээ суугаад амлагдсан нутагт хүрэх хэцүү аяллынх нь турш аюулгүйгээр авч явна хэмээн Их Эзэнд найдав. Усан онгоцуудыг нь давалгаанд шидэж, олон удаа далайн гүнд автагдахад хүргэсэн салхийг Их Эзэн үлээлгэсэн бөгөөд тэрхүү салхи нь тэднийг амлагдсан нутгийн зүг түрж өгсөн юм. Шинэ нутагт суурьшсаныхаа дараа хүмүүс Жаредын ахын сэрэмжлүүлгийг үл хайхран өөрсдийн дээр хааныг сонгов.

Ифер 6:1–12

Их Эзэн жаредчуудын хөлгийг амлагдсан нутгийн зүг салхиар туув

Найзтайгаа сайн мэдээг хуваалцах, ёс суртахууны хувьд цэвэр ариун байх, өндөр жишигтэй найз нөхдийг сонгох, амьдралаа зөв дараалалтай байлгах зэрэг Их Эзэний хүссэн зүйлсийг хийх нь хэцүү мэт санагдах үе бидэнд тохиолддог. Их Эзэний хүссэн зүйлсийг хийх нь хэцүү мэт санагдаж байсан өөр жишээ байна уу?

Амлагдсан нутаг руу явсан жаредчуудын аяллын тухай цэдэг Их Эзэний зарлигласныг хийх нь хэцүү санагдах үед таныг удирдан чиглүүлэх зарчмуудыг заадаг. Ифер 2:24–25-ыг уншаад Их Эзэн амлагдсан нутаг руу очих аяллыг нь хэцүү болгох зүйлийн талаар юу гэж жаредчуудад сэрэмжлүүлснийг ол.

Эдгээр хэцүү зүйлсийг тэсэн гарч болохын тулд Их Эзэн жаредчуудад “таваг мэт нягт” (Ифер 2:17) бөгөөд агаар оруулж болохын тулд оройдоо болон ёроолдоо нүхтэй хөлгүүдийг барь хэмээн зарлиглажээ. Ифер 6:1–4-ийг уншаад аяллын бэрхшээлүүдэд Их Эзэн жаредчуудыг өөр ямар замуудаар бэлдүүлсэн болохыг ол.

“Өөрсдийгөө Их Эзэн Бурхандаа даатгах” (Ифер 6:4) гэдэг нь жаредчууд өөрсдийг нь Бурхан халамжлан, хамгаална хэмээн найдсан гэсэн утгатай болохыг ойлгох нь тустай байж болох юм.

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Жаредчуудын хувьд ийм нөхцөл байдалд Их Эзэнд итгэх нь яагаад хэцүү байсан байж болох вэ?

    2. Бэлтгэх болон Их Эзэнд өөрсдийгөө даатгах нь таны бодлоор яагаад чухал байсан бэ?

Ифер 6:5–11-ийг уншихдаа жаредчуудын хөлгөөр аялах нь ямар байхыг төсөөлөхийг хичээ.

  1. Энэхүү бичээсээс сурч болох сайн мэдээний зарчмуудыг тодорхойлоход бэлтгэхийн тулд судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Хэцүү аяллынхаа үеэр жаредчууд Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн үзүүлж байсан бэ? (Ифер 6:7, 9-ийг үзнэ үү).

    2. Аяллынх нь турш Их Эзэн тэднийг хэрхэн адисалж байсан бэ?

Усан дээр бараг жил болсны дараа жаредчуудын аялал дуусав. Ифер 6:12-ыг уншаад тэд амлагдсан нутагт ирээд ямар сэтгэгдэлтэй байсныг тодорхойл. Дараах зарчмуудыг гүйцээн бичиж, энэ хичээлээс сурсан зүйлсээ тоймло: Бид Их Эзэнд итгэж, Түүний хүслийн дагуу үйлдсэнээр Тэр .

Энэхүү зарчмыг гүйцээж бичих нэг хариулт нь “бидний амьдралын замыг чиглүүлэх” гэсэн хэллэг байж болно. Энэ зарчмын талаарх өөрийн ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Их Эзэний хүссэнийг хийхэд хэцүү гэдгийг мэдрэх үедээ хичээлийн эхэнд жагсаан бичсэн нөхцөл байдлууд руу эргэн оч. Их Эзэн жаредчуудыг бэлдсэнтэй адил биднийг ч бас залбирч, бошиглогчдыг дагаж, зарлигуудыг дагах үед амьдралд маань тохиолддог бэрхшээлүүдийг даван туулахад бэлтгэдэг.

  1. Хүн Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн үзүүлж болохыг судар судлах тэмдэглэлдээ бич. Их Эзэнээс ирсэн хэцүү зарлигтай тулгарах үедээ бид жаредчуудын жишээн дээр тулгуурлан юу хийх хэрэгтэй вэ?

  2. Дараах зарчмыг тунгаан бод: Хэрэв бид Их Эзэнд итгэж найдвал саад бэрхшээл, зовлон зүдгүүр нь биднийг өсөн дэвжиж, амлагдсан адислалуудыг хүлээн авахад тус болох болно. (Та судартаа Ифер 6:5–10-ын хажууд үүнийг тэмдэглэж болно.) Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Амьдралдаа тохиолдсон эсвэл одоо тохиолдож байгаа зовлон бэрхшээлүүдийг итгэлтэйгээр тэвчин гарснаар өсөж хөгжиж, адислалуудыг хүлээн авч байгаа талаараа та ямар мэдрэмжтэй байна вэ?

    2. Өөрт тулгарсан хэцүү нөхцөл байдлуудад Их Эзэнд итгэн найдаж, Түүний удирдамжийг хэрхэн илүү сайн дагаж чадах вэ?

Ифер 6:13–18

Жаредчууд хүүхдүүддээ Их Эзэний өмнө даруухнаар алхахыг заав

Та жаредчуудын адил далайг гаталж, урьд нь хэзээ ч очиж үзэж байгаагүй газарт ирсэн гэж төсөөл. Ифер 6:13–18-ыг уншаад дараах асуултуудын талаар бод: Их Эзэний өмнө даруухнаар алхахын ямар жишээ байж болох вэ? Их Эзэний өмнө даруухнаар алхахад тань эцэг эх болон бусад хүмүүс хэрхэн урамшуулсан бэ? Таны бодлоор даруухнаар алхах, дээрээс заалгах хоёрын хоорондын холбоо харилцаа нь юу вэ? Та хэзээ “дээрээс заалгаж” байгаагаа мэдэрч байсан бэ? (Ифер 6:17).

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Ифер 6-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: