Семинар
Моронай


Моронайн оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Моронайн номыг судалснаар та Моронайн хүчирхэг жишээ болон гэрчлэлээс эрч хүчийг авах боломжтой. Үүнээс гадна, Моронай болон түүний эцэг Мормоны заасан зүйлсээс та Есүс Христийн сүмийн үндсэн ёслолууд болон заншлыг, зөв шударга үйлийг чин сэтгэлээсээ хийхийн ач холбогдлыг, сайн муугийн хооронд шүүх арга замыг, итгэл, найдвар, энэрлийн уялдаа холбооны талаар суралцах болно. Түүнчлэн та Мормоны Ном үнэн болохыг өөрөө мэдэж авахын тулд залбирч, “Христэд ирж, түүгээр төгөлдөржигтүн” хэмээх Моронайн ухуулгыг унших болно (Moронай 10:32).

Энэ номыг хэн бичсэн бэ?

Моронай өөрийнх нь үгс, Есүс Христийн арванхоёр шавьдаа хэлсэн үгс (Moронай 2-ыг үзнэ үү) болон түүний эцэг Мормоны үгсийг агуулсан (Moронай 7–9-ийг үзнэ үү) энэхүү номыг бичсэн. Нифайчуудын устгалаас өмнө Моронай тэдний цэрэг болон сүмийн удирдагчаар үйлчилж байсан (Mормон 6:12; Moронай 8:1-ийг үзнэ үү). Моронай Мормоны Номын бусад бичээч болон эмхэтгэгчдийн адил Аврагчийг харсан. Тэрээр “Би Есүсийг харсан, мөн … тэрээр надтай нүүр тулан ярьсан” хэмээн гэрчилсэн (Ифер 12:39). Моронай гэрчлэлдээ үнэнч, итгэлтэй байсан бөгөөд Христийг үгүйсгэснээс үхсэн нь дээр хэмээн өөрийн хүслийг онцлон хэлсэн байдаг (Moронай 1:1–3).

1823 онд буюу Мормоны Номын цэдгийг дуусгаснаас ойролцоогоор 1,400 жилийн дараа Моронай амилуулагдсан биедээ бошиглогч Иосеф Смитэд үзэгдэж, түүний гэрийн ойролцоох гүвээнд уг цэдэг хадгалагдсан байгааг мэдэгджээ. Тэр үед болон дараагийн хэдэн жилийн турш “Их Эзэн юу хийх гэж буй тухай, мөн түүний хаант улс хэрхэн бас ямархуу маягаар эцсийн өдрүүдэд удирдагдах” талаар Моронай Иосеф Смитэд түүнчлэн зааварлажээ (Иосеф Смит—Түүх 1:54).

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

Моронай энэ номыг МЭ 401-ээс МЭ 421 оны хооронд (Moрмон 8:4–6; Moронай 10:1-ийг үзнэ үү) амь насныхаа аюулгүй байдлын төлөө бэдрэн явахдаа (Moрмон 1:1–3-ыг үзнэ үү) бичсэн байх магадлалтай юм.