Семинар
27-р хэсэг: 4 дэх өдөр, 3 Нифай 28–30


27-р хэсэг: 4 дэх өдөр

3 Нифай 28–30

Оршил

Есүс Христ тэнгэрт буцахаасаа өмнө арванхоёр шавиасаа тэд Өөрөөс нь юу хүсч байгааг асуухад тэдний ес нь дэлхий дээрх үйлчлэлээ дуусмагц Түүн дээр даруй эргэн очихыг хүсчээ. Гурав нь Түүнийг иртэл хүмүүсийг Христэд авчрах ажлаа үргэлжлүүлэхийн тулд дэлхий дээр үлдэхийг хүссэн аж. Их Эзэн энэхүү зөв шударга хоёр хүсэлд хоёуланд нь хүндэтгэлтэй хандсан юм. Мормон гурван нифай шавийн дэлхий дээрх үйлчлэлийн талаар зарим тодорхой мэдээллийг өгсөн билээ.

Мормон Аврагч нифайчуудын дунд зочилсон талаарх шастирынхаа төгсгөлд Мормоны Ном ирэх нь Их Эзэн Израилын угсаатай хийсэн гэрээгээ биeлүүлж буйн тэмдэг байх болно гэдгийг тайлбарлажээ. Мормон 3 Нифайн төгсгөлд, бүх хүмүүсийг наманчилж, Израилын угсаанд тоологдоход урьж, Eсүс Христийн үгсийг цэдэглэсэн юм.

3 Нифай 28:1–11

Есүс Христ арванхоёр шавийнхаа хүслийг биeлүүлсэн нь

Хэрэв Есүс Христ чам дээр хүрч ирээд “чи надаас юу хүсэх вэ?” гэж асуувал юу гэж хариулахаа тунгаан бод.

Зөв шударга олон хүслээсээ алийг нь Түүнтэй хуваалцахаа товчхон бич.

3 Нифай 28:1–3-ыг уншаад Их Эзэн “Чи надаас юу хүсэх вэ?” гэж асуухад Нифай үндэстэн eсөн шавь нь хэрхэн хариулсныг олж мэд. Аврагч тэдний хүслийн тухай ямар сэтгэгдэлтэй байсныг анзаараарай.

3 Нифай 28:4–7-г уншаад үлдсэн гурван шавь нь Аврагчаас юу хүссэнийг олж мэд. Аврагч эдгээр гурван шавийнхаа хүслийн тухайд ямар сэтгэгдэлтэй байсныг анзаар. Яагаад Их Эзэн тэднийг хүслийнхээ учир “илүү адислагдсан” гэж хэлснийг тунгаан бод.

3 Нифай 28:8–10-т мөнх бус хүмүүний дунд хөдөлмөрлөх хүслийнхээ улмаас гурван нифай шавийн хүлээн авах адислалуудыг Их Эзэн хэрхэн дүрсэлснийг унш. Дараах үнэнийг судрынхаа захад эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Их Эзэн биднийг зөв шударга хүслүүдийн маань дагуу адисалдаг. Зөв шударга хүслийн ач холбогдлын талаарх Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн дараах үгсийг унш:

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“Бидний байнгын хүсдэг зүйлс нь бид эцэстээ ямар хүмүүс болох мөн бид мөнх амьдралд юу хүлээн авах вэ гэдгийг тодорхойлдог. …

“Зөв шударга хүсэл эргэлт буцалтгүй тууштай байх хэрэгтэй. Тиймээс Eрөнхийлөгч Бригам Янг “селестиел хаант улсад суудалтай болохыг хүсдэг эрэгтэй, эмэгтэйчүүд өдөр бүр тэмцэх ёстойгоо мэдэх болно” хэмээн хэлжээ (Journal of Discourses, 11:14)” (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, 1996 оны 11-р сар, 21–22).

  1. Дараах асуултуудын аль нэгэнд эсвэл хоёуланд нь судар судлах тэмдэглэлдээ хариул:

    1. Та зөв шударга хүслээ гүйцэлдүүлэхээр хичээхдээ Их Эзэнээр адислагдсанаа хэзээ мэдэрсэн бэ?

    2. Та амьдралдаа Их Эзэний адислалуудыг хүлээн авахад өөрийгөө тэнцэхээр байлгахын төлөө зөв шударга хүслээ дэмжин хөгжүүлэхийн тулд өнөөдрөөс эхлэн юу хийх вэ?

3 Нифай 28:12–35

Мормон гурван нифай шавийн үйлчлэлийг дүрсэлсэн нь

Олон хүн гурван нифай шавийн айлчлал байж болох түүх, домог, ам дамжсан яриануудыг сонссон байдаг. Үлгэр домогт найдахынхаа оронд тэдний үүрэг зорилго юу болох, тэд хэрхэн “Бурханы тэнгэр элчүүдийн нэгэн адил” хүчтэйгээр үйлчлэлээ хийж байгааг судраас олж мэд (3 Нифай 28:30).

3 Нифай 28:12–17-г уншаад гурван нифай шавьд юу тохиолдсоныг олж мэд. 3 Нифай 28:15-д цэдэглэгдсэнээр шавь нар ийнхүү хувирах хэрэгтэй байсны нэг шалтгаан нь юу вэ?

3 Нифай 28:18–23-ыг уншиж, гурван нифай шавь зөв шударга хүслээ биелүүлэх боломжтой байхын тулд Их Эзэн тэднийг хэрхэн адисалсныг олж мэд. Бид зөв шударга хүслийнхээ дагуу амьдарвал Их Эзэн биднийг адислах хүсэлтэй байдаг талаар эдгээр шүлгүүд юу заадгийг бод.

3 Нифай 28:25–31-ийг судлаад гурван нифай шавийн үйлчлэлээс хэн ашиг тус хүртсэн болон хэн ирээдүйд хүртэх вэ гэдгийг олж мэд. Олсон зүйлээ тэмдэглэ.

3 Нифай 28:36–40

Мормон хувиргагдсан хүмүүсийн мөн чанарыг мэдэж авсан нь

Сайн мэдээний тухай асуулт, сорилт тулгарсан үеийнхээ тухай бод. 3 Нифай 28:36-г уншиж, Мормон гурван нифай шавийг хувирсны дараа тэдний бие махбодод гарах өөрчлөлтийн талаар юуг ойлгохгүй байсныг олж мэд. Дараах асуултын хариултыг тунгаан бод: Танд сайн мэдээний тухай асуулт байвал ихэвчлэн хэнд ханддаг вэ? 3 Нифай 28:36–37-г уншаад Мормон асуултынхаа хариултыг олохын тулд юу хийснийг олж мэд.

3 Нифай 28:37–40-ийг судлаад Мормон гурван нифай шавийн биед гарсан өөрчлөлтийн талаар юу олж мэдсэнийг хар. Гурван нифай шавийн биед гарсан өөрчлөлт эсвэл нөхцөл байдлыг “хувиралт” (3 Нифай 28:17-г үзнэ үү) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бусад хувиралттай төстэй ч хугацааны хувьд илүү урт юм. Хувирсан хүмүүс нь мөнх бус боловч бошиглогч Иосeф Смитийн зааснаар тэдний бие махбод телестиел нөхцөлөөс террестриел нөхцөлд өөрчлөгдөж, мөнх бус бие махбодынхоо зовлон зүдгүүрээс ангижирсан байдаг ( History of the Church, 4:210-ыг үзнэ үү). Хувирсан хүмүүс нь өөрсдийнхөө сонголтоор мөн Бурханы хүслийн дагуу үзэгдэж бас үзэгдэхгүй байж чадна (3 Нифай 28:27–30-ийг үзнэ үү). Тэд хүмүүсийг авралд авчрахад тусалж, Eсүс Христийн Хоёр дахь ирэлт хүртэл хувирсан байдалдаа орших бөгөөд амилуулагдаж, алдар суут хүмүүс болохдоо бас дахин өөрчлөлтөд орох болно (3 Нифай 28:7–8, 39–40-ийг үзнэ үү).

Хэрэв бид Их Эзэнээс ойлголтыг хүсвэл илчлэлт хүлээн авах болно гэдгийг бид Мормоны туршлагаас сурдаг. Та энэ зарчмыг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хэрэгтэй.

  1. Та өөрөө эсвэл таны таньдаг хэн нэгэн чин сэтгэлийн залбирлаар дамжуулан Их Эзэнээс хариултыг эрэлхийлсэн туршлагыг судар судлах тэмдэглэлдээ бич.

3 Нифай 29

Их Эзэн Израилын угсаатай хийсэн гэрээгээ эцсийн өдрүүдэд гүйцэлдүүлнэ гэдгийг Мормон гэрчлэв

Мормон Мормоны Номын хүмүүсийн дундах Аврагчийн айлчлалын түүхийг бичсэнийхээ дараа эцсийн өдрүүд дэх Их Эзэний амлалтуудын биeлэлтийг бошигложээ. Дараах асуултад хэрхэн хариулснаа тунгаан бод: Та хэзээ Бурханы аль нэг амлалтуудын биeлэлтийн талаар мэдэж авсан эсвэл харсан бэ?

Хэзээ ба тэгээд гэсэн үгсийг 3 Нифай 29:1–3-ыг судлах явцдаа тэмдэглэ. Эдгээр үгс Их Эзэн Израилын угсаатай хийсэн гэрээгээ эцсийн өдрүүдэд сахиж байгааг харуулсан нэг үйл явдлыг олж тогтооход тань туслах болно. (3 Нифай 29:1 дэх “эдгээр үгс” нь Мормоны Номын бичээсүүдийг хэлж байгаа юм.)

Бид 3 Нифай 29:1–3-р шүлгүүдээс Мормоны Ном ирсэн нь Их Эзэн Израилыг цуглуулах гэрээгээ биелүүлж байгаагийн тэмдэг юм гэдгийг олж мэддэг.

Зураг
Мормоны Ном

Мормоны Ном бидэнд Их Эзэн Өөрийн хүмүүсийг Өөрийн ирэлтэд бэлтгэж байгааг нотолдог (3 Нифай 29:2-ыг үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгсийг уншаад Мормоны Ном Аврагчийн ирэлтэд биднийг бэлтгэхэд хэрхэн тусалж байгааг тэмдэглэ:

“Мормоны Ном нь Их Эзэн Өөрийн гэрээт Израилын хүүхдүүдийг цуглуулж эхэлснийг гэрчлэх бодитой тэмдэг юм. …

“Тийм ээ, Их Эзэн мартаагүй! Тэр биднийг болон дэлхий даяарх бусад хүмүүсийг Мормоны Номоор адисалсан юм. … Уг ном Бурхантай гэрээ хийхэд бидэнд тусалдаг бөгөөд Түүнийг болон Түүний Хайрт Хүүг санахад биднийг уриалдаг юм. Мормоны Ном бол Eсүс Христийн бас нэгэн гэрээ мөн” (“Гэрээнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 88).

  1. 3 Нифай 29:4–6-г уншаад дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хоёуланг нь судар судлах тэмдэглэлдээ бич:

    1. Eсүс Христэд ирэхэд нь хэн нэгэнд тусална гэж бодож байгаа гурван шүлгийг Мормоны Номоос олж бич. Шүлэг бүрд та яагаад уг шүлгийг сонгосноо тайлбарласан нэг эсвэл хоёр өгүүлбэр бич.

    2. Илчлэлтийн бэлгүүд, бошиглол, хэлний бэлэг эсвэл Ариун Сүнсний хүчийг ойлгож, хүлээн авахад Мормоны Ном хүнд хэрхэн тусалж болох тухай өөрийн бодлыг нэг догол мөрөнд багтаан бич.

3 Нифай 30

Их Эзэн харийнханыг наманчилж, Түүнд ирэхийг урин дуудсан нь

Мормон харийнханы талаар Eсүс Христээс хүлээн авсан зарим тодорхой заавруудыг бичсэнээр Аврагчийн үйлчлэлийн тухай цэдгээ төгсгөжээ. 3 Нифай 30:1–2-ыг уншаад Аврагчаас харийнханд өгсөн заавруудаас аль болох олныг олж тэмдэглэ. Харийнхан Христэд ирснээр тэдний хүлээн авах адислалуудыг бас тэмдэглэ. Хэдийгээр 3 Нифай 30:2 нь сүмийн гишүүн бус хүмүүст зориулагдсан ч бид Eсүс Христийн урилгыг Түүний гэрээний дагуу амьдрах хэр зэрэг хүсэлтэй байгаадаа үнэлэлт өгөхөд ашиглаж болно.

  1. Дараах зарчмыг судар судлах тэмдэглэлдээ бич: Хэрэв бид Христэд ирэх аваас Түүний хүмүүсийн дунд тоологдох болно. “Израилын угсааных болох [Түүний] хүмүүстэй хамт тоологдох” (3 Нифай 30:2) нь яагаад Их Эзэний адислал болохыг судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 3 Нифай 28–30-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: